| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0259/Э |
| Дугаар | 544 |
| Огноо | 2018-08-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 544
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;
улсын яллагч: С.Эрдэнэтуяа (томилолтоор);
шүүгдэгч: Б.Н, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-д холбогдох эрүүгийн 1809007500202 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 12 дугаар баг, Булагийн 18 дугаар гудамжны 7 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 14 байрны 2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ФА95032312 регистерийн дугаартай, Чонос овогт Б.Н.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.Н нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 18-51 тоотод байх А.Оюунцэцэгийн гэрт хууль бусаар нэвтэрч улмаар өлгүүрт нь байсан булган шуба 1 ширхэг, булган захтай хавар намрын эмэгтэй пельник 1 ширхэг, хүүхдийн куртик 1 ширхэгийг хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: 2018 оны 02 дугаар сарын 05-нд найзындаа хамт архи уусан. Гараад нэг найзыгаа унаанд суулгаж өгөөд эргээд орох гэж явж байгаад хаалга нь онгорхой айлаас эд зүйл авсан. Надад хулгай хийх санаа зорилго байгаагүй. Архины халуундаа эд зүйл авсан байсан. Авсан эд зүйлээ айлын хүмүүст өгөх гэж явж байгаад хүмүүст нь баригдаж буцааж өгсөн. Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Оюунцэцэг /хх-ийн 12-14/, гэрч А.Солонго /хх-ийн 15-16/, Б.Норовсүрэн /хх-ийн 72-73/ нарын мэдүүлэг, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 8-9/, Б.Наранбадралын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22/, Б.Наранбадралын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 31-38/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Б.Н нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 18 дугаар байрны 51 тоотод амьдардаг А.Оюунцэцэгийн гэрийн хаалга онгойрхой байгааг далимдуулан нууцаар нэвтэрч булган шуба 1 ширхэг, булган захтай хавар намрын эмэгтэй пельник 1 ширхэг, хүүхдийн куртик 1 ширхэг зэргийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдов.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:
хохирогч А.Оюунцэцэгийн /хх-ийн 12-13/: “... 2017 оны 02 дугаар сарын 05-ны 00 цаг 15 минутын үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 18 дугаар байрны 51 тоотод гэртээ унтах гэж байтал гэрийн хаалга дуугарсан. Босоод үүд рүү очтол өлгүүр дээр байсан 1 ширхэг булган шуба, булган захтай хавар намрын эмэгтэй пельник, хүүхдийн хар хөх өнгийн куртик алга байсан. Манай гэрийн хаалга онгорхой байсан байна лээ. Хаалгаа татаагүй мартсан байсан. Булган шубыг 1.000.000 төгрөгөөр, булган захтай хавар намрын эмэгтэй пельникийг 300.000 төгрөгөөр, хүүхдийн хар хөх өнгийн куртикийг 320.000 төгрөгөөр тус тус үнэлж байна...” гэх мэдүүлгээр,
Б.Н-ын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 19-20, 28-30/: “... Би 2018 оны 02 дугаар сарын 05-ны орой Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 18 дугаар байрны 54 тоотод байх айлаас бор өнгийн куртик, цэнхэр өнгийн урт куртик, мөн бор хар өнгийн булган шуба зэрэг эд зүйл авсан. Би тэр орцонд дулаацъя гэж бодоод орсон. Яг тодорхой зорилго байгаагүй. Тэр айлын хаалга нь онгорхой байхаар нь шагайгаад хартал хүн байхгүй, гэрэл нь унтраатай байхаар нь гараа оруулаад авсан...” гэх мэдүүлгээр болон эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 8-9/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хохирогч гэрээсээ эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг гэрээс нь нууцаар авч явсныг, хохирогчийн хулгайд алдсан эд зүйлийг буцаан өгсөн, хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 05-ны шөнө шүүгдэгч Б.Наранбадрал нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 18 дугаар байрны 51 тоотод амьдардаг А.Оюунцэцэгийн гэрт нууцаар нэвтэрч, гэрээс нь булган шуба 1 ширхэг, булган захтай хавар намрын эмэгтэй пельник 1 ширхэг, хүүхдийн куртик 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэж шүүх дүгнэв.
Ийнхүү айлын гэрт хууль бусаар нэвтэрч, бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахай сэдэлтээр өөрийн эзэмшил болгож буй Б.Н-ын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Н нь “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн тул түүний учруулсан хохирлоос үл хамааран хэрэг зүйлчлэгдэж байгааг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Н-ын хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Хохирогч А.Оюунцэцэг хулгайд алдсан эд зүйлээ биет байдлаар буцаан авч, “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болсон нь хавтаст хэргийн 14 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгч Б.Н-ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Б.Наранбадралд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан төрөл хэмжээний дотор хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.
Ийнхүү шүүгдэгчид хорих ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн (хулгайлсан эд зүйлээ буцаан өгсөн) нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, мөн шүүгдэгчийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллгад эдлүүлэхээр тогтов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Чонос овогт Б.Н-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Н урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Наранбадралд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ