| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2508036121968 |
| Дугаар | 2026/ДШМ/80 |
| Огноо | 2026-01-20 |
| Зүйл хэсэг | 20.15.1., |
| Улсын яллагч | С.Батгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2026/ДШМ/80
2026 01 20 2026/ДШМ/80
М.А-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Батгэрэл,
насанд хүрээгүй хохирогч Г.Г-н хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн,
яллагдагч М.А, түүний өмгөөлөгч Э.Буяндэлгэр,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/6582 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Батгэрэлийн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаар эсэргүүцлийг үндэслэн М.А-д холбогдох эрүүгийн 2508036121968 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
............ овгийн ...-ы А, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .... төрсөн, .. настай, э..эгтэй, ..... боловсролтой, ..... мэргэжилтэй, ............ эрхэлдэг, ам бүл .., ....-ийн хамт .................тоотод оршин суух, /РД: .............../,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэн хянан харгалзсан.
Яллагдагч М.А нь 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр .... дүүргийн .. дугаар хороо, .... тоот хашаанд орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 7 настай Г.Г-г нохой нь хазаж баруун хацар, баруун нүдний зовхи, зүүн шанаа, баруун мөр, зүүн бугалагт хазагдсан шарх бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.А-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Хэрэгт авагдсан мөрдөгчийн тогтоолд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний эмээ Б.Б-ыг тогтоон мэдүүлэг авсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, мөн хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг” гэж хуульчилжээ. Тодруулбал, бага насны хохирогч Г.Г-н хууль ёсны төлөөлөгчөөр хүүхдийн эцэг, эхийг тогтоох ажиллагаа мөрдөн байцаалтын явцад огт хийгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний эмээ Б.Б бус эцэг, эхийн аль нэгийг тогтоохоор байхад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг хуулийн дагуу зөв тогтоогоогүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг тогтооно”, мөн хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэж заасныг бодитоор, зөв тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шууд учирсан хохирол, тухайн хохирол учруулснаас үүдэн гарах үр дагаврыг хор уршигт тооцдог бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд бүрэн дүүрэн явуулсны эцэст гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар яллах дүгнэлтэд тодорхой заавал зохино. Иймд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бодитой, зөв тогтоож, түүнд учирсан хохирол, хор уршгийн асуудлыг нэг мөр болгох ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” гэсэн үндэслэлээр яллагдагч М.А-д холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор С.Батгэрэл бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025/ШЗ/6582 дугаартай шүүгчийн захирамжийг хүлээн авах боломжгүй байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэж заасныг бодитоор, зөв тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шууд учирсан хохирол, тухайн хохирол учруулснаас үүдэн гарах үр дагаврыг хор уршигт тооцдог бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд бүрэн дүүрэн явуулсны эцэст гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар яллах дүгнэлтэд тодорхой заавал зохино” гэснийг хүлээн авах боломжгүй. Учир нь хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 361.230 төгрөгийн баримт ирүүлсэн бөгөөд яллагдагч М.А нь 466.200 төгрөг төлсөн, мөн мөрдөгчөөс 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлэхэд 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 09/9052 дугаартай албан тоотоор “...Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1 дэх хэсэгт “Хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх” гэж заасан. Иймд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1 дэх хэсэгт заасныг хангахгүй байх тул шинжилгээ хийж, дүгнэлт гаргах боломжгүй болохыг хүлээн авч танилцана уу” гэсэн хариу ирүүлсэн нь хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан болон 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Улсын дээд шүүхийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын хавсралтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоохоор заагаагүй атал шүүхээс хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг гүйцэтгүүлэхээр заасан нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж тэр тусмаа Шүүхийн шинжилгээний хуулиас давсан дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг тус тус зөрчсөн нь шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болно.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/6582 дугаар шүүгчийн захирамжинд өөрчлөлт оруулж өгнө үү . ...” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Г.Г-н хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын өмгөөлөгч Ч.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие мөрдөн байцаалтын шатнаас өмгөөлөгчөөр оролцож байна. Насан хүрээгүй хохирогчийн эхийг “ирж оролцооч” гэж хэлэхэд ирээгүй, мөрдөгч миний хажууд хүүхдийн төрсний гэрчилгээг авчирч өгөх талаар утсаар ярихад “чадахгүй, би очихгүй, Цагаан даваанд гуанз ажиллуулдаг, тусдаа амьдардаг, надад ямар хамаатай юм” гэж хэлсэн. Насанд хүрээгүй хохирогчийн эцэг хорих ял эдэлж байгаа. Насанд хүрээгүй хохирогч эмээ дээрээ багаасаа өссөн. Эх нь хүүхдүүдээ болон эцгийг нь очиж эргэдэггүй хүн. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжээч томилсон боловч боломжгүй гэдэг хариу ирсэн. Өсөж яваа хүүхэд учраас тодорхой хугацаа өнгөрсний дараа эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Г.Г-н хууль ёсны төлөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Г над дээр 1 ой, 5 сартай байхдаа ирж, миний асрамжинд байдаг. Одоо нохой, шувуунаас айдаг, орондоо шээдэг болсон, баруун талын хацар нь бүхэлдээ оёдолтой, сорвины тос түрхэж байгаа боловч бүдгэрсэн зүйлгүй байна. Эмнэлэгт 7 хоног хэвтэж, шинжээч хүндэвтэр гэмтэл учирсан гэж дүгнэсэн. Яагаад сэтгэл санааны хохирлыг тогтоохгүй гээд байгааг гайхаж байна. Аргаа барахдаа лазер эмчилгээнд орох талаар судалж байна. ...” гэв.
Яллагдагч М.А-ы өмгөөлөгч Э.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагдагч хохирол төлбөрийг төлж байгаа. Хохирогч талаас лазер эмчилгээнд орох талаар хэлсэн учраас “лазер эмчилгээндээ орж байгаарай” гээд 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 700.000 төгрөг шилжүүлсэн. Энэ баримтыг надад сая өгсөн учраас хэрэгт хавсаргаж чадсангүй. Энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс тодруулахад болох байх. Анхан шатны шүүх сэтгэцэд учирсан гэм хор, хохирлыг барагдуулахад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоож, томилох шаардлагатай гэж үзсэн. Прокурор, хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хэлсэн шиг эх нь хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол хүүхдийн эрх ашигт хэрхэн хэрэгжүүлэх вэ, бидний зүгээс одоо тогтоогдчихсон байгаа хууль ёсны төлөөлөгч байхад татгалзах зүйлгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоож, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох гэж байгаа. Хохирсон хүүхдийн сэтгэцэд шинжилгээ хийх учраас эмээ нь байхад боломжгүй зүйл байхгүй гэж үзэж байна. Шүүх шинжилгээний тухай хууль, Улсын Дээд шүүхийн тогтоол, журамд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, шинжилгээ хийх зохицуулалт байхгүй. Бидний зүгээс шинжилгээ хийх зохицуулалт байхгүй гэдэг үндэслэлээр сэтгэцэд учирсан хохирлыг барагдуулахгүй гэж хэлээгүй. Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж болно. Урьдчилан эмчилгээнд зарцуулах мөнгийг төлж байгаа. ...” гэв.
Яллагдагч М.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч нохойнд уруулсан цагаас эмчилгээний төлбөрийг төлсөн, галзуугийн вакцин тариулсан. Өөр тайлбаргүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх М.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг бүхэлд нь хянахад, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул “шүүгчийн захирамжинд өөрчлөлт оруулах” тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас М.А-ыг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ............ дүүргийн ... дугаар хороо, ..... тоот хашаанд орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 7 настай Г.Г-г нохой нь хазаж баруун хацар, баруун нүдний зовхи, зүүн шанаа, баруун мөр, зүүн бугалагт хазагдсан шарх бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шүүгчийн захирамждаа нэг бүрчлэн тодорхой үндэслэлүүдээр дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заажээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд “Хуулийн нэр томьёоны тодорхойлолт”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “гэр бүлийн гишүүн” гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасныг хэлнэ гэж тодорхойлжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “Гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг;
3.1.5 дахь хэсэгт “Төрлийн хүн” гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг ойлгоно гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй хохирогч Г.Г-н хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих этгээд нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт заасны дагуу төрсөн эсхүл үрчлэн авсан эцэг, төрсөн, үрчлэн авсан ах, эгч ... гэх мэт дараалалтай байх бөгөөд энэ талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шалгасан, тодруулсан зүйл хавтаст хэрэгт байхгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Нөгөөтэйгүүр, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09/9052 тоот “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1 дэх хэсэгт заасныг хангахгүй, дүгнэлт гаргах боломжгүй” албан бичиг хавтаст хэргийн /хх 47/ талд авагдсан хэдий ч насанд хүрээгүй хохирогч Г.Г-н сэтгэхүйд ямар хохирол учирсныг тогтоох буюу сэтгэл зүйн ямар хямралд орсон, ямар стресс, айдас, түгшүүртэй нөхцөлд орсон талаар тогтоосон баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/6582 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Батгэрэлийн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Яллагдагч М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР