| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/12100/И |
| Дугаар | 191/ШШ2026/02391 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2026/02391
| 2026 02 11 | 191/ШШ2026/02391 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.У нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т ХК холбогдох
Д.******* нь Төрийн банкны Таван шар тооцооны төвд 6,734,326.98 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэх Монгол банкны зээлийн мэдээллийн сан дахь мэдээллийг өөрчилж залруулахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ нар оролцов.
/Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Д.******* би 2014 оноос эхлэн нөхөр О.*******гаас тусдаа амьдарч байсан бөгөөд 2016 онд нөхөр О.******* нь Төрийн банкнаас цалингийн зээл авч сургалтын төлбөрөө төлөх гэсэн юм, хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өгөөч гэсэн тул зээлийн гэрээнд зөвхөн хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан, миний хувьд ямар нэг зээл авсан зүйл байхгүй болно. Гэтэл нөхөр О.******* 2016 оны 12 дугаар сард нас барсан бөгөөд 2019 онд Төрийн банк дээрх нөхөр О.*******гийн авсан цалингийн зээлийн үлдэгдлийг надаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд уг маргаан 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00693 дугаартай шийдвэрээр Д.******* намайг хамтран хариуцагч гэж үзэх боломжгүй гэж шийдвэрлэсэн, мөн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2020/00269 дугаартай Улсын дээд шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн болно. Зээлийн мэдээллийн сан дахь намайг Төрийн банкны Сонгинохайрхан дүүрэг Таван шар тооцооны төвд 6,734,326.98 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэх мэдээллийг засаж, залруулж өгөхийг хүсч, Монгол банк болон Төрийн банкны холбогдох албан тушаалтнуудад хандсан боловч шийдвэрлэж өгөөгүй. Мөн Төрийн банк нь талийгаач О.*******гийн цалингийн зээлийн үлдэгдлийг зээлийн эрсдлийн сангаас төлж хаасан гэх боловч өнөөдрийг хүртэл Д.******* намайг 6,734,326.98 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэх мэдээллийг Зээлийн мэдээллийн санд хадгалж, миний банк, санхүүгийн байгууллагаас ямар нэг зээл авах хууль ёсны эрхийг хязгаарлаж, зөрчиж байгаа тул иргэн Д.******* миний Төрийн банкны Таван шар тооцооны төвд 6,734,326.98 төгрөгийн зээлийн үлдэгдэлтзй гэх Монгол банкны зээлийн мэдээллийн сан дахь мэдээллийг өөрчилж, залруулахыг Төрийн банкинд даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч Төрийн банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
О.******* Д.******* нар нь Төрийн банктай 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 14/2/260 дугаар бүхий зээлийн гэрээ байгуулан жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 7,000,000 төгрөгийн зээл авсан мөн 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 5,619,537 төгрөгийн үлдэгдэл зээлэн дээр 4,000,000 төгрөг, нийт 9,619,537 төгрөгийн жилийн 18 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай 15/92 дугаар бүхий нэмэлт зээлийн гэрээ байгуулан зээл авсан тус тус зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр эхнэр болох Д.******* орж гэрээнд гарын үсэг зурсан. Зээлдэгч нар нь 2016 оны 6 дугаар сараас зээлийг төлөхгүй алга болсон тул 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэрийн дагуу үндсэн зээлдэгч О.******* нас барсан нь тогтоогдож, хамтран зээлдэгч эхнэр Д.******* 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс хаягийг тодорхойлон шүүхэд 11,066,380.95 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2019/00693 дугаар шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Д.*******ас 7,195,597 төгрөгийг гаргуулах шийдвэр гарсан. 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00693 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тус шийдвэр хариуцагч Д.*******д холдогдох 11,066,380.95 төгрөг гаргуулах шаардлага хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг шийдвэр хамтран зээлдэгчээс хасуулах шийдвэр гараагүй болно. Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд зээлийн гэрээнүүдэд талууд гарын үсэг зурсан гэдгийг үгүйсгээгүй, гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж тогтоогоогүй, зээлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах эсэх талаар тусгаагүй байна.
Иймд зээлийн гэрээнүүдийн дагуу зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн мэдээлэлд өөрчлөлт оруулах боломжгүй байна гэв.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-1,2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Д.Уянгын иргэний үнэмлэх /хх-4/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00693 дугаартай шийдвэр /хх-5,6/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2020/00269 дугаартай тогтоол /хх-7,8/, Төрийн банкны 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 21/05-109 дугаартай албан бичиг /хх-9/, О.*******гийн зээлийн дансны харилцагчийн хуулга /хх-10-34/, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-52,53/, О.*******гийн нас барсны гэрчилгээ /хх-55/-г тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,
Хариуцагч Төрийн банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-37/, хариуцагчийн итгэмжлэл /хх-38,39/, хариуцагчийн хариу тайлбар /хх-44/-ыг ирүүлж, өөр бичгийн баримт ирүүлээгүй байна.
4. Зохигчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Төрийн банкны 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21-05/15 дугаартай албан бичгээр Төрийн банкны Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, хүлээгдэж буй алдагдлыг тооцох, активыг эрсдэлийн сангаас хорогдуулах үйл ажиллагааны журам болон хавсралт /хх-63-89/-ыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Төрийн банк ХК-д холбогдуулан Төрийн банкны Таван шар тооцооны төвд 6,734,326.98 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэх Монгол банкны зээлийн мэдээллийн сан дахь мэдээллийг өөрчилж залруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч Төрийн банк ХК нь зээлийн асуудлыг шийдвэрлэсэн шийдвэрээр Д.*******д холдогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг шийдвэрт хамтран зээлдэгчээс хасаагүй, зээлийн гэрээнүүдэд талууд гарын үсэг зурсан гэдгийг үгүйсгээгүй, гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж тогтоогоогүй, зээлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах эсэх талаар тусгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. Төрийн банк ХК нь Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,066,380.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00693 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2020/00269 дугаартай тогтоолоор тус шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх-5-8/
Дээрх шийдвэр, тогтоолоор ...Нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Төрийн банк ХХК болон О.*******, Д.******* нарын байгуулсан гэрээ нь барьцаат зээлийн буюу цалингийн зээлийн гэрээ болохыг шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу үндэслэлтэй дүгнэсэн байна. Зээлдэгч О.******* нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нас баржээ. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т зааснаар хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйл үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ. Зохигчийн хооронд үүссэн үүргийн зүйл үл хуваагдах шинжийг агуулаагүй, хуулиар үүрэг үүсээгүй тул гэрээгээр хамтран хүлээх үүрэг үүссэн эсэх талаар шүүх зайлшгүй зохих эрх зүйн дүгнэлтийг хийх ёстой байна. Зохигч талуудын байгуулсан гэрээнд зааснаар О.******* нь зээлдэгч, барьцааны зүйл нь түүний цалингийн орлого, хөдлөх хөрөнгө байх ба Д.******* нь хамтран үүрэг гүйцэтгэгч гэж гэрээнд гарын үсгээ зуржээ. Зээлийн гэрээний төрлүүдээс цалингийн зээлийн гэрээ байгуулсан болохыг талууд гэрээндээ тусгаж, цалин барьцаалсан, О.******* нь цалингийн орлоготой учраас зээл олгосон байдал тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл цалингийн орлогыг зээлдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор авч үзэж, үүргийг хангуулах арга болгосон гэрээний агуулгаас үзэхэд зээлдэгч нь үүргээ биелүүлэх, биелүүлээгүй бол үүргийг цалингийн орлогоос хангуулах эрх зүйн үндэслэлийг бий болгожээ. Ийм нөхцөлд зээлдэгч үүргээ биелүүлэх асуудал байх бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч зээлдэгчийн нэгэн адил хүсэл зориг, ашиг сонирхолтой байсан нөхцөлд хамтран хүлээх үүрэг үүснэ. Д.******* нь гэрээний дагуу зээлийг хүлээн аваагүйгээс гадна О.*******д зээлийн мөнгийг шилжүүлснийг Д.******* зөвшөөрсөн гэдгийг нэхэмжлэгч нотлоогүй байна. ... Цалингийн зээлийн гэрээний 3.1.4-т Зээлдэгчийн харилцах дансан дахь мөнгөн хөрөнгө зээлийн төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй бол зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас үл маргах журмаар суутган авах, дээрх данснаас төлбөр хийх боломжгүй бол зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэж банкин дахь хугацаатай хадгаламжийн дансанд барилт хийх гэж зааснаас үзэхэд зээлдэгч нь эхлээд үүргээ биелүүлэх, боломжгүй бол зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас суутган гаргуулах агуулгатай байх ба улмаар Д.Уянгыг хамтран хариуцагч гэж үзэх боломжгүй болох нь тогтоогджээ... гэсэн дүгнэлтийг хийжээ.
Тодруулбал, Төрийн банк ХК болон зээлдэгч О.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.******* нарын хооронд байгуулагдсан цалингийн зээлийн гэрээний үүргийн хувьд Д.Уянгыг хамтран үүрэг хүлээх үндэслэлгүй болохыг дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байна.
4. Төрийн банк ХК-ийн Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, хүлээгдэж буй алдагдлыг тооцох, активыг эрсдэлийн сангаас хорогдуулах үйл ажиллагааны журам-ын 2.1.3.3 болон 2.12-т Төлбөр хариуцагч нь нас барсан, сураггүй алга болсон, шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу эрх бүхий байгууллагаар эрэн сурвалжлагдаж буй, төлбөрийн чадваргүй болсон, дампуурсныг эрх бүхий байгууллагаас нотолсон, нийтэд зарласан бол тухайн активыг хугацааны болон чанарын хүчин зүйлээр муу ангилалд бүртгэнэ гэж зааснаар дээрх цалингийн зээлийг муу активын ангилалд шилжүүлсэн байна.
4а. Дээрх журмын 5.1.4-т банкны үнэлгээгээр цаашид эргэн төлөгдөхгүй байх эрсдэлтэй гэж тооцогдсон муу активыг Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр эрсдлийн сангаас хорогдуулахаар заасан ба 5.1.4.1-д Төлбөр хариуцагч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь нас барсан, сураггүй алга болсон, оргон зайлсан, гадаадад гарсан, өв залгамжлагч, эрх хүлээн авагч нь төлбөрийн чадваргүй, хуулийн этгээд татан буугдсан, дампуурсан, болон бусад шалтгааны улмаас шүүхэд төлбөрийг гаргуулах талаар нэхэмжлэл гаргах боломжгүй бол активыг муу ангилалд шилжүүлснээс хойш 180 хоногийн дараа Банкны төвийн Эрсдлийн хорооны хурлын шийдвэр, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор холбогдох эрсдлийн сангаас хорогдуулна гэж, ийнхүү Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар оруулахаас өмнө нэгж нь 5.1.4.3-т заасан баримтуудыг бүрдүүлэхээр заасан ба 5.1.4.3.4-т Шаардлагатай тохиолдолд төлбөр гаргуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийг хэлэлцэх боломжгүй гэдгийг тодорхойлсон шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр, 5.1.4.3.6-д Нас барсан бол нас барсны гэрчилгээ зэрэг баримтыг бүрдүүлэн дээрх шийдвэр, тогтоолыг үндэслэн хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээнд гарын үсэг зурсан Д.Уянгын асуудлыг Төрийн банк ХК нь шийдвэрлэх боломжтой байсан байна.
Мөн журмын 5.5-д Банк болон төлбөр хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараагийн шатны шүүхэд гомдол гаргасан бол дараагийн шатны шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болох хүртэл аливаа активыг эрсдэлийн сангаас хорогдуулахгүй гэж заасан ба талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг 3 шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн байхад банкны зүгээс энэхүү эрх, үүргээ хэрэгжүүлээгүй.
Журмын 6.7.1-д банк активын ангилал хийж, эрсдэлийн санг байгуулсан, эрсдлийн сангаас хорогдуулсан болон активт хийгдсэн шилжилт хөдөлгөөн болон эрсдэлийн сангийн задаргааны талаарх сар бүрийн тайланг Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ын хавсралтын дагуу Монгол банкны Хяналт шалгалтын газар бичгээр болон цахим хэлбэрээр хүргүүлэхээр заажээ.
5. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Зээлдүүлэгч олгосон зээлдээ судалгаа хийж, зээлийнхээ үлдэгдлийг хууль, журамд заасны дагуу ангилж, харгалзах эрсдэлийн сан байгуулна гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна, 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх гэж зааснаар дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэж, нэхэмжлэгч Д.Уянгын Төрийн банкны Таван шар тооцооны төвд 6,734,326.98 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэх мэдээлэлтэй холбоотой холбогдох арга хэмжээг холбогдох журамд заасны дагуу шийдвэрлэн Монгол банкинд хүргүүлж, Монгол банкны зээлийн мэдээллийн сан дахь мэдээллийг өөрчилж залруулахыг хариуцагч Төрийн банк ХК-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг, гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 9 дүгээр зүйлийн 9.4.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Уянгын Төрийн банкны Таван шар тооцооны төвд 6,734,326.98 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэх мэдээлэлтэй холбоотой холбогдох арга хэмжээг холбогдох журамд заасны дагуу шийдвэрлэн Монгол банкинд хүргүүлж, Монгол банкны зээлийн мэдээллийн сан дахь мэдээллийг өөрчилж залруулахыг хариуцагч Төрийн банк ХК-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төрийн банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ