Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 211/МА2022/00012

 

 

 

 

 

 

                           

 

 

 

 

 

 

          МА ХХК-ийн нэхэмжлэлтэй

          иргэний хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 129/ШШ2022/00153 дугаар шийдвэртэй

МА ХХК-ийн нэхэмжлэлтэй

АЦГ-т холбогдох

2.380.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

МА ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч МА ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: МА ХХК-ийн аудитор, хөрөнгийн үнэлгээчин А.Б миний бие аймгийн цагдаагийн хэлтсийн эрх бүхий мөрдөгч нарын шийдвэрээр эд хөрөнгийн үнэлгээ гаргах шинжээчээр томилогдон, шинжээчийн дүгнэлтийг хугацаанд нь гарган ажиллаж ирлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, МУ-ын Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын дагуу шинжээчид олгох ажлын хөлсний асуудал шийдвэрлэгдэхгүй олон сараар хойшлогдож ирсэн тул ажлын хөлснөөс төлөгдөөгүй байгаа юм. Шинжээч нь АЦГ-ын мөрдөгч нарын бичсэн тогтоолын дагуу шинжээчийн дүгнэлт гаргадаг. Шинжээч дураараа ямар нэгэн асуудлаар дүгнэлт гаргах ёсгүй. 2020, 2021 оны шинжээчийн ажлын хөлсөө нэхэмжилж цагдаагийн байгууллагад удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч биелэгдэхгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай танилцахад цагдаагийн байгууллагаас ирсэн бичиг дээр зарим баримтуудыг нь байхгүй гэж хэлээд буцаасан байна. Прокурор нь бас зарим баримтууд байхгүй гэсэн байна. Би нарийн сайн танилцаж үзлээ. Миний бичсэн шинжээчийн дүгнэлттэй холбогдох хууль хяналтын байгууллагын баримт яагаад алга болчихдог юм бол гэсэн бодол надад төрж байна. Би дураараа ямар нэгэн байдлаар шинжээчийн дүгнэлт гаргахгүй. Эрх бүхий мөрдөгчийн бичсэн тогтоолын дагуу дүгнэлт гаргана. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байдаг. Дураараа дүгнэлт гаргана гэсэн ойлголт байхгүй. Иймд 2.380.000 төгрөгийг АЦГ-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг үзэхэд мөрдөгчийн тогтоолгүй шинжээчийн дүгнэлт, шинжээчийн гарын үсэггүй шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт дээр гарын үсэг, дугаар, огноо байхгүй байна. Мөн мөрдөгч нарын төлсөн байж болзошгүй баримтууд орж ирсэн байж магадгүй байна  гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 129/ШШ2022/00153 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2-т заасныг баримтлан хариуцагч АЦГ-аас шинжээчийн ажлын хөлс 1.250.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МА ХХК-д олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас 1.130.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 53.030 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч АЦГ-аас улсын тэмдэгтийн хураамж 34.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

                 

Нэхэмжлэгч МА ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 129/ШШ2022/00153 дугаартай шийдвэртэй танилцаад эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ зарим нотлох баримтыг дутуу үнэлсэн, огт үнэлээгүй, холбогдох баримтыг үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад заасан зохицуулалтыг хэрэглээгүй, мөн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нэхэмжлэгчийн зүгээс бүрдүүлэх боломжгүй баримтыг бүрдүүлэх процессын ажиллагааг дутуу, нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагаанд тухайн баримтыг гаргаж өгөх үүрэг бүхий этгээдээс тодорхой бус, тухайн нотлох баримтын талаар ойлгомжгүй нөхцөлийг бий болгосон байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан талуудын оролцоог бүрэн хангаагүй, мэтгэлцэх, нотлох баримтад тулгуурлан тайлбар өгөх боломжийг бүрдүүлээгүй процессын алдаа гаргажээ.

Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан хүсэлтийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129/ШЗ2021/03428 дугаартай захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулах, улмаар захирамжид заасан шинжээчийн дүгнэлтүүдийг АЦГ-аас гаргуулахыг, тус захирамжид 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШЗ2021/03796 дугаартай захирамжид өөрчлөлт оруулах тухай захирамжаар өөрчлөлт оруулж дээрх баримтыг Архангай аймгийн Прокурорын газраас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дотор гаргуулахыг даалгаж захирамж гаргасан.

АЦГ-аас захирамжид заасан баримтууд тухайн газарт байхгүй талаар тус газрын 27/6076 дугаартай албан бичгээр мэдэгдсэний дагуу шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулахдаа Архангай аймгийн Прокурорын газраас гаргуулахаар гэж өөрчилж, улмаар тус захирамжид Прокурорын газраас хариу өгөхдөө “...бусад хэргүүд нь аймгийн Прокурорын газарт хадгалагдаагүй болохыг мэдэгдэж байна” гэж хариу ирүүлсэн нь тухайн байгууллагад тухайн баримт байхгүй байгаа шалтгаан нөхцөлийг, мөн тухайн баримт хаана байгаа эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй, нэхэмжлэгчийн зүгээс тухайн баримтыг хаанаас авах эсэх нь тодорхойлох боломжгүй нөхцөл үүссэн байхад шүүхээс уг нөхцөлийг огт харгалзан үзээгүй, мөн дээрх тодорхойгүй байдлыг арилгах, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хангалтгүй буюу захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Гэтэл тухайн гаргуулж авч чадаагүй нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрт дурдсан, үнэлээгүй гэж дүгнэсэн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №107, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №148 дугаартай шинжээчийн дүгнэлттэй холбоотой бөгөөд тэдгээрийг нотлох гол нотлох баримт байсан болно. Нэхэмжлэгчийн хувьд гол маргаан бүхий дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хэрэгт авагдсан баримтуудаас гаргуулах зайлшгүй шаардлагатай буюу өөрт байхгүй баримтыг гаргуулах зорилготой, шинжээчийн дүгнэлт гаргасан гэдгээ бүрэн нотлох гол нотлох баримт байхад шүүхээс дээр дурдсанчлан гарган өгөх үүрэг бүхий этгээд нь “байхгүй, хадгалагдаагүй” гэсэн агуулгаар, түүнчлэн “мөрдөгчийн тогтоол нь мөрдөгчийн гарын үсэггүй”, “шинжээчийн дүгнэлт засвартай” гэж дүгнэсэн нь нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломжгүй нөхцөлийг огт харгалзан үзээгүй хууль ёсны бус шийдвэр гаргажээ. Мөн хэрэгт дээр дурдсан “мөрдөгчийн тогтоол гарын үсэггүй боловч мөрдөгчийн тогтоол” байсан нь тухайн мөрдөгч тогтоол үйлдсэн, шинжээчид өгсөн нь тодорхой үйл баримттай байхад тухайн тогтоолыг “мөрдөгчийн гарын үсэггүй учраас үнэлэхгүй” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй, мөн шийдвэрт дурдсан журмаар журамлаагүй процессын зохицуулалтыг хэрэглэсэн нь ойлгомжгүй дүгнэлт болжээ.

Иймд дээрх дурдсан нөхцөл байдал, нотлох баримтыг бүрдүүлэх процессын алдаатай ажиллагаа, үүний улмаас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломжийг бүрдүүлээгүй, захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 129/ШШ2022/00153 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий  байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч “МА” ХХК хариуцагч АЦГ-т холбогдуулан, шинжээчийн ажлын хөлс 2.380.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, нэхэмжлэлд 143, 148, 171, 28, 21, 39, 195, 107, 196, 140, 141, 37, 82, 93, 179, 29, 34, 47, 48, 49, 51, 66, 68, 69, 72, 73, 96, 97, 237, 239, 240, 241, 245, 246, 250, 251, 252, 151 дугаарын шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн дүгнэлтэд тооцсон төлбөрийн жагсаалт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна.

АЦГ-ын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 27/4970 дугаарын албан бичгээр “МА” ХХК-ийн нэхэмжлэлийн  хариуцагчаар тус цагдаагийн газрын ахлах нягтлан бодогч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ж-ийг хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хариуцагчийн эрх, үүргийг бүрэн эдлүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар томилжээ. /1-р хх-ийн 146/

Үүний дагуу шүүх 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч Г.Ж-т нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг тайлбарлан, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан байна. /1-р хх-ийн 139-143/

Гэтэл хариуцагч тал итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзаагүй байхад АЦГ-ын даргын  2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан хариу тайлбарыг шүүх хүлээн авч,  тайлбарыг нэхэмжлэгчид танилцуулж, мөн АЦГ-ын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 27/427 дугаарын албан бичгийг үндэслэн шүүх хуралдааныг  2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 515 дугаарын шүүгчийн захирамжаар хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хуульд заасан журмыг зөрчжээ. /1-р хх-ийн147,148, 233, 236-237/

Мөн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 3428 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасныг баримтлан хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг АЦГ-аас гаргуулахаар шүүх хуралдааныг  хойшлуулсан байна. /1-р хх-ийн 173-174/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр заасан.

Түүнчлэн шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т тусгагдсан хэдий ч энэ нь шүүх хуралдааны мэтгэлцээний явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж байгаа нь зохигчдод шаардлагатай нотлох баримтыг гаргах, цуглуулах, бүрдүүлэх боломж олгож буй зохицуулалт болохоос энэ заалтыг баримтлан шүүх санаачилгаараа нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж байгаа нь үндэслэлгүй юм.

Шүүх нэгэнт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасныг баримтлан нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн бол энэ ажиллагааг гүйцэд явуулах шаардлагатай.

АЦГ-ын 2021 оны 12 сарын 17-ны өдрийн 27/6076 дугаар албан бичгийг үндэслэн 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 3796 дугаар шүүгчийн захирамжаар 2021 оны 12 сарын 01-ний өдрийн 3428 дугаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, Архангай аймгийн Прокурорын газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд  Архангай аймгийн Прокурорын газар 20120007700051, 171220001470066, 191200600 дугаартай хэргүүдээс шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтийг хуулбарлан ирүүлж, 231, 555, 191200206 дугаартай хэргүүдэд шинжээчийн дүгнэлтгүй, бусад хэргүүд нь манай аймгийн Прокурорын газарт хадгалагдаагүй талаар хариу өгч /1-р хх-ийн 182-224/, шүүгчийн захирамжид заасан ажиллагаа гүйцэд хийгдээгүй, тодруулбал нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэжээ.

Энэ талаар гаргасан нэхэмжлэгч МА ХХК-ийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж байгаа тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.030 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 129/ШШ2022/00153 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Нэхэмжлэгч МА ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.030 /тавин гурван мянга гуч/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Т.ДАВААСҮРЭН

            ШҮҮГЧИД                                           В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                     Л.НЯМДОРЖ