Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 305/ШШ2026/00055

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******* багт оршин суух Т овгийн Л-ийн О-йн нэхэмжлэлтэй

мал маллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Оюумаа оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Нэхэмжлэгч Л.О нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багт аав ээж ахын хамт мал маллаж байсныг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Л-ийн О миний бие 1975 оны 12 сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багт малчин Л-ийн 5 дахь хүүхэд болж төрсөн. Би 8 дугаар анги төгсөөд мал дээр гарч аав ээж, ахын хамт мал маллаж байсан. Аав маань 1996 онд нас барж, ээж маань 2019 онд нас барсан. Ах маань 2014 онд тусдаа гарсан. 2009-2016 оны А данс ахын нэр дээр бүртгэгдсэн байгаа тул 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багт аав ээж ахын хамт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 678, 679 дугаар лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн CVL2582000001002239 дугаартай төрсний бүртгэлийн, мөн өдрийн 20251114000350 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

-Үндэсний төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 03-04/7980, 03-04/7976, 03-04/7977 дугаар лавлагаанууд,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Лх-ийн О нь 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багт аав ээж ахын хамт мал маллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.

Малчнаар ажилласан хугацааг шүүхийн журмаар тогтоолгох нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

4.1. Л-ийн О нь 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багт аав ээж ахын хамт мал маллаж байсан болох нь:

-Говь-Алтай аймгийн төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 679 дугаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1974 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 57 дугаар зарлигаар Дэлгэр сумын харьяат Я-н А-нг алдарт эхийн хоёрдугаар одонгоор шагнасугай/БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Готов/. Ядамын Амаасүрэн хүүхдүүдэд: 1. О 11 настай, 2. Б 9 настай, 3. Ц 7 настай, 4. Л 4 настай, 5. Б 1 настай гэж бүртгэгджээ гэх лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,

- мөн архивын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 678 дугаар Тус аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн малчин, өрхийн тэргүүлэгч Л Л-ын мал маллаж байсан хугацаа /2009-2016 он/ хүртэл гээд тухайн оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,

-Үндэсний төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 03-04/7980 дугаар 2010 оны хүн амын тооллогын бүртгэлийн 114 дүгээр хуудсанд: Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 114дүгээр хуудсанд:Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр, 1-р багийн Ихрийн хүрэнд оршин суугч: өрхийн тэргүүн Т ургийн овогтой Л Л, эрэгтэй, 1970 оны 06 сард төрсөн, 40 настай, малчин, эх Ж ургийн овогтой Я-н Ан, 1935 оны 10 сард төрсөн, 75 настай, дүү Т-н ургийн овогтой Л О, эмэгтэй, 1975 оны 12сард төрсөн, 34 настай малчин гэж бүртгэгдсэн лавлагаа,

- мөн архивын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 03-04/7976 дугаар 1989 оны хүн амын тооллогод Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Дэлгэр, Чн Л тэргүүлэгч өөрөө, 61 настай эрэгтэй, А Яэхнэр 54 настай эмэгтэй, Л О охин 13 настай эмэгтэй, Л Ор хүү 11 настай эмэгтэй гэж бүртгэгдсэн лавлагаа,

Мөн архивын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 03-04/7977 дугаар 2000 оны хүн амын тооллогод Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр, Л Л тэргүүлэгч өөрөө 1970 оны 6 сард төрсөн, 29 настай эрэгтэй, Я-н А эх 1935 оны 10 сард төрсөн 64 настай эмэгтэй, Л С эгч 1967 оны 12 сард төрсөн 32 настай эмэгтэй, Л О дүү 1975 оны 12 сард төрсөн 24 настай эрэгтэй гэж бүртгэгдсэн лавлагаа,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн CVL2582000001002239 дугаартай Л О 1975 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрснийг 1975 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 103 дугаарт бүртгэсэн гэх төрсний бүртгэлийн лавлагаа,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Т овогтой Л О-ийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,

Мөн газрын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Танх овогтой Л Лханаажавын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа зэргээр тогтоогдож байна.

5. Иймд Танга чулуун овгийн Л Оийг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багт аав ээж ахын хамт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Тн овгийн Л О-ийг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багт мал маллаж байсныг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА