Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 1058

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Төсөлч” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “Төсөлч” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Төсөлч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигбаяр, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Төсөлч” ХХК-ийн шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ “Төсөлч” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг, холбогдох нотлох баримтын хамт шүүхэд гаргаж, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 6100 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг үндэслэл болгож, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн байна гэж үзэж, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн.

“Төсөлч” ХХК нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Баруун зах цаг нэртэй газарт орших 28 гектар талбай бүхий уул уурхайн талбайг анх 1998 онд 1328А дугаартай эзэмшиж байгаад Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1038 дугаар шийдвэрээр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 2037 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаагаар ашиглахаар тусгай зөвшөөрлийн 15332А дугаар бүхий зөвшөөрлийг авсан байсан. 

Улсын Их Хурлаас 2009 онд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсанаар компанийн эзэмшлийн ашиглалтын талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байгааг тухайн үед Кадастрын хэлтэс бидэнд ойлгуулж байсан бөгөөд нөхөн олговор авах боломжтойг мэдэгдэж байсан. Энэ хуулийн заагийг Засгийн газар хэзээ яаж тогтоох болон нөхөн олговрыг хэрхэн яаж хэзээ олгох талаар мэдээлэл нь тодорхойгүй байсан. 

Гэтэл манай эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 295  дугаар шийдвэрээр цуцалсан байх бөгөөд тусгай зөвшөөрлийг ямар үндэслэлээр цуцалсан талаар, уг шийдвэрийг манай компанид албан ёсоор өгөөгүй юм.

Компанийн зүгээс тусгай зөвшөөрлийг сүүлд хүчингүй болгосныг мэдмэгцээ 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ашигт малтмалын газрын даргад гомдол гаргасан юм. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гомдлыг хянаад 6-3783 тоотоор “Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2 дахь хэсэгт тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх өргөдөлд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн талаар тухайн сум дүүргийн Засаг даргын болон Байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт хавсаргахаар заасан байдаг. Гэтэл 15332А дугаар тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн буцаахыг хүссэн өргөдөлд дээрх тодорхойлолт дутуу байсан тул Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 1036 дугаар шийдвэрээр өргөдлийг бүртгэлээс хассан, тусгай зөвшөөрлийн талбай Монгол улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор баталсан хилийн заагтай давхцалтай байсан тул цуцалсан болохыг мэдэгдэж гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгсөн. 

Манай компани дээрх тусгай зөвшөөрлийг 1998 оноос хойш өдийг хүртэлх хугацаанд эзэмшиж, ашиглаж, хайгуулын болон ашиглалтын их хэмжээний зардлыг гаргаж, жил бүр тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлсөөр ирэхэд дээрх шийдвэрийг гаргасанд хуульд нийцсэнгүй гэж үзэж байна. 

Үндсэндээ дээрх тусгай зөвшөөрлийг хэвийн эзэмшиж, ашиглаж байхад тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсгийг буцаан өгөхийг хүссэн атлаа, буцааж өгөхийг хүссэн өргөдөлд “...байгаль орчны хяналтын байцаагчийн тодорхойлолт...” хавсаргасаар байтал тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсгийг буцаан өгөхийг хүссэн өргөдөлд байгаль орчны хяналтын байцаагчийн тодорхойлолт хавсаргаагүй гэж үзэж, түүнийг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь өөрөө ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Ашигт малтмалын газраас дээрх хариуг өгөхөөс өмнө компанийн 15332А тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар компанийн албан ёсны хаягаар мэдэгдэж байгаагүй. Тусгай зөвшөөрлийг цуцалсан Геологи уул уурхайн хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийг манай компанид өнөөдрийг хүртэл албан ёсоор өгөөгүй. Ингээд компанийн зүгээс тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг гаргах болсон шалтгаан нөхцөлийг урьдчилан яагаад мэдэгдээгүй, үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй болох талаар Ашигт малтмалын газарт албан бичгийг хүргүүлсэн боловч хариу өгөөгүй. Үүнээс хойших хугацаанд тус компанийн захирал миний бие хүндэтгэн үзэх шалтгаантай байсны улмаас шүүхэд нэхэмжлэл гаргаж чадахгүй байсаар өдийг хүрсэн. 

“Төсөлч” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг, холбогдох нотлох баримтын хамт шүүхэд гаргаж, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 6100 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг үндэслэл болгож, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн байна гэж үзэж, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан. Үүний дагуу Засгийн газар 2010 оны 299 дүгээр тогтоолоор нөхөх олговор авах журмыг баталсан бөгөөд Ашигт малтмалын газраас нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх ажиллагааг 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс зохион байгуулсан. Гэтэл нөхөх олговор олгох талаар ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүйгээс бид хүсэлт, холбогдох материал гаргаж өгөх боломжийг манай компанид олгоогүй. 

Геологи, уул уурхайн хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийг үндэслэл болсон Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална” гээд мөн зүйлийн 56.1.3-д “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” гэж заасан. Дээрх хуулийн заалтаас харвал тусгай зөвшөөрлийг цуцлахдаа нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн байхыг заавал шаардсан байна. Хэрвээ нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгоогүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах боломжгүй гэх нөхцлийг заасан байна. Гэтэл нөхөн олговрыг олгоогүй атлаа манай компанийн тусгай зөвшөөрлийг дээрх хуулийн заалтыг баримтлан цуцалсан үйлдэл нь үндсэндээ тушаал, шийдвэр нь хуульд нийцсэн, хуульд үндэслэсэн байх гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.  

Иймд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “Төсөлч” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж өгнө үү” гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын албаны даргын 1998 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрээр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт оршин 25 гектар талбай бүхий 991А дугаар ашигт малтмалын ашиглах тусгай зөвшөөрлийг “Төсөлч” ХХК-д олгосон байна. 

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Тусгай зөвшөөрөл нөхөн олгох тухай 1038 дугаар шийдвэрээр 991А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож шинээр 15332А дугаар гэрчилгээ, хавсралтыг нөхөн олгосон байна. 

2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор хилийн заагийг хэсэгчлэн тогтоож батлан гаргасан бөгөөд уг тогтоолд дурдагдсан 7211 солбицлыг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэсэн.

Дээрх солбицлуудыг бүртгэсний дараа шүүж үзэхэд ашигт малтмалын 15332А дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь хэсэгчлэн хуулиар хориглосон талбайтай давхцалтай байсан. 

Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам”-ын дагуу нэхэмжлэгч компанид 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр нөхөн олговор авах хүсэлтээ 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн өдөр тутмын сонин болох “Зууны мэдээ” сонины 2011 оны 10 дугаар сарын 10/11-ний өдрийн 239/240 дугааруудад, “Үндэсний шуудан”, “Үнэн” сонинуудад тус тус нийтэлсэн ба Ашигт малтмалын газрын www.mram.gov.mn цахим хуудсанд байрлуулж мэдээлсэн болно. 

Гэтэл “Төсөлч” ХХК нь нөхөн олговрын журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй” гэсний дагуу 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө 15332А дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл дээрээ нөхөн олговор авах тухай хүсэлтээ гаргаагүй байна. 

“Төсөлч” ХХК-ийн эзэмшлийн 15332А дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хуулиар хориглосон хязгаарласан талбайтай давхцалтай байсан, мөн нөхөн олговор авах талаар хууль, журамд заасан хугацаанд албан хүсэлтээ ирүүлээгүй, улмаар Ашигт малтмалын газар ирүүлсэн Сангийн яамны 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1458 тоот албан бичигт “...хүсэлтээ хугацаандаа гаргаагүй аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох үндэслэлгүй” болохыг дурдсан байна. 

Дээр дурдсан үндэслэлүүд байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “...хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” гэснийг үндэслэн Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоол “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2-т заасан болон 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Сангийн дэд сайдын “Тодорхойлолтыг баталгаажуулах тухай” 3-2/1458 дугаар албан бичгийн дагуу Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр цуцалж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт болно. 

Дээрх Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэр гаргахаас өмнөх мэдэгдлийг 2012 онд холбогдох албан бичгээр тус нэхэмжлэгч компанид хүргүүлж байсан бөгөөд энэ нь Ашигт малтмалын газрын 2012 оны шуудангийн бүртгэлийн дэвтрээр нотлогдож байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14-1-т зааснаар дээд шатны албан тушаалтанд гомдлоо хуулийн хугацаанд гаргаж шийдвэрлүүлээгүй, тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан нэмэлт тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “Төсөлч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

“Төсөлч” ХХК-иас “шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх” тухай хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай” 6100 дугаар захирамжаар “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “Төсөлч” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн” байх тул захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна. 

Нэхэмжлэгч “Төсөлч” ХХК нь “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “Төсөлч” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Анх 1998 онд “Төсөлч” ХХК-д Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших 25 гектар талбайд 991А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон  байна.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1038 дугаар шийдвэрээр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Баруун зах цаг нэртэй газарт орших 28 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын 15332А дугаартай тусгай зөвшөөрлийг “Төсөлч” ХХК-д нөхөн олгож , 2037 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаагаар эзэмшиж байжээ. 

Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг батлан гаргаж, уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж, мөн зүйлийн 4.3-т “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж тус тус заажээ. 

Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 174 дүгээр тогтоолын хавсралтаар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийг заагийг хэсэгчлэн тогтоосон байна.

Уг тогтоолоор баталсан гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн зааг дотор “Төсөлч” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 15332А дугаартай тусгай зөвшөөрлөөр эзэмших талбай нь хэсэгчлэн буюу 1.42 га талбай хамрагдсан болох нь хариуцагчаас ирүүлсэн тусгай зөвшөөрлийн талбайн тойм зургуудаар  тогтоогдож байна. 

Хариуцагч Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр  Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоол, Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам”-ын 5.2 дахь заалт, Сангийн дэд сайдын 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1458 дугаартай албан бичиг  зэргийг баримтлан “Төсөлч” ХХК-ийг “нөхөн олговор авах хүсэлтээ нөхөн олговрын журмын 3.4.2-т заасан хугацаанд гаргаагүй” гэсэн үндэслэлээр тус компанийн эзэмших 15332А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нь “Төсөлч” ХХК-ийн эзэмшлийн 15332А дугаартай тусгай зөвшөөрөл нь хуулиар хориглосон хязгаарласан талбайтай хэсэгчлэн давхцалтай байсан ба нөхөн олговор авах талаар хууль, журамд заасан хугацаанд албан хүсэлтээ ирүүлээгүй бөгөөд уг хүсэлтээ хугацаанд нь гаргаагүй аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох үндэслэлгүй гэж үзэж тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус байна.

Хариуцагчаас Ашигт малтмалын газрын Уул уурхайн судалгааны хэлтсийн даргын 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Нөхөн олговор авах хүсэлт ирүүлэх тухай” 5-7824 дугаар албан бичгийг  тус компанид шуудангаар хүргүүлсэн гэх боловч уг албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн, гардуулан өгснийг нотолсон, баталгаажуулсан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 7/1992 дугаар албан бичиг , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “Хэрэв шуудангаар хүргүүлсэн бол шуудангийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн байх ёстой. Гэтэл тухайн дэвтэр дээр хүргүүлсэн талаарх бүртгэл байхгүй байгаа юм ” гэсэн тайлбар зэргээс үзэхэд Ашигт малтмалын газраас “Төсөлч” ХХК-ийн эзэмшиж буй 15332А дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан талбайд хэсэгчлэн давхцалтай талаар болон нөхөн олговор авах хүсэлтээ гаргаж ирүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн, тухайн компани энэ талаар мэдсэн болох нь тогтоогдохгүй байна.

Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 3.4.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлээр нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөн олговор авах тухай хүсэлт гаргаагүй” тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохгүй байхаар журам тогтоожээ.

Журмын энэхүү заалтаас үзвэл “нөхөн олговор олгохгүй байх” тухайн нэг тохиолдлыг зохицуулсан байгаа болохоос тусгай зөвшөөрлийг бүхэлд нь цуцлахаар тогтоосон зохицуулалт биш байна. 

Мөн тус журмын 5 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг цуцлах харилцааг журамласан бөгөөд уг журмын 5.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрыг төлж барагдуулсан болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговрыг хүлээн авсан баримтыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох тусгай зөвшөөрлийг цуцална” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална гэж тус тус заажээ. 

Иймд дээрх хуулийн зохицуулалт болон журмын дээрх заалт нь “нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах” эрхтэй байхад хариуцагч нь “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөн олговор авах хүсэлт гаргах хугацааг 90 хоногоор хязгаарлаж, уг хүсэлтийг гаргаагүй учир нөхөн олговор олгох үндэслэлгүй, олгох ёстой нөхөн олгворыг “0” төгрөгөөр тооцно” гэж тайлбарлаж байгаа нь хуулиас давсан зохицуулалтыг бий болгосон гэж үзэхээр байна. 

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговрыг “0”-тэй тэнцүүлэн тооцох эрхийг төрийн захиргааны байгууллагуудад олгосон зохицуулалт байхгүй байхад нэхэмжлэгчийг “хүсэлтээ гаргаагүй” гэсэн үндэслэлээр нөхөн олговрыг “0” гэж тооцон тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн хариуцагч Кадастрын хэлтсийн даргын шийдвэр нь дээрх журмын заалтыг буруу тайлбарлан хэрэглэж “Төсөлч” ХХК-ийн эзэмших MV-015332 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг зөрчсөн, хууль бус шийдвэр болжээ.

Түүнчлэн хэм хэмжээ тогтоосон эрх зүйн акт нь хуулийн заалттай зөрчилдөхгүй байх бөгөөд мөн хуулиар тусгайлан зохицуулагдаагүй хэм хэмжээг нөхөн зохицуулсан тохиолдолд л хэрэглэгдэнэ. Харин хуулийг зөрчсөн уг журмыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас заавал дагаж мөрдөх үүрэг байхгүй. 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 174 дүгээр тогтоолын Хянавал хэсэгт “...тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлийг хуульд өөрөөр заасан байхад тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 295 дугаар шийдвэрийн холбогдох заалт Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасантай нийцээгүй тул хууль бус захиргааны акт гэж үзнэ” гэж дүгнэсэн байна. 

Мөн хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж тус тус заасны дагуу “мэдэгдэх” үүргээ биелүүлээгүй, тухайн компанид мэдэгдлийг хүргүүлсэн, хүлээн авсан нь бүрэн дүүрэн нотлогдохгүй байх тул маргаан бүхий захиргааны актыг хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулийн дагуу гомдол гаргах эрхийг хязгаарласан болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч “Төсөлч” ХХК-ийг “нөхөн олговор авах хүсэлтээ ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр түүний нөхөн олговор авах эрхийг хязгаарлаж, улмаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 295 дугаар шийдвэр нь хууль бус бөгөөд улмаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “Төсөлч” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч ”Төсөлч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “Төсөлч” ХХК-д  холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Төсөлч” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     М.ЦЭЦЭГМАА