| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0259/э |
| Дугаар | 548 |
| Огноо | 2018-07-18 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 548
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;
улсын яллагч: Н.Түвшинбаяр;
иргэдийн төлөөлөгч: Б.Оюунбилэг;
шүүгдэгч: Г.С, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ;
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ш.Батцэнгэл, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гантуяагийн Содбаярт холбогдох эрүүгийн 1809013750223 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхант 16 дугаар гудамжны 284 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо тодорхой оршин суух бүртгэл хаяггүй, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, УК92051878 регистерийн дугаартай, Дагнам бааз овогт Г.С.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Г.Содбаяр нь “... 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХАС” банкны салбарын хашааны зүүн талд иргэн Х.Батбаярыг хэвлэлийн хуудсаар цохилоо гэж түүний зүүн талын хацарт нэг удаа цохисны улмаас хойшоо газарт саван унаж гавал тархины битүү гэмтэл, гавлын ясны дагзны баруун дээд хэсэг, баруун зулайн ар хэсэг, зүүн зулайн ар дотор хэсгийг хамарсан цөмөрсөн хугарал, уг цөмөрсөн хугарлаас урагш зулайн голын заадас болон баруун зулайн гадна хэсгээр дух яс хүрч дух, зулайн заадсаар салсан хугарал, хатуу хальсны дээрх зулайн хэсэг, дагзны дээд хэсгийн хатуу хальсны доорх хоёр тал бөмбөлгийг нилэнхүйд нь хамарсан цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн зулай, дагз хэсгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн суурь хэсгийн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Батцэнгэл мэдүүлэхдээ: Талийгаач миний нөхөр байсан. Маш их гомдолтой байна. Оршуулгын зардал 11.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг буюу нийт 21.000.00 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Батцэнгэл /хх-ийн 18-19, 114/, гэрч Х.Эрдэнэчулуун /хх-ийн 22/, Ш.Мөнхдавга /хх-ийн 23/, Ч.Цэрэнбадам /хх-ийн 24/, Ж.Наран /хх-ийн 25/, Ч.Насанбат /хх-ийн 26/, Т.Өлзийсайхан /хх-ийн 27-28/, Н.Бат-Эрдэнэ /хх-ийн 29/, Д.Мядагмаа /хх-ийн 30/, Г.Түвшинтөр /хх-ийн 31/, Б.Мөнхцэцэг /хх-ийн 32/, Э.Золзаяа /хх-ийн 33-34/, Ш.Болдбаатар /хх-ийн 35-36/, П.Амгалан /хх-ийн 98/, Ц.Долгорсүрэн /хх-ийн 99/ нарын мэдүүлэг, Г.Сын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 40, 86/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №751тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-44/, шинжээч эмч Ч.Эрдэмболорын мэдүүлэг /хх-ийн 45/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 438 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-51/, хэргийн газарт болон ГССҮТ-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8/, эмчийн тодорхойлолт /хх-ийн 9/, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-14/, Х.Батбаярын иргэний үнэмлэхний хуулбар (нас барсан тэмдэглэгээтэй) /хх-ийн 16/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хх-ийн 19-21/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 55/, Г.Сын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 106-111/, хохирлын баримт /хх-ийн 115-125/, Г.Сын иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Г.С нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “ХАС” банкны зүүн талын зам дээр “хэвлэлийн хуудсаар цохилоо” гэж Х.Батбаярын дээд уруулын зүүн хэсэгт гараараа нэг удаа цохиж газарт унаган гавал тархины битүү гэмтэл, гавлын ясны дагзны баруун дээд хэсэг, баруун зулайн ар хэсэг, зүүн зулайн ар дотор хэсгийг хамарсан цөмөрсөн хугарал, уг цөмөрсөн хугарлаас урагш зулайн голын заадас болон баруун зулайн гадна хэсгээр дух яс хүрч дух, зулайн заадсаар салсан хугарал, хатуу халсны дээрх зулайн хэсэг, дагзны дээд хэсгийн, хатуу хальсны доорх хоёр тал бөмбөлгийг нилэнхүйд нь хамарсан цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн зулай, дагз хэсгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархай дэлбэнгийн суурь хэсгийн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдов.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Батцэнгэлийн /хх-ийн 18-19, 114/: “… Миний нөхөр Батбаяр нь 1960 онд Улаанбаатар хотод төрсөн. …Бид 1988 онд гэр бүл болсон. 4 хүүхэдтэй. …Манай нөхөр Нэгдүгээр төрөхөд мужааны ажил хийдэг байсан. … Миний нөхөр 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр бусдын гарт амь насаа алдсан. Энэ асуудлаас болоод миний бие нийт 25.000.000 төгрөг гаргаж талийгаачийн ажил явдалд зарцуулсан. … Би талийгаачийн ажил явдалд зарцуулсан 25.000.000 төгрөгийг нэхэмжилж байна…” гэх мэдүүлгээр,
гэрч Т.Өлзийсайханы /хх-ийн 27-28/: “… 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн үед ажлын байран дээрээ байж байтал 40 орчим насны үл таних эмэгтэй манай тасагт орж ирээд “гадаа ойрхон хүн ухаан алдаад унасан байна” гэж хэлсний дагуу сувилагч Соёлмаагийн хамтаар Шүүх эмнэлгийн зүүн талын зам дээр буюу замын баруун талд 50 орчим насны эрэгтэй хүн толгойн араас цус гарсан байдалтай дээшээ хараад ухаангүй хэвтэж байсан. …Ухаангүй хэвтэж байсан хүнийг Соёлмаа сувилагч, 3 оюутны хамтаар өргөж оруулаад өвчин намдаах, бөөлжилтийн эсрэг тариа хийгээд Нэгдүгээр эмнэлгийн машинаар эмчийн хяналтанд резидент эмчийн хамтаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн жижүүр эмчид хүлээлгэн өгсөн…” гэх мэдүүлгээр,
гэрч Н.Бат-Эрдэнийн /хх-ийн 29/: “… 2018 оны 03 дугаар сарын 21-ний 18 цаг 50 минутын орчимд 89036009 гэсэн дугаараас намайг “гараад ир”” гэсэн. Би гараад очтол манай машин гардаг хаалганы гадна талд 60 орчим насны хүн дээшээ харсан хэвтэж байсан. Хиамны үйлдвэрийн түгээгч залуу “сая хамт явж байсан 2 хүн цохиж унагаагаад яваад өглөө” гэж байсан. Тэгээд Нэгдүгээр эмнэлгийн эмч нар ирээд тэр хүнийг аваад явсан…” гэх мэдүүлгээр,
гэрч Д.Мядагмаагийн /хх-ийн 30/: “… 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 18 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “ХАС” банкны зүүн талд авто зогсоол дээр машиндаа сууж байтал манай ажлын тогооч Түвшинтөр “хүн уначихлаа” гэж хэлсэн. Би машинаасаа буугаад очтол газарт 1 эрэгтэй хүн ухаан алдсан байдалтай байсан. …түргэн ирэхгүй удаад байхаар нь Золзаяа эгч Нэгдүгээр эмнэлэг рүү орж эмч дуудаж ирээд нөгөө газарт унасан хүнийг Нэгдүгээр эмнэлэг рүү аваад явсан. … Газарт унасан хүн муухан амьсгалаад, эрүү нь зуурсан, толгойн ар дагзны хэсгээс цус гарсан харгдаж байсан…” гэх мэдүүлгээр,
гэрч Г.Түвшинтөрийн /хх-ийн 31/: “…2018 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 18 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “ХАС” банкны зүүн талд машиндаа сууж байхад 3 эрэгтэй хүн байж байгаад нэг нь нөгөөгөө цохиод унагасан. Яг аль нь цохисныг хараагүй. Намайг харахад цохиулсан хүн асфалтан зам дээр толгойгоороо саваад унаж харагдсан. Газарт унасан ахын куртикнээс хар юм унахаар нь хамт байсан хоёр хүний арай бүдүүн нь аваад Шүүх эмнэлгийн зүгт алхаад яваад өгсөн…” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Мөнхцэцэгийн /хх-ийн 32/: “… 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 18 цаг 50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн прокурорын байгууллагын урд замаар алхаад явж байтал 3 эрэгтэй хүн өөр хоорондоо маргалдаад, хэрэлдээд байх шиг байсан. Бор өнгийн богино нэхий, бараан өнгийн срочикон цамц, саарал өнгийн брюк өмд, саарал өнгийн дотор талаараа цахилгаантай хагас түрийтэй гутал өмссөн, гартаа хуйлсан палкат барьчихсан 60 орчим насны эрэгтэй хүнийг нөгөө хоёр хүний нэг нь буюу жижиг биетэй, 160 см орчим өндөртэй, бараан өнгийн малгайтай ноосон цамц, олон халаастай хар өнгийн өмд өмссөн, үс нь ургасан, урт үстэй, нүүр нь халтар болсон эрэгтэй хүн нэг удаа эрүү хэсэг рүү нь хүчтэй цохиж нөгөө ах газарт унасан. Цохисон хүн нь хамт явж байсан бараан өнгийн богино малгайтай куртика өмссөн 40 орчим насны 170 см өндөр хүнтэй хамт Шүүх эмнэлгийн зүг рүү яваад өгсөн. Би газарт унасан ах руу очиход тэр ах хөдлөхгүй, нүд нь анивчихгүй, толгойноос нь цус гарсан, амьсгаатай хэвтэж байсан… ” гэх мэдүүлгээр,
гэрч Э.Золзаяагийн /хх-ийн 33-34/: “… Би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Ажигана” ХХК-ийн хашаан дотор борлуулалтын ажлаа хийгээд зогсож байхад манай байгууллага руу орж ирдэг том хаалганы урд талд явган хүний зам дээр махлаг биетэй, намхан нуруутай, бараан өнгийн хувцас өмссөн, 40 орчим насны эрэгтэй хүн газраас юм авах гээд тонгойсон. Хажуу талд нь 1 эрэгтэй газарт уначихсан байсан. Хүмүүс цуглараад байхаар нь очсон чинь 50-60 орчим настай хүн ухаангүй байж байхаар нь би долоогоны ханд үнэртүүлэхэл сэрэхгүй байсан. Би Нэгдүгээр эмнэлэг рүү орж эмч дуудсан… гэх мэдүүлгээр,
гэрч Ш.Болдбаатарын /хх-ийн 35-36/: “…Содоо бид хоёр “ХАС” банкны зүүн талд явж байхдаа үл таних ахимаг насны эрэгтэй хүнтэй таарч улмаар Содоо түүнийг манай нутгийн ах гэж хэлээд түүн дээр очиход Содоо тэр хоёр маргалдаж эхэлсэн. Содоо тэр үл таних настай эрэгтэй хүнийг нэг удаа цохиход тэр эрэгтэй хүн цементэн дээр саваад унасан...” гэх мэдүүлгээр,
Г.С-ын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 40, 86/: “… гэзэг Болдоо бид 2 Халдвартын эцсээс автобусанд суугаад Багшийн дээд дээр буугаад замын урд гараад алхаж байтал миний араас нэг хүн барьж явсан юмаараа цохих гэхэд нь би эргэж хараад тэр эрэгтэйгийн зүүн шанаа хэсэг рүү нь баруун гарын алгаар нэг удаа цохисон. Тэр эрэгтэй газарт унахаар нь би босоод ирж магадгүй гэж бодоод шууд цаашаа зугтаад явсан...” гэх мэдүүлгээр,
Г.С-ын буруутай үйлдлийн улмаас Х.Батбаяр “гавал тархины битүү гэмтэл, гавлын ясны дагзны баруун дээд хэсэг, баруун зулайн ар хэсэг, зүүн зулайн ар дотор хэсгийг хамарсан цөмөрсөн хугарал, уг цөмөрсөн хугарлаас урагш зулайн голын заадас болон баруун зулайн гадна хэсгээр дух яс хүрч дух, зулайн заадсаар салсан хугарал, хатуу халсны дээрх зулайн хэсэг, дагзны дээд хэсгийн, хатуу хальсны доорх хоёр тал бөмбөлгийг нилэнхүйд нь хамарсан цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн зулай, дагз хэсгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархай дэлбэнгийн суурь хэсгийн эдийн няцрал, дээд уруулын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дагзны дээд хэсэгт зулгаралт…” бүхий гэмтэл авч нас барсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №751тоот шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 42-44/,
Дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Ч.Эрдэмболорын /хх-ийн 45/: “... Дүгнэлтэд заасан гавал тархины битүү гэмтэл, гавал ясны дагзны баруун дээд хэсэг, баруун зулайн ар хэсэг, зүүн ар дотор хэсгийг хамарсан цөмөрсөн хугарал гэмтэл нь талийгаачийг үхэлд хүргэх гэмтэл юм. Дээрх гэмтэл нь толгойн дагз хэсгээр савж унаснаас үүснэ. Дээд уруулын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тархины гэмтлээс тусдаа нэг удаагийн үйлдлээр үүснэ...” гэх мэдүүлгээр болон хэргийн газарт болон ГССҮТ-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8/, эмчийн тодорхойлолт /хх-ийн 9/, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-14/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хх-ийн 19-21/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 55/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.С-ыг сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай болохыг Шүүх сэтгэц эмгэг судлалын 438 дугаартай дүгнэлтээр тогтоосон болно /хх-ийн 50-51/.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь амь хохирогчийг гараараа цохиж унагаснаа өөрөө хүлээн мэдүүлсэн, түүний мэдүүлгийг буюу шүүгдэгч амь хохирогчийг нэг удаа цохиж байхыг гэрч нар харсан, амь хохирогч дээд уруулдаа цохиулж газарт унасны улмаас амь насанд нь аюултай гэмтэл учирсныг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “ХАС” банкны зүүн талын зам дээр шүүгдэгч Г.С нь “хэвлэлийн хуудсаар цохилоо” гэж амь хохирогч Х.Батбаярын дээд уруулын зүүн хэсэгт гараараа нэг удаа цохиж унагахдаа амь насанд нь аюултай гэмтэл учруулж санаатай алсан гэж шүүх дүгнэв.
Дээрх шалтаг, шалтгааны улмаас өөрийн үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчид бие махбодийн хүчирхийлэл үйлдэн амь насыг нь хохироосон Г.Сын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Г.С-т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Учир нь шүүгдэгч хохирогчийг цохихдоо ямарч гэмтэлтэй хор уршиг учруулж болзошгүй гэдгийг ерөнхийд нь урьдаас мэдсэн, хүссэн, нарийн тодорхой хор уршгийг хүсээгүй боловч түүний буруутай үйлдлийн улмаас буюу үйлдлийн шалтгаант холбоо, цаг хугацаа, шууд үр дагаварын хувьд хүний амь нас хохирсон нь шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргээр зүйлчлэх хууль зүйн үндэслэл болно.
Ийнхүү шүүгдэгч Г.С-ын “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүх хуралдаан хүртэл баримтаар нотлогдсон бүх зардал буюу нийт 11.590.962 төгрөгийг (хх-ийн 115-124) шүүгдэгч Г.С-аас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Батцэнгэлд олгохоор шийдвэрлэв.
Сэтгэл санааны хохирол буюу эдийн бус гэм хорыг хохирогч шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд уг гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлдэг учиртай. Хуульд тусгайлан заагаагүй тохиолдолд сэтгэл санааны гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх боломжгүй. Хуульд тусгайлан заасан заалт нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйл бөгөөд энд “бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд”-эд учирсан гэм хорыг арилгахаар зохицуулжээ. Иймээс бусад эрхийг зөрчсөнөөс учирсан гэм хорыг арилгах боломжгүй байх тул хохирогчийн “сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөгийн” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Харин сэтгэл санааны гэм хор нь сэтгэлийн шаналлаас үүдсэн эд хөрөнгийн материаллаг гэм хорыг давхар үүсгэдэг (сэтгэлийн шаналлаас болж ажилдаа явж чадаагүй, эмнэлэгт хэвтсэн г.м) тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх Г.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.
Мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Г.С-т оногдуулсан хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хуурагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Дагнам бааз овогт Гантуяагийн Содбаярыг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-ыг 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сыг шийтгэсэн хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-ын урьд цагдан хоригдсон 110 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Саас нийт 11.590.962 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Батцэнгэлд олгосугай.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Батцэнгэлийн нэхэмжлэлээс “сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Ш.Батцэнгэл нь сэтгэл санааны гэм хороос үүдсэн эд хөрөнгийн материаллаг хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хуурагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.С-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН
Н.БААСАНБАТ