Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2026/ДШМ/67

 

2026           01            14                                                                                  2026/ДШМ/67

 

Н.Н-ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сэлэнгэ /цахимаар/,

            яллагдагч Н.Н- /цахимаар/,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргалын даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/514 дугаар шүүгчийн захирамжийг прокурор М.Сэлэнгийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн яллагдагч Н.Н-ад холбогдох 2507 00000 0279 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б- овогт Н-ийн Н-, ........,

урьд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг 2025 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 200 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, ял эдэлж байгаа /РД: Н-/,

 

Яллагдагч Н.Н- нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаанд хасуулж 400 нэгжээр торгуулсан байхдаа 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Уурхайчид 1 замд согтуугаар Тоёота приус загварын Н- УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар: Н.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “…Шүүхийн санаачилгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг хянаад мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж дараах үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв. Үүнд: яллагдагч Н.Н- нь урьд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн байна. Гэтэл хэрэгт яллагдагч Н.Н-ад өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ял Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн санд бүртгэгдэж, хэзээ эхэлсэн болохыг тодорхойлох гол нотлох баримт болох Цагдаагийн ерөнхий газраас олгодог Жолоочийн лавлагаа, мэдээлэл хэрэгт авагдаагүй байна. Ийнхүү жолоочийн лавлагаа, мэдээлэл хэрэгт авагдаагүй байгаа нь яллагдагч Н.Н-ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял мэдээллийн санд бүртгэгдсэн эсэх, түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж үзэх эсэхэд эргэлзээ төрүүлж байх ба энэ талаарх баримтыг хэрэгт зайлшгүй хавсаргах нь хэргийг нэг мөр эргэлзээгүй шийдвэрлэх болон нэмэгдэл ялын тооцоог үнэн зөв гаргахад зайлшгүй ач холбогдолтой.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолын тогтоох хэсэгт ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцэг /эх/-ийн нэр. өөрийн нэр, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана" гэж, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т "яллах дүгнэлтийн тэмдэглэл хэсэгт дараах зүйлийг тусгана: "яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт гэж тус тус заасан. Прокурор яллагдагч Н.Н-ад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт үйлдэхдээ "согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаанд хасуулж, 400 нэгжээр торгуулсан байхдаа" гэж бичсэн нь ойлгомжгүй. тодорхойгүй байх ба яллагдагч Н.Н- нь өмнөх шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасуулж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн байна.

 

3. Яллагдагч Н. Н-ын хувийн байдалтай холбоотой буюу өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нэмэгдэл болон торгох ялын тооцоотой холбоотойгоор Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 02/2168 дугаартай албан бичигт "ялтан Н.Н- нь шүүхээс оногдуулсан 3,000,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд бүрэн биелүүлээгүй тул биелэгдээгүй үлдсэн 3,000,000 төгрөгийн торгох ялыг хорих ялаар солих тухай саналыг хуульд заасны дагуу прокурорын газарт хүргүүлж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын үлдэгдэл нь 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 545 хоногийн үлдэгдэлтэй байна" гэж дурдсан болно. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас яллагдагч Н.Н-ад холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн ба шүүхэд хэргийг ирүүлснээс хойш 4 хоногийн дараа буюу 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус прокурорын газраас Н.Н-ад өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд ирүүлж, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2025/ХМШ3/13 дугаар захирамжаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг 200 хоногийн хорих ялаар сольсон болох нь прокурорын урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл яллагдагч Н.Н-ад өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольсонтой холбоотойгоор тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын үйлчлэл зогсох эсэх, зогсох бол хэзээнээс тооцох, нэмэгдэл ялын үлдэгдэл зэрэг үндсэн болон нэмэгдэл ялын тооцоотой холбоотой баримтыг эрх бүхий байгууллагаас гаргуулан авах шаардлагатай байна. Түүнчлэн яллагдагч Н.Н-ын согтуурлыг шалгахад амьсгал дахь спиртийн агууламж 3,06 промиль, цусан дахь спиртийн агууламж 1,4 промиль гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх боловч амьсгал дахь спиртийн агууламжийг шалгаж тогтоосон согтуурал шалгах багаж буюу драгер багаж нь Стандартчиллын төв байгууллагаас баталгаажсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баталгаажуулалтын гэрчилгээг хавтаст хэрэгт хавсаргаагүй байгааг анхааруулж, энэ төрлийн хэрэгт баталгаажуулалтын гэрчилгээг хавтаст хэрэгт зайлшгүй хавсаргах нь хэргийг нэг мөр, эргэлзээгүй шийдвэрлэхэд ач холбогдолтой болохыг тэмдэглээд, эрүүгийн 2507000000279 дугаартай хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж...” шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Сэлэнгэ давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2024/3Ш/214 дугаартай Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл шийтгэгдсэн шийтгэвэр, Багахангай, Налайх дүүргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 2025/ШЦТ/60 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,900 (хоёр мянга есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,900,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан шийтгэх тогтоол, Цагдаагийн сангийн мэдээллээр зэрэг нотлох баримтуудаар яллагдагч Н.Н- нь урьд тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож эрхээ хасуулж байсан нь тус тус тогтоогдсон. Гэтэл шүүх уг нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэл заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд дотоод итгэлээр үнэлнэ" гэж заасныг баримтлаагүй, мөн хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Мөн Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 02/2168 дугаартай албан бичгээр Н.Н-ын ялын тооцоог гаргасан байхад энэ үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэж байна.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол" Тайлбар хэсэгт "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн" гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, яллагдагч Н.Н- нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2024/3Ш/214 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байхад дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Багахангай, Налайх дүүргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 2025/ШЦТ/60 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.900 (хоёр мянга есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,900,000 төгрөгөөр торгох ялаар тус шийтгүүлж эрхээ хасуулсан. Энэхүү тогтоогдсон нөхцөл байдлаар Н.Н- эрхээ хасуулсан цаг хугацаанд буюу 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Уурхайчид 1 замд согтуугаар "Toyota prius" маркийн Н- УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулж улмаар дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Эрүүгийн хуулиар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ тус тус хасуулсан тул прокурор яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд Зөрчлийн тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодож хасуулсныг бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол" Тайлбар: «Энэ зүйлд заасан "согтуурсан" гэж шалгаж, тогтоох ажиллагааны Үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж тус тус заасан. Мөрдөн шалгах ажиллагаагаар Н.Н-ын согтуурлыг зэргийг тогтоохоор мөрдөгчөөс шинжээч томилоход Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ЕГ0325/6769 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Н.Н-ын Цусан дахь 1.4 промилли спиртийн агууламж илэрсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Гэтэл шүүх амьсгал дахь спиртийн агууламжийг тогтоох драгер багажийн Стандартчиллын төв байгууллагаас баталгаажсан эсэх баримтыг хэрэгт хавсаprax нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах гэсэн нь үндэслэлгүй байна.

4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ц.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Улмаар прокуророос хэрэгт 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 212 дугаартай яллах дүгнэлт үйлдэж тус өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрх бүхий байгууллага болох Налайх, Багахангай дүүргийн Шүүх шийдвэр гүйцэтгэх хэлтсээс Н.Н-ын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 60 шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын тооцоог гаргуулан хэрэгт хавсаргасан болно. Хэргийг шүүхэд шилжүүлснээс 11 хоногийн дараа буюу 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр яллагдагч Н.Н-ад 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 60 шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хорих ялаар сольсон тул түүний өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх асуудлыг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзнэ. Иймд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/Ш3/514 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү...”  гэв.

 

Яллагдагч Н.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...3.000.000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй учраас хорих ялаар сольсон. Би шүүх хуралдаанд оролцохдоо өөрийгөө жирэмсэн болсныг мэдээгүй байсан...” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Н.Н-ад холбогдох эрүүгийн хэргийн шийдвэр, ажиллагааг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Прокуророос Н.Н-ыг “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаанд хасуулж 400 нэгжээр торгуулсан байхдаа 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Уурхайчид 1 замд согтуугаар Тоёота приус загварын Н- УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон” гэж дүгнэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

1. Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчим нь нийгмийн шударга ёсыг тогтоон бэхжүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн ял завшихгүй байх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой.

Ялтан шүүхээс оногдуулсан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солих үндэслэл, журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт, мөн ялтан тэнсэх журмыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үндэслэл, журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, мөн ялтан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол хорих ялыг биечлэн эдлүүлэх, мөн ялтан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл түүнд ял оногдуулж, өмнөх болон сүүлийн тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 болон 3 дахь хэсэгт тус тус нийтлэг байдлаар хуульчлан зохицуулсан болно.

Ийнхүү ялтан шүүхээс оногдуулсан ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн ялыг өөр хүнд төрлийн хүнд ялаар сольж эдлүүлэх, түүнчлэн ялтан шүүхээс ял оногдуулахгүйгээр тэнссэн, эсхүл тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн эсхүл гэмт хэрэг үйлдсэн  бол тэнссэн болон хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэхдээ өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх журам хэрэгждэг нь шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд нийцдэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан хугацаанд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу түүнд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ялыг сүүлийн тогтоолоор оногдуулсан эрх хасах ялд нэгтгэхэд шударга ёсны болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтална.

Шүүгдэгч Н.Н-ын хувьд 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэний улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, /хх 50-52/ 2025 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 13 дугаар захирамжаар биелүүлээгүй торгох ялыг хорих ялаар сольж 200 /хоёр зуу/ хоногийн хорих ялаар сольжээ /хх 71-73/,

Улмаар, Н.Н- дахин 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон байна.

Гэтэл хэрэгт Н.Н-ын жолоочийн лавлагаа, мэдээллийн талаарх баримт авагдаагүй байгаа нь хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байдлыг бий болгож байх тул энэ талаарх баримтыг зохих байгууллагаас гаргуулан хэрэгт хавсаргах нь зүйтэй болно.

2. Прокурорын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 212 дугаар яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Тодруулбал, прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгыг ойлгомжгүй, тодорхой бус бичжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд прокурорын яллах дүгнэлтэд тавигдах хэлбэр, бүтцийн шаардлагыг заасан бөгөөд 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”-ыг яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тусгахаар заасан.

Яллаж байгаа гэмт хэргийн агуулгыг хуульд нийцүүлэн зөвтгөн өөрчлөх нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийн хэрэгжилтэд үр нөлөөтэй гэж үзэв.

Иймд хэргийг прокурорт буцаасан Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/514 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Сэлэнгийн 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 13 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/514 дугаар захирамжийг хэвээр үлдээж, 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 13 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

                

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.ОДОНЧИМЭГ

                                    ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                                       Н.БАЯРМАА