| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0233/э |
| Дугаар | 554 |
| Огноо | 2018-07-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 554
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;
улсын яллагч: Г.Цогтгэрэл;
шүүгдэгч: Б.Б (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Баянжаргалын Бат-Оргилд холбогдох эрүүгийн 1809000910645 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамир, эрүүл мэндийн багш мэргэжилтэй, “Мон Гени” цогцолбор сургуульд бие хамгаалах урлагийн дугуйлан ажиллуулж, багш ажилтай, ам бүл 5, ах, эгч нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 5 дугаар гудамжны 350 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, УХ93121851 регистерийн дугаартай, Алаг адуут овогт Б.Б.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах “Энжи” бааранд иргэн Д.Энхбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Энхбатын мэдүүлэг /хх-ийн 13-20/, гэрч Б.Батбадралтын мэдүүлэг /хх-ийн 44-46/, Б.Бын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23-24, 32-33/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №518 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/, Б.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 34-37, 47-78/, хохирогч Д.Энхбатын хүсэлт /хх-ийн84/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Б.Б нь архи ууж согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 21-ний шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах “Энжи” бааранд Д.Энхбатыг ямарч шалтгаангүйгээр зодож хөнгөн гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдов.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:
хохирогч Д.Энхбатын /хх-ийн 13-20/: “...2017 оны 12 дугаар сарын 21-ний 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны “32” клабд найз Очирхуягийн хамт үйлчлүүлж байгаад хүнд зодуулсан…Бааранд ороод шатаар өгсөх үед нэгэн үл таних эрэгтэй миний хажуугаар дайрч гарсан. Би түүнийг “хөөе” гэтэл үгийн зөрүүгүй нүүрэн тус газарт 2 удаа цохисон…Намайг ямарч шалтгаангүйгээр цохиж зодсон. Би тэр залууг өмнө нь харж байгаагүй, танихгүй. Манай найз Очироо таньдаг гэсэн…” гэх мэдүүлгээр,
Б.Б-ын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 23-24, 32-33/: ”…2017 оны 12 дугаар сарын 21-ний орой Мөнхбат, Хашбат нарын хамтаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байх “Энжи” бааранд орсон…Гаднаас миний танил Очироо гэх залуу 2 найзын хамраа орж ирсэн…Баарны гадаа Очироо бид 2 тамхи татаад…буцаад баар руу орсон…Намайг шатаар өгсөх үед Очиртой хамт явсан залуу “чи манай найзыг яасан бэ” гээд миний нүүрэнд “мангасдаж” хлйш нь түлхсэн. Тэгэхээр нь би түүнийг заамдаж татаж байгаад нүүрэнд нь 3 удаа цохисон…Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлгээр,
Б.Б-ын буруутай үйлдлийн улмаас Д.Энхбатын биед “баруун дээд, доод зовхи, хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, хамрын нуруу, баруун хацарт өнгөц шарх, таславчийн мурийлт” бүхий мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг гарсан цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №518 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон, хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 21-ний шөнө шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах “Энжи” бааранд Д.Энхбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж шүүх дүгнэв.
Ийнхүү хохирогчийг зодож, бие махбодийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.Б-ын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б-ын “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Д.Энхбат “…хохирлын 500.000 төгрөгийг хүлээн авлаа, цаашид ямарваа нэг гомдол санал байхгүй болно” гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Б.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Алаг адуут овогт Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ