| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2405029811446 |
| Дугаар | 2026/ДШМ/86 |
| Огноо | 2026-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2026/ДШМ/86
Э.С-, Б.М- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Билгүүн,
шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр,
шүүгдэгч Э.С-, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2622 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.С-ын гаргасан давж заалдах гомдлоор Э.С-, Б.М- нарт холбогдох 2405029811446 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овгийн Э-ын С, 1987 онд Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...),
Х овгийн Б-ийн М, 1977 онд Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт байдаг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);
Шүүгдэгч Э.С- нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ... давхарт хохирогч Б.Г-, Б.М- нартай “та яахаараа миний гэрт орж, эхнэр, хүүхэд айлгадаг юм бэ” гэх шалтгаанаар маргаан үүсгэн, улмаар хохирогч Б.Г-ийн нүүрэн тус газарт нь гараараа түлхсэний улмаас хана мөргүүлж, эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хуйх, зүүн нүдний зовхи, зүүн бугалга, нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол,
мөн дээрх цаг хугацаанд хохирогч Б.М-г газарт унагааж, аарцгийн умдаг яс руу өшиглөн, баруун бугалга, баруун шуу хэсгээс базсаны улмаас эрүүл мэндэд нь баруун бугалга, баруун шуу, баруун, зүүн өвдөг, умдаг, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус санаатай учруулсан,
шүүгдэгч Б.М- нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ... давхарт хохирогч Э.С-тай “гэрт орж нөхөр Б.Г-ийн биед халдсан” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар түүнтэй зууралдан, хөхний товчийг хазаж, цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн хөхний толгойн зулгаралт, баруун тавхайн ар хэсэг, шагайн үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газар: Э.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.М-гийн үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.М-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, шүүгдэгч Э.С-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.С-ыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,
шүүгдэгч Э.С-аас нийт 520,000 төгрөгийг гаргуулан, хохирогч Б.Г-эд 370,000 төгрөг, хохирогч Б.М-д 150,000 төгрөг тус тус олгож, хохирогч Э.С-, Б.Г-, Б.М- нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрсдийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэрэг явдлын нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй. Үйл явдлын дараалал, нөхцөл байдал нь мөрдөгчийн авсан мэдүүлгүүд болон шүүх хуралдааны үеэр асуусан асуулт, хариултаас бүрэн тодорхой болоогүй. Прокурор, шүүх нь тухайн айлд орсон гэдэг шалтгаан нөхцөл нь гэм буруутай болох субьектив тал гэж үзэн таамагласан байдалтай дүгнэсэн. Субьектив талыг нотолсон баримт байхгүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
Мэдүүлгүүдийн зөрүүтэй, уялдаагүй, худал байдалд шүүмжлэлтэй хандаагүй. Миний эсрэг талуудын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, аль нэг нь худал бичсэн нь тодорхой, шүүх хуралдааны үеэр өгсөн мэдүүлэг логик алдаатай, сандарч, зохиож ярьж байгаа нь тодорхой буюу эргэлзээтэй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хэрэглээгүй. Хэрэв үйл явдлын үнэн зөв дарааллыг тогтоосон бол миний аргагүй хамгаалалтын нөхцөл байдлыг тодорхойлох боломжтой байсан.
Хохирлыг барагдуулахтай холбоотой надад албан ёсоор тайлбар, шаардлага, нэхэмжлэл өгөөгүй, би шүүх хуралдаанаас өмнө төлөх ёстой гэж мэдээгүй, ойлгоогүй байхад ялыг хүндрүүлэхэд ашигласан. Дээрх шалтгаануудаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Би өөрийн үйлдсэн үйлдлийг хууль зүйн талаас нь Б.Чулуунгэрэл өмгөөлөгчөөр тайлбарлуулсан. Тухайн үйлдэл Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн эсэхтэй холбоотой тодорхой хэмжээний ойлголтыг авсан. Надаас болж тухайн үйлдэл гарсанд миний зүгээс маш их харамсаж байна. Би сүүлд нь хууль зүйн талаасаа хийж болохгүй үйлдэл хийсэн юм байна гэж бодсон. ...” гэв.
Шүүгдэгч Э.С-ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“...” ХХК үнэт цаасны компани нь тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд миний үйлчлүүлэгч уг байгууллагад гэрээт ажилтнаар ажилладаг. Хийснээрээ орлого олдог. Холбогдсон хэрэгтэй холбоотой миний үйлчлүүлэгчийн нэр хүндтэй холбоотой асуудал яригдах учраас өмгөөлөгч надад хандсан баримтыг гаргаж өгөхийг хүссэн. Тиймээс шүүгдэгч Э.С-ын хувьд гэрээт буюу үнэт цаасны арилжаа хийснээр орлого олдог санхүүгийн эх үүсвэртэй иргэн гэдгийг нотлохын тулд уг баримтыг гаргаж өгсөн. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, талуудын мэдүүлэг зөрүүтэй байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Г- Б.М- нарын мэдүүлэг үйл баримт, орон зайн хувьд зөрүүтэй. Э.С-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт коридорт муудалцаж эхлээд хохирогчийн гэрт орсон тухай мэдүүлсэн. Энэ үйл баримтын талаар талууд зөрүүтэй мэдүүлсэн. Хохирогч Б.Г-ийн зүгээс гэрийн гадаа муудалцсан гэж хэлдэг бол Б.М-гийн гэрчийн мэдүүлэгт гэр дотор муудалцсан гэж мэдүүлдэг. Үүнээс харахад, 3 өөр орон зайг заасан байна. Э.С- болон Б.М-гийн мэдүүлэг мөн хоорондоо зөрүүтэй. Тухайн үед давшилт хийсэн, давшиж байгаа үйлдлийг хамгаалах зорилготой үйлдэл хийсэн эсэхийг аль аль талаас тайлбарладаггүй. Зөвхөн Э.С-ын зүгээс тайлбарладаг. Гэтэл хохирогч Б.Г-ийн мэдүүлэгт Б.М- Э.С-т давшилт хийсэн тухай мэдүүлдэггүй. Тиймээс гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийн хоорондоо зөрүүтэй өгсөн мэдүүлгээс харахад, Монгол улсын Үндсэн хуульд заасан гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг эдэлсэн эсэхтэй холбоотой эргэлзээ үүсэж байна. Хавтаст хэргийн 28 дугаар талд авагдсан хохирогч нарын мэдүүлгээс харахад, Үндсэн хуульд заасан эрхийг танилцуулаагүй болох нь харагдана. Ингэснээр процессын хувьд алдаатай болж байна. Тиймээс үнэлэх боломжгүй мэдүүлгийг анхан шатны шүүхээс үнэлж шийдвэрлэсэн. Тодорхой гэрчүүдээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг хийгээгүй. Зөвхөн нэг гэр бүлийн хоёр этгээд болон орон байранд нь хэрүүл маргаан үүсгэсэн гэх Э.С-аас мэдүүлэг авч хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл хохирогч Б.Г- болон Б.М- нар хөрш айлын залуу салгасан гэж мэдүүлдэг. Ямар учраас салгасан, ямар хүн байсан гэдгийг шалгах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, тухайн үйл баримтыг шууд заах гэрч байсан. Энэ гэрчээс огт мэдүүлэг авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй байна. Б.М-гийн өгсөн мэдүүлгийн дагуу шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлттэй холбоотой хэзээ, хаана, ямар үйл баримтаас уг гэмтэл үүсэх вэ гэдгийг огт тогтоогоогүй. Үүнийг тодорхойлохын тулд шинжээч эмч Б.Долгормааг шинжээчээр мэдүүлэг авах ёстой байсан. Гэвч мэдүүлэг авахгүйгээр гаргасан дүгнэлттэй холбоотой хэт явцуу утгаар хэргийг шийдвэрлэсэн. Э.С-ын яллагдагчаар “Б.М- над руу дайраад байхаар нь би холдох, зугтаах үйлдэл хийж байхад хамтдаа унасан” гэж мэдүүлдэг. Үүнтэй холбоотой гомдолд дурдагдсанаар үйл баримтаа дурдаж хэлээд хамтдаа унахад гэмтэл авсан юм биш үү, би гэмтээгээгүй юм биш үү гэж шүүх хуралдааны шатанд маргадаг. Шүүхийн шатанд тогтоогдох боломжгүй нөхцөл байдал илрэх юм бол хэргийг прокурорт буцааж шинжээч томилж асуудлыг эцэслэж шийдвэрлэх ёстой. Гэтэл хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагааг бүрэн хийгээгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Хавтаст хэргийн 26, 28, 45, 49 дүгээр талд тус тус авагдсан яллагдагч, хохирогч, сэжигтнээр өгсөн мэдүүлгүүдээс мэдүүлгийн зөрүү харагдаж байна. Тухайн гэмт хэргийн үйл явдалд дүн шинжилгээ хийхдээ анхан шатны шүүхээс ял шийтгэлийг харилцан адилгүй оногдуулах нь зүй ёсны асуудал. Гэхдээ энэ гэмт хэрэг үүсэх болсон суурь нөхцөл байдлыг тогтоосон ажиллагааг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо огт дүгнээгүй. Хохирогч Б.Г- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.С-ын гэрт орж танхайрсан үйл баримт байдаг. Энэ нь гэмт хэрэг үүсэх үндсэн суурь шалтгаан болсон. Эдгээр үйл баримтын хооронд ямар шалтгаант холбоо үүссэн гэдгийг шүүх шийтгэх тогтоолдоо дурдаж, тайлбарлаагүй байгаа нь шийтгэх тогтоол үндэслэлгүй гарсныг илтгэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд маш их гомдолтой байна. Шүүгдэгч Э.С- хүний гэрт дайрч орж ирээд хоёр хүнийг гэмтээчхээд өөрийгөө цагаатгуулах гэж байгаа нь үндэслэлгүй. Шүүгдэгч Э.С- анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгөөч гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид хоёр шаардлага тавьсны төлөө энэ залуугаар гэртээ зодуулсан. Миний нөхрийг гэрт орж ирээд цохиод боогоод унагаасан. Би эхнэр нь учраас нөхрөө хамгаална шүү дээ. Би хүнд өвчтэй битгий ингээрэй гэж Э.С-т өмнө нь хэлж байсан. Зөндөө хэлж байхад энэ залуу огт тоогоогүй. Би Э.С-ыг хазсан бас цохисон нь үнэн. Үүнийгээ би хүлээн зөвшөөрч байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.М-гийн өмгөөлөгч Д.Баттөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний зүгээс анхан шатны шүүх хуралдаанд Б.М-н Э.С-ын эсрэг хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж тайлбарлаж оролцсон. Үйл баримтын тухайд, шүүгдэгч Э.С- үл ялиг зүйлээр шаардлага тавьсанд шаралхаж, гэрт нь орсон. Хэдийгээр дээд, доод айлууд байсан хэдий ч нэгнийгээ сайн мэддэггүй байсан. Тийм учраас ямар учиртай хүн орж ирсэн талаар асуухад шууд хохирогч Б.Г-ийг боож унагаасан буюу амь насанд нь аюултай үйлдэл хийсэн. Энэ талаар шүүгдэгч Э.С-ын зүгээс ч мөн мэдүүлэгтээ дурдсан. Э.С- Б.М-гийн гэр бүлийн хүний эсрэг үйлдэл хийснийг нь зогсоохын тулд тодорхой үйлдэл хийсэн ба энэ үед Э.С- Б.М-д хохирол учруулсан байдаг. Гэтэл шүүгдэгч Э.С-ын зүгээс нотолбол зохих байдлыг нотлоогүй, нотлох баримтын буруу хэрэглэсэн зэргээр маргаж байгаа нь үндэслэлгүй. Шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцсон. Өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцсон хэдий ч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлээгүй. Шүүгдэгч Э.С-т хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлэх боломж нь нээлттэй байсан. Гэвч гэм буруугаа ч хүлээн зөвшөөрөөгүй. Шүүгдэгч Э.С-ын үйлдлийг хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж прокурор зүйлчилсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч Э.С- болон түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдол болон тайлбар нь үндэслэлгүй байна. ...” гэв.
Прокурор Э.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.С-, Б.М- нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хуулийг ноцтой зөрчсөн асуудал байхгүй. Хохирогч Б.М-, түүний нөхөр Б.Г- нараас хохирогчийн мэдүүлэг авахдаа хууль сануулсан ба энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. Тиймээс прокурорын зүгээс процесс зөрчсөн гэх асуудал байхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч, яллагдагч аль аль талыг оролцуулаад зөрүүтэй нөхцөл байдлыг тал талаас нь асууж тодруулсан. Энэ хэрэгт нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтээр хохирогч нарын аль алинд хохирол учирсан гэж үзсэн. Учирсан хохирол нь шалтгаант холбоотой болох нь мөн тогтоогдсон. Шинжээч дүгнэлтээ гаргасан. Хуульд шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд түүнийг гэрчээр асуухаар хуульчилсан. Анхан шатны шүүхэд шинжээчийг оролцуулах талаар талуудаас санал гаргаж байгаагүй. Шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан. Шүүгдэгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримталсан. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны гарсан гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Э.С-ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл хэргийн үйл баримтын талаар мэдэж байгаа гэрчийг асуугаагүй нь мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн, нотолбол зохих байдлыг тогтоогоогүй гэж тайлбарлаж байна. Хохирогч, яллагдагч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлгээр үйл баримт хангалттай тогтоогдсон. Энэ үйл явдал 3 хүний хооронд болсон. Үйл баримт болоод дууссанаас хойш хөрш айлын залуу ирж салгасан. Хөрш айлын залуу хохирогч, яллагдагч нарыг гэрт нь зодоон хийж байхад нь хараагүй. Тиймээс прокурорын зүгээс уг этгээдээс гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, хэргийн үйл баримтыг анхнаасаа хараагүй учраас гэрч болох боломжгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Э.С-, Б.М- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
-хохирогч Э.С-ын: “...2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн үед ажил дээрээ байхад эхнэр залгахад нь би тасалсан ба зурвас бичихээр нь буцааж залгахад “дээд айлын ах согтуу орж ирээд загнаад “та нар өмнөх жил хана нураасан” гэж гэрт гутлаа тайлахгүй орж ирсэн” гэхээр нь би гэр рүүгээ явсан. Би шууд дээд айлын гэрт зөвшөөрөлгүйгээр, гуталтайгаа орох санаа зорилготой байсан. Дээд айлын хаалгыг тогшиход эхнэр нь хаалгаа онгойлгохоор нь шууд гэрт нь орсон ба эхнэр нь над руу уурлаж, нөхөр нь цаад өрөөнөөс гарч ирээд “юун хүн бэ” гэхэд нь би “та яахаараа миний гэрт орж, эхнэр, хүүхэд айлгадаг юм бэ” гэж уурлаад толгой руу нь мангастахад тэр хоёр над руу зэрэг дайрсан. Би үүдний хэсэгт гарах гэсэн боловч эхнэр нь надад зүүгдсэн байдалтай байсан ба миний гар болон цээж хэсгийг маажаад хөхний товчийг хазсан. Би тэнцвэрээ алдаад эхнэртэй нь хамт давхралдаад газарт унасан. Нөхөр нь над руу дайрахаар нь би дахиад түлхэхэд сандалд тээглэн хана мөргөж хойшоо унасан. Тэгээд би хаалга онгойлгоод гарахад эхнэр нь дагаж гарч ирээд тавчикаараа цохисон. Тухайн үед хажуу айлын залуу гарч ирээд бид хоёрыг салгасан. Би Б.Г-ийн дух руу нь гараараа эхлээд нэг удаа түлхсэн. Тэгэхэд хана мөргөөгүй, харин хаалганы үүд хэсэгт цээж хэсэгт нь хүчтэй түлхэхэд сандалд тээглэж хана мөргөж унасан. Б.М-н биед халдсан асуудал байхгүй, өөрөө над руу дайраад байхаар нь би гарыг нь базсан, түлхсэн, надад зүүгдсэн болохоор тэнцвэрээ алдаад дээр нь унасан...” (хх 29-31),
-хохирогч Б.Г-ийн: “...Доод айл юм өрөмдөөд эхэлсэн ба өмнө тухайн айл хана өрөмдөж, манай байрын оршин суугчид эсэргүүцэж байсан тул очсон. Эхнэр нь хаалга онгойлгож “та юун хүн бэ, манайх нялх хүүхэдтэй, та гутлаа тайлахгүй юм уу” гэсэн. Би тавчиктай байсан ба тайлаад том өрөө рүү нь ороход засвар хийж байсан 2 залуу байсан. Би “танайх ямар сонин юм, урьд нь даацын хана нураагаад баахан юм болсон, одоо бас юу өрөмдөөд байгаа юм бэ” гэхэд эхнэр нь “таны нүд улаан болоод согтуу байгаа юм биш үү” гэж хэлсэн. Толгойгоо угаасан болохоор нүд улаан байсан, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Гэртээ орж ирээд хөргөгчид байсан 2 пиво уусан. Том өрөөнд зурагт үзэж байхад хаалга тогшихоор нь эхнэр онгойлгохоор явсан ба орилохоор нь очтол нэг залуу орж ирээд над руу дайрч, мангастаад хана мөргүүлэхэд нь ухаан алдаад унасан бөгөөд нэг сэрэхэд эхнэр хаалганы үүдэнд хэвтсэн байдалтай байсан. Би тухайн залуугийн биед халдаагүй...” (хх 34-36),
-хохирогч Б.М-н: “...Доод айл 2 жилийн өмнө даацын хана нурааж байсан. Тухайн өдөр бас юм өрөмдөөд байхаар нь манай нөхөр уг айл руу юу өрөмдөөд байгааг асуухаар явсан ба “юу өрөмдөөд байгаа юм бэ, болиоч ээ” гэж хэлэхэд эхнэр нь “цагдаа дуудна” гэж уурласан гэсэн. Удалгүй хаалга тогшихоор нь цагдаа ирсэн байх гэж бодоод хаалгаа тайлсан чинь танихгүй, өндөр нуруутай залуу шууд дайраад ороод ирсэн. Нөхөр ирэхэд дайраад нүүр рүү нь түлхээд унагаахаар нь би түүнтэй зууралдсан. Манай нөхрийн толгойг хана руу мөргүүлэхэд ухаан алдсан. Намайг өргөөд унагаасан, мөн өөр рүүгээ гараараа татахад амьсгаа авч чадахгүй болохоор нь би зүүн хөхний толгойг нь хазсан, тавчикаараа гар руу нь цохисон. Тэр залуу нэг удаа миний аарцгийн умдаг яс руу өшиглөсөн, гараараа базсан...” (хх 39-41),
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 9235 дугаар: “...Э.С-ын биед зүүн хөхний толгойн зулгаралт, баруун тавхайн ар хэсэг, шагайн үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” (хх 66-67),
-мөн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 9141 дүгээр: “...Б.М-н биед баруун бугалга, баруун шуу, баруун, зүүн өвдөг, умдаг, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” (хх 73-74),
-Б.Г-ийн биед тогтоогдсон тархи доргилт, дагзны хуйх, зүүн нүдний зовхи, зүүн бугалга, нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой ба хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон талаарх Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 9143 дугаар (хх 80-81) дүгнэлтүүд,
-хүний биед үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэлүүд (хх 50-59) зэргийг харьцуулан шинжлэн судалж дараах дүгнэлтийг хийлээ.
1.Шүүгдэгч Э.С-ын үйлдлийн тухайд:
Тэрээр 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ... давхарт хохирогч Б.Г-, Б.М- нартай “та яахаараа миний гэрт орж, эхнэр, хүүхэд айлгадаг юм бэ” гэх шалтгаанаар маргаан үүсгэн, улмаар хохирогч Б.Г-ийн нүүрэн тус газарт нь түлхсэний улмаас хана мөргүүлж, эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хуйх, зүүн нүдний зовхи, зүүн бугалга, нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол,
мөн дээрх цаг хугацаанд хохирогч Б.М-г газарт унагааж, аарцгийн умдаг яс руу өшиглөн, баруун бугалга, баруун шуу хэсгээс базсаны улмаас эрүүл мэндэд нь баруун бугалга, баруун шуу, баруун, зүүн өвдөг, умдаг, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй, тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Э.С-ыг “миний гэрт орж, эхнэр, хүүхэд айлгасан” гэх шалтгаанаар Б.М-, Б.Г- нарын гэрт орж, тэдгээрийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Аливаа этгээдийн нийгэмд аюултай халдлагын эсрэг Эрүүгийн хуульд заасан гэм хор учруулж буй үйлдэл нь хуульд нийцсэн байхын тулд нэг талаас өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг хийгдсэн, нөгөө талаас халдлага нийгэмд аюултай, довтолгоон нь бодитой буюу нэгэнт эхэлсэн, дуусаагүй байхыг шаарддаг.
Нийгэмд аюултай халдлага эхлээгүй, эхлэх гэж байгаа нь тодорхой бус үед хамгаалалт хийсэн, эсхүл халдлага нэгэнт төгссөн, тулгарсан аюул арилсан нь тодорхой байхад бусдад гэм хор учруулсан тохиолдолд аргагүй хамгаалалтын шинж, агуулга алдагдана.
Харин гэм буруугийн шууд санаатай хэлбэр гэдэг нь өөрийн үйлдлийг хууль бус шинж чанартай болохыг, мөн түүнээс шалтгаалан бусдад эдийн болон эрүүл мэндийн хохирол учрах боломжтойг ухамсарлаж, хор уршигт хүргэхийг хүсэж үйлдсэн байдаг.
Хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтаас дүгнэн үзвэл, хохирогч Б.Г- нь доод давхрын айл болох Э.С-ын гэрт орж, юм өрөмдөхгүй байх талаар түүний эхнэрт шаардлага тавьжээ. Шүүгдэгч Э.С- энэ талаар мэдэж, улмаар “гэрт нь орж, эхнэр, хүүхэд айлгасан” гэх шалтгаанаар уурлаж бухимдан, тухайн үйл явдал болж дууссаны дараа Б.Г-, Б.М- нарын гэрт гуталтайгаа орж, хэрүүл маргаан үүсгэхийг хүсэж зорьсон болох нь түүний өөрийн “...Би шууд дээд айлын гэрт зөвшөөрөлгүйгээр, гуталтайгаа орох санаа зорилготой байсан...” гэсэн мэдүүлгээр нотлогдсон.
Ийнхүү дээрх санааг зориуд хүсэж шүүгдэгч Б.М-н гэрт ороод маргаан үүсгэж, улмаар хохирогч Б.Г-ийн нүүр рүү нь түлхэж унаган, ухаан алдуулсан буюу шүүгдэгч Э.С-ын эхлүүлсэн хууль бус үйлдлийн хариуд Б.М-, Э.С- нарын хооронд зодоон бүхий нөхцөл байдал үүсжээ.
Тухайн нөхцөл байдалд Э.С-ын өөрийнх нь болон гэр бүлийн гишүүдийнх нь амь нас, эрүүл мэндэд аюул заналхийлэл үүссэн, эсхүл үүсэх нь тодорхой болсон, хохирогчоос хууль бус, бодитой довтолгоон эхэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин Э.С- нь уур хилэнгийн сэтгэл хөдлөлөөр бусдын эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг хууль бусаар зөрчин, Б.Г-ийг эхэлж нүүр рүү нь түлхэн унагаасан, дараа нь Б.М-тай маргалдах явцдаа газарт унагааж, өшиглөн, баруун бугалга, баруун шуу хэсгээс базсан үйлдэл нь Б.Г-, Б.М- нарын эрүүл мэндэд учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой болох нь шүүгдэгч, хохирогч нарын хэн алины мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч бусдын эсрэг өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд санаатайгаар халдан хохирол учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй юм.
Иймд хохирогч Б.Г-, Б.М- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Э.С-ын үйлдлийг “Аргагүй хамгаалалт” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Г- “...том өрөөнд зурагт үзэж байхад хаалга тогшихоор нь эхнэр онгойлгохоор явсан ба орилохоор нь очтол нэг залуу орж ирээд над руу дайрч, мангастаад хана мөргүүлэхэд нь ухаан алдаад унасан...” гэж,
шүүгдэгч Б.М- “...хаалга тогшихоор нь цагдаа ирсэн байх гэж бодоод хаалгаа тайлсан чинь танихгүй, өндөр нуруутай залуу шууд дайраад ороод ирсэн, нөхөр ирэхэд нүүр рүү нь түлхээд унагаахаар нь би түүнтэй зууралдсан...” гэж тус тус мэдүүлсэн ба шүүхийн шатанд ч энэ талаар тогтвортой тайлбар гаргасан.
Дээрх мэдүүлгүүдээр хэрэг учрал байрны орцонд биш, Б.Г-, Б.М- нарын гэрт үйлдэгдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд энэ нөхцөл байдлыг шүүгдэгч Э.С-ын “...дээд айлын хаалгыг тогшиход эхнэр нь хаалгаа онгойлгохоор нь шууд гэрт нь орсон ба эхнэр нь над руу уурлаж, нөхөр нь цаад өрөөнөөс гарч ирэхэд “та яахаараа миний гэрт орж, эхнэр, хүүхэд айлгадаг юм бэ” гэж уурлаад толгой руу нь мангастсан...” гэх мэдүүлэг давхар нотолж байна.
Иймд хэрэг Б.Г-, Б.М- нарын гэрт үйлдэгдсэн ба шүүгдэгч нар орцонд гарсны дараах байдлыг харсан гэрч гэх хүн энэ хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг хараагүй, мэдэхгүй тул гэрчээр тайлбар, мэдүүлэг авах шаардлагагүй гэж тайлбарласан давж заалдах шатны шүүх хуралдаан дахь прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгч нь Б.Г-, Б.М- нараас хохирогчоор мэдүүлэг авахын өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2, 8.3, 25.1 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг буюу тухайлбал, “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхтэйг тайлбарлан сануулж, баталгаанд гарын үсэг зуруулжээ (хх 33, 38).
Ийнхүү тэдгээрийн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мэдүүлэг авах үндэслэл, журамд нийцсэн байх тул өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн дурдаж буйгаар тэдгээр нь “бие биеийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг эдэлсэн эсэх нь эргэлзээтэй, тухайн эрхийг сануулаагүй гэж байгаа нь үндэслэлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч нь шинжээчээс гаргасан дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор мэдүүлэг авч болохоор хуульчилсан.
Өөрөөр хэлбэл, дээрх зохицуулалт нь үүрэг болгосон заалт биш бөгөөд шинжээчийн дүгнэлтэд хүний биед үүссэн гэмтэл ямар хүчин зүйлийн үйлчлэлээр, аль цаг хугацаанд үүссэн болох нь тодорхойгүй байгаа нөхцөлд энэ талаар тодруулах зорилгоор шинжээчээс мэдүүлэг авахаар байна.
Гэтэл Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 9141 дүгээр дүгнэлтэд “...Б.М-н биед тогтоогдсон баруун бугалга, баруун шуу, баруун, зүүн өвдөг, умдаг, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэж тодорхой дурдсан байх тул уг дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Б.Долгормаагаас заавал мэдүүлэг авах шаардлагагүй ба энэ ажиллагаа нь хэрэгт ач холбогдолгүй юм.
Иймд шүүгдэгч Э.С-ын “хэргийг хэрэгсэхгүй болгуулах” агуулга бүхий давж заалдах гомдол, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд чанд нийцүүлж, шударга ёс, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулдаг бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал байдаг. Ял бол эрх зүйт ёсны зайлшгүй шаардлага, шүүхээс шударга ёсыг хангуулах хэрэгсэл болдог тул ялыг оноохдоо тухайн хэргийн хор аюул, яллагдаж буй этгээдийн засрах боломж болон нийгмийн шударга ёс сэргээгдсэн эсэхийг харгалзана.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулж, хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулдаг үр дагавартай буюу Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хохирол учруулдаг хор уршигтай.
Тиймээс шүүгдэгч Э.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний дээрх хор уршгийг 2 хүнд учруулж үйлдсэн гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдэхэд хандсан сэтгэхүйн харьцаа болон өөрийн аюултай, хууль бус үйлдлийг ухамсарлаж дүгнэлт хийлгүйгээр гэм буруу дээр маргасан байдал, хохирол төлбөр төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байна.
2.Шүүгдэгч Б.М-гийн үйлдлийн тухайд:
Гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдал гэдэг нь гадаад илрэх хэлбэр, агуулгын хувьд, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан боловч ямагт өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгын үүднээс нийгэмд ашигтай зорилгыг удирдлага болгон хийсэн, Эрүүгийн хуульд тусгайлан заасан үйлдэл, эс үйлдлүүд бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлийг няцааж буй онцлог нөхцөл байдлыг ойлгоно.
Аргагүй хамгаалалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд заасан амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл бөгөөд уг заяамал эрхээ хэрэгжүүлэх нь Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн, хууль ёсны, нийгэм, иргэдэд ашигтай зорилгыг хангахад чиглэгдсэн үйл ажиллагаа байдаг.
Ийнхүү Эрүүгийн хуулиар аргагүй хамгаалалт хийх эрхийг олгосон нь шударга бус явдлыг таслан зогсоох агуулгыг илэрхийлэх бөгөөд нэг талаас жам ёсны эрхээ эдлэх, нөгөө талаас эрх зүйн баталгаа болдог.
Аргагүй хамгаалалтыг хүч хэрэглэсэн довтолгоон үйлдэж буй этгээдийн эсрэг халдагч этгээдийн эрх чөлөө, эрүүл мэнд, амь биед хохирол учруулах замаар хийдэг буюу бусдад гэм хор учруулдаг санаатай бөгөөд идэвхтэй үйлдэл учраас Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн хэдий ч бодит агуулгаараа төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амь бие, эрүүл мэндийн эрхийг гэмт халдлагаас хамгаалахын тулд хийгдсэн байдаг тул нийгэмд ашигтай үйлдэл мөн.
Өөрөөр хэлбэл, нийгэмд аюултай халдлагаас хамгаалж аргагүй хамгаалалт хийх нь хүн бүрд хуулиар тогтоож, зөвшөөрсөн хувь хүний эрх бөгөөд санаа сэдэл, учруулсан хохирол нь бодит агуулгаараа гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үгүйсгэдгээрээ чухал ач холбогдолтой.
Эрх зүй нь аливаа этгээдийн хууль бус үйлдлийг ямагт хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд үүний эсрэг хүний хийж болох хамгаалалтыг зөвтгөж байдгийг хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаарах шаардлагатай.
Шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М- нь нөхөр Б.Г-ийн нүүр рүү нь түлхэж унаган, ухаан алдуулсан шүүгдэгч Э.С-ын эхлүүлсэн хууль бус үйлдлийн хариуд Э.С-тай маргалдан зууралдах явцдаа хөхний товчийг нь хазаж, цохиж зодсон, мөн тухайн цаг хугацаанд Э.С- нь Б.М-г газарт унагааж, өшиглөн, баруун бугалга, баруун шуу хэсгээс базсаны улмаас хэн алиных нь биед хөнгөн хохирол учирсан үйл баримт тогтоогджээ.
Гэвч Э.С- нөхрийнх нь биед халдан нүүр рүү нь түлхэж унагаасан буюу нийгэмд аюултай халдлага бодитоор эхэлсэн үед Б.М-гийн сэтгэхүйд өөрийн гэр бүлийн гишүүний эрүүл мэнд, амь насанд үүссэн аюул заналхийллийг зогсоох, хамгаалах хариу үйлдэл хийх нөхцөл байдал, зорилго зайлшгүй үүссэний улмаас Э.С-тай зууралдаж биед нь халдсан байна.
Тиймээс Э.С-ын эрүүл мэндэд зүүн хөхний толгойн зулгаралт, баруун тавхайн ар хэсэг, шагайн үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч Б.М-гийн үйлдэл нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг нийгэмд аюултай халдлагаас хамгаалах хүн бүрийн субьектив эрх, халдашгүй байхын онцгой баталгаа, гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй тэмцэх чухал хэрэгсэл болгон баталгаажуулсан “Аргагүй хамгаалалт” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй тул түүнийг цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Э.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т заасан “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй ба иргэний орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаалахыг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон.
Хууль тогтоогчоос энэ хүрээнд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан бол Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Дээрх зохицуулалтуудаас үзэхэд, орон байрны халдашгүй байдал нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн салшгүй нэг хэсэг бөгөөд энэхүү эрхийг Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалсан тул хүн өөрийн оршин суугаа байрыг бусдын хууль бус довтолгоон, нэвтрэлтээс хамгаалах эрхтэй юм.
Тиймээс Б.Г-, Б.М- нарын гэрт дайрч орж, хэрүүл маргаан үүсгэсэн шүүгдэгч Э.С-ын үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг энэ хэргээс тусад нь шалгаж шийдвэрлэх боломжтой болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.М-д Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т заасан “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.М-г цагаатгасугай.
2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2622 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
-1 дэх заалтын “Шүүгдэгч Х овогт Б-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэсэн хэсгийг,
-2 дахь заалтын “Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэсэн хэсгийг,
-3, 4 дэх заалтыг бүхэлд нь,
-10 дахь заалтын “...шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
3.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН