Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 208/МА2022/00012

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 208/МА2022/00012

 

Д.*******ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 212 дугаартай шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.*******,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилласан байдал тогтоолгох тухай

 

Хэргийг нэхэмжлэгч Д.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлдээ:

 

..миний бие нь МБК-д 1990-1994 он хүртэл Г.*******, Д.*******, П.******* нартай цехэмжийн цехэд норомчны ажил хийж байсан, тухайн үед хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлсэн МБК-ийн үйлдвэр үрэгдүүлсэн тул улсын архивт холбогдох материал байхгүй байгаа тул 1990-1994 он хүртэл мод боловсруулах үйлдвэрт нормчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү...гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 212 дугаартай шийдвэрээр:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******ийг 1990 оны 03 сарын 16-наас 1994 оны 10 сарын 12-ныг хүртэл Сэлэнгэ хангай цехэмжийн цехэд нормчиноор ажиллаж байсныг тогтоож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.******* давж заалдах гомдолдоо:

 

МУ-ын иргэн, ******* овогтой *******ын ******* /МЬ61032310/ Харилцах Утас 99495968 би Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03-р сарын 16-ны өдрийн 212 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Уг шийдвэрт иргэн Д. ******* миний нэхэмжлэлд дурьдснаас тэс өөрөөр "Сэлэнгэ хангай" цехэмжийн цехэд ажиллаж байсныг тогтоолгох гэж бичсэн байна. Би мод боловсруулах комбинатын зэхэмжийн цехэд ажиллаж байсныг тогтоолгох гэж нэхэмжлэл гаргасан байсан юм.

 

Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 1- дэх заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******ийг 1990 оны 03-р сарын 16-наас 1994 оны 10-р сарын 12-ныг хүртэл " Сэлэнгэ хангай " цехэмжийн цехэд нормчноор ажиллаж байсныг тогтоосугай гэсэн нь буруу болжээ. Учир нь Сэлэнгэ аймгийн мод боловсруулах комбинат нь БНМАУ-ын Засгийн газрын 1992 оны 02-р сарыгн 20-ны 28 дугаартай тогтоолоор "Ар хөвч" ХК," Сэлэнгэ" ХК болж 2 хуваагдсан байна. Иймд шийдвэрт дурьдсан "Сэлэнгэ хангай" цехэмжийн цех гэж байхгүй байсан байна.

 

Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн 1990 оны 03-р сарын 16-наас 1992 оны 02-р сарын 20 -ныг хүртэл Мод боловсруулах комбинатын Зэхэмжийн цехэд нормчноор ажиллаж байсныг тогтоолгох гэж өөрчилж ажилласан байдлаа тогтоолгомоор байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

  Нэхэмжлэгч Д.******* нь Сэлэнгэ аймгийн Мод боловсруулах комбинатын зэхэмжийн цехэд 1990 оны 03-р сарын 16-ны өдрөөс 1994 оны 10-р сарын 12-ны өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан ба анхан шатны шүүх түүнийг дээрх хугацаанд Сэлэнгэ хангай ХК-ий зэхэмжийн цехэд нормчноор ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.*******ээс ...анхан шатны шүүх намайг Сэлэнгэ хангай ХК-ий зэхэмжийн цехэд нормчноор 1990 оны 03-р сарын 16-наас 1994 оны 10-р сарын 12-ныг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн ба тухайн үед Мод боловсруулах комбинат нь 1992 онд хувьчлагдаж Ар хөвч болон Сэлэнгэ гэж 2 компанид хуваагдсан ба Сэлэнгэ хангай гэж компани байгаагүй юм. Иймд би нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа ба 1990 оны 03-р сарын 16-наас 1992 оны 02-р сарын 20-ныг хүртэл Мод боловсруулах комбинатын Зэхэмжийн цехэд нормчноор ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтэй байгааг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.*******ийн 1990 оноос 1994 он хүртэл Сэлэнгэ аймгийн Мод боловсруулах комбинатад нормчноор ажиллаж байсныг тогтоох хангалттай баримт бүрдээгүй байхад шүүх хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хуралдуулж түүнийг Сэлэнгэ хангай ХК-ий зэхэмжийн цехэд 1990 оны 03-р сарын 16-наас 1994 оны 10-р сарын 12-ныг хүртэл нормчноор ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан ..хууль ёсны бөгөөд үндсэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасан, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдал тогтоолгох ажиллагаа нь нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчгүй явагддаг тул шаардлагатай тохиолдолд шүүх өөрийн санаачилгаар нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг хийх боломжтой.

Гэтэл нэхэмжлэгч Д.******* нь Сэлэнгэ аймгийн Мод боловсруулах комбинатад 1990 оноос 1994 онд нормчноор ажиллаж байснаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд түүний энэ байдлыг тогтоох нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасан нотлох баримт хангалттай бүрдсэн гэсэн үндэслэлээр 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 666 тоот Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гарган хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж түүнийг Сэлэнгэ хангай ХК-д ажиллаж байсан байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хууль зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл Монгол улсад өмч хувьчлалын ажиллагаа 1992 оноос явагдаж эхлэх үед буюу 1992 оны 02 дугаар сард Мод боловсруулах комбинатыг хувьчлах ажиллагаа явагдаж тус компани нь Ар хөвч болон Сэлэнгэ ХК-д хуваагдаж Засгийн газрын шийдвэр гарсан талаар яригдсан байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр тухайн үед байгаагүй компанид 1990 оноос 1994 оныг дуустал ажилласан мэтээр тогтоожээ.

 

Харин шүүх дээрх нөхцөл байдал тогтоогдсон нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж шаардлагатай баримтыг бүрдүүлэх талаар захирамж гарган холбогдох баримтуудыг бүрдүүлсний үндсэн дээр шүүх хуралдааныг явуулж нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжтой.

Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 212 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Top of Form

Б.ЭРДЭНЭХИШИГ