| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 192/2025/04382/И |
| Дугаар | 192/ШШ2026/00115 |
| Огноо | 2025-12-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2026/00115
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.З даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Ч ХХК, Хариуцагч: Ш.Б, 8,524,263,013.62 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М, түүний өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Н.М нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Ч ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр .... дугаартай зээлийн гэрээ байгуулж А ХХК-д 3,000,000,000 төгрөгийн, 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээл олгосон юм. Мөн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дээрх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж .... дугаартай гэрээ байгуулж нэмж 1,000,000,000 төгрөгийн зээлийг олгож нийт 4,000,000,000 төгрөгийн зээлийг олгосон. Уг компани нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн тооцоо хийхэд үндсэн зээлийг төлөөгүй, үндсэн хүүнд 1,260,986,301.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 65,638,356.16 төгрөг нийт 1,326,624,657.52 төгрөг төлсөн байна. Тооцоо нийлсэн өдрийн байдлаар үндсэн зээл 4,000,000,000 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 3,850,520,547.88 төгрөг нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 621,665,753.42 төгрөг нийт 8,472,186,301.30 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг баталгаажуулж ...... дугаартай зээлийн гэрээний нэмэлт гэрээг байгуулсан. Энэхүү нэмэлт гэрээгээр уг зээлийг 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төлж дуусгахаар тохиролцсон. Дээрх 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр нэмэлт гэрээг байгуулж, тооцоо нийлсний дараа А ХХК-иас уг зээлийг компанийн үйл ажиллагаанд зарцуулаагүй Ч ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ш.Б авч өөрийн бизнесийн үйл ажиллагаанд зарцуулсан талаар мэдэгдэж, үүнийг Ш.Б хүлээн зөвшөөрч тухай өдрөө Өр шилжүүлэх гэрээг байгуулсан ба энэхүү гэрээгээр А ХХК-ийн ..... банкинд төлөх зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үүргийг бүхэлд нь Ш.Б 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төлж дуусгахаар үүрэг хүлээсэн юм. Зээлийг Ш.Б авч өөрийн бизнесийн үйл ажиллагаанд зарцуулсан талаарх албан бичгийг А ХХК-иас 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр баталгаажуулж албан бичгээр ирүүлсэн болно. Гэвч Ш.Б нь гэрээний үүргээ биелүүлээгүй, гүйцэтгэх ёстой үүрэг нь 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4,000,000,000 зээлийн хүү 3,893,917,808.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 630,345,205.46 төгрөг нийт 8,524,263,013.62 төгрөг болж байна. Энэхүү нэхэмжлэлийг ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргаж, шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай захирамжаар хэрэг үүсгэсэн боловч хариуцагч Ш.Б нь хаягтаа байхгүй үндэслэлээр 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ........ дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд ..... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаснаар 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ....... дугаартай шүүхийн шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлахыг .... дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэнээр эрэн сурвалжлах ажлыг явуулж Ш.Б ...... дүүргийн .... дүгээр хороо ...... тоот хаягт оршин сууж байгааг тогтоосон байна. Иймд иргэн Ш.Б 8,524,263,013.62 төгрөг төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ. 2. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өр шилжүүлэх хэлцлийн талаар би анхны шүүх хуралдаан дээр хэлж байсан. Ш.Б гэдэг хүн энэ компанийн эцсийн өмчлөгч буюу 31.2 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй явдаг.Тэгэхээр компани өөрөө өөрийнхөө эцсийн өмчлөгчөөс гүйцэтгэх захирал нь нэхэмжлэл гаргаж байгаа ийм маргаан явж байгаа. Гүйцэтгэх удирдлага байгууллагаасаа буюу өөрийнхөө хувьцаа эзэмшдэг компаниасаа зээл авахдаа хэрхэн ямар журмаар явах юм бэ гэдэг нь төлөөлөн удирдах зөвлөл болон “Ч” ХХК-ийн дүрмээр маш тодорхой боловч энэ дүрэм журмаар явагдаагүй хэлцэл. Хоёрдугаарт “Ч” ХХК-ийн үйл ажиллагаа буюу мөнгөн зээлийн үйл ажиллагааны тасалдал үүсээд 10 гаруй жилийн нүүр үзэж байгаа. Гэвч хэрэгт авагдсан баримтаар .... банкнаас ирүүлэхдээ тусгай зөвшөөрөлтэй мэтээр ойлгогдохоор ирүүлсэн. Энэ шаардлагын хүрээнд ч гэсэн хариуцагчийн өмгөөлөгч бас хүсэлтээ гаргасан бодит байдал дээр “Ч” ХХК нь ямар нэгэн байдлаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй, үүнээс гадна тодорхой төрлийн хэлцлүүдийг хэрхэн хийх, хэрхэн хийхгүй байх нь Банкны тухай хуулиараа болон тусгай зөвшөөрлийн журмаараа тодорхойлон заагаад өгчихсөн боловч зөвшөөрөгдөөгүй буюу зөвшөөрөл олгогдоогүй хэлцлүүдийг хэд хэд хийгээд явчихсан. Дээрээс нь Ш.Б захирлыг төлөөлж оролцож байгаа төлөөлөгчийн хувьд өр шилжүүлэх хэлцэлд миний гарын үсэг байгаа учраас би хариуцагчаар татагдаад явж байгаа гэдэг. Хэрэгт байгаа баримтуудыг үзэхээр “А ХХК-ийн данс руу 4,000,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт байхгүй. Харин “А” ХХК-с нэмэлт хэлцэл дээр гарын үсэг зураад байгаа нь өөрөө дан ганц нотлох баримтын шаардлага хангахгүй. Өөрөөр хэлбэл хэрвээ “А” гэдэг компани мөнгө авсан юм бол авсан зээлийн төлбөр нь гүйлгээний хуулга дээрээс нь авснаа хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн гарын үсэг, холбогдох баримт бичгүүдээр тогтоогдох болон дан ганц хариуцагчийн баримт бичгээр яваад байгаа. “А” ХХК-тай Ш.Б захирал ямар нэгэн байдлаар холбоо хамааралгүй байгаа учраас бидэнд энэ талаарх мэдээллийг гаргаж авах боломж байгаагүй. Тийм учраас шүүх нотлогдвол зохих нотлох баримт баримтын хүрээнд “А” ХХК руу шилжүүлсэн баримт нь бодитоор байгаа эсэх дээр нотлох баримт шинжлэн судлах явцад тодорхой болох байх. Зээлийн гэрээний шинж нь өөрөө бодит шинжийг агуулна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд бодитоор мөнгөн төлбөр шилжсэнээр зээлийн гэрээ байгуулагдсан байх нөхцөлийг хангах ёстой. Мөн түүнчлэн асуулт хариултын шатад мөн тодорхойлогдох нэг зүйл бол “Ч” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байгаа юу, үгүй юу? Үүнээс үүдэн талуудын хооронд байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчиж хийсэн хэлцэлтэй адил хамаардаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байна.” гэжээ. 3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ч ХХК-ийн дүрэм, итгэмжлэл, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн .... дугаар гэрээ, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ..... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, А ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн .... дугаар албан бичиг, зээлийн хүсэлт, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн .... дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт-1, хавсралт, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн .... зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-2, хавсралт, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн .... дугаар зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-2, хавсралт, иргэний үнэмлэхийн лавлагаа, А ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 20240802 дугаар албан бичиг, 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн .... дугаар албан бичиг, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дугаартай өр шилжүүлэх гэрээ, А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, овог нэр өөрчилсөн тухай лавлагаа, Ч ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаар албан шаардлага, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, А ХХК-ийн зээлийн дансны хуулга, ... дүүргийн Цагдаагийн газрын ... хэлтсийн албан бичиг, банкны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гэрчилгээний хавсралт, ... банкны 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн .... дугаар албан бичиг, Ч ХХК-ийн ТУЗ-ын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн .... дугаар тогтоол, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр ... банкнаас Ч ХХК-д зөвшөөрөл олгосон тушаалын хуулбарыг гаргуулжээ. ҮНДЭСЛЭХ нь: 4. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. 5. Нэхэмжлэгч Ч ХХК нь хариуцагч Ш.Б холбогдуулан шилжүүлэн авсан өр 8,524,263,013.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, мөнгө аваагүй, Ш.Б өөрөө банкны өмчлөгч, гүйцэтгэх захирал хувьцаа эзэмшигчээс шаардах эрхгүй, банк тусгай зөвшөөрлийн журмаараа зөвшөөрөл олгогдоогүй хэлцэл хийгдсэн, нэмэлт хэлцэл дээр гарын үсэг зурсан нь нотлох баримтын шаардлага хангахгүй, Ш.Б одоогоор А ХХК-тай холбоогүй байгаа, зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй банк байгаа гэж маргажээ. 6. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Нэхэмжлэгчээс 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 21 дугаартай банкны зөвшөөрлийн гэрчилгээг гаргасан бөгөөд банканд зээл, төлбөр тооцоо, гадаад валют худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах, үнэт зүйл хадгалах, хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөмж, мэдээлэл өгөх зөвшөөрлийг олгожээ. Мөн .... банкны 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн .... дугаар албан бичгийн хавсралтаар эдгээр зөвшөөрлийг баталгаажуулан ирүүлснээс гадна Монгол банкны 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн .... дугаар албан бичгээр зөвшөөрөл хүчин төгөлдөр байгааг дурджээ. /хэргийн 102-107, 119-125/ Нэхэмжлэгч Ч ХХК нь А ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ... дугаартай зээлийн гэрээ байгуулж, 3,000,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн бол 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн .... дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр дээрх нөхцөлөөр 1,000,000,000 төгрөг нэмж зээлдүүлжээ. /хэргийн 15-24/ А ХХК-ийн зээлийн дансны хуулгаар Ч ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000,000 төгрөг шилжүүлсэн, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хэргийн 41-43 тал/ Дээрх зээлийн гэрээнд 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ... дугаартай гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулан төлбөр төлөх хугацааг сунгасан бол 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн .... дугаар нэмэлт өөрчлөлийн гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгаж, төлбөр төлөх хуваарийг баталгаажуулжээ. /хэргийн 25-28 тал/ А ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 20240802 дугаар албан бичгээр тус зээлийн мөнгөн хөрөнгийг Ч ТУЗ-ын гишүүн Ш.Б нь өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулсан талаар мэдэгджээ. /хэргийн 31 тал/ Ш.Б нь Ч ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн .... тоот гэрээ болон түүний нэмэлт өөрчлөлт гэрээнүүдийн үүрэгт үндсэн зээл 4,000,000,000 төгрөг, зээлийн хүү 3,850,520,547.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 621,665,753.42, нийт 8,472,186,301.30 төгрөгийн өрийг шилжүүлэн авсан болох нь 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дугаартай өр шилжүүлэх гэрээгээр тогтоогдож байна. /хэргийн 32 тал/ 7. Нэхэмжлэгч Ч ХХК нь А ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ... дугаартай зээлийн гэрээ байгуулж, 3,000,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр дээрх нөхцөлөөр 1,000,000,000 төгрөг нэмж шилжүүлсэн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” заасан зээлийн гэрээ Ч ХХК болон А ХХК нарын хооронд байгуулагджээ. Нэхэмжлэгч банкны зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй болжээ. 8. Зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг ба энэ гэрээгээр зээлдүүлэгч 4,000,000,000 төгрөг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байна. Бусдаас зээл авсан бол буцаан төлөх зарчим зээлийн гэрээний харилцаанд оршдог. Хариуцагч гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардахад хариуцагч Ш.Б нь А ХХК-ийн 8,472,186,301.30 төгрөгийн өрийг шилжүүлэн авчээ.
9. Ийнхүү А ХХК-ийн 8,472,186,301.30 төгрөгийн өрийг Ш.Б шилжүүлэн авахыг үүрэг гүйцэтгүүлэгч Ч ХХК хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ” зааснаар өр хүчин төгөлдөр шилжсэн гэж үзнэ.
Хариуцагч Ш.Б нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт “Шаардах эрх эзэмшигч, өмнөх үүрэг гүйцэтгэгчийн хоорондын харилцаанаас бий болох бүхий л хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгэгч шаардах эрх эзэмшигчид тавих эрхтэй.” заасан шаардлагыг гаргах эрхтэй бөгөөд А ХХК-д олгосон зээлээс өөрөө аваагүй, одоо А ХХК-тай холбоогүй байгаа талаарх татгалзал нь үндэслэл муутай байна. Мөн Ш.Б нь Ч банкны хувьцаа эзэмшигч гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд хувьцаа эзэмшигч нь өөрийн хувьцааны хэмжээгээр компанийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд саналыг эрхтэй оролцохоос бус компанийн хөрөнгийн өмчлөгч гэж үзэхгүй. Түүнчлэн Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.”, 83.8 дахь хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.” 87 дугаар зүйлийн 87.1.1-д “хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл /компанийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаатай холбогдсон хэлцэл үүнд хамаарахгүй/” тус тус зааснаар Ч ХХК-ийн гүйцэтгэх захирлын зүгээс банкны өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой зээлийн гэрээ байгуулж, түүний өрийг шилжүүлэхийг зөвшөөрч, шаардлага гаргасныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. 10. Иймээс Ч ХХК болон А ХХК нарын хооронд зээлийн гэрээний дагуу үүссэн 8,472,186,301.30 төгрөгийн өрийг Ш.Б шилжүүлэн авахдаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгч өрийг шаардах эрхтэй болжээ. Гэхдээ өрийг л шилжүүлэхээр тохиролцсон тул нэмэлт үүрэгт 52,076,712.32 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,862,115 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б 42,518,881 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Б 8,472,186,301.30 төгрөг гаргуулан Ч ХХК-д олгож, үлдэх 52,076,712.32 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,862,115 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б 42,518,881 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.З
|