Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 208/МА2022/00009

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 208/МА2022/00009

 

Т.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 69 дугаартай шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Т.*******,

 

Хариуцагч Төрийн банк ХХК-ийн Төрийн банкны Сэлэнгэ салбарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3,179,287.19 төгрөг гаргуулах тухай

 

Хэргийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн О.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч Т.******* нэхэмжлэлдээ:

 

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж гаргуулах ...эрт үед зулбахыг завдсан оношоор үргэлжлүүлэн хэвтэрийн дэглэм барих шаардлагатай болсон учраас Төрийн банкны Сэлэнгэ салбарт 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр урт хугацааны чөлөө авах хүсэлт гаргасан. Чөлөөний хүсэлт нь батлагдаж 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ирсэн.

2021 оны 07 дугаар сарын 19-ны өдөр төрөхийн өмнөх тэтгэмжээ авах листийг Төрийн банкны Сэлэнгэ салбарын ерөнхий нягтлан бодогч Л.Энхцэцэгт өгсөн. Гэтэл нийгмийн даатгалын хэлтэс төрөхийн өмнөх эмнэлгийн хуудсыг хянаж үзээд Нийгмийн даатгалын сангаас олгогдох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19.1 заалтаар тэтгэмж олгох эрх үүсэхгүй гэсэн хариу өгч буцаасан.

Учир нь 2021 оны 03 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч тал төлөөгүй тасалдуулсан тул хуулийн заалтын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг 12 сараас доошгүй хугацаанд төлсөн, сүүлийн 6 сар шимтгэл тасралтгүй төлсөн байх заалтыг зөрчиж Жирэмсэний болон амаржсаны тэтгэмжээ авч чадалгүй нялх биетэй надад санхүүгийн болон сэтгэл санаа гүн хохирол, удаа дараа нийгмийн даатгалын хэлтэс, банкны хооронд явуулж хүндрэл чирэгдэл зөндөө учруулсан.

Иймд жирэмсний болон амаржсны тэтгэмж болох 3.179.287.19 /Гурван сая нэг зуун далан есөн мянга хоёр зуун наян долоон төгрөг арван есөн мөнгө/ төгрөг, тэмдэгтийн хураамж 65.819 төгрөг /жаран таван мянга найман зуун арван есөн/ төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа:

 

Т.*******ын нэхэмжлэлтэй холбоотой шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2021 оны 2 сард ээлжийн амралтаа авсан, 3 сард өвчтэй гэсэн боловч холбогдох эмчийн бичиг авчирч өгөөгүй. 2021.03.10-нд Т.*******ын чөлөө авах гар өргөдөл бичиж өгсөн боловч холбогдох ямар шалтгаанаар авах гэж байгаа талаар нотлох баримтаа өгөөгүй олон удаа нэхүүлсний дараа 2021 оны 5 сарын 5-нд бичиг баримтаа өгснөөр 2021 оны 5 сарын 12-нд чөлөөний хүсэлт батлагдсан. Мөн тус байгууллагын буруу биш байсан ч Т.*******ын 2021 оны 3 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөж төлөх талаар хүсэлт гаргаж байсан болно гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 69 дугаартай шийдвэрээр:

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19.1.1, 19.2.1-д зааснаар Төрийн банкны Сэлэнгэ салбараас 3.179.287,19 төгрөгийг гаргуулж Т.*******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65.819 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

1.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

2.Т.******* чөлөө авах хүсэлт өгсөн боловч холбогдох нотлох баримт байхгүй байсан тул хүсэлтийг баталгаажуулаагүй, баримтыг 2021 оны 05 дугаар сард өгснөөр чөлөөний хүсэлт баталгаажсан. Нэхэмжлэгч өөрөө баримтаа авчирч өгөөгүйгээс дотоод журамд заасны дагуу чөлөө олгогдоогүй. Ийнхүү чөлөө олгогдоогүй нь нэхэмжлэгчийн өөрөө буруутай.

3.Нийгмийн даатгалын хэлтэстэй уулзахад ерөнхий нягтлан бодогч Бат-Орших манай зүгээс шалгаж үзэхэд өвчтэй гэсэн ямар нэгэн баримт байхгүй байсан учраас танай банкны зүгээс нөхөн төлөх боломжгүй 1 сараас дээш хугацаагаар өвдсөн тохиолдолд байгууллага нийгмийн даатгал төлөх боломжтой урт хугацаагаар өвдсөн нь нотлогдох боломжгүй байна гэж тайлбарласан.

 

Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид Нийгмийн Даатгалын хэлтэст холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй. Төрийн банкны Сэлэнгэ салбарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан, холбогдох нотлох баримтуудыг өгсөн. Ямар үндэслэлээр нэхэмжлэл гаргасан бэ гэхээр олгогдох ёстой мөнгөө авч чадаагүй учир нэхэмжилсэн.

...Төрийн банкны ерөнхий нягтлан бодогч ажлын хариуцлага алдсанаас ийм асуудал болсон. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоож үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийгээгүй, баримталбал зохих хуулийн заалтыг бүрэн баримтлаагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, оролцогчдын эрхийг хязгаарласан зөрчсөн зүйл байхгүй тул давж заалдах шатны шүүхээс үйл баримтыг тогтоон, эрх зүйн дүгнэлтийг хийж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн үзсэн ба харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлын үндэслэлээ ...жирэмсний тэтгэмж авч чадаагүй нь нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас болсон, үүнд ажил олгогч буруугүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг... хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүхээс зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Төрийн банк ХХК-ийн Төрийн банкны Сэлэнгэ салбарт холбогдуулан жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3,179,287.19 төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ ... дээрх байгууллагад теллерээр ажилладаг ба жирэмсэн хэвтрийн дэглэм сахиж байх үед нь ажил олгогч байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлөх үүргээ биелүүлээгүйгээс Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах эрхээ алдаж хохирсон... гэж тайлбарладаг бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татгалзлаа ...манай байгууллагын буруу биш нэхэмжлэгч өөрөө баримтаа бүрдүүлэн өгч чөлөөгөө хугацаанд нь аваагүйгээс болсон... гэж маргажээ.

 

Хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлт:

Нэхэмжлэгч Т.******* нь Төрийн банк ХХК-ий Төрийн банкны Сэлэнгэ салбарт 2010 оноос хойш тасралтгүй теллерээр ажиллаж байсан ба 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод зохиомлоор үр суулгуулан 2 сарын турш хэвтрийн дэглэм сахиж байгаад 2021 оны 03 дугаар сараас урт хугацааны чөлөө авах хүсэлтийг ажил олгогчдоо гаргаж, Төрийн банк ХХК нь нэхэмжлэгчийн хүсэлтийг 2021 оны 05 дугаар сард шийдвэрлэж урт хугацааны чөлөө олгосон үйл баримт тогтоогдож байна.

Төрийн банк ХХК нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан 30 хоногийн дотор нэхэмжлэгчээс гаргасан урт хугацааны чөлөө авах хүсэлтийн хариуг шийдвэрлээгүй байх ба ажил олгогчоос түүний хүсэлтийг шийдвэрлээгүй тул тухайн ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээ хэвийн үргэлжилж байгаа гэж үзэх бөгөөд тухайн үед үйлчилж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй гэж заасны дагуу ажил олгогч түүний нийгмийн даатгалын шимтгэлийг таслахгүй төлөх үүрэгтэй.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3.-д ...эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа нөхцөлд ажил албан тушаалыг хэвээр хадгалахаар заасан тул нэхэмжлэгч Т.******* нь жирэмсний хүндрэлээс шалтгаалан ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан ба урт хугацааны чөлөө авах хүсэлтээ ажил олгогчдоо гаргасан тухайн нөхцөлд түүний ажлын байрыг ажил олгогч хадгалах үүрэгтэй.

Гэтэл ажил олгогч нь /Төрийн банк ХХК / ажилтны урт хугацааны чөлөө хүссэн тухай өргөдлийг хуульд заасан хугацаанд ямар нэг байдлаар шийдвэрлээгүй атлаа ажилтанд цалин олгоогүй гэсэн үндэслэлээр түүний 3 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй тасалдуулснаас ажилтан Т.******* нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах эрхээ алджээ.

Иймд ажил олгогчийн буруутай үйлдлийн улмаас ажилтанд хохирол учирсан байх тул хохирлоо төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж зааснаар Төрийн банк ХХК-ий Төрийн банкны Сэлэнгэ салбар ажилтан Т.*******ын Нийгмийн даатгалын сангаас авч чадаагүй жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3,179,287.19 төгрөгийг нөхөн төлөх хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Т.*******ын жирэмсний тэтгэмж авах эрх 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр үүсч 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл, амаржсаны тэтгэмж авах эрх 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр үүсч 10 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болохоор байсан ба энэ хугацааны олговор 3,179,287.19 төгрөг болох нь нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн хавтаст хэргийн 5-10 дугаар талд авагдсан эмнэлгийн 0664280, 0585912 дугаартай хуудсууд, тэтгэмжийн нэхэмжлэх, тэтгэмж бодсон хүснэгт зэргээр нотлогдож, уг мөнгийг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй тул түүний давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 69 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар хариуцагч Төрийн банк ХХК-ий Төрийн банкны Сэлэнгэ салбараас 3,179,287.19 төгрөг гаргуулан Т.*******д олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 65.819 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

 

Б.ЭРДЭНЭХИШИГ Top of Form