Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 211/МА2022/00014

 

 

 

 

 

 

                           

 

 

 

 

 

 

 

          “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

           хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг даргалж, ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 129/ШШ2022/00187 дугаар шийдвэртэй

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох

55.899.807 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн төлөөлөгч Д.Т, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

 

   Нэхэмжлэлийн шаардлага:

 

   1.1.  Спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах ажлын хөлс 48.790.968 төгрөг

   1..2  2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны 761 хоногийн алданги 3.712.991 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны 696 хоногийн алданги 3.395.848 төгрөг, нийт алданги 7.108.839 төгрөг,

    нийт 55.899.807 төгрөгийг гаргуулна.

 

  “Э” ХХК нь М-тэй 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ЭГЭ-А-19/15 тоот “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутагт баригдах М-ийн спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах” гэрээ байгуулсан. Үүнд:

 

Гэрээгээр “Э” ХХК нь М-ийн спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэх, М 48.790.968 төгрөгийг ажлын хөлсөнд төлөх. Ингэхдээ гэрээ байгуулснаар урьдчилгаанд 50 хувь болох 24.395.484 төгрөгийг, иж бүрэн ажлын зураг хүлээж авснаар үлдэгдэл 50 хувь 24.395.484 төгрөг төлөх үүргийг М хүлээсэн. Гэрээ байгуулснаас хойш 2 сарын дараа 2019 оны 12 дугаар сард манай байгууллагын зүгээс гэрээнд заасан зураг төслөө холбогдох төрийн байгууллагаар бүрэн батлуулж дүгнэлтүүдийг гаргуулж, иж бүрэн зураг төслүүдийг М-д хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч М-ээс захиалгат ажлын төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан. М манайд мэдэгдэхдээ санхүүжилтийг 2020 оны төсөвт суулгаж төлөхөөр болсон гэсэн боловч одоог хүртэл спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах ажлын хөлс 48.790.968 төгрөгийг төлөөгүй. Талуудын байгуулсан ЭГЭ-А-19/15 тоот гэрээний тусгай нөхцөлийн 6-д “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.02 хувийн алданги тооцно” гэж заасан. Хариуцагч нь урьдчилгаа 50 хувь болох 24.395.484 төгрөгийг гэрээ байгуулснаар төлөх байсан тул 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны 761 хоногийн алданги 3.712.991 төгрөг, үлдэгдэл 50 хувь болох 24.395.484 төгрөгийг зургийг хүлээн авснаар төлөх байсан тул 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны 696 хоногийн алданги 3.395.848 төгрөг, нийт алданги 7.108.839 төгрөг дээр үндсэн төлбөр 48.790.968 төгрөг, нийт 55.899.807 төгрөгийг хариуцагч М-ээс гаргуулж авах хүсэлттэй байна.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар би “Э” ХХК-тай энэ гэрээг байгуулах эрх зүйн үндэслэл байхгүй байсан байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны өмнөөс  би “Э” ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн спорт заалны барилгын зураг төсөл хийх гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд н.Ч Архангай аймагт ирсэн. Тэгэхэд нь би н.Ч сайдад хандаж М нь 500 гаруй оюутантай, манай сургууль аймгийн төвөөс 6 км зайд байрладаг, Монгол Улсын хэмжээнд спорт заалгүй ганц сургууль гэсэн нөхцөл байдлыг дурдаж М-ийг спорт заалтай болгох талаар санал тавихад сайд “спорт заалны зураг төслөө бэлэн болгочих, зураг төсөл гарчихвал хөөцөлдөхөд хялбар байдаг” гэсэн хариу өгсөн. Тэгээд би урьд нь хамтран ажиллаж байсан н.Ж-д хандаж энэ зургийг гаргуулсан. “Э” ХХК спорт заалны зураг гаргасны дараа би зургаа аваад н.Ч сайдтай уулзахад, төрийн нарийн бичгийн даргад өгөөрэй гэсний дагуу уг зургийг төрийн нарийн бичгийн даргад өгсөн боловч одоог хүртэл спорт заалны барилгын төсөв батлагдаагүй бөгөөд төсөвт суугдаагүй. Ийм учраас Э” ХХК-тай байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ЭГЭ-А-19/15 тоот “Спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах” гэрээний дагуу төлөх 55.899.807 төгрөгийг манай байгууллага болон миний зүгээс төлөх боломжгүй байсан.  Э нь 100 хувь төрийн өмчит байгууллага, улсын төсвөөс санхүүжилтээ авдаг. Төсөвт барилгын үнэ суулгасны дараа тухайн мөнгийг шилжүүлж өгөх боломжтой. Миний хувьд надад хуулиар эрх олгогдоогүй байхад “Э” ХХК-тай 2019 онд гэрээ байгуулсан учраас тус гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм байна. Иймд нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч М-ийн байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ЭГЭ-А-19/15 дугаар “Зураг төсөл боловсруулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч М-ээс 55.899.807 /тавин таван сая найман зуун ерэн есөн мянга найман зуун долоо/ төгрөг гаргуулах нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437.449 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

 

            4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

           Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх тус иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэсний үр дагаврыг хэрхэн, яаж шийдвэрлэх талаар үнэлэлт, дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл уг хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсоноос үүдэн гарч буй нэхэмжлэгчид учирсан бодит хохирол хор уршгийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, үүнд үнэлэлт, дүгнэлт өгөлгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, биелэгдэх боломжтой байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.” гэж заасан байхад анхан шатны шүүх уг хуулийн зохицуулалтыг хэрэглэн нэхэмжлэгчид учирсан хохирол төлбөрийг хариуцагчаас гаргуулах бүрэн боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Учир нь “Э” ХХК гэрээнд заасан спорт заалны барилгын зураг төслийг гүйцэтгэж М-д хүлээлгэн өгсөн болох нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ажлын зураг хүлээлцэх акт, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ажлын зураг хүлээлцэх акт болон зохигчийн тайлбаруудаар нотлогдон тогтоогддог.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа ““Э” ХХК-аас зураг гарсны дараа би зургаа аваад н.Ч сайдтай уулзахад, төрийн нарийн бичгийн даргад өгөөрэй гэсний дагуу уг зургийг төрийн нарийн бичгийн даргад өгсөн.” гэж тайлбарласан нь хариуцагч талд барилгын зураг төсөл байхгүй, мөн хариуцагч М нь нэхэмжлэгч талд ажлын хөлсийг огт төлөөгүй, “Э” ХХК-д ямар нэгэн бодит зүйл шилжүүлсэн юм огт байхгүй, “Э” ХХК нь барилгын зураг төслийг буцаан авах боломжгүй зэргийг харгалзан үнийг хариуцагч талаас гаргуулах хууль зүйн бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 129/ШШ2022/00187 дугаартай шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т заасны дагуу хариуцагч М-ээс 55.899.807 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Дээрх хэргийг анхан шатны шүүх нь хууль зүйн үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн. Хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн нөхцөл байдал харагддаггүй. Төрийн өмчит төсвийн газар гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагддаг. Хэрэв тухайн үед мөрдөгдөж байсан дүрэм, журмын хүрээнд зураг хийлгэх байсан бол анхнаасаа гэрээ хийх боломжтой байсан. Гэтэл хууль болон Засгийн газрын тогтоолоос давсан ажил үйлчилгээг явуулсан нь буруу байсан. Хуульд заасан эрх хэмжээг хэтрүүлэн гэрээ хийсэн нь хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа байна. Тухайн үед гэрээ байгуулахдаа хүчин төгөлдөр байсан. Гэтэл дахин дараа нь гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн хэлцэл байгуулсан гэдгийг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Давж заалдах гомдолдоо Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэсний дагуу хохирол нэхэмжилж байгаа юм байна. Тэгсэн атлаа гэрээний үнэ, алданги яриад байдаг. Хохирол, гэрээний үнэ гэдгийг ялгах хэрэгтэй. Гэрээний үнэд алданги тооцож байгаа нь хуульд хэрхэн нийцэх юм бэ гэдгийг харах ёстой байх. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.  Анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т “Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэдгийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Тэгвэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д  заасны дагуу шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан авах асуудал гарна. Хэрэв хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон бол авсан, өгсөн зүйлээ буцаан өгөх үүрэгтэй. Хэрэв харилцан бүх зүйлээ буцаан авъя гэж байгаа тохиолдолд “Э” ХХК-аас хариуцагч байгууллага нь буцаан авах зүйл байхгүй. Харин “Э” ХХК нь Архангай аймаг дахь М-ээс гэрээгээ буцаан авах зохицуулалтай юм гэж харж байна. Иймд гэрээг буцаан өгөх боломжтой байх.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүрэн тодруулж, талуудыг мэтгэлцүүлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг баримтлан, нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул дүгнэлтийг өөрчлөхгүйгээр хууль хэрэглэх асуудлаар шүүхийн шийдвэрт зохих  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

  Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч М-тэй  холбогдуулан

 

 1.1. Спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах ажлын хөлс 48.790.968 төгрөг,

1.2. 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны 761 хоногийн алданги 3.712.991 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны 696 хоногийн алданги 3.395.848 төгрөг, нийт 55.899.807 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

  А. Хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

 

А.1. Нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч М хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ЭГЭ-А-19/15 дугаар “Зураг төсөл боловсруулах гэрээ”, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Ажлын зураг хүлээлцэх акт, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Ажлын зураг хүлээлцэх акт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, зураг төсөл боловсруулах даалгавар, хамтран ажиллах тухай хүсэлт зэрэг баримт авагдсан байна.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч М хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ЭГЭ-А-19/15 дугаар “Зураг төсөл боловсруулах гэрээ”-г хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Харин гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох, эсхүл гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох нь өөр агуулгатай ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1-д заасан нөхцөл шаардлагыг хангасан гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэдгийг хуульд заасан байхад шүүх хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон нь үндэслэлгүй юм.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч М-ийн хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ЭГЭ-А-19/15 дугаар “Зураг төсөл боловсруулах гэрээ” нь хуульд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул шүүх хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох шаардлагагүй, харин хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоох нь хуульд нийцнэ.

 

 Мөн анхан шатны шүүх хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь буруу болжээ.

 

Нэгэнт нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч М-ийн хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ЭГЭ-А-19/15 дугаар “Зураг төсөл боловсруулах гэрээ” нь хуульд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 5-д зааснаар хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэж, хэлцлээр шилжүүлсэн зураг төсөл, эсхүл түүний үнэ / 48.790.968/ төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

 Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 437.449 төгрөгийг төлсөн ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул 401.904 төгрөгийг “Э” ХХК-д буцаан олгож, 35.545 төгрөгийг улсын орлогод үлдээх нь үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

 

Харин гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон тул нэхэмжлэгчид алданги авах эрх үүсэх үндэслэлгүй тул  2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны 761 хоногийн алданги 3.712.991 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны 696 хоногийн алданги 3.395.848 төгрөг, нийт алданги 7.108.839 төгрөг гаргуулах гэснийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзлээ.

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч “Э” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437.449 төгрөгөөс 35.545  төгрөгийг улсын орлогод үлдээж, 401.904 төгрөгийг нэхэмжлэгч “Э” ХХК-д шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 129/ШШ2022/00187 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч М-ийн байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ЭГЭ-А-19/15 дугаар “Зураг төсөл боловсруулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч М-ээс 55.899.807 /тавин таван сая найман зуун ерэн есөн мянга найман зуун долоо/ төгрөг гаргуулах нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 343 дугаар зүйлийн 343.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч М-ийн хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ЭГЭ-А-19/15 дугаар “Зураг төсөл боловсруулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч М-ээс зураг төсөл эсхүл түүний үнэ болох 48.790.968 /дөчин найман сая долоон зуун ерэн мянга есөн зуун жаран найм/ төгрөгийг гаргуулан “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.108.839 /долоон сая нэг зуун найман мянга найман зуун гучин ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “437.449 /дөрвөн зуун гучин долоон мянга дөрвөн зуун дөчин ес/ төгрөгийг” гэснийг “401.904 /дөрвөн зуун нэг мянга есөн зуун дөрөв/ төгрөгийг “Э” ХХК-д буцаан олгож, 35.545 /гучин таван мянга таван зуун дөчин тав/ төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437.449 /дөрвөн зуун гучин долоон мянга дөрвөн зуун дөчин ес/  төгрөгөөс 35.545 /гучин таван мянга таван зуун дөчин тав/ төгрөгийг улсын орлогод үлдээж, 401.904 /дөрвөн зуун нэг мянга есөн зуун дөрөв/ төгрөгийг нэхэмжлэгч “Э” ХХК-д шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

                 ШҮҮГЧИД                                      Т.ДАВААСҮРЭН

                                                                                    Л.НЯМДОРЖ