| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 192/2025/03559/И |
| Дугаар | 192/ШШ2026/00022 |
| Огноо | 2025-12-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2026/00022
| 2025 12 22 | 192/ШШ2026/00022 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.З даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.А,
Хариуцагч: С ХХК,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: П.М,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах, алданги 96,817,000 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.А, түүний өмгөөлөгч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Ц.Ч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “П.А миний бие 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр С ХХК-тай Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээг байгуулж тус компанийн барьж байгаа 3 өрөө орон сууц, 2 өрөө орон сууцыг захиалсан болно. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар орон сууцнуудыг 2023 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Уг орон сууцны захиалгын гэрээг С ХХК-тай байгуулахад Х ХХК нь тус хариуцагчтай гэрээгээр хамтран ажиллаж байсан бөгөөд дээрх орон сууцнуудыг ажлын төлбөрт авсан гэх тайлбарыг Х ХХК-ийн захирал Э.Б нь танилцуулж Х ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 22/96 тоот албан бичгийг үндэслэн С ХХК-тай гэрээ байгуулсан болно. Мөн С ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ... тоот албан бичгээр 3 өрөө орон сууц, 2 өрөө орон сууцуудыг Х ХХК-д бартерийн төлбөрт олгосон бөгөөд төлбөр тооцоо бүрэн дууссан болохыг баталгаажуулсан. Ийнхүү С ХХК нь Х ХХК-тай төлбөр тооцоо дууссан гэснийг үндэслэн төлбөрийг төлсөн. Дээрх албан тоот болон захиралуудын төлбөр тооцоо дууссан гэх тайлбарыг үндэслэн орон сууц захиалгын 2 гэрээг С ХХК-тай байгуулж, бартерийн байрны төлбөрийг 1 м.кв тутамд 1,400,000 төгрөг байхаар тохиролцож 100 хувь шилжүүлэн өгсөн болно. 2 орон сууцыг худалдан авах нийт дүн нь 193,634,000 төгрөг болно. Үүнээс хойш С ХХК нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар орон сууцнуудыг 2023 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж хүлээлгэн өгнө гэсэн үүргээ зөрчин өнөөдрийг хүрсэн бөгөөд 2025 оны 1 дүгээр улиралд Улсын комисст хүлээлгэн өгч айлууд байрандаа орж эхэлсэн болно. Гэрээний дагуу захиалсан орон сууцаа хүлээн авч орох, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах авах гэсэн боловч С ХХК нь надад тухайн 2 орон сууцыг өгөхгүй гэх тайлбарыг хэлж гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Мөн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар орон сууцнуудыг 2023 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулна гэж тохиролцсоноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 650 хоног хэтрээд байна. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.13-д байрыг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй тохиолдолд 0,1 хувиар тооцож алдангийг надад төлөхөөр тохиролцсон. Уг алдангийн хэмжээ нь хуульд заасан 50 хувиас хэтрэхгүй гэсэн зохицуулалтыг үндэслэн тооцоход 2 орон сууцанд ногдох алдангийн хэмжээ нь 96,817,000 төгрөг болно. Нийт нэхэмжлэлийн үнийн дүн 290,451,000 төгрөг болно. 3 өрөө орон сууц, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүйн алдангид 96,817,000 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2022 оны 5 дугаар сарын12-ны өдөр хар шалны ажил гүйцэтгэх гэрээ, 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр фасадны ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулан .... хотхоны С3 блок дээр ажил хийлгүүлсэн. Ажлын төлбөрт баригдаж буй орон сууцаас 10 ширхэг орон сууц өгөхөөр болж нэг бүрчлэн орон сууц захиалан бариулах гэрээ хийсэн. Ингээд ажил хийх явцдаа орон сууц захиалан бариулах гэрээг өөр хүмүүсийн нэр дээр шилжүүлж өгөх хүсэлт гаргаж шилжүүлэн авсан байна. Гэвч ажил гүйцэтгэгч тал нь гэрээний заалтыг зөрчиж гэрээнд заасан ажлуудыг бүрэн дуусгалгүй 2023 оны 10 сараас ажлын байрыг орхиж явсан. С ХХК-ийн зүгээс удаа дараа ажлаа хийж дуусгахыг шаардсан боловч хүлээж аваагүй. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээний 3.7-д бартерт авч буй байрыг худалдан авч байгаа тохиолдолд Х ХХК-ийн ажлын гүйцэтгэлийг үндэслэн байрыг олгоно гэж заажээ. Ингээд захиалагч талаас 2023 оны 11 дүгээр сард комисс томилж Х ХХК-ийн ажлын гүйцэтгэлийг шалгаж дутуу ажлуудыг тогтоож комиссын акт үйлдсэн. Бид Х ХХК-ийн ажлыг гүйцэтгэл, ажил дутуу байдлыг үнэлэн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт урдчилсан байдлаар тохирсон орон сууцуудыг захиалан бариулах гэрээний зарим хэсгийг цуцалсан болно. Иймээс П.А гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд төлбөрөө шилжүүлсэн Х ХХК-тай тооцоо нийлэхийг санал болгож байгаа юм. П.А нь С ХХК-д нэг ч төлбөр төлөөгүй. П.А байгуулсан гэрээний 2.6-д захиалагч нь төлбөр гүйцэтгэгчийн .... банкны ....., .....-ны ...... тоот дансуудад шилжүүлэх бөгөөд өөр бусад дансанд шилжүүлэхийг хориглоно гэж тодорхой заасан. Гэрээний 1.3-т орон сууцыг 2023 оны 2 дугаар улиралд багтаан барьж шинэ өмчлөгчид хүлээлгэн өгөх болно гэж заасан. Улсын комисс хүлээж авсны дараа хүлээлгэн өгөх асуудал яригдаж байгаа юм. Дээрх дансанд мөнгө шилжүүлээгүй, С ХХК-д нэг ч төгрөг төлөөгүй учраас алданги төлөх боломжгүй. Дээрх үндэслэлүүдээр П.А нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч П.А нь хариуцагч С ХХК-д холбогдуулан байруудын өмчлөгчөөр тогтоолгох, Улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтуудыг гаргуулж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байх ба энэхүү нэхэмжлэлийг П.М миний бие огт хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнтэй холбоотойгоор дээр дурьдагдсан .... хотхоны С блокын 41.8 мкв талбайтай байрыг иргэн П.М миний бие нь 2025 оны 02 сард өөрийн гэр бүлийнхний хамт очиж үзэн борлуулалтын албатай уулзан худалдан авахаар болсон ба уг байрыг авахдаа өөрийн 2021 онд ашиглалтанд орсон 40.51 мкв орон сууцыг тухайн үеийнх нь ханшаас бага ханшаар яарч сандран зарж борлуулан улмаар өөрийн охин болох А.О 29 сая төгрөгийг зээлэн авч хариуцагч С ХХК-иас орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ №СЗ блок хойд орц 5/F/ тоот гэрээг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулан 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1,2-т заасны дагуу тус компанийн үүсгэн байгуулагч гэх Д.О .... банкны ..... тоот дансанд 100 хувь 154,170,000 төгрөгийг төлж барагдуулан дээрхи гэрээг байгуулан худалдан авсан болно. Үүний дараа тухайн өдрөө байраа хүлээн авч “Байр хүлээлцэх акт"-ыг хийж байраа хүлээн авч өнөөдөр энэхүү байрандаа гэр бүлийн 8 хүн амьдарч байна. Гэтэл 2025 оны 10 сард хариуцагч С ХХК-иас удаа дараагаар ярьж танай худалдан авсан байрны асуудлаар шүүх дээр Х ХХК-ийн буюу туслан гүйцэтгэгч компаниас худалдан авсан П.А гэх иргэн нэхэмжлэл гаргаад яваад байна гэх яриаг сонсож, улмаар миний болон миний гэр бүлийн 100 хувь мөнгөө төлж шударгаар олж аван эзэмшиж буй байранд маань нэхэмжлэл гаргаад байгааг үнэхээрийн хүлээн зөвшөөрч чадахгүй бидний гэр бүлийн 8 хүний хууль ёсны эрх ашиг хөндөгдөж буй тул шүүхэд эрхээ хамгаалж гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээ гаргасан. Нэхэмжлэгч П.А маш их харамсч байгаа бөгөөд 2022 оны 10 сард гэрээ байгуулан бартерийн байр авсанаа хүлээн зөвшөөрч ойлгон гэрээг нь харахад л бартерын байр гэдэг нь илт ойлгомжтой байхад үүнийг эс тоон өнөөдрийг хүртэл ямар ч маргаан гаргаагүй өдий хүрчихээд гэнэт л 2025 оны 4 сард нэхэмжлэл гаргасанг гайхаж байна. Нэхэмжлэгч П.А тус хариуцагч гэх компаниас 2023 оны 10 сард гүйцэтгэгч Х ХХК-ийг ажлаа хийлгүй орхиод явсан тул тухайн компанид олгосон байруудыг цуцлаж байгаагаа мэдэгдсэн ба үүнд нь ч Х ХХК нь гомдол гаргаагүй байдаг. Мөн энэ албан бичгийнхээ хувийг захиалагч нарт ч бас мэдэгдсэн байгааг шүүхэд хариуцагч компаниас гаргаж өгсөн баримтаас харагдаж байна. Гэтэл энэ үед буюу 2023 оны 10 сараас хойш төлбөрөө төлсөн компанитайгаа ямар ч гомдол гаргаагүй, өөрөөр хэлбэл энэхүү асуудлыг огт тоохгүй өдий хүрчихээд, үүнээс хойш 3 жилийн дараа гомдлын шаардлага гаргаж байгааг гайхаж байна. Мөн нэхэмжлэгч П.А байгуулсан гэрээнд хүртэл бартерын байр гэдгийг заасаар Х ХХК ажлаа хийж байхад бартерын байр авчихаад энэхүү гүйцэтгэгч гэх гүйцэтгэж байгаад хяналтаа тавихгүй таг чиг болчихоод өнөөдөр гэнэт гарч ирж бидний худалдан авсан байрны өмчлөгчөөр тогтоолгоно гэж нэхэмжлэл гаргаж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч П.А нь С ХХК-тай гэрээ байгуулсан гэх гэрээндээ хүртэл төлбөрөө хариуцагч С ХХК-ийн гэрээнд заасан дансанд төлөөгүй, Х ХХК гэх компанийн дансанд тушаасан байгааг харж болохоор байна. Ингэчихээд хариуцагчаар С ХХК-ийг тогтоож байгааг гайхаж байна. Угтаан бол хариуцагчаар Х ХХК-ийг тогтоон, тухайн компанийн дансанд шилжүүлсэн төлбөрөө Х ХХК-иас гаргуулан авах нь хуульд нийцэхээр байна гэж жирийн иргэн П.М миний бие үзэж байна. Ийм хариуцлаггүй хэнэггүй иргэн, ААН-ээс болж жирийн шударга иргэд бид хохирох ёсгүй гэж үзэн Монгол Улсын шүүх бидний эрх ашгийг хамгаалж өгнө гэдэгт гүнээ итгэн энэхүү тайлбараа чадан ядан гаргаж байна. Иймд нэхэмжлэгч П.А гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн С3 блок .... орц 5/F/ тоот орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн С3 блок ... орц 7/F/ тоот орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 24 дугаар С ХХК-ийн тооцоо дууссан тухай албан бичиг, П.А хаан банкны дансны хуулга, худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, барилгын зураг, хаягийн баталгаажилт, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, ажил гүйцэтгэлийн хувь хэмжээ тогтоосон акт, С ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 29 дүгээр албан бичиг, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 83 дугаар албан бичиг, 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 4 дугаар албан бичиг, 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаар албан бичиг, Х ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 25/27 дугаар албан бичиг, тус шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 27593 дугаар шүүгчийн захирамж, гуравдагч этгээд П.М 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн С3 блок .... орц 5/F/ тоот орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ, төлбөрийн баримт, мемориалын баримт тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Нийслэлийн хяналт шалгалтын газраас барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, хуралдааны тэмдэглэл, хариуцагчаас С ХХК, Х ХХК нарын 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн С3 блок хойд орц 5 давхар /F/ тоот орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ гаргуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
5. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
6. Нэхэмжлэгч П.А нь 3 өрөө орон сууц болон 2 өрөө орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ байгуулж, худалдан авсан, орон сууцны үнэ төлснийг хариуцагч зөвшөөрч гэрээ байгуулсан тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах, алданги 96,817,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, манай компанид төлбөр төлөөгүй, Х ХХК ажлаа хийгээгүй тул гэрээг цуцалсан гэж маргажээ.
7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
С ХХК болон Х ХХК нар 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр Х ХХК нь ..... блокын дотор тэгшилгээний хар шалны ажлыг 100 хувь материалтай гүйцэтгэх, С ХХК нь нийт 372,450,000 төгрөгт ... блокын 2 орцны байрнаас нийт 133 м.кв талбайг сонгуулж өгөхөөр харилцан тохиролцжээ. /хэргийн 167-172/
Мөн С ХХК болон Х ХХК нар 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр Х ХХК нь .... блокын гадна фасадны ажлыг 100 хувь материалтай гүйцэтгэх, С ХХК нь нийт 1,320,000,000 төгрөгт С3 блокын 2 орцны байрнаас нийт 471.42 м.кв талбайг сонгуулж өгөхөөр харилцан тохиролцжээ. /хэргийн 173-178/
Улмаар дээрх гэрээний дагуу Х ХХК-ийн сонгосон 3 өрөө орон сууц болон 2 өрөө орон сууцны үнийг Х ХХК төлсөн болохыг С ХХК тодорхойлж, орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээг П.А болон С ХХК нар байгуулсан байна. /хэргийн 5-21/
Энэхүү гэрээний дагуу 2 орон сууцыг Х ХХК-ийн бартерт тооцсоноос гадна С ХХК орон сууцны төлбөр тооцоо бүрэн дууссаныг тодорхойлсон тул нэхэмжлэгч П.А Х ХХК-д тохиролцсон 193,634,000 төгрөг шилжүүлжээ. /хэргийн 24-25/
Гэтэл хариуцагч С ХХК нь 2 өрөө орон сууцыг 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээгээр худалдаж, 145,000,000 төгрөгийг Д.О гэх хүний нэрээр гуравдагч этгээд П.М авчээ. /хэргийн 90-95 тал/
Үүнээс гадна С ХХК нь тус шүүхэд 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Х ХХК-д холбогдуулан гаргасан 930,847,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлдээ маргаан бүхий 2 орон сууцны үнийг нэхэмжилсэн болох нь иргэний хэрэг үүсгэсэн захирамж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 64 тал/
8. Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д зааснаар аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно, мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэжээ.
3 өрөө орон сууц болон 2 өрөө орон сууц нь газарт бэхлэгдсэн үл хөдлөх физик шинжээрээ болон амьдрах хэрэгцээг хангах, өмчлөгч, эзэмшигч этгээддээ үр шимээ өгөх хэрэглээний чанартай байдлаараа үл хөдлөх хөрөнгөд тооцогдоно.
9. Нэхэмжлэгч нь 3 өрөө орон сууцны болон 2 өрөө орон сууцыг 193,634,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцсоныг хариуцагч С ХХК нь 387,268,000 төгрөгийн ажлын гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрснөөр баталгаажуулж, Х ХХК-ийн гэрээний үүргийг шилжүүлсэн авсан тул Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Хариуцагч С ХХК орон сууцтай холбоотой гэрээний төлбөрийг төлсөн болохыг баталгаажуулсан бөгөөд Х ХХК төлбөр төлснийг баталсан тул нэхэмжлэгч төлбөр төлөх гэрээний үүргээ биелүүлжээ.
Гэтэл хариуцагч С ХХК нь Х ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаанаа шийдвэрүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа маргаан бүхий 2 орон сууцны үнийг гаргуулахаар шаардсан атлаа төлбөр төлөгдсөн гэж баталгаажуулж, бусдад төлбөр төлөхийг зөвшөөрсний үндсэн дээр өөртэйгээ гэрээ байгуулсан нэхэмжлэгч П.А, Х ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хариуцуулахаар тайлбар гаргасан нь үндэслэлгүй байна.
Үүргийн эрх нь харьцангуй эрх болохын хувьд гэрээний талуудын хооронд эрх, үүрэг үүснэ. Гэрээний аль нэг тал үүргээ гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүйн хариуцлагыг гуравдагч этгээд хүлээх эрх зүйн үндэслэлгүй байхаас гадна өмчлөгчийн буюу хариуцагч С ХХК-ийн хүсэл зоригоос гадуур, өмчлөгч мэдээгүй, зөвшөөрөөгүй байхад хэлцэл хийгдсэн үйл баримт тогтоогдсонгүй.
Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр, хэрэгжүүлэх боломжтой, дуусгавар болоогүй байх тул хариу үүрэг болох орон сууцны өмчлөх эрхийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй юм.
10. Нэхэмжлэгч нь орон сууцны үнийг төлснөөр өмчлөх эрх үүссэн байх ба харин улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөгч болно. Энэхүү өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг гэдэгт тухайн барилгын гүйцэтгэгч байгууллагаас тодорхойлсон эрхийн болон төлбөрийн зөрчилгүй талаарх хүсэлт, мэдээллийг хамааруулах бөгөөд гэрчилгээг авахад шаардлагатай нотлох баримтуудыг хариуцагч гаргаж өгөх үүрэгтэй.
11. Иймд П.А 3 өрөө орон сууцны болон 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй болжээ.
12. Түүнчлэн талууд орон сууц захиалгаар бариулах гэрээний 4.13-д “гүйцэтгэгч нь энэ гэрээнд заасан хугацаанд орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцүү хэмжээний алдангийг захиалагчид төлнө” гэж тохиролцсон байх бөгөөд уг тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцжээ.
Маргаан бүхий орон сууцны үнийг гэрээнд 387,268,000 төгрөг гэж тохиролцсон боловч Х ХХК нь 193,634,000 төгрөгөөр борлуулснаа хүлээн зөвшөөрсөн учир энэ дүнгээс алданги тооцвол үнийн дүнгийн 50 хувиас хэтрэх бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тал хувиар 96,817,000 төгрөгөөр тооцож алданги нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд хариуцагчаас гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн хариуцлагад 96,817,000 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.
13. Дээрх байдлаар нэхэмжлэгч П.А нь орон сууцны өмлөгчөөр тогтоогдох шаардлагыг хангасан байхад хариуцагч С ХХК нь гэрээг үндэслэлгүй цуцалж 2 өрөө орон сууцыг П.М худалдсаныг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд гуравдагч этгээд П.М нь гэрээнээс учирсан хохирлоо хариуцагчаас нэхэмжлэх эрх нээлттэй үлджээ.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,610,205 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,610,205 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан 3 өрөө орон сууц болон 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр П.А тогтоож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч С ХХК-д даалгаж, хариуцагч С ХХК-иас 96,817,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.А олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,610,205 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,610,205 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.З