Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 542

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч: Ш.Насанжаргал (томилолтоор);

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

иргэдийн төлөөлөгч: Б.Минжинсор;

            шүүгдэгч: У.Б, түүний өмгөөлөгч С.Дондов нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Б холбогдох эрүүгийн 1806024200419 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16 дугаар гудамжны 738А тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, УП97101633 регистерийн дугаартай, Боржигин овог У.Б.

 

Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Өсвөр насны яллагдагч У.Б нь өсвөр насны Э.Түвшинсанаатай бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Өгөөж” ХХК-ийн урд талын явган хүний замд насанд хүрээгүй хохирогч /11 настай/ Г.Хосжаргалын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, улмаар хагархай шилийг зэвсгийн чанартай хэрэглэн  “Самсунг галакси эс 3” маркийн гар утасыг дээрэмдэж, түүнд 190.000 төгрөгийн хохирол,

мөн өсвөр насны Э.Түвшинсанаатай бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, 120 мянгатын 6 дугаар байрны 3 дугаар орцонд насанд хүрээгүй хохирогч /10 настай/  У.Баярбилэгийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, улмаар хагархай шилийг зэвсгийн чанартай хэрэглэн  “Самсунг галакси эс 3” маркийн гар утасыг дээрэмдэж, түүнд 290.000 төгрөгийн хохирол,

өсвөр насны Э.Түвшинсанаатай бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг, 38 дугаар байрны орцонд насанд хүрээгүй хохирогч /12 настай/ Э.Ариунболдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, улмаар хагархай шилийг зэвсгийн чанартай хэрэглэн “Ай фоне 4” маркийн гар утасыг дээрэмдэж, түүнд 350.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Б мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Яллах дүгнэлтэд хийсэн хэргийн талаар үнэн зөв бичигдсэн учир зөвшөөрч байна, хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч У.Баярбилэг /1хх-ийн 130-131/, Э.Ариунболд /1хх-ийн 170-172/, Г.Хосжаргал /1хх-ийн 55-57/ нарын мэдүүлэг, хохирогч У.Баярбилэгт “Самсунг галакси эс 3” маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-ийн 127/, “Самсунг галакси эс 3” маркийн гар утасыг 290.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 132/, хохирогч У.Баярбилэгийн “У.Бат-Эрдэнэ, Э.Түвшинсанаа нарыг зургаар таньж олсон” тухай тэмдэглэл /1хх-ийн 128-129/, хохирогч Э.Ариунболдод “Ай фоне 4” маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-ийн 166/, “Ай фоне 4” маркийн гар утасыг 350.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 173/,  хохирогч Э.Ариунболдын “У.Бат-Эрдэнэ, Э.Түвшинсанаа нарыг зургаар таньж олсон” тухай тэмдэглэл /1хх-ийн 167-168/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 52-53/,“”Самсунг эс 3” маркийн гар утасыг хохирогч Г.Хосжаргалын хууль ёсны төлөөлөгч Г.Гарьдмагнайд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 54/,“Самсунг галакси эс 3” маркийн гар утасыг 190.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 58/, С.Гансугарын сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 73-75/, Э.Түвшинсанаагийн сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 203-204, 143-144, 210-211/, У.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 138-141, 78-80,178-179/, У.Бат-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 184-191, 193-198/, “Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай” 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 180601336 дугаартай прокурорын тогтоол /1хх-ийн 230-237/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 163 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 466 дугаар магадлал /2хх-ийн 10-19, 27-33/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

У.Б нь Э.Түвшинсанаатай хамтарч 2015 оны 05 дугаар сарын 13, 2015 оны 05 дугаар сарын 14, 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрүүдэд Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 3 удаагийн үйлдлээр, орон сууцны орцонд болон гудамжинд бага насны хүүхдүүд болох У.Баярбилэг, Э.Ариунболд, Г.Хосжаргал нарт архи, пивоны хагархай шил тулгаж, айлган сүрдүүлж гар утасыг нь хүч хэрэглэн авсан нөхцөл байдал тогтоогдов.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:

 

насанд хүрээгүй хохирогч У.Б /1хх-ийн 130-131/: “... 2015 оны 05 сарын 13-ны өдөр хичээлээ тараад ХУД-ийн 120 мянгатын 6 дугаар байранд байх гэртээ орох гээд орцруугаа ороход миний араас дагаж орж ирээд газар дарж унагасан. 2 хүүхэд байсан ба нэг нь хагарсан шил бариад “утсаа өг, өгөхгүй бол ална шүү” гэсэн. Намайг орилход миний амыг дараад зэрэг, зэрэг халаас ухаж байгаад миний өмсөж явсан жинсэн өмдний зүүн талын халаасанд байсан “Самсунг эс-3” маркийн хар өнгийн гадартай гар утсыг дээрэмдэн аваад орцноос гарч зугтаасан…” гэх мэдүүлгээр,

 

хохирогч У.Баярбилэг “Самсунг галакси эс 3” маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр /1хх-ийн 127/

 

“Самсунг галакси эс 3” маркийн гар утасыг 290.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээгээр /1хх-ийн 132/,

 

“…Энэ зураг дээрх 1 болон 4 дэх зураг дахь ах намайг орцруугаа орж байхад араас орж ирээд газар унагаагаад хоолойнд хагарсан пивоны шил тулгаад миний баруун гарыг татаж байгаад кармаанаас утсыг маань аваад явсан. Тухайн үед царайг нь сайн харж авсан учраас таньж байна” гэх хохирогч У.Баярбилэгийн “У.Б, Э.Түвшинсанаа нарыг зургаар таньж олсон” тухай тэмдэглэлээр /1хх-ийн 128-129/,

 

У.Б мөрдөн байцаалтад сэжигтнээр мэдүүлсэн /1хх-ийн 138-141/: “…2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Түвшинсанаатай ХУД-ийн 52 дугаар сургуулийн хажууд явж байтал Түвшинсанаа “энэ хүүхдэд утас байна, хоёулаа дагаад явъя” гээд дагаад явж байхад нэг байрны орц руу орчихсон. Түвшинсанаа газраас пивоны шил хагалаад “цуг оръё” гэсэн. Тэгээд араас нь орсон. Түвшинсанаа надад хандаж “амыг нь таглаад гарыг нь бариад байж бай” гэсэн. Би амыг нь дараад гарыг нь барьж байсан чинь Түвшинсанаа утсыг нь авах гээд карма руу нь гараа хийх гэхэд нөгөө хүүхэд эсэргүүцсэн. Түвшинсанаа  нурууны хэсэгт нь “утсаа өг” гээд цохьсон. Карма руу нь гараа хийгээд утсыг нь авчихсан. Тэгээд гараад гүйсэн. “Самсунг эс 3” маркийн гар утас байсан…” гэх мэдүүлгээр,

 

                насанд хүрээгүй хохирогч Э.Ариунболдын /1хх-ийн 170-172/: “…2015 оны 05 сарын 14-ний өдрийн 14 цагийн үед хичээлээ тараад өөрийн амьдардаг байрны орц руу ортол араас үл таних 2 залуу орж ирээд цагаан эрээн куртик өмссөн залуу нь архины хагархай шил барьчихсан байснаа тухайн гартаа барьсан байсан хагархай шилээ миний гэдэсрүү чиглүүлээд “утсаа өг” гэж хэлсэн. Тэр үед нь би айсандаа өөрийн “Ай фоне 4” маркийн хар өнгийн гадуураа хар өнгийн хуванцар гэртэй утсаа өмднийхөө халааснаас гаргаж өгсөн. Нөгөө залуу нь бас гартаа төмөр барьчихсан “цохино шүү” гээд айлгаад байсан. ...Сүхбаатар дүүргийн цагдаагаас манай ээж рүү залгаад намайг дээрэмдсэн “2 хүнийг барьсан” гэсэн ба цагдаа дээр ирээд тухайн 2 хүний зургийг харахад мөн байсан…” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Э.Ариунболдод “Ай фоне 4” маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр /1хх-ийн 166/,

 

“Ай фоне 4” маркийн гар утасыг 350.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээгээр /1хх-ийн 173/,

 

   “…Энэ зураг дээрх 5 болон 3 гэж дугаарласан хүмүүс намайг орцруугаа орж байхад хагарсан архины шилийг миний цээж хэсэгт тулгасан. Ай фоне 4 маркийн гар утсыг шар царайтай 5 дугаартай хүнд өгсөн” гэх  хохирогч Э.Ариунболдын “У.Б, Э.Түвшинсанаа нарыг зургаар таньж олсон” тухай тэмдэглэлээр /1хх-ийн 167-168/,

 

У.Б-ийн мөрдөн байцаалтад сэжигтнээр мэдүүлсэн /1хх-ийн 178-179/: “…2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутагт байрлах 38 дугаар байрны орцонд Э.Ариунболдыг бусадтай бүлэглэн архины хагархай шил хоолойнд нь тулган амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэргийг Э.Түвшинсанаагийн хамтаар хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлгээр,

 

насанд хүрээгүй хохирогч Г.Хосжаргалын /1хх-ийн 55-57/: “ ...2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 13 цаг өнгөрч байхад хичээлээ тараад гэр рүүгээ явж байсан. ... Тэгээд эргээд хартал хүн байхгүй болохоор нь би алга болчихлоо зүгээр байх гэж бодоод “Өгөөж”-ийн урдах явган хүний замаар алхаж байтал 1 ах ирээд миний хүзүүгээр тэвэрч аваад миний хүзүүнд ногоон өнгөтэй шилний хагарсан хэсгийг тулгаад “утсаа өг, өгөхгүй бол ална шүү” гэсэн. Мөн “дуугарах юм бол ална шүү” гэхээр нь халааснаасаа гар утасаа гаргатал цаанаас нөгөө нэг ах нь хүрч ирээд миний утсыг аваад тэр хоёр цааш гүйгээд явчихсан. ... “Самсунг галакси эс 3” маркийн гар утас Англи улсаас 1 жил хагасын өмнө ирсэн. Зах зээлийн ханшаар одоо 350.000 төгрөгийн үнэтэй байгаа...” гэх мэдүүлгээр,

 

“...2015.05.18 13.12 гэсэн бичлэгийг үзэхэд ... “Өгөөж чихэр боов” ХХК-ийн урд талаар явсан явган хүний зам харагдаж байв. Бичлэгийн 21 дэх секундэд хохирогч Г.Хосжаргал голын явган хүний замаар хурдан хурдан алхах ба түүний чанх ард талаас нь яллагдагч Б араас нь гүйж ирэн зүүн гараараа түүнийг хүзүүдэхэд авто зам талаас яллагдагч Э.Түвшинсанаа гарч ирэн хохирогчийг барьж авах ба модны сүүдэр дор зогсож байснаа буцаж цааш хоёулаа хамт дагуулан хоёр талаас нь хүзүүдэн алхах ба цааш 5 метр гаруй алхаад яллагдагч Э.Түвшинсанаа цааш гүйж явах ба яллагдагч У.Бат-Эрдэнэ цааш нь дагуулан явж байснаа хохирогчийг орхин цааш Түвшинсанаагийн араас гүйхэд хохирогч цааш ганцаараа алхав” гэх хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр /1хх-ийн 52-53/,

 

“”Самсунг эс 3” маркийн гар утасыг яллагдагч У.Б-ээс хохирогч Г.Хосжаргалын хууль ёсны төлөөлөгч Г.Гарьдмагнайд хүлээлгэн өгөв” гэх эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /1хх-ийн 54/,

 

“Самсунг галакси эс 3” маркийн гар утасыг 190.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээгээр /1хх-ийн 58/,

 

У.Б-ийн мөрдөн байцаалтад сэжигтнээр мэдүүлсэн /1хх-ийн 78-80/:”... Өчигдөр буюу 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 12-13 цагийн үед найз Түвшинсанаа, Гансугар нарын хамт 1 дүгээр сургуулийн урдуур явж байгаад утастай хүүхэд харсан. Тэгээд явган хүний замаар араас нь дагаж яваад Гансугар хойно үлдсэн. Түвшинсанаа бид 2 араас нь гүйж очоод би баруун гараараа хүзүүдээд хоолойнд нь шил тулгаад “утсаа өг” гэхэд тэр хүүхэд утсаа гаргаж  ирэхэд нь Түвшинсанаа ирээд утсыг нь аваад цаашаа гүйхээр нь би ардаас нь гүйсэн…” гэх мэдүүлэг зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Бага насны хохирогч нарын гар утасыг архи, пивоны хагархай шил тулган айлгаж байгаад авсныг хохирогч, шүүгдэгч нар хэн аль нь адил мэдүүлсэн, хохирогч нарын гар утасны үнийг эд зүйлийн үнэлгээгээр тогтоосон, хохирогч нар өөрийг нь айлгаж, хагархай шил тулгаж эд зүйлийг нь авсан хүмүүсийг эргэлзээгүйгээр таньж олж, заасан байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч У.Б нь бусадтай бүлэглэн, давтан, зэвсгийн чанартай бусад зүйл буюу архи, пивоны хагархай шил хэрэглэж 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, 120 мянгатын 6 дугаар байрны 3 дугаар орцон дотор У.Баярбилэгийн “Самсунг галакси эс 3” маркийн гар утасыг,

2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг, 38 дугаар байрны орцон дотор Э.Ариунболдын “Ай фоне 4” маркийн гар утасыг,

2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Өгөөж” ХХК-ийн урд талын явган хүний зам дээр Г.Хосжаргалын “Самсунг галакси эс 3” маркийн гар утасыг тус тус амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтлон дээрэмдсэн гэж шүүх дүгнэв.

 

Бусадтай бүлэглэн, олон удаагийн үйлдлээр ”эд зүйлээ гаргаад ир, өг, өгөхгүй бол ална” хэмээн бага насны хохирогч нарт архи, пивоны хагархай шил тулгаж (хүний биед гэмтэл учруулж болох эд зүйл хэрэглэж), тэдний эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэл, заналхийлэл (айлган сүрдүүлэх) үзүүлэн довтолж буюу  шунахай сэдэлтээр, илээр, үнэ төлбөргүйгээр хохирогч нарын гар утасыг авч буй У.Б-ийн санаатай үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бусадтай бүлэглэж, давтан, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтлон дээрэмдсэн” гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хууль үйлчлэх цаг хугацааг тодорхойлсон. Мөн “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, ““Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хууль буцаан хэрэглэх журмыг хуульчилсан.

 

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн…”” гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр зохицуулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бусадтай бүлэглэж, давтан, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтлон дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах хорих ялаас хүндэрсэн байх тул прокуророос шүүгдэгч У.Б-ийн үйлдсэн гэмт хэргийг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллахаар дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч У.Б-ийн “Бусадтай бүлэглэж, давтан, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтлон дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Үүнээс гадна шүүгдэгч У.Б-ийн “Бусадтай бүлэглэж, давтан, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтлон дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 163 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 466 дугаар магадлалаар тус тус тогтоогдсон болохыг дурьдаж байна.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч У.Б нь хохирогч нараас дээрэмдэж авсан гар утасыг мөрдөн байцаах ажиллагааны явцад биет байдлаар буцааж өгсөн нь хэргийн 1 дүгээр хавтасны 127, 166, 54 дүгээр талд тус тус авагдсан байх тул түүнээс нэмж гаргуулах зардалгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан арван найман насанд хүрээгүй байхдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс У.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу хохирогч  нар “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг, тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж түүнийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг хуульд нийцүүлж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч У.Б нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн тул 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүнд зохих өршөөлийг үзүүлэхээр тогтов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                                                                                               

            1. Шүүгдэгч Боржигин овогт У.Б-ийг бусадтай бүлэглэж, давтан, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтлон дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-г эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бд оногдуулсан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасч, түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б урьд 14 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч У.Б бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.Бд урьд авсан хувийн баталгаа гарргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурьдсугай.

 

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                       ШҮҮГЧИД                                        Ү.ТҮМЭНЖАРГАЛ

 

                                                              Б.ДУЛАМСҮРЭН