Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 543

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: Н.Мөнгөнсүх;

шүүгдэгч-хохирогч: М.Б, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш;

шүүгдэгч-хохирогч: Б.Мөнхзул, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор, О.Даваажаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б, Батсүхийн Мөнхзул нарт холбогдох эрүүгийн 1809011010290 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлага мэргэжилтэй, “Шүр” худалдааны төвийн авто зогсоол хариуцдаг ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 23-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ИЭ76071979 регистерийн дугаартай, Боржигон овогт М.Б.

 

2. Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү эдийн засагч мэргэжилтэй, “Түмэн цамхаг” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд Жавзан дамба, 15-2 дугаар байрны 6а тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, УС78101757 регистерийн дугаартай, Тайж овогт Б.М.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.Мөнхзул нь 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг хохирогч М.Бтэй маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

яллагдагч М.Б нь 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг хохирогч Б.Мөнхзултай маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-хохирогч М.Б мэдүүлэхдээ: Шүүгдэгчийн хувьд нэмж мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчийн хувьд эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-хохирогч Б.Мөнхзул мэдүүлэхдээ: Тухайн өдөр машинаа тавьчихаад гарах гэтэл надаас зогсоолын төлбөр 1000 төгрөг нэхэмжилсэн. Би “баримтаа өг” гэтэл баримт байхгүй гэсэн. Би “15 минут зогссон учраас 500 төгрөг өгнө, хэрэв баримт гаргаж өгвөл 1000 төгрөг төлнө” гэж хэлсэн. Гэтэл намайг явуулахгүй байсан. Тэгэхээр нь би явах гээд машинаараа хөдлөх үйлдэл хийсэн. Тухайн үед миний дугуй бүтэн эргээгүй. Зөвхөн хааз өгч хөдлөх үйлдэл үзүүлсэн. Энэ хүний биед ямарваа нэгэн гэмтэл учруулаагүй. Гэтэл миний нүүр рүү нэг удаа цохиж миний хамраас цус гаргасан. Би машинаасаа гарахгүйгээр цагдаа дуудсан. Тэгтэл энэ залуу цаашаа зугтаасан. Би араас нь хөөгөөд барьж авч, хөдөлгөөнт эргүүлд хүлээлгэж өгсөн. Хэрэг болсноос хойш өнөөдрийг хүртэл Бат-Эрдэнэ худал мэдүүлэг өгч байсан. Би энэ хүнд гар хүрээгүй байхад миний эсрэг худал мэдүүлэг өгсөн. Мэдүүлгийг нь үндэслэж намайг яллагдагчаар татаж өдийг хүртэл явж байгаад гомдолтой байна. Хохирогчийн хувиар нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд М.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 2-3/, Б.Мөнхзулын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 5-6/, Б.Мөнхзулын хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/, М.Б-ий хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/, Шүүхийн шинжилгээний шинжээчийн 2989, 3986 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 26, 30/, шинжээч эмч Н.Энхцолмон, Б.Ганзориг нарын мэдүүлэг /хх-ийн 22-24/, Б.Мөнхзулын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 39-43/, “ЭМЖЖ” ХХК-ийн амбулаторын түр карт, захирлын 2017 оны А-01/01 тоот тушаалын хавсралт /хх-ийн 53-55/,  М.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 37-38, 64-78/, М.Б-ийн эмчилгээтэй холбоотой баримтууд /хх-ийн 80-84/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах “Шүр” худалдааны төвийн гаднах автомашины зогсоол дээр “автомашин зогсоолд байрлуулсны төлбөр төлсөнгүй” гэх шалтгаанаас үүдэлтэйгээр М.Б, Б.Мөнхзул нар өөр хоорондоо маргалдаж, Б.Мөнхзул нь М.Б-ийг автомашинаар шүргэж унагаан, М.Б нь Б.Мөнхзулын нүүрэнд нь цохиж, харилцан бие биенээ хөнгөн гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдов.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:

 

хохирогч Б.Мөнхзулын /хх-ийн 14-16/: “... 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15 цагийн үед Жоби төвийн урд талын хуучин “Номин” барилгын дэлгүүрийн автомашины зогсоол дээр унаж явж байсан 5030 УНӨ улсын дугаартай саарал өнгийн “Пажеро” маркийн машинаа зогсоол дээр байрлуулчихаад “Жоби” төв рүү орж барилгын материал аваад 15 минут орчим болоод гарч машиндаа суугаад машинаа хөдөлгөөд зогсоолын гарцаар гарах гэтэл гарц дээр зогсож байсан үл таних залуу “зогсоолын мөнгө 1000 төгрөг өг” гэхээр нь “надад 1000 төгрөг байна, эхлээд зогсоолын төлбөрийн баримт өг” гэж хэлсэн. Тэр залуу “баримт байхгүй” гэж хэлсэн.  Тэгвэл би 500 төгрөг өгнөө, би 1 цаг зогсоогүй, 15 минут зогссон” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу 1000 төгрөгөө авнаа” гээд байхаар нь би “мөнгө өгөхгүй” гээд бид хоорондоо маргалдсан. Би түүнд “баримтаа өг тэгвэл би 1000 төгрөг өгье” гэж хэлээд машинаа хөдөлгөөд явах гэтэл нөгөө эрэгтэй миний нүүр рүү гараараа 1 удаа цохиж, миний нүдний шил хагарч, амнаас цус гарсан…” гэх мэдүүлгээр,

 

хохирогч М.Б-ийн /хх-ийн 20/: “... 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Жоби” төвийн урд байдаг “Шүр” худалдааны төвийн зогсоолыг хариуцан ажиллуулж байсан юм. 15 цагийн үед зогсоол дээр Пажеро маркийн 5030 УНӨ дугаартай автомашиныг оруулсан. Хэсэг хугацаанд зогсож байгаад зогсоолоос гарах гэхэд нь би зогсоолын төлбөр 1000 төгрөг нэхсэн чинь “мөнгө өгөхгүй баримтаа өг” гэхээр нь “надад одоогоор баримт алга, мөнгөө төлчих, тэгвэл машиныг чинь гаргая” гэж хэлсэн. Би машиных нь тольны харалдаа зогсож байсан чинь “машинаараа дайрч гарна” гэхээр нь “дайраад гарахгүй юу” гэсэн чинь машинаа урагшаа болгоод жолооч талын толиороо намайг 1 удаа мөргөөд унагаасан. Би газраас босч ирээд нөгөө хүнтэй маргалдан, зууралдаж ноцолдох үед өөрийнхөө зүүн тохойгоор нүдний шилийг нь цохиж хагалсан байх. Нүүр ам руу нь гараараа цохисон юм байхгүй…”  гэх мэдүүлгээр,

 

М.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 2-3/: “… Б.Мөнхзулын нүүр ам руу гараараа шууд цохисон юм байхгүй. Харин машины түлхүүрийг нь авах гэж маргалдаж хувцас хэсгээс нь зууралдаж ноцолдох үедээ Б.Мөнхзулын зүүж явж байсан нүдний шилийг өөрийнхөө зүүн гарын тохой хэсгээр цохиж хагалсан байх. Тэгээд хамрыг нь гэмтээсэн гэж бодож байна…” гэх мэдүүлгээр,

 

Б.Мөнхзулын биед “хамар ясны хугарал, баруун нүдний дотор буланд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, өнгөц шарх” бүхий  мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №2989 тоот шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 26/,

 

М.Б-ийн биед “тархи доргилт” бүхий  мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №3986 тоот шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 30/,

 

Дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Н.Энхцолмонгийн  /хх-ийн 23/: “...М.Б-ийн биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэмтэл болно. Тархи доргилт гэмтэл нь хүчтэй мөргөх, доргилтын аль аль үед үүсгэгдэнэ. Өөрөөр хэлбэл машинд мөргөгдөх, мөргөлдөөд унах үйлчлэлээр аль алинд үүсэх боломжтой. Тархи доргилт нь нэг удаа болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой…” гэх мэдүүлэг зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “гэмт хэрэг гарсан байдал, шалтгаан, нөхцөл, шүүгдэгч (хохирогч) нарын буруутай (автомашинаар мөргөсөн, зодсон) үйлдлийн улмаас хэн альных нь эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах “Шүр” худалдааны төвийн гаднах автомашины зогсоол дээр “автомашин зогсоолд байрлуулсны төлбөр төлсөнгүй” гэх шалтгаанаас үүдэлтэйгээр шүүгдэгч М.Б, Б.Мөнхзул нар өөр хоорондоо маргалдаж, Б.Мөнхзул нь М.Б-ийг автомашинаар шүргэж унагаан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, М.Б нь Б.Мөнхзулын нүүрэнд нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэж шүүх дүгнэв.

             

              Дээрх шалтаг, шалтгааны улмаас хохирогчийг зодож, автомашинаар мөргөж үйлдэлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу бие биенээ хөнгөн гэмтээсэн М.Б, Б.Мөнхзул нарын гэм буруугийн санаатай үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг тус бүрийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Прокурор яллах дүгнэлтдээ гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хэмээн ташаарч бичсэн байх боловч хэрэгт авагдсан баримтат мэдээлэлээр гэмт хэрэг 2018 оны 02 дугаар сарын 25-нд гарсан нь тогтоогдож байх тул уг асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж залруулсан болно. Ингэж зөвтгөн залруулсан нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулаагүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ноцтойгоор нөлөөлөхгүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Мөнхзул өөрийгөө, түүний өмгөөлөгч нараас “М.Б-д хөнгөн гэмтэл учруулсан” хэрэгт оролцсон болохыг үгүйсгэж буй боловч шүүх дараах байдлаар дүгнэлт хийж шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын дүгнэлт, мэдүүлэгт няцаалт өгсөн болно.

 

Шүүх шүүгдэгч нарын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдийг нягтлан шалгаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын сэдэл, санаа зорилго зэрэгт дүгнэлт хийсний эцэст М.Б-ийн мэдүүлгийг илүү хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэв.

 

Шүүгдэгч М.Б-ийн “…”машинаараа дайрна” гэхээр нь “дайрахгүй юу” гэж хэлсэн чинь машинаа урагшаа болгоод намайг жолооч талын толиороо нэг удаа мөргөөд газарт унагаачихсан юм. Тэгэхээр нь би газраас босож машиных нь түлхүүрийг авах гэж нөгөө хүнтэй зууралдаж ноцолдож эхэлсэн юм…” гэж, шүүгдэгч Б.Мөнхзул “…М.Б-ийг холдуулах зорилгоор автомашиныг хөдөлгөх үйлдэл хийсэн, энэ асуудал болсны дараа М.Б намайг цохисон…” хэмээн мэдүүлж буй нь тэдний хооронд “зогсоолын төлбөрөөс” үүдэлтэй хэрүүл маргаан үүссэнийг, М.Б “төлбөрөө төлж байж машинаа зогсоолоос гарга” гэж автомашины урдуур хөндөлсөж зогссоныг, тэрээр автомашинд мөргөгдөж унасны дараа Б.Мөнхзулын бие махбодод хүч хэрэглэн халдсан гэж дүгнэх нотолгооны үндэслэл болж байна.

 

Мөн шинжээч эмч нь тусгай мэдлэгийн хүрээнд, эмнэлгийн бичиг баримтад тулгуурлан М.Б-ийн биед тухайн үед учирсан гэмтлийн зэргийг тогтоож дүгнэлт гаргасан нь холбогдох хууль, журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

Шүүгдэгч-хохирогч М.Б-ийн хууль бус, зүй бус үйлдлээс буюу баримтгүйгээр, хууль бусаар бусдаас “зогсоолын төлбөр” нэхэж маргаан үүсгэснээс шалтгаалж гэмт хэрэг үйлдэгдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн нотолбол зохих асуудлууд (гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл…г.м) бүрэн нотлогдсон байх тул өмгөөлөгч Б.Эрдэнэболор, О.Даваажаргал нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед гаргасан “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” гэсэн хүсэлт хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иймээс шүүгдэгч Б.Мөнхзул, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, гомдол, саналыг хангах боломжгүй гэж шүүх дүгнэв.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч М.Б, Б.Мөнхзул нарын тус бүрийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ шүүх хуралдаан хүртэл баримтаар нотлогдсон хохирогч (шүүгдэгч) М.Бат-Эрдэнийн 301.100 төгрөгийн зардалыг (хх-ийн 82) шүүгдэгч Б.Мөнхзулаас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирогч (шүүгдэгч) Б.Мөнхзул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөртэй холбоотой баримтыг хэрэгт хавсаргаагүй, мөн “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч М.Б-ийг түүнд төлөх төлбөргүй гэж дүгнэв. Ингэж дүгнэсэн нь хохирогч (шүүгдэгч) Б.Мөнхзулын хохирол нэхэмжлэх эрхийг хязгаарлахгүй бөгөөд тэрээр өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмлэх эрхийг нээлттэй үлдээв

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Б.Мөнхзулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт М.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Тайж овогт Батсүхийн Мөнхзулыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхзулыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М.Б, Б.Мөнхзул нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Мөнхзулаас нийт 301.100 төгрөгийг гаргуулж хохирогч М.Бд олгосугай.

 

5. Хохирогч  Б.Мөнхзул нь өрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б, Б.Мөнхзул нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ