| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0259/Э |
| Дугаар | 545 |
| Огноо | 2018-07-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 545
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;
улсын яллагч: С.Эрдэнэтуяа;
шүүгдэгч-хохирогч: Ц.Б (өөрийгөө өмгөөлж);
шүүгдэгч-хохирогч: Ч.Ч (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллахаар дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Ч, Ц.Б нарт холбогдох эрүүгийн 1709008560631 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Улиастай хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн боловсролтой, мэргэжилгүй, “Сувдан алх” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 8А дугаар байрны 2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Төв аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1-д зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ИЭ79031395 регистерийн дугаартай, Харчин овогт Ц.Б
2. Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эмэг эхийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 4 дүгээр гудамжны 1865 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, УИ91101070 регистерийн дугаартай, Баруун авга овогт Ч.Ч
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Ц.Б нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах 2/А байрны гадна хохирогч Ч.Ч хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “зүй бус харьцсан” гэх шалтгаанаар маргалдан, улмаар хөл, толгой тус газар нь өшиглөн цохиж, түүний эрүүл мэндэд баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,
Яллагдагч Ч.Чингэс нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах 2/А байрны гадна хохирогч Ц.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “манай эхнэрийг хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж түүний эрүүл мэндэд баруун доод зовхи хацар, дээд доод уруулд цус хуралт, дээд уруулын дотор салстад язрал, 2 өвдөгт зулгарал зөөлөн эдийн гэмтэл баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-хохирогч Ч.Ч мэдүүлэхдээ: Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-хохирогч Ц.Б мэдүүлэхдээ: Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Чингэс /хх-ийн 13-14/, хохирогч Ц.Б /хх-ийн 15-17/, гэрч Б.Цэрэнлхам /хх-ийн 19/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №10694 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №10679 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26/, Ч.Чингэсийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/, Ц.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/, Ч.Чингэсийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 42-46/, Ц.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 47-57, Ч.Чингэс, Ц.Б нарын хүсэлт /хх-ийн 61-62/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
2017 оны 08 дугаар сарын 21-ний шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг, 2/А байрны гадна “зам заахдаа хэл үгээр доромжилж харьцлаа” гэх шалтгаанаас үүдэлтэйгээр Ч.Ч, Ц.Б нар өөр хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдож бие биенээ хөнгөн гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдов.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:
хохирогч Ч.Ч-ийн /хх-ийн 13-14/: ...2017 оны 08 дугаар сарын 21-ний шөнө 03:30 цагийн үед өөрийнхөө эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн 1219 УБЯ дугаартай цагаан өнгийн автомашинтай эхнэр Б.Цэрэнлхамын хамт явж байгаад ХАА-н автобусны буудал дээр гар өргөж байсан эрэгтэйг аваад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 2А байрны гадна очсон. Замдаа зам зааж өгч чадахгүй баруун эргэ гэхээр нь баруун эргэсэн чинь “зүүн эргэх байсан юм пизда, гичий минь” гээд манай эхнэрийг хэл амаар доромжилсон. Замаа зааж чадахгүй болохоор нь манай эхнэр “та одоо ингээд буучих” гэсэн чинь алгадаад авсан. Тэр эрэгтэйг машинаас буулгаад “та буучих, мөнгө авахгүй, уусан идсэнээ шингээ, орж унт” гэсэн чинь “намайг татдаг хэн бэ, яадаг пизда вэ, би компаний захирал” гээд байсан…Босч ирээд ирээд намайг заамдаж аваад…миний куртикний хормойгоор толгой давуулж байгаад нүүр рүү 2 удаа, цээж рүү 2 удаа өшиглөсөн…” гэх мэдүүлгээр,
хохирогч Ц.Б-ийн /хх-ийн 15-17/: “...Би 2017 оны 08 дугаар сарын 21-ний орой Баянзүрх захын орчимоос такси бариад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах гэр рүүгээ явсан… Зам заагаад явж байгаад уулзвар өнгөрөөд явахаар нь “наагуураа эргэчих” гээд амандаа “өө пизда” гээд хэлчихсэн чинь “чи яахаараа хүнийг пизда гэдэг юм” гээд машинаа зогсоогоод хойд хаалгаар бууж ирээд футволкноос татаж унагаасан. Манай гэр рүү ороход маш олон уулзвар эргэж ордог, тэр болгоныг хэлтэл жолооч нь намайг “тоглоомтой хулгайч вэ” гээд машинаасаа бууж ирээд намайг татаж гаргаад газар унахад Чингэс гэх залуу миний нүүр рүү гараараа цохиж, хөлөөрөө бие рүү өшиглөсөн…” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Ц-ын /хх-ийн 19/: “…2017 оны 08 дугаар сарын 21-ний шөнө 03 цагийн үед ХАА-н автобусны буудлын ойролцоогоос гараа өргөж байсан эрэгтэй хүнийг аваад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 2А байрны гадна очсон. Би нөхөр Чингэсийн хамт явж байсан. Таксинд суусан хүн нилээд хэдэн удаа замаа буруу заагаад байхаар нь “замаа зөв заагаач” гэхэд ардаас хараагаад байхаар нь “та одоо юу гээд байгаа юм” гэхэд намайг алгадаад авсан…Манай нөхрийн куртикийг нь сөхөөд толгой дээр нь нөмрүүлээд өшиглөөд байсан…” гэх мэдүүлгээр,
Ч.Ч-ийн буруутай үйлдлийн улмаас Ц.Б-ийн биед “баруун доод зовхи хацар, дээд доод уруулд цус хуралт, дээд уруулын дотор салстад язрал, 2 өвдөгт зулгарал зөөлөн эдийн гэмтэл” бүхий хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №10694 тоот шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 22/,
Ц.Б-ийн буруутай үйлдлийн улмаас Ч.Ч-ийн биед “баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №10679 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “гэмт хэрэг гарсан байдал, шалтгаан, нөхцөл, шүүгдэгч (хохирогч) нарын буруутай (харилцан зодолдсон) үйлдлийн улмаас хэн альных нь эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 21-ний шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг, 2/А байрны гадна “зам заахдаа хэл үгээр доромжилж харьцлаа” гэх шалтгаанаас үүдэлтэйгээр шүүгдэгч Ч.Ч, Ц.Б нар өөр хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэж шүүх дүгнэв.
Дээрх шалтаг, шалтгааны улмаас өөр хоорондоо харилцан зодолдож, үйлдэлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу бие биенээ хөнгөн гэмтээсэн Ч.Ч, Ц.Б нарын гэм буруугийн санаатай үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг тус бүрийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Ч.Ч, Ц.Б нарын тус бүрийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Ч.Чингэс, Ц.Б нар хэн аль нь бие биедээ гомдолгүй, сайн дураар эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул тэднийг бие биедээ төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Ч.Ч, Ц.Б нарыг тус бүрийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан Ч.Ч, Ц.Б нарыг тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Баруун авга овогт Ч.Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Харчин овогт Ц.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ч.Ч, Ц.Б нар нь бие биедээ төлөх төлбөргүй, урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ч, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ