| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 192/2025/04238/И |
| Дугаар | 192/ШШ2026/00021 |
| Огноо | 2025-12-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2026/00021
| 2025 12 22 | 192/ШШ2026/00021 |
|
| 2025 12 22 | 192/ШШ2026/00021 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.З даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Р,
Хариуцагч: С ХХК
Нүүрс тээвэрлэх гэрээний дагуу тээвэрлэсэн нүүрсний тээврийн хөлс 100,678,874 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Ц.Ч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Иргэн Л.Р нь С ХХК-тай амаар харилцан тохиролцсоны дагуу С ХХК болон Э ХК нарын хооронд байгуулагдсан Нүүрс тээвэрлэх гэрээний дагуу 5 дугаар багийн ..... хаданд байрлах хилийн боомт хүртэл, С ХХК-ийн Хюндай HD1000 маркийн .... УНН улсын дугаартай толгой буюу зүтгүүр болон ZCZ.0408CLX маркийн ...... АЧ чиргүүл болох тээврийн хэрэгслээр, нэг удаад /ресэнд/ 70 тонн нүүрсийг тээвэрлэж байсан. Өнгөрсөн хугацаанд С ХХК нь нүүрс тээврийн төлбөр тооцоог цаг тухайд төлж ирсэн боловч 2023 оны 10, 11, 12 дугаар сарууд болон 2024 оны 1, 2 дугаар болох төлбөрийг төлж саруудын нийт 35,000,000 төгрөгийн тээврийн хөлс барагдуулалгүйгээр элдэв шалтаг шалтгаан тоочиж, өнөөдрийг хүрээд байна. Уг тээврийн хөлсний тооцоог компанийн нягтлан бодогч бодож гаргаж өгсөн ба иргэн Л.Р тооцооны хуудас болох баримтыг хятад хэл дээр хүснэгттэй жагсаалтаар гаргаж өгсөн ба ямар нэгэн санхүүгийн тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учир С ХХК-иас холбогдох баримтыг гаргуулах шаардлагатай болохыг дурьдах нь зүйтэй байна. Иймд С ХХК болон Эр ХК нарын хооронд байгуулагдсан Нүүрс тээвэрлэх гэрээний дагуу иргэн Л.Р тээвэрлэсэн нүүрсний тээврийн хөлсөнд 35,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Э ХК нарын хооронд байгуулагдсан Нүүрс тээвэрлэх гэрээний дагуу тээвэрлэсэн нүүрсний тээврийн хөлсөнд 35,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг шаардлагыг гаргахдаа тооцоололын алдаа гаргаж нэхэмжлэлийн шаардлагын үнийг буруу тодорхойлсон байна. Нийт 32 удаагийн тээврийн хөлсөнд 211,923 юань буюу 100,678,874 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “Иргэн Л.Р нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ С ХХК болон Э ХК нарын хооронд байгуулагдсан “Нүүрс тээвэрлэх гэрээний дагуу тээвэрлэсэн нүүрсний тээврийн хөлсөнд 35,000,000 гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 65,678,874 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 100,648,847 төгрөг гаргуулах” гэсэн агуулга бүхий шаардлага гаргажээ. Иргэн Л.Р 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ иргэн Л.Р нь С ХХК-тай амаар хариулцан тохиролцсоны дагуу С ХХК болон Э ХК нарын хооронд байгуулагдсан. Нүүрс тээвэрлэх гэрээний дагуу нүүрсний ... хаданд байрлах хилийн боомт хүртэл нүүрс тээвэрлэдэг байсан. Өнгөрсөн хугацаанд С ХХК нь нүүрс тээврийн төлбөр тооцоог цаг тухайд нь төлж ирсэн боловч 2023 оны 10, 11, 12 дугаар сарууд болон 2024 оны 1, 2 дугаар саруудын нийт 100,648,847 төгрөгийн тээврийн хөлс болон тээврийн хөлс болох төлбөрийг төлж барагдуулахгүйгээр элдэв шалтаг шалтгаан тоочиж өнөөдрийг хүрээд байна гэж огт үндэслэлгүй нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан огт үндэслэлгүй нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Манай С ХХК нь нэхэмжлэгч Л.Р амаар харилцан тохиролцож түүнийг нүүрс тээврийн үйл ажиллагаанд жолоочоор ажиллуулдаг байсан тухай нэхэмжлэл дээрээ дурдсан байгаа нь огт үндэслэлгүй бөгөөд манай компани нь аж ахуйн нэгж байгууллага, иргэдтэй хөдөлмөрийн болон бусад бизнесийн үйл ажиллагаанд заавал гэрээ контракт байгуулан харилцдаг бөгөөд нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг амаар тохиролцож байсан удаа байхгүй болно. Мөн нэхэмжлэгч нь С нүүрс тээврийн төлбөр тооцоог цаг тухайд нь төлж ирсэн боловч 2023 оны 10, 11, 12 дугаар сарууд болон 2024 оны 1, 2 дугаар саруудын нийт 100,648,847 төгрөгийн тээврийн хөлс болон тээврийн хөлс болох төлбөрийг төлж барагдуулахгүйгээр элдэв шалтаг шалтгаан тоочиж өнөөдрийг хүрсэн гэж тайлбарлах боловч манай байгууллагын зүгээс түүнтэй ажилтан, ажил олгогч хоёрын хооронд тохиролцсон хөдөлмөрийн хөлсийг цаг тухай бүрт нь олгодог байснаас бусдаар түүний хэлж байгаачлан С ХХК болон Э ХК нарын хооронд байгуулагдсан Нүүрс тээвэрлэх гэрээний дагуу уурхайгаас ... байрлах хилийн боомт хүртэл нүүрс тээвэрлэсний тээврийн хөлсийг амаар тохиролцож түүнд өгч байсан удаа байхгүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмэлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, итгэмжлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, пүүний баримт, хаан банкны депозит дансны хуулга, монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, мемориалын баримт, цахим гүйлгээний баримт шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Ч.Б асуусан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч нь нүүрс тээвэрлэх гэрээний дагуу 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 2 дугаар сар хүртэл 32 удаагийн тээврийн хөлс 100,678,874 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, цаг тухайд нь тээврийн хөлс төлдөг байсан, амаар тохиролцож хөлс төлдөг зүйл байхгүй, нэхэмжлэгч хөдөлмөрийн харилцаатай ажилтан байсан гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Л.Р нь Си Эйч Эй Эн Эй ХХК-ийн нэрээр уурхайгаас хилийн боомт хүртэл .... УНН улсын дугаартай зүтгүүр, .... АЧ дугаартай чиргүүлээр 32 удаа нүүрс тээвэрлэсэн боловч нь пүүний баримтаар тогтоогдож байна. /хэргийн 40-68, 93-109/ нэхэмжлэгч өөрийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хариуцагч компанид шилжүүлж, тээврийн нүүрс тээвэрлэдэг байсан гэснийг хариуцагч үгүйсгээгүй болно.
Хариуцагч С ХХК-иас 2023 оны 11 дүгээр сарын 10 -ны өдөр 725,385 төгрөгийг жолоочийн цалин гэсэн утгастай, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1,421,880 төгрөгийн жолоочийн цалин гэсэн утгатай, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,918,810 төгрөгийг жолоочийн цалин гэсэн утгатай, 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 951,580 төгрөгийг жолоочийн цалин гэсэн утгатай, 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 2,601,980 төгрөгийг жолоочийн цалин гэсэн утгатайгаар нэхэмжлэгч Л.Р шилжүүлсэн болох нь мемориалын баримтаар тогтоогдож байна. /хэргийн 127-136/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь тээврийн хөлсийг хариуцагчийн цалин гэж олгосон төлбөрөөс өөрөөр тохиролцсон болохоо, хариуцагч хөдөлмөрийн гэрээний харилцаатай байсан гэдгээ баримтаар нотлоогүй байна.
7. Нэхэмжлэгч Л.Р нь С ХХК-ийн нэрээр уурхайгаас хилийн боомт хүртэл ...УНН улсын дугаартай зүтгүүр, ... АЧ дугаартай чиргүүлээр нүүрс тээвэрлэхээр харилцан тохиролцсон тул Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан байна.
Энэхүү гэрээг бичгээр байгуулах тусгайлан шаардлага тавигдаагүй бөгөөд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээ хүчин төгөлдөр байна.
Гэхдээ нэхэмжлэгч нь шаардлагад хамаарах хугацаанд хариуцагч компаниас 2023 оны 11 дүгээр сарын 10 -ны өдөр 725,385 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1,421,880 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,918,810 төгрөг, 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 951,580 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 2,601,980 төгрөг тус тус авсан атлаа хөлсийг өөрөөр тохиролцсон гэдгээ нотолж чадсангүй.
Тухайлбал, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Ч.Б асуусан боловч тэрээр мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүйгээс гадна нэхэмжлэгч болон хариуцагч компанийн гэрээ байгуулах, гэрээний зүйлийн талаарх хүсэл зоригийн илэрхийллийг гэрч тодорхойлохгүй юм.
Мөн нэхэмжлэгчийн гарган өгсөн хэргийн 39 дүгээр талд авагдсан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно.” заасан шаардлага хангахгүй, хариуцагч энэхүү баримтыг үгүйсгэж байх тул талууд тээврийн хөлсийг хариуцагчийн шилжүүлсэн дүнгээс өөрөөр тохиролцсон гэж үзэх боломжгүй байна.
8. Иймд нэхэмжлэгч нь дээрх үндэслэлээр тээврийн хөлс 100,678,874 төгрөгийг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхгүй болжээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгох үндэслэлтэй болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан С ХХК-д холбогдох 100,678,874 төгрөг гаргуулах тухай Л.Рэнцэнбалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Р улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 819,295 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.З