Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2026/ДШМ/106

 

 

 

    2026           01             22                                        2026/ДШМ/106

 

А.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

цагаатгагдсан этгээд А.Агийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/2553 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд тус тус үндэслэн А.Ад холбогдох эрүүгийн 2403 00797 1107 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн А-гийн А, ..... оны .... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, ..... боловсролтой, мэргэжилгүй, .................... ажилтай, ам бүл 7, аав, ээж, 4 дүү нарын хамт .................. дүүргийн ..... дугаар хороо, ...................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:........................../,

Цагаатгагдсан этгээд А.А нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Цамбагаравын хойд талын замд 2024 оны 09 дүгээр сарын 25-ны шөнийн 01 цаг 40 минутын орчимд “Toyota prius-20” маркийн **-** УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, дүрмийн 3.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах,... г/, тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж...” гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч Ж.Чыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: А.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлтийг хүчингүй болгож А.Ад холбогдох эрүүгийн 2403007971107 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, А.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Цагаатгах тогтоолыг үндэслэлгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхээс “Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж үзэхэд “жолооч А.А нь зогсоох боломжтой хурдтай эсхүл зогсоох боломжгүй хурдтай” зорчиж явсан эсэхийг нотлох баримтаар тогтоож чадаагүй байна гэж үзэв. Мөн “...аюул саад тулгарахад тээврийн хэрэгслийн хурдыг хассан эсхүл хасаагүй, зогсоох арга хэмжээ авсан эсхүл аваагүй” талаар мөн адил нотлох баримтаар тогтоогоогүй, дүрмийн заалтыг зөрчсөн эсэхийг нотолж чадаагүй байна. Дээрх дүгнэлтүүдэд үндэслэн шүүгдэгч А.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасан “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний улмаас хуульд заасан хохирол учруулсныг ойлгоно. Өөрөөр хэлбэл, жолооч А.Агийн Тээврийн хэрэгслийн жолоочийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл амь нас хохирсон “хохирол” хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Мөн дээрх гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Жолооч А.А нь хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй. Аюул саад тулгарахыг мэдсэн үед гэдэгт аюул саад тулгарахыг мэдэх боломжтой эсхүл мэдсэн нөхцөл байдлыг хэлэх бөгөөд жолооч хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, зам, орчныг анхаарч, харж явах үүрэгтэй. Түүнчлэн хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хяналтын камерын бичлэгээр амь хохирогчийн хажуугаар тээврийн хэрэгслүүд мөргөхгүйгээр гарч байх бөгөөд харин А.А нь зогсоох арга хэмжээ авалгүй мөргөж байгаа нь харагддаг. Мөн гэрч Ц.Н-ийн мэдүүлгээр А.А нь хохирогчийг мөргөсний дараа зогсоох арга хэмжээ авсан талаар мэдүүлдэг. Харин хохирогчийн зорчих хэсэг дээр явж байгаа үйлдэл нь шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болохоос хэргийг цагаатгах нөхцөл байдал болохгүй юм. Мөн хохирогчийн зүгээс машины урдуур гүйсэн, эсвэл эргэж буцах зэрэг санаатай үйлдэл хийсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Монгол Улсын нэгдэн орсон “Замын хөдөлгөөний тухай Конвенц” /1968 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Вена хотноо байгуулсан/-ийн 7 дугаар зүйлд заасан нийтлэг журамд “Жолооч нь замын хөдөлгөөний эмзэг оролцогч болох явганаар болон унадаг дугуйгаар зорчигч, ялангуяа хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст илүү сонор сэрэмж, анхаарал болгоомж тавих ёстой” гэж “хамгаалалт багатай” хөдөлгөөнд оролцогчийг тусгайлан хамгаалах зарчмыг тогтоосон билээ. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1993 дугаартай магадалгаагаар явган зорчигч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэсэн заалтыг зөрчсөн буруутай гэж дүгнэсэн нь “Toyota prius-20” маркийн **-** УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.А нь аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж буюу зогсоох арга хэмжээ авах үүргээс чөлөөлөх буюу Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөн үйлдлийг үгүйсгэх нөхцөл болохгүй.

2. Шүүхээс мөрдөгчийн магадалгааг тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан мөрдөгч гаргасан тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзсэн нь мөн л хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь: Шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 4793 дугаартай захирамжаар шүүхээс мөрдөгчийн магадалгааг эрх бүхий албан тушаалтан гаргаагүй гэх шалтгаанаар тухайн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор Шүүхийн шинжилгээний ерөнхий газраар дүгнэлт гаргуулахаар 60 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжийн дагуу Шүүхийн шинжилгээний ерөнхий газарт шинжээч томилж 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1309 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно.”, мөн хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж магадлагаа гаргаж болно.” гэж тус тус заажээ. Дээрх хэрэгт мөрдөгч М.Бат-Эрдэнэ нь хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн, тусгай мэдлэгийн хүрээнд магадлагаа гаргасан ба өөрийн тусгай мэдлэг эзэмшсэн талаарх сертификатыг хуулбарлан хэрэгт хавсаргасан байна. Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолоор баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургаадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг (§16.3, §16.5)-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар”-ын 2.1.Техник, аюулгүй ажиллагааны дүрмүүд нь эрх зүйн хэм хэмжээг агуулдаггүйн зэрэгцээ тусгай мэдлэгийн хүрээнд боловсруулагдсан байдаг тул барилгын үйлдвэрлэл, нягтлан бодох бүртгэл, замын хөдөлгөөний дүрэм зэрэг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, чанарын стандартын шаардлагууд зөрчигдсөн эсэх талаар шинжилгээ хийлгэнэ. Эдгээр асуудалд шинжилгээ хийх эрх бүхий этгээд хууль хэрэглэх асуудал гэж үзэж шинжилгээ хийхээс татгалзах эрхгүй. Энэ чиглэлээр мөрдөгч тусгай мэдлэг эзэмшсэн бол магадалгаа гаргаж болно. 2.2-т “Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч магадалгаа гаргах үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шинжээч томилох шийдвэрийг танилцуулах, мөн хуулийн 27.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан мөрдөгч шинжээчийг татгалзан гаргах ажиллагааг хэрэгжүүлэхгүй.” гэж тайлбарласнаас үзэхэд мөрдөгч магадалгаа гаргасан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Тиймээс шүүхээс А.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг тус хэрэгт дахин яллагдагчаар татах боломжгүй болгосон нь үндэслэлгүй юм. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/2553 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтад тухайн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тухайн цаг хугацаанд нь бүхий л ажиллагааг хийж баримтаар тогтоосон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “тухайн гэмт хэрэг хэзээ, хаана, яаж, хэн үйлдсэнийг, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, эд мөрийн баримт, шинжээчийн дүгнэлт...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлд “мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хянан шалгах ажиллагаа, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэл...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.13 дугаар зүйлд “шинжлэн судлахаас татгалзсан, хүчингүйд тооцсон нотлох баримт байхгүй байхын зэрэгцээ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар “нотлох баримтыг шалгаж үнэлэхдээ мөрдөгчийн нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж, цугларч байгаа нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой болохыг нь хянаж, үнэлж, анхан болон давж заалдах шатны шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэн” анхан, давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж шийдвэрлэснийг харгалзан үзэлгүй хууль буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн А.А нь тус зүйл заалтад заасан хариуцлага хүлээлгэх нь зүй ёсны гэж гомдол гаргаж байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

            Цагаатгагдсан этгээд А.Агийн өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гаргасан гэж үзэж байгаа. Учир нь, шүүх санаачилагаар шүүх хуралдааныг 60 хүртэлх хоногоор хойшлуулж, прокурорт тодорхой ажиллагаа хийлгэхийг даалгасан. Үндэслэл нь, хэргийг мөрдөж буй мөрдөгч нь магадлагаа гаргаж байгаа нь шинжээчийн дүгнэлттэй адилтгах боломжгүй, тусгай мэдлэгтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэх агуулгаар шүүх хуралдааныг 60 хүртэлх  хоногоор хойшлуулсан. Тухайн хугацаанд шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр А.Аг замын хөдөлгөөний тодорхой заалтуудыг зөрчсөн, гэм буруутай гэж гараагүй. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар амь хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. А.Агийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгээс А.А замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдад хор уршиг, амь нас хохироосон гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэл, хавтас хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтаар тогтоогдоогүй. Сүүлд 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, прокурорт даалгасан шинжээчийн дүгнэлт шүүгдэгчдийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл бүхий нотлох баримт биш байсан. Энэ утгаараа шүүгдэгчийг хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн гэм буруугүйд тооцуулах санал гаргасан. Анхан шатны шүүх нотлох баримтуудыг шинжлэн судалж, талуудын мэтгэлцээнд үндэслэж шүүгдэгчийг гэм буруугүй, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдоогүй байна гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Шүүх хуралдааныг дахин 60 хоногоор хойшлуулах хуулийн зохицуулалт байхгүй. Нэг л удаа шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулна. 60 хоногийн хугацаа хэтрээд ирсэн нотлох баримт байгаа. Нэмэлтээр ирсэн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй тул шүүгдэгчийг гэм буруугүйд тооцсон. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос А.Аг Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Цамбагаравын хойд талын замд 2024 оны 09 дүгээр сарын 25-ны шөнийн 01 цаг 40 минутын орчимд “Toyota prius-20” маркийн **-** УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, дүрмийн 3.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ:” а/ “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”; б/ “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах”, г/ “тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж...” гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч Ж.Чыг мөргөж амь насыг нь хохироосон хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх А.Ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасан “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь, анхан шатны шүүх А.Агийн гэм буруугийн талаар дүгнэхдээ тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1993 дугаартай магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгчийн хувиар оролцсон бол шинжээчээр оролцож болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн, мөн “осол гарсан нөхцөл байдал, нөлөөлсөн шалтгааны талаар” мэргэжлийн дүгнэлт өгөөгүй тул уг магадлагааг нотлох баримтаар үнэлэх боломжгүй талаар дүгнэж А.Аг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ.”, мөн хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан ба шүүхээс мөрдөгчийн магадлагааг хууль бус гэж үзсэн тохиолдолд тухайн хэргийн бодит байдлыг тогтоохын тулд дахин шинжээчийн дүгнэлтийг гаргуулж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байжээ.

Шүүх, прокурор, мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих үүрэгтэй. 

Тодруулбал, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд болсон үйл явдлын бодит байдал, гэмт хэрэг үйлдсэн гэх хүний үйлдэл, үйл хөдлөлийн гадаад илрэл болон түүндээ хандаж байгаа сэтгэл зүйн хандлага, мөн хохирсон гэх хүний хариу үйлдлийн илрэл зэрэг хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтооход шаардагдах баримтат мэдээллийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, нарийвчлан тогтоолгүйгээр цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ДШМ/473 дугаартай магадлалаар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно...” гэж заасан ба эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулахдаа хуульд заасан шаардлага нотлох баримтаар бүрэн хангагдсан эсэхийг шалгаж тодруулах ажиллагаа явуулах шаардлагатай байгааг зааж, тухайн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байх боловч магадлалд заасан ажиллагааг биелүүлээгүй байна.

Иймд анхан шатны шүүхээс А.Ад холбогдох хэргийг нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгосон цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул дээрх үндэслэлийн хүрээнд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэнгийн давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч,  шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/2553 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч, А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ГАНДОЛГОР

 

                                               ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

 

                                               ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ