2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/10481

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 8 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, орчлон *** байр, *** тоотод оршин суух, Чонос овогт Ганбаярын Баасансүрэн /РД:*** /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *** дугаар хороо, стадион оргил *** гудамж-*** , *** дугаар давхар, ******* оффисийн төв байранд байрлах ******* ХХК /РД:***/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:

- Талуудын байгуулсан ***-ны өдрийн *** дугаар Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний 3.3 дах заалтын 2 дах өгүүлбэрийн 4 дэх сараас эхлэн 10%-аар тооцон гэх нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

- алдангид 88,377,380 төгрөг гаргуулах,

- гэрээний зүйлийг хугацаандаа ашиглалтад оруулаагүйгээс учирсан хохиролд 75,236,720 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* нь "*******" ХХК-тай ***-ны өдөр *** тоот Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ"-г байгуулж, Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан "Парк-Од Молл" худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын 2-р давхрын *** тоот буюу шинэчилсэн хаягаар ***-р байрны *** тоот *** м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нийт 176,754,760 /нэг зуун далан зургаан сая долоон зуун тавин дөрвөн мянга долоон зуун жаран/ төгрөгөөр захиалсан. Захиалагч*******гийн хувьд гэрээний үнэ болох 176,754,760 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2018.03.05-ны өдөр 107,000,000 төгрөг, 2021.10.06-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021.10.07-ны өдөр 19,976,400 төгрөг, 2021.11.08-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021.12.08-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021.12.10-ны өдөр 7,000,000 төгрөг, 2022.01.12-ны өдөр 9,554,100 төгрөг, 2022.02.17-ны өдөр 624,260 төгрөг зэргээр нийт 8 удаагийн төлөлтөөр бүрэн төлж дуусгасан. Уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, тухайн үйлчилгээний талбайг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын гэрчилгээг*******гийн нэр дээр гаргуулахад шаардлагатай баримт бичгийг бүрэн гаргаж өгөхийг хариуцагч *******" ХХК-д даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ*******гийн нэр дээр 2024.07.17-ны өдөр гарсан тул уг нэхэмжлэлээс татгалзсан.

Харин одоо талуудын байгуулсан 2018.03.05-ны өдрийн *** дугаар Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний 3.3 дах заалтын 2 дах өгүүлбэрийн 4 дэх сараас эхлэн 10%-аар тооцон гэх нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, алдангид 88,377,380 төгрөг гаргуулах, гэрээний зүйлийг хугацаандаа ашиглалтад оруулаагүйгээс учирсан хохиролд 75,236,720 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байгаа. Үндэслэл нь талуудын гэрээгээр хариуцагч тал үйлчилгээний талбайг 2019.04.30-ны дотор хүлээлгэн өгөхөөр тохирсон байдаг. Гүйцэтгэгч 2018.08.10-нд нэхэмжлэгч рүүл утсаар үалган худалдааны төвийн барилгыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбосон гүүр 3 давхарт гарахгүй болсон, хотын захиргаанаас зөвшөөрөл өгөхгүй байна, харин тухайн гүүрийг 2-р давхартай холбож барихаар болсон гээд захиалгаа 2-р давхарт болгох санал тавьсан. Үүнийг дагуу 2-р давхарт *** тоот буюу *** м.кв талбайтай үйлчилгээний талбайгаар сольсон. Хариуцагч 2021.10.06-ны өдөр буюу гэрээгээр тохирсон хугацааг 29 сар 6 хоног хэтрүүлэн захиалагчид хүлээлгэн өгсөн. Ингэхдээ*******гийн захиалсан талбайн хэмжээг дахин томруулж 39.64 м.кв болгосон байсан ббөгөөд төлбөр болох 69,754,760 төгрөгийг нэмж төлөхийг шаардсан.*******гийн зүгээс ийм том талбай авах боломжгүй тухайгаа удаа дараа хэлсэн боловч хариуцгч талын зүгээс талбайн хэмжээг багасгах боломж байхгүй, танай талбайн урд талд байрлах хүүхдийн цэцэрлэг захиалсан талбайгаа багасгасан тул эргэн тойронд байгаа бусад бүх талбай өөрчлөгдсөн хэмээн шахсан. Ингээд төлбөрөө 100% урьдчилан төлж, захиалсан талбайгаа 39.64 м.кв талбайг авах болсон. Нэмэлт төлбөр 69,754,760 төгрөгийн төлбөрийг тухайн үед хувааж төлөхөөс өөр аргагүй байсан. Нэмэлт төлбөрийг 2021.10.06-ны өдрөөс 2022.02.17-ны хооронд 7 удаагийн гүйлгээгээр бүрэн төлсөн. Талуудын байгуулсан 2018.03.05-ны өдрийн 180305 дугаар Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний 3.3 дах заалтын 2 дах өгүүлбэрийн 4 дэх сараас эхлэн 10%-аар тооцон гэх нөхцөл нь хохирол шаардах эрхийг хязгаарлсан агуулгатай тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, алдангид 88,377,380 төгрөг гаргуулна. Хоёрдугаарт, үйлчилгээний талбайг 2021.10.06-ны өдөр хүлээн авч, хугацаа хожимдуулсан 29 сар 6 хоногийн хугацааны олох байсан орлогод 75,236,720 төгрөг гаргуулна. Үүнийг 2021 оны 09 дүгээр сараас эхлэх түрээслүүлсэн ханш 1 м.кв-ыг 65,000,000 төгрөгөөр тооцоход сарын 2,576,600 төгрөг ба 29 сард 74,721,400 төгрөг, 6 хоног 515,320 төгрөг, нийт 75,236,720 төгрөг гэж тооцсон болно гэжээ.

2. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани иргэн*******тэй 2018.03.05-ны өдөр №180305 дугаартай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-г байгуулан тус гэрээний дагуу нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан "Парк-Од Молл" худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын 2-р давхрын 15 тоот буюу шинэчилсэн хаягаар 759-р байрны 220 тоот 39,64 м.кв талбайг захиалан бариулж, талбайн төлбөрт гэрээний I зааснаар нийт 194,236,000 төгрөгийг төлөх ёстойгоос 17,481,240 төгрөгийн хөнгөлөлт гэж 176,754,760 төгрөгийг 2018.03.05 2022.02.17-ний өдрийн хугацаанд 8 хувааж төлсөн Энэхүү хөнгөлөлтийн нөхцөл төлбөрийг 100% төлсөн худалдан авагчид олгодог хөнгөлөлт байсан. Гэтэл үлдэгдэл төлбөрөө бөөнд нь төлөөгүй, цувуулсан. Үүнд бид алданги тооцоогүй. Алданги тооцсон бол 18,442,706 төгрөгийг манайд төлөх ёстой байсан. Барилга 2020.11.03-ны өдөр ашиглалтад орсон бөгөөд захиалгын гэрээний 3.3-д заасны дагуу талбайг ашиглалтад оруулах цаад хугацаа 2019.07.30 өдөр байсан. Дэлхийн улс орнуудад Ковид 19 цар тахлын улмаас импорт тээвэртэй холбоотой ажил саатаж, хүндрэл үүссэн. Энэ нь зөвхөн манай дээр биш улсын болон дэлхийн хэмжээнд нийтээрээ цар тахал, гамшгийн байдалд байсан давагдашгүй хүчин зүйлтэй холбоотойгоор 2020.11.03-ны өдөр барилгыг хүлээж авсан улсын комиссын дүгнэлт гарсан. Захиалагч тал нь төлбөр төлж дуусаагүй байхдаа буюу 2021.05.31-ний өдөр засвар хийнэ гээд 1 ширхэг түлхүүрээ авъя гэсэн. Уг нь төлбөр тооцоо бүрэн дууссаны дараа зар хүлээлцэж, бүх түлхүүрийг өгөх ёстой байдаг боловч захиалагчийн хүсэлтээр бид уян хатан хандаж төлбөрөө дуусаагүй байхад нь 1 ширхэг түлхүүрийг өгсөн. Захиалагч тал нь барилга ашиглалтад орсноор төлбөрөө бүрэн төлөөд түлхүүрээ авах ёстой байтал сүүлийн төлбөрийг 2022.02.17-ны өдөр хугацаа хоцорч төлсөн. Ийм учраас манайхаас алданги нэхэх үндэслэлгүй юм. Мөн Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний 2.9-д Захиалагч нь энэхуү гэрээний 2.1-т заагдсан графикт төлбереө хугацаа хожимдуулан төлж байсан, үнийн хенгөлөлттэй нөхцөлеөр төлбөрийг төлсөн, мөн бартераар гэрээ байгүулсан зэрэг тохиолдолд захиалагч нь орон сууц ашиглалтад орох хугацаанаасаа хоцорсон талаархи болон бусад ямарваа нэгэн алданги, торгууль тооцох, нэхэмжлэх эрхгүй байна гэж тохиролцсон. Иймд Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-г стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тоолгох, гэрээний 3.3 дэх хэсгийн ...4 дэх сараас эхлэн... 10% -аар тооцон гэх стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, алдангид 88,377,380 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн 3,4,5 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэмэгдүүлсэн шаардлага болох үйлчилгээний талбайг хугацаанд нь ашиглалтад оруулаагүйгээс учирсан хохирол 75,236,720 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.8-д заасны дагуу захиалагч тал нь төлбөрийг 100% төлсний дараа үйлчилгээний талбайг хүлээлцэхээр тохирсон бөгөөд захиалагч та хамгийн сүүлийн төлбөрөө 2022.02.17-ны өдөр төлж тооцоогоо дуусгасан байдаг. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан хугацаанд үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэж өгөөгүй хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй байна. Иймд үйлчилгээний талбайг хугацаанд нь ашиглалтад оруулаагүйгээс учирсан хохирол 75,236,720 төгрөгийг нэхэмжилсэн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар,******* болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 180305 дугаар Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Ажлын байрны түрээсийн гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга

4. Хариуцагчаас хавтаст хэрэгт *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2020 оны 11 дүгээр сарыг 03-ны өдрийн *** дугаар дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, худалдаа үйлчилгээний талбай хүлээлцэх актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ажил хүлээлцэх актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Park od малл худалдааны төвийн захиргаанд гаргасан*******гийн өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлээс 56,771,086 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 106,843,014 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч*******гээс хариуцагч ******* ХХК-д холбогдуулан талуудын 2018.03.05-ны өдөр байгуулсан Барилгад хөрөнгө оруулалт хийх *** дугаар гэрээний 3.3-ийн 2 дах өгүүлбэрийн . . . 4 дэх сараас эхлэн . . . . . . 10%-аар тооцон . . . гэх нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, алдангид 88,377,380 төгрөг гаргуулах, учирсан хохиролд 75,236,720 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

Үндэслэлийг гэрээний 3.3-ийн 2 дах өгүүлбэрийн . . . 4 дэх сараас эхлэн . . . . . . 10%-аар тооцон . . . гэх нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл болохын хувьд захиалагч талд илт хохиролтой бөгөөд шударга бус байх тул хүчин төгөлдөр бусад тооцуулж, алдангийг 2019.05.01-ний өдрөөс 2021.10.06-ны өдрийг хүртэлх 889 хоногоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцон, 50%-аар хязгаарлаж 88,377,380 төгрөг гаргуулна гэсэн бол үйлчилгээний талбайг 29 сар 6 хоногийн хугацаа хэтрүүлж хүлээлгэн өгсний улмаас түрээсийн төлбөрийн олох байсан орлогод 75,236,720 төгрөг гаргуулна гэжээ.

3. Хариуцагч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, захиалагч гэрээний нөхцөлтэй танилцаад, гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээний нөхцөлийг өөрчлөх боломжтой байсан, хөнгөлөлт авсан тохиолдолд алданги, торгууль төлөхгүй талаар тохирсон, захиалагч төлбөрийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй нь гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрэхэд хүргэсэн гэх үндэслэл гаргажээ.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Иргэн******* болон ******* ХХК-ийн хооронд 2018.03.05-ны өдөр 180305 дугаар Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Park-Od mall худалдаа үйлчилгээний зориулалттай барилгад 2 дугаар давхар, 15 тоот, 39.64 м.кв, худалдаа, үйлчилгээний зориулалттай талбайд 1 м.кв талбайг 4,900,000 төгрөгөөр үнэлж, нийт 194,236,000 төгрөг, үүнээс 9 хувийн хөнгөлөлт болох 17,481,240 төгрөгийн хөнгөлөлт эдэлж, 176,754,760 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, уг хөрөнгө оруулалтын үнийн дүнгийн 112,455,980 төгрөг шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. (хавтаст хэргийн 7-13 дугаар тал)

4.2. Дээрх гэрээний дагуу******* 2018.03.05-ны өдөр 107,000,000 төгрөг, 2021.10.06-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021.10.07-ны өдөр 19,576,400 төгрөг, 2021.11.08-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021.12.08-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021.12.10-ны өдөр 7,000,000 төгрөг, 2022.01.12-ны өдөр 9,554,100 төгрөг, 2022.02.17-ны өдөр 624,260 төгрөгийг тус тус төлжээ. /хавтаст хэргийн 13 дугаар тал/

4.3. Дээр дурдсан 180305 дугаар Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-ний 3.3-т Гэрээний 3.1-д заасан хугацааг 3 сараас дээш хугацаагаар хойшлуулж болохгүй. Хугацаа хойшилсон тохиолдолд 4 дэх сараас эхлэн Гүйцэтгэгч нь гэрээний нийт үнийн дүнгийн 10%-иар тооцон хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх алдангийг тооцож Захиалагчид төлнө гэж заажээ. /хэргийн 9 дүгээр тал/

4.4. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 6 давхар үйлчилгээ, 2 давхар зоорь, 311 автомашины зогсоол хүчин чадал бүхий үйлчилгээ, автозогсоолын зориулалттай барилга байгууламж нь 2020.11.03-ны өдөр ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсан. /хэргийн 52-54 дүгээр тал/

4.5.******* Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Олимп хороолол /13312/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 759 байр, 220 /2-15/ тоот 39.64 м.кв хэмжээтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр 2024.07.17-ны өдөр бүртгэгджээ. /хэргийн 130 дугаар тал/

4.6. Нэхэмжлэгч тал анх 25.22 м.кв талбай захиалсан боловч 28.7 м.кв болж, сүүлийн байдлаар 39,64 м.кв болсон талаар талууд маргаагүй, мөн 2019.12.19-ний өдөр*******гээс захиалагч талд гаргаж байсан өргөдлөөр тогтоогдож байна. /хэргийн 57 дугаар тал/

4.7.******* нь үйлчилгээний талбайг бусдад 2021.10.31-ний өдрөөс 2023 оны 10.11-ний өдөр хүртэл хугацаанд 1 м.кв талбайг 65,000 төгрөгөөр, 2023.09.20-2026.02.01-ний өдөр хүртэл хугацаанд 1 м.кв талбайг 70,000-80,000 төгрөгөөр тооцон түрээслүүлж, түрээсийн төлбөрийг хүлээн авсан байна. /хэргийн 131-203 дугаар тал/

5.******* болон ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2018.03.05-ны өдрийн Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ хэмээн нэрлэсэн гэрээгээр талууд хүсэл зоригоо илэрхийлж, гол нөхцөлийг тохирсон, гарын үсгээ зурж, тамга дарж баталгаажуулсан байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т нийцсэн бичгийн хэлцэл байгуулагдсан гэж үзнэ. Хариуцагч үйлчилгээний талбайг 2019.04.30-ны дотор багтаан барьж ашиглалтад оруулах, захиалагч 176,754,760 төгрөг төлөх үүргийг хүлээж байгаагаас үзэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

6. Тогтоогдсон үйл баримт, талуудыын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй эсэх, талууд гэрээний үүрэг зөрчсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

 7. Алдангийн талаар

7.1. Нэхэмжлэгч талуудын 2018.03.05-ны өдөр байгуулсан Барилгад хөрөнгө оруулалт хийх 180305 дугаар гэрээний 3.3 дах заалтын 2 дах өгүүлбэрийн . . . 4 дэх сараас эхлэн . . . . . . 10%-аар тооцон . . . гэх нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хэмээн бие даасан нэхэмжлэлийн шаардлага байдлаар гаргасан боловч алдангид 88,377,380 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэл байна. Учир нь ийнхүү гэрээний нөхцөлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тогтоолгосноор уг нөхцөлийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алдангийг тооцон дээрх мөнгөн дүнг шаарджээ.

7.2. Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-т Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ гэж зааснаар талуудын гэрээний 3.3 дахь заалтын ...4 дэх сараас эхлэн..., 10%-иар тооцон... гэх хэсэг нь хариуцагч компаниас санал болгосон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тодотгосон, гэрээ байгуулах сонирхогч этгээд тус бүртэй байгуулахаар байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон гэрээний стандарт нөхцөл гэж үзэх үндэслэлтэй байна.

7.3. Түүнчлэн уг стандарт нөхцөл нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.12-т заасан үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол шаардах нөгөө талын эрхийг хязгаарласан агуулгатай байна гэж үзэхээр байна.

7.4. Талуудын байгуулсан гэрээний 1.1-д гэрээний үнийн дүнг 194,236,000 төгрөгөөр тогтоож үүнээс хөнгөлөлт 9 хувь буюу 17,481,240 төгрөгийг хасаж төлөх дүнг 176,754,760 төгрөгөөр тохиролцжээ. Гэрээний энэ тохиролцоог Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу тайлбарлавал захиалагч нь төлбөл зохих үнийн дүнгээс тогтоосон хувь, хэмжээгээр багасгасан төлбөр төлөх буюу хөнгөлөлт эдлэхээр тохиролцсон, улмаар захиалагч уг хөнгөлөлтийг эдэлсэн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн, гэрээний 2.9-д захиалагч нь ... хөнгөлөлттэй нөхцөлөөр төлбөрийг төлсөн...бол алданги тооцох, нэхэмжлэх эрхгүй гэж тохиролцсон нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг зөрчихгүй байна.

7.5. Иймд нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй тул алдангид 88,377,380 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

8. Учирсан хохирлын талаар

8.1. Нэхэмжлэгч тал хариуцагчийг үйлчилгээний талбайг 2019.04.30-ны өдөр хүлээлгэн өгөх байтал 2019.10.06-ны өдөр хүлээлгэн өгсөн нь 29 сар 6 хоногоор үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гээд 39.64 м.кв талбайг 1 м.кв-ыг 65,000 төгрөгөөр тооцож түрээсийн төлбөрийн олох ёстой байсан орлогоор хохирсон хэмээн 75,236,720 төгрөг шаардсан.

8.2. Хариуцагч тал үйлчилгээний талбайг 2019.07.30-ны өдөр хүлээлгэн өгөх байсныг 2021.05.31-ний өдөр түлхүүрийг өгснөөр талбайг хүлээлгэн өгсөнд тооцно гээд захиалагч төлбөрийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй буруугаас талбайг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн тул хохирол хариуцахгүй гэжээ.

8.3. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй ба 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцох зохицуулалттай.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар хоёр талын гэрээнд талуудын хэн аль нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ба нэг тал гэрээний үүргээ зөрчсөн нь нөгөө тал үүрэг гүйцэтгэхээс татгалзах үндэслэл болохгүй.

8.4. Талуудын байгуулсан гэрээний 3.1, 3.3-т зааснаар үйлчилгээний талбайг 2019.04.30-ны өдрийн дотор багтаан хүлээлгэн өгөх ба хугацаа хойшилсон тохиолдолд хариуцлагыг 4 дэх сараас эхлэн тооцохоор харилцан тохирчээ.

8.5. Хариуцагч талын үйлчилгээний талбайн түлхүүрийг 2021.05.31-ний өдөр хүлээлгэн өгсөн гэх тайлбар нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан . . . талбайд дотор засал хийхээр түлхүүрийг авсан. . . гэх тайлбар болон тус өдрийн ажил хүлээлцэх актаар тогтоогдож байна. /хэргийн 56 дугаар тал/

8.6. Нэхэмжлэгч тал үйлчилгээний талбайг бусдад 2021.10.31-ний өдрөөс 2023.10.11-ний өдөр хүртэл хугацаанд 1 м.кв талбайг 65,000 төгрөгөөр тооцон түрээслүүлсэн нь тогтоогдсон бөгөөд хариуцагч тал уг үнэлгээг аливаа баримтаар үгүйсгээгүй.

8.7. Иймээс 2019.07.30-ны өдрөөс 2021.05.31-ний өдөр хүртэл 22 сар 1 хоногийн хугацаанд түрээсийн төлбөрийн олох ёстой байсан орлогод 56,771,086[1] төгрөгийн хохирол учирсан гэж үзэн, үлдэх 18,465,634 төгрөгийг хангах үндэслэлгүй байна.

9. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч ******* ХХК-аас учирсан хохиролд 56,771,086 төгрөг гаргуулан нэхэмжлэгч*******д олгон, үлдэх 106,843,014 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 56,771,086 төгрөг гаргуулан нэхэмжлэгч*******д олгож, үлдэх 106,843,014 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,456,495 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 441,805.43 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 


 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН

[1] (39,64*65000)*22 сар 1 хоног=56,771,086