Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2026/ДШМ/107

 

 

 

    2026           01             22                                        2026/ДШМ/107

 

М.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Билгүүн,

шүүгдэгч М.Эын өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2813 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Эын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2406 01009 0329 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн М-ын Э, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, ................ боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ..................... дүүргийн .... дугаар хороо, ...................... тоотод оршин суух хаягтай, /РД:............................./;

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 704 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1948 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн.

 

Шүүгдэгч М.Э нь 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Баатарсайханы 437 тоот гэртээ болон өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: М.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эыг 01 жил, 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эд энэ тогтоолоор оногдуулсан 01 жил, 06 сарын хугацаагаар хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 01 жил, 07 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эын цагдан хоригдсон 5 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Э давж заалдах гомдолдоо: “...Миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдож шүүх хуралд орохдоо маш их айж сандарсны улмаас өөрийгөө бүрэн дүүрэн ойлгуулж чадаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тэр явдлаас хойш өөрийн гэм буруугаа бүрэн ухамсарлаж, хар тамхинаас хол явсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад 2025 оны намар гэнэтийн хар тамхины сорил шинжилгээнд ямар нэгэн асуудал гараагүй нь гэм буруугаа ойлгож засарч байгааг минь илтгэж байна гэж би бодож байна. Эрхэм шүүгч, эрхэм прокурор та бүхэн ганц олдох амьдралд өөрийн буруугаас ийм том асуудалд орж, алдаж байгаа надад боломж олгож, өршөөж оноосон хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг чин сэтгэлээсээ гуйж байна.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй. Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, цаашид гэмт хэрэгт холбогдохгүй, итгэлийг даах тул оногдуулсан ялыг хөнгөлж өгнө үү...” гэх гомдлыг гаргасан. Тухайн гомдлыг өмгөөлөгчийн хувьд дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан. Нөгөө талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хорих ялаас гадна зорчих эрх хязгаарлах ялтай буюу сонгох санкцитай. Иймд миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр ялыг хөнгөрүүлэх боломжтой байх тул өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж байна.” гэв.

Прокурор Г.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Эд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнээд, Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэгт заасан олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Ийнхүү оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан оногдуулсан нь шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн гэж дүгнэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар М.Эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

1. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч М.Э нь 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Баатархайрханы 437 тоотод байрлах орон байр болон өөрийн эзэмшлийн 62-40 УБЯ улсын дугаартай цагаан өнгийн “Субару” маркийн тээврийн хэрэгсэлд нийт 14 ширхэг, цагаан өнгийн цаас мэт зүйлд уусгасан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтсан “MDMB-4en-Pinaca” нэртэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 25-26/,

хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 34 дугаартай прокурорын тогтоол /хх 39-40/,

эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 43/,

2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Баатархайрханы 437 тоот хаягт хэргийн газрын үзлэг хийсэн “...Үзлэгийг урд хэсгээс нь эхлүүлэн цагийн зүүний дагуу самнан эхлүүлж жолооч талын хаалганы дотор хэсгээр хийхэд bonaqua нэртэй ус, түүний хажууд жижиг гялгар ууттай цагаан цаас мэт зүйл байсныг шинжээчийн тусламжтай гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Уг цаас мэт зүйл нь 2хЗсм хэмжээтэй 7 ширхэг байсныг 3 гэж дугаарлан тусгай уутанд бэхжүүлэн хурааж авав. ...Цааш зорчигчийн урд байрлах хайрцагт хийхэд улаан өнгийн эмийн хайрцаг, нойтон цаас, эм зэрэг байв. Мөн хайрцгийн баруун буланд 27x1.7см, 21.7х1см хэмжээтэй цагаан өнгийн цаас мэт зүйл байсныг 4 гэж дугаарлан тусгай гялгар уутанд бэхжүүлэн хурааж авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 27-36/,

М.Эын эзэмшлийн “Айфоне 13 про” загварын гар утсанд үзлэг хийсэн “...хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /XX 46- 49/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 897 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 1-7 хүртэл дугаарласан цагаан өнгийн цаас мэт зүйлс, 1-4 хүртэл дугаарласан цагаан өнгийн цаас мэт зүйлсээс “MDMB-4en-Pinaca” илэрч байна. “MDMB-4en-Pinaca” нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 79-81/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ЕГ0325/945 дугаартай “Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 1-3 гэж дугаарласан цагаан өнгийн цаас мэт зүйлсээс “MDMB-4en-Pinaca” илэрч байна. Илэрсэн “MDMB-4en-Pinaca” нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II дугаар жагсаалтад багтдаг болно...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 84-86/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 27 дугаартай “...М.Э нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. М.Э нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх 96-98/,

М.Эын эзэмшлийн арилжааны банк дахь дансны талаарх лавлагаа, дансны хуулга /хх 125-153/,

Хил хамгаалах ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2-48/3788 дугаартай “...албан бичигт дурдсан иргэн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Монгол Улсын хилээр нэвтэрсэн бүртгэл авагдаагүй байна...” гэх албан бичиг /хх 164/,

Монгол Улсын харилцаа холбооны зохицуулах хорооны 2025 оны 08 дугаар сарын 26- ны өдрийн 09/1680 дугаартай “...Коко групп ложистик ХХК-ийн талаарх мэдээлэл...” албан бичиг, хавсралт /хх 166-168/,

“Коко групп ложистикс” ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 09 дугаартай “...Мөнхболд овогтой Э ЧН88020611, 90719971, 88093371 нэр дугаараар шуудан илгээмж ирж байгаагүйг мэдэгдэж байна...” гэх албан бичиг /хх 170/, 

гэрч Г.Нандин-Эрдэнийн “...манай хуучин найз залуу М.Э Америкаас онлайнаар мансууруулах бодис оруулж ирдэг юм. Тухайн карго нь “Коко америк тээвэр карго” гэж байгаа. Манай гэрт амьдарч байхдаа нэгээс хоёр удаа хэрэглэж байсан. Тухайн 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн манайхаас хураагдсан ...олон ширхэгтэй мансууруулах бодисыг “k2spice” гэдэг...” /хх 64-65/,

гэрч Ж.Гансүхийн “...2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр манай охины найз залуу болох Э нь манай гэрт байхдаа мөнгөлөг тугалган цаас дээр жижиг цагаан цаас тавьсан тухайн цаасыг доороос нь асаагуураар шатааж байсан. Тухайн үедээ амандаа 5 см орчим урттай хуйлсан цаас хийсэн байсан. Тэгээд тухайн шатааж байсан зүйлийг гүнзгий амьсгалж байсан. Тэгээд би хэлэхдээ “чи юу хийж байгаа юм гэхэд” “би жоохон тайвширч байна, юм битгий бодоорой” гэж хэлсэн. Тэгээд өглөө босоод Эыг гарсан байх хооронд өрөөнд орж үзэхэд ширээн дээр 3 ширхэг жижиг цагаан цаас байсныг би уутанд хийгээд өөртөө авсан. Тэгээд цагдаагийн байгууллагад “манай хүргэн хар тамхи хэрэглээд байна” гэж дуудлага мэдээлэл өгсөн. ...нийт 3 ширхэг 2x4 см бүхий хэмжээтэй цагаан өнгийн цаасыг аваад цагдаагийн газарт ирээд гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх 68-70/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба хэргийн үйл баримтыг бүрэн нотолж чадсан, эргэлзээтэй гэж үзэхээр баримт авагдаагүй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

2. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч М.Эыг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Шүүгдэгч М.Эын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

3. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.

Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад өгөх, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан болно.

Өөрөөр хэлбэл, энэхүү гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг шүүх сонгон хэрэглэхдээ тус гэмт хэргийн улмаас учрах, учирч болох хохирол, хор уршгийн хэр хэмжээ, түүний шинж чанарыг зайлшгүй харгалзах учиртай.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт юм.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд ялын төрөл, хэмжээ тохирсон төдийгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон байх тул “ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий шүүгдэгч М.Эын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч М.Эын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 43 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2813 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 43 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    П.ГАНДОЛГОР

 

                                    ШҮҮГЧ                                    Н.БАЯРМАА

 

                                    ШҮҮГЧ                                    Б.БАТЗОРИГ