| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0259/э |
| Дугаар | 557 |
| Огноо | 2018-07-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Р.Батнасан, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 557
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;
улсын яллагч: Р.Батнасан;
шүүгдэгч: П.С (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.С-д холбогдох эрүүгийн 1709012470201А дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Булган аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сувилахуйн арга зүйч мэргэжилтэй, “Аэр маркет” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хороолол, Москва гудамж 38 дугаар байрны 03 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 42А байрны 51 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ГЮ87101832 регистерийн дугаартай, Цамбагарав овогт П.С.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч П.С нь 2017 оны 09 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42А байрны гадна иргэн Т.Намнансүрэнг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.С мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Намнансүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 93-94/, П.Сгийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15, 100-101/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №11346 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20/, П.Сгийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 29-30, 45-65/, хохирогч Т.Намнансүрэнгийн хүсэлт /хх-ийн 115/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.С нь 2017 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 42А байрны гадна “үеийн юм байж ах зан гаргаж ихэрхэж харьцлаа” гэж Т.Намнансүрэнг зодож, түүнийг хүндэвтэр гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдов.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:
хохирогч Т.Намнансүрэнгийн /хх-ийн 93-94/: “...2017 оны 09 дүгээр сарын 02-ны орой 22-23 цагийн үед 11 дүгээр хорооллын “Таны дэлгүүр”-ийн доод талын караокед орсон…Текен дээр сууж байтал үл таних нэг залуутай танилцсан…Бид 2 архи уунгаа танилцаад хоорондоо юм ярьсан…Бид 2 караокенээс гараад 2 дугаар сургууль руу чиглэж явсан…2 дугаар сургуулийн урд талын ягаан байрны гадна ирээд нөгөө залуу “манайх энд байдаг” гэж ярьсан…Бид 2 байрны гадаа тамхи татаж байгаад гэнэт маргалдаж эхэлсэн ба надтай танилцсан залуу шууд намайг зодож цохиж эхэлсэн…” гэх мэдүүлгээр,
П.С-гийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 15, 100-101/: ”…Т.Намнансүрэнтэй ярилцаж “манайх энэ байрны 12 дугаар давхарт байдаг юм. Танайх энэ байранд байдаг уу” гэхэд “үгүй манай ахынх байдаг” гэж хэлсэн. Бид 2 ярилцаж байгаад гадаа гарч тамхи татахаар болж, орцны урд гарч тамхи татаад зэргэлдээх байрны сандал дээр очиж суусан. Сандал дээр сууж хоорондоо амьдрал ярьж байтал “чи хэдэн оных юм“ гэж надаас асуусан. “1987 онд төрсөн” гэтэл “чи муу мангар бацаан юм байна, зайл” гэхээр нь гайхаад тоглож байна гэж бодсон…Над руу дайраад байхаар нь түлхсэн, гэтэл нөгөө залуу өнхөрч унасан…тэгээд бид 2 хэсэг зууралдаж зогссон…” гэх мэдүүлгээр,
П.С-гийн буруутай үйлдлийн улмаас Т.Намнансүрэнгийн биед “тархи доргилт, зүүн хацар ясны нумны хугарал, баруун бугалга, баруун шуу, зүүн тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шууны цус хуралт, баруун зүүн өвдөгний зуогаралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №11346 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон ,хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө шүүгдэгч П.С нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 42А байрны гадна “үеийн юм байж ах зан гаргаж ихэрхэж харьцлаа” гэж Т.Намнансүрэнг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж шүүх дүгнэв.
Ийнхүү хохирогчийг зодож, бие махбодийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан П.С-гийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Сгийн “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Т.Намнансүрэн “…П.С-тэй тохиролцож эвлэрсэн, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд П.С-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Цамбагарав овогт П.С-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ