Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/00491

 

А.Будсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1295 дугаар шийдвэр,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар магадлалтай,

         А.Будсүрэнгийн нэхэмжлэлтэй,

         Хөвсгөл аймгийн “Хөвсгөл Эрчим-Хүч” ХХК-д холбогдох           

          Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

          Хариуцагчийн төлөөлөгч М.Пүрэвсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Будсүрэн, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Би тус компанид тооцооны нягтлан бодогчоор 2012 оны 09 сард ажилд орсон. 2015 оны 07 сарын 23-ны өдөр миний үндсэн ажил өөрчлөгдөж, мөнгөн кассын нярвын үүрэгт ажилд томилогдсон. Уг ажлаа зохих ёсоор гүйцэтгэж байгаад ээлжийн амралтаа авч амарч байгаад ажилдаа ортол ар гэрт гачигдал гарч нөхөр эмчилгээнд явах болж аргагүйн эрхэнд байгууллагын захиргаанд хандаж цалингүй чөлөө олгохыг хүсч өргөдлийг бичгийн хэлбэрээр гаргасан. Тухайн үед өргөдлөө бариад очиход захирлын үүргийг гүйцэтгэж байсан н.Отгонбаяр, санхүүгийн менежер н.Мөнгөнцэцэг нар Улаанбаатар хот руу томилолтоор явсан гээд чөлөө цохож өгөх хүнгүй байсан. Би чөлөөгөө цохуулаагүй учраас хууль ёсны ажил үүргээ гүйцэтгэж 2016 оны 7 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд ажилласан. Ингээд баярын амралт болж 2016 оны 07 сарын 18-ны өдөр хүртэл амраад ажилд ороход миний чөлөөний хугацаа эхэлсэн. Намайг Улаанбаатар хотод нөхрийгөө эмчлүүлж байтал дарга дуудсан. Би чөлөөний хугацаандаа ажилдаа иртэл ажил олгогч намайг 2016 оны 08 сарын 15-ны өдөр 26 дугаартай тушаал гарган өөрийн санаачилгаараа ажлаас чөлөөлсөн байв. ... Өөрийн гаргасан өргөдөлдөө засвар хийсэн нь ажил тасалсан болон чөлөөний хугацаа хэтэрсэн гэсэн ойлголтод ямар ч хамааралгүй болно. ... Миний бие удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж ирсэн. Гэтэл ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг шууд хэрэглэсэн нь ажилтан миний эрх зүйн байдлыг илтэд дордуулж хууль бус тушаал гаргажээ. Би сахилгын зөрчлийг давтан гаргаагүй, бас эд хөрөнгө ашиглан шамшигдуулаагүй. Иймд ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү.” гэжээ.

          Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “А.Будсүрэнг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаар тушаалаар сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Учир нь А.Будсүрэн нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 06-ны өдрийг дуустал 1 сарын чөлөө олгох хүсэлт гаргасны дагуу уг хүсэлтийг байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрч 1 сарын чөлөө олгосон. Гэвч А.Будсүрэн нь 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй, ажлаа хийгээгүй. Ийм учраас Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

        Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1295 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Будсүрэнг Хөвсгөл аймгийн “Хөвсгөл-Эрчим хүч” ХХК-ийн мөнгөн хөрөнгийн нярвын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймгийн “Хөвсгөл-Эрчим хүч” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.119.144 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Будсүрэнд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч А.Будсүрэнд олгосон ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 3.119.144 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймгийн “Хөвсгөл-Эрчим хүч” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн “Хөвсгөл-Эрчим хүч” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 135.056 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

          Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар магадлалаар Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1295 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн төлөөлөгч М.Пүрэвсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “...эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд А.Будсүрэнгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасан зохицуулалтыг баримтлаагүй, журам болон хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. А.Будсүрэн нь “Хөвсгөл Эрчим-Хүч“ ХХК-д мөнгөн кассын нярваар ажиллаж байхдаа 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай цалингүй чөлөө олгохыг хүссэн хүсэлтээ байгууллагад 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гаргасан бөгөөд уг хүсэлтийг нь хүлээн авч 1 сарын чөлөөг 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 1 сарын чөлөө олгохыг зөвшөөрч шийдвэрлэсэн. Гэвч ажилтан А.Будсүрэн нь өөрийн дураар чөлөө олгохыг хүссэн хүсэлтээ зөвшөөрөлгүйгээр буцаан авч засварлаж хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасан үүргээ ноцтойгоор зөрчсөн. А.Будсүрэнгийн чөлөө хүссэн хүсэлтийн гол шаардлага нь 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 1 сарын чөлөө хүссэн уг шаардлагынх нь дагуу хүсэлтийг шийдвэрлэсэн болохоос 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд чөлөө олгохыг хүсээгүй, энэ хугацаанд чөлөө олгогдоогүй. А.Будсүрэнгийн чөлөөний хугацаа 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болсон бөгөөд тэрээр 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс хойш огт ажилдаа ирээгүй /ажилчдын цагийн бүртгэлээр нотлогддог/ ажил шалтгаангүйгээр тасалсан байдал нь хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчсөн. Хэрэв А.Будсүрэн нь 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл чөлөө олгохыг хүссэн юм бол тэрээр 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх үүрэгтэй байсан. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ийн 2.а-д “ажилтанд олгосон цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал цалин хөлсний бүрэлдэхүүн болдог, 3 .а-д “Үндсэн цалин гэж ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргийг гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос ажилтанд олгох баталгаат хөлсийг хэлнэ..., ...хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан тохирсон цалин хамаарна.”, 4-т “...унаа түлш, байр, хоолны үнийн хөнгөлөлт ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй”, 9-д “Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, данс бүртгэл байна” гэж заасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, тэрээр хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан тохирсон цалин хөлс, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, хоол унааны зардал зэрэг нийт хичнээн төгрөгийг авч байснаа нотолж чадаагүй. Зөвхөн нийгмийн даатгалын дэвтрийн тооцооллыг шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгосон нь шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд дээрх шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул ИХШХШТХуулийн 176-р зүйлийн 176.2.4-т заасныг баримтлан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.          

    Нэхэмжлэгч А.Будсүрэн нь Хөвсгөл аймгийн “Хөвсгөл Эрчим-Хүч” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, чөлөөний хугацаа хэтрүүлж, шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил гаргасан гэж маргажээ.

Хөвсгөл аймгийн “Хөвсгөл Эрчим-Хүч” ХХК нь нэхэмжлэгч А.Будсүрэнг мөнгөн хөрөнгийн нярвын ажлаас чөлөөлөх тухай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтууд, Компанийн дотоод журмын 4.1-б заалт, Компанийн захирлын зөвлөлийн хурлын 08 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрийг үндэслэсэн байна.

Ажил олгогч нь ажилтны  хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа “...2016 оны 07 сарын 06-ны өдрөөс 1 сарын цалингүй чөлөө олгосон, энэ хугацааг хэтрүүлж, шалтгаангүйгээр ажил тасалсан” гэж тайлбарлах боловч А.Будсүрэнд ямар хугацаагаар чөлөө олгосон тухай баримтаар нотолж чадаагүй тухай анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд ажил олгогч нь ажилтныг чөлөөний хугацааг хэтрүүлэн ажил тасалсан нь хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж ажлаас халсан байна. Хэрэгт ажилтан А.Будсүрэнгийн чөлөө олгох тухай гаргасан хүсэлтийн талаарх хоёр баримт авагдсан байх боловч чөлөө олгохыг зөвшөөрсөн захиргааны ажилтны гарын үсэг бүхий баримтыг шүүх үнэлж, ажилтныг чөлөөний хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нийцсэн байна.

    Хариуцагч нь А.Будсүрэнг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д зааснаар ажлаас чөлөөлсөн нь тогтоогдоогүй, тушаалд заагдсан үндэслэлүүдийг хөдөлмөрийн гэрээ цуцлах зөрчил гэж үзэх боломжгүй талаар хоёр шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтад нийцжээ. 

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасантай нийцэхгүй байх тул гомдлын үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч М.Пүрэвсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1295 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч М.Пүрэвсүрэнгийн хяналтын  журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

           2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 135.056 /нэг зуун гучин таван мянга тавин зургаан/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                            ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН