Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 848

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ВБСТ” ХХК-ийн захирал Б.Билгүүний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Эрдэнэтуяа, Т.Эрдэнэчимэг нарт холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага:

“Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Эрдэнэтуяа, Т.Эрдэнэчимэг нарын 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 350002141 тоот актыг хүчингүй болгох” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ВБСТ” ХХК-ийн захирал Б.Билгүүн, хариуцагч Б.Эрдэнэтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “ВБСТ” ХХК-ийн захирал Б.Билгүүн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 350002141 тоот актаар “ВБСТ” ХХК нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, мөн зүйлийн 18.1.1, 18.1.14-т заасан заалтыг  болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэсэн үндэслэлээр 1,194,350,000.00 төгрөгийн татварын зөрчил илрүүлж, улмаар 197,223,885.00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр акт тогтоосныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэж заасан байдаг. Гэтэл “ВБСТ” ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд улмаар татан буулгах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст 2014 оны 4 дүгээр сард гаргасны дараа татварын хэлтсээс 2011 онд “ВБСТ” ХХК нь татварын тайландаа 597.950.000 төгрөгийг тусгасан талаар мэдэгдэж дээрх актыг тавьсан болно. 

“ВБСТ” ХХК нь байгуулагдсан цагаасаа хойш огт үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд энэ нь тус дүүргийн Татварын хэлтэст гаргаж өгсөн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулбар, Гаалийн ерөнхий газраас авсан тодорхойлолт /”ВБСТ” ХХК нь Монгол Улсын хил, гаалиар ямар ч бараа бүтээгдэхүүн оруулж байгаагүй, ямар нэг татварын тооцоо байхгүй тухай/ зэрэг баримтаар нотлогддог.

Мөн татварын улсын байцаагчийн 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 350002141 тоот актаар “ВБСТ” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасан зөрчлийг гаргасан гэжээ. 

Дээрх хуулийн заалтууд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа болон бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрт нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар заасан. Гэтэл “ВБСТ” ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй, ашиг орлого олоогүй учир ямар нэг татвар төлөх үүрэг хүлээхгүй юм. Иймд татварын улсын байцаагч нь холбогдох хуулийн заалтуудыг буруу хэрэглэж уг актыг тогтоосон гэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 80 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт “...дээр дурдсан нөхцөл байдлуудыг дүгнээд хэдийгээр “ВБСТ” ХХК-ийн захирал Б.Билгүүн нь тухайн акт, дүгнэлт дэх орлогыг олоогүй, зөрчлийг хариуцах субъект гэж буруутгах үндэслэлгүй, нэмэгдсэн өртгийн албан татварын төлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргаагүй, мөн тухайн падааныг аваагүй гэж үзэхээр байна...” гэж дүгнэсэн атлаа татварын улсын байцаагчийн 350002141 тоот актыг хэвээр үлдээсэн.

“ВБСТ” ХХК-ийн 2011 онд тайлагнасан татварын тайланг уг компаний захирал миний бие гаргаагүй, тайланд гарын үсэг зураагүй болно. Энэ талаар Цагдаагийн байгууллагад хандаж асуудлыг шалгуулж, тухайн татварын тайланд зурсан гарын үсэгт криминалистик шинжилгээ хийлгэж, тус компанийн захирал Б.Билгүүний гарын үсэг биш гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Мөн уг 597.950.000 төгрөгийн татварын тайлан гаргасан асуудалд Б.Билгүүн хамааралгүй гэдгийг тогтоосон. 

Нягтлан бодох бүртгэлийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-т “Санхүүгийн тайланд аж ахуйн нэгж, байгууллагын дарга, ...болон гэрээгээр ажилласан нягтлан бодогч гарын үсэг зурна.” гэж заасан. Уг заалтыг үндэслэвэл 2011 оны тайланд “ВБСТ” ХХК-ийн захирал миний бие гарын үсэг зураагүй учир тухайн тайлан хүчинтэй гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр улсын татварын байцаагчын актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч  Б.Эрдэнэтуяа, Т.Эрдэнэчимэг нарын 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 350002141 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

Хоёр. Хариуцагч татварын улсын байцаагч Б.Эрдэнэтуяа, Т.Эрдэнэчимэг нарын шүүхэд ирүүлсэн болон  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  

 “ВБСТ” ХХК-ийн 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2014 оны 03 сарын 23-ны өдрийг хүртэл хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2014 оны 350000146 тоот татварын улсын байцаагчийн дүгнэлт, Мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Батзоригийн 2014 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай санал бичгээр гаргасны дагуу Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазны зөвлөх Р.Батнасангийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 6014 тоот тогтоол, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 3/1216 албан тоот гомдол, Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 5/1582 тоот хариу мэдэгдэх хуудас, 2014 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн 35140900460 тоот албан томилолтын дагуу иж бүрэн шалгалт хийсэн.

...Нэхэмжлэгч “ВБСТ” ХХК нь Татварын хяналт шалгалтаар нийт 1,194,350,000.00 төгрөгийн зөрчил илэрсэн нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “татвар төлөгч үүрэг хүлээнэ:”, 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх...”, 18.1.3-т “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах...”, 18.1.4-т “хууль тогтоомжид заасан бусад үүрэг”, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана.”, 10.5-д “Санхүүгийн тайланд аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий (ахлах) болон гэрээгээр ажилласан нягтлан бодогч гарын үсэг зурж, тамга (тэмдэг) дарна.”, 19.4-т “Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид харшлах үйлдэл гүйцэтгэхийг бичгээр шаардаж гүйцэтгүүлсэн бол үүнээс үүсэх хариуцлагыг нягтлан бодогч хүлээхгүй.” гэсэн заалтуудыг болон холбогдох бусад хууль тогтоомжуудыг зөрчсөн.

Тодруулбал, нэгд, “ВБСТ” ХХК нь 2011 оны “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан”-д татвар ногдох орлогоос хасагдах зардалд үндсэн баримтгүйгээр 596,400,000.0 төгрөгийг тооцож, татвар ногдуулах орлогоо бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Дараахь тохиолдолд зардлыг албан татвар ногдох ордогоос хасч тооцохгүй:”,15.1.2-т "албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал” гэж заасныг.;

хоёрт, 2011 онд дээрх тайлангаар тайлагнасан 597,950,000.00 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, төсөвт төлөөгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа”, 8 дугаар зүйлийн 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээг импортолсон буюу экспортолсон, түүнчлэн борлуулсан бол тухай бүрт”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана:”, 16.1.1-д “тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар төлөгч өөрөө төсөвт төлөх” гэж заасныг тус тус зөрчснийг тогтоогоод Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь заалт, 34 дүгээр зүйл, 35 дугаар зүйлийн 35.3 дахь заалтыг тус тус үндэслэн “ВБСТ” ХХК-нд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3-т заасны дагуу, мөн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 35 дугаар тогтоолын 1 дүгээр заалтад заасан “Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.056 хувиар” гэсэн заалтыг үндэслэн 2011 онд баримтаар нотлогдоогүй 596,400,000.00 төгрөгийн зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасч тооцсон зөрчилд 59.640.000.0 төгрөгийн нөхөн татвар, 17.892.000.0 төгрөгийн торгууль, 29,820,000.0 төгрөгийн алданги ногдуулсан.

Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2-т заасны дагуу бүртгүүлбэл зохих иргэн, хуулийн этгээд харьяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байсан нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч уг татварын нөхөн төлүүлж дараахь хариуцлага хүлээлгэнэ:”, 17.1.1-д “нөхөн төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын нийт дүнгээс 0.3 хувиар тооцож, хүү төлүүлэх;”, 17.1.2-т “нөхөн төлбөл зохих албан татварын дүнгийн 50 хувиас илүүгүй хэмжээгээр торгууль ногдуулах.”, 17.2-т  “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулагүй буюу ногдуулсан боловч уг татварыг төлөөгүй нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч энэ хуулийн 17.1-д заасан хариуцлагыг хүлээлгэнэ.” гэж заасныг тус тус үндэслэн Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан боловч 2011 онд 597,950,000.0 төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй, татвар ногдуулан тооцоогүй зөрчилд 59,795,000.0 төгрөгийн нөхөн татвар, 29,897,500.0 төгрөгийн торгууль, 179,385,00 төгрөгийн хүү, нийт 1,194,350.000 төгрөгийн зөрчилд 119,435,000.0 төгрөгийн нөхөн татвар, 47,789,500.0 төгрөгийн торгууль, 29,820,000.0 төгрөгийн алданги, 179,385.00 төгрөгийн хүү, нийт 197,223,885.00 төгрөгийн төлбөр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд нэхэмжлэгч “ВБСТ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх нэхэмжлэгч болон хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

“Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Эрдэнэчимэг, Б.Эрдэнэтуяа нарын 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 350002141 тоот актыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “ВБСТ” ХХК-ийн захирал Б.Билгүүн нь хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын “ВБСТ” ХХК-ийн 2009-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 1,194,350.000 төгрөгийн зөрчилд 119,435,000.0 төгрөгийн нөхөн татвар, 47,789,500.0 төгрөгийн торгууль, 29,820,000.0 төгрөгийн алданги, 179,385.00 төгрөгийн хүү, нийт 197,223,885.00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр татварын улсын байцаагчийн 2014 оны 350002141 дугаартай акт  үйлдснийг эс зөвшөөрч хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. 

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Эрдэнэчимэг, Б.Эрдэнэтуяа нар  нь 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулийн этгээдийн бүртгэлийн 9011170114 тоот гэрчилгээ, 5262194 тоот регистрийн дугаартай “ВБСТ” ХХК-ийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд “Татварын хяналт шалгалт хийх томилолт” , “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, “Дүүргийн нэгдүгээр прокурорын 6014 тоот тогтоолыг  үндэслэн 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл шалгалтыг хийж гүйцэтгэжээ. 

Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 6014 дүгээр тогтоолд “...Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс ирүүлсэн “ВБСТ” ХХК нь татвар төлөхөөс зайлсхийсэн 1,194,350.000 төгрөгийн зөрчилд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгнө үү” гэх ЗО-169 дугаартай гомдлыг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын хоёрдугаар хэлтсийн ахлах мөрдөн байцаагч ...хүлээн авч шалгаад, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай санал бичгээр гаргаж, ...прокурорт ирүүлсэн материалыг ...хянаад, ...”ВБСТ” ХХК нь 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй ба дээрх хугацаанд татварын тайлангаа “Таван эрдэнэ аудит” ХХК-ийн захирал П.Батсүрэнгээр гаргуулж байсан болох нь Б.Билгүүн, Г.Цогтбаяр, О.Ганбаатар нарын тайлбараар тогтоогдож байх боловч П.Батсүрэн нь 2014 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нас барсан байх тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлгүй байна.”  гэжээ. 

Харин дээрх 2014 оны 6014 дүгээр тогтоолд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс гомдол гаргасны дагуу Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас холбогдох шалгалтыг хийсэн байх бөгөөд тус шалгалтаар:

-“ВБСТ” ХХК нь 2008 оноос хойш татварын тайлангаа “Таван эрдэнэ аудит” ХХК-ийн захирал П.Батсүрэнгээр гаргуулж байсан ба П.Батсүрэн нь нас барсан болох нь тогтоогдсон;

-“ВБСТ” ХХК-ийг татвар ногдуулах үйл ажиллагаа явуулсныг нотлох баримт байхгүйгээс хэний буруутай үйлдлээс 1,194,350.000 төгрөгийн зөрчил илэрснийг тогтоох боломжгүй болсон;

-Б.Билгүүн нь татварын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон дээрх зөрчлийг хариуцах ёстой субьект гэж буруутгах үндэслэлгүй байна” гэж тус тус дүгнэж,   “...Б.Билгүүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлд заасан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан ...шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг мэдэгдье.”  гэсэн  2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хариу мэдэгдэх хуудсыг  хүргүүлсэн байна.

Үүний дагуу хариуцагчаас Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасан “...зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байхгүй.”, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу “...татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна:” гэж заасны дагуу нэхэмжлэгч “ВБСТ” ХХК-нд татварын хяналт шалгалтыг хийж, 1,194,350.000 төгрөгийн зөрчилд татварын улсын байцаагчийн 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 350002141 дугаартай актаар нийт 197,223,885.00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон байна. 

Харин “ВБСТ” ХХК-ийн захирал Б.Билгүүн маргаан бүхий улсын байцаагчийн 2014 оны 350002141 дугаар актыг эс зөвшөөрч, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст “...“Таван эрдэнэ аудит” ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас гарсан зөрчлийг манай компанид хамаатуулан 197,223,885.00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр акт тавьсан асуудлыг шалгаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан бөгөөд энэ нь хэлтсийн бичиг хэрэгт Г-307 дугаарт бүртгэгдсэн,  уг гомдлын дагуу тус хэлтсээс Б.Билгүүний гарын үсэгт шинжилгээ хийлгэхээр шинжээчийг 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр томилсон  байна. 

Шинжилгээ хийлгэхээр шинжээч томилох 2014 оны дээрх тогтоолд “...”ВБСТ” ХХК-ийн захирал Б.Билгүүн нь манай компани байгуулагдсан цагаасаа хойш ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй байтал компаний тайлан тооцоог гаргадаг “Таван эрдэнэ аудит” ХХК нь компаний нэр дээр 2011 онд 576 сая төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр тайлан гаргасан байх тул шалгуулах тухай хүсэлт гаргасан ...”, “ВБСТ” ХХК-ийн 2011 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайлан нийт 7 хуудас, мөн тус компаний 2011 оны санхүүгийн тайлан материалд байгаа Б.Билгүүний гарын үсэгтэй тохирох эсэх, ...нэг хүн дээрх гарын үсгүүдийг зурсан эсэх зэргийг тогтоолгохоор тогтож шинжилгээ хийлгэх ...”-ээр тогтоосон байна.

Гэтэл 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Галбадрахын 4836 дугаар шинжээчийн дүгнэлтээр  нэхэмжлэгч “ВБСТ” ХХК-ийн захирал Б.Билгүүн нь 2011 оны 3 дугаар улирлын болон жилийн эцсийн санхүүгийн тайлан балансад гарын үсэг зураагүй болох нь батлагдсан байна. 

Иймд Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас “Таван эрдэнэ аудит” ХХК-ийн захирал П.Батсүрэн 2014 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нас барсан нь байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон байна гэж үзээд нэхэмжлэгч “ВБСТ” ХХК-ийн захирал Б.Билгүүний гаргасан гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 11974 дүгээр тогтоолыг гаргасан  болох талаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 81 дүгээр тогтоолд тэмдэглэсэн байна. 

Тэгэхлээр хариуцагч нарын маргаан бүхий 2014 оны 350002141 тоот акт нь хууль зүйн үндэслэлгүй болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Үүнд:

Нэгд, нэхэмжлэгч “ВБСТ” ХХК-ийн захирал Б.Билгүүн нь шүүхэд болон шүүх хуралдаанд “...нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, мөн падаан авах хүсэлтийг гаргаагүй байхад хариуцагч нарын маргаан бүхий 2014 оны 350002141 дүгээр актад “...Тус компани нь 2009 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, 014865 тоот нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ авсан байна.” гэж үзэж акт тогтоосон нь хууль бус гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

Учир нь “ВБСТ” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш, төлөгчөөр бүртгүүлээгүй, мөн падаан авах хүсэлтийг гаргаж байгаагүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан:

1. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “...тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх болон падаан авах хүсэлт байхгүй байна.” гэсэн 3/1350 дугаар албан бичгээр; 

2. Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 81 дүгээр тогтоолд “...уг компани, хуулийн заасныг удирдлага болгон өөрийн хүсэлтээр “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч”-өөр бүртгүүлээгүй, мөн холбогдох падааныг албан ёсоор аваагүй болохыг илтгэж байна гэж зөвлөлийн бүрэлдэхүүн үзлээ.” гэсэн дүгнэлтээр  тус тус нотлогдож байна.

Мөн “ВБСТ” ХХК-ийн тайлан гаргадаг байсан “Таван эрдэнэ аудит” ХХК-ийн захирал П.Батсүрэн нь 1,194,350,000.00 төгрөгийн зөрчилд хамаарагдах “АО жаргалант”, “Оймон”, “Гуулин тал” зэрэг компанийн тайлан тооцоог гаргах, тайланд аудит хийх гэрээтэй ажилладаг байсан, тухайлбал “АО жаргалант” ХХК-ийн тайланг гаргахдаа нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд хуурамч бичилт хийж байсан  зэргийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж тогтоосон байна.

Хоёрт, нэхэмжлэгч “ВБСТ” ХХК-ийн захирал Б.Билгүүн нь “...2011 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан дээр буюу 597,950,000.0 төгрөгийн татвар ногдох орлого, 596,400,000.0 төгрөгийн хасагдах зардал, 1,550,000.0 төгрөгийн татвар ногдуулах орлоготой тайланг цахим хэлбэрээр татварын албанд тайлагнасан тайланд  зурагдсан гарын үсэг нь компанийн захирлын гарын үсэг биш гэдгийг шинжээч тогтоосон, тухайн акт, дүгнэлт дэх орлогыг олоогүй. Иймд Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасны дагуу татвараа үнэн зөв тодорхойлох боломжгүй байхад татварын улсын байцаагчийн 350002141 тоот актыг тавьсан нь нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна” гэж маргаж байгаа нь үндэслэлтэй болох нь хэрэгь нотлох баримтаар авагдсан дараах баримтуудаар тус тус нотлогдож байна. Үүнд:

нэгд, 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Галбадрахын хийсэн “ВБСТ” ХХК-ийн захирал Б.Билгүүн нь “2011 оны 3 дугаар улирлын болон жилийн эцсийн санхүүгийн тайлан балансад гарын үсэг зураагүй болох нь батлагдсан.” гэх шинжээчийн 4836 дугаар дүгнэлт; 

хоёрт, Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын прокурорын 2014 оны 6014 дүгээр тогтоолд ”ВБСТ” ХХК нь 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй ба дээрх хугацаанд татварын тайлангаа “Таван эрдэнэ аудит” ХХК-ийн захирал П.Батсүрэнгээр гаргуулж байсан.” ;

гуравт, Гааль, татварын ерөнхий газрын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ”ВБСТ” ХХК нь сүүлийн 5 жил Монгол Улсын хилээр бараа бүтээгдэхүүн нэвтрүүлсэн талаар мэдээлэл Гааль, татварын ерөнхий газрын Гадаад худалдааны статистик мэдээлэлд бүртгэгдээгүй байна.” гэсэн 04-2/2251 дугаар албан бичиг; 

дөрөвт, Худалдаа хөгжлийн банкны 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 5/2499 дүгээр албан бичиг, харилцах дансны гүйлгээний хуулбар; 

тавд, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 81 дүгээр тогтоолд “”ВБСТ” ХХК-ийн захирал Б.Билгүүн нь тухайн акт, дүгнэлт дэх орлогыг олоогүй, зөрчлийг хариуцах субьект гэж буруутгах үндэслэлгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргаагүй, мөн тухайн татварын падааныг аваагүй ...”  гэсэн дүгнэлт зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байна.  

Иймд Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх:” үүрэг үүсээгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна. 

Тэгэхлээр хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтуудаас дүгнэн үзвэл хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Эрдэнэтуяа, Т.Эрдэнэчимэг нараас Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17.1, 17.2 дахь заалтыг үндэслэн  “ВБСТ” ХХК-нд 119,435,000.0 төгрөгийн нөхөн татвар, 47,789,500.0 төгрөгийн торгууль, 29,820,000.0 төгрөгийн алданги, 179,385.00 төгрөгийн хүү, нийт 197,223,885.00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон 2014 оны 350002141 дүгээр акт нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. 

Тодруулбал, хариуцагч татварын улсын байцаагч нар нь маргаан бүхий захиргааны акт болох 2014 оны 350002141 дүгээр актыг гаргахдаа Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид ... татварыг нөхөн төлүүлж, ... торгууль ногдуулна:”, 74.2-т “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.”, 74.3-т “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна.” гэсэн заалтуудыг тус үндэслэсэн гаргасан байна. 

Гэтэл хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд татварын хууль тогтоомж зөрчсөний улмаас хариуцлага хүлээх этгээд нь юуны түрүүнд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр бодитой буюу татвар ногдох орлого олсон, түүнийгээ нуусан зэрэг нь эрх бүхий этгээдийн хийсэн татварын хяналт шалгалтаар илэрч, тогтоогдсон байхыг ойлгохоор байна. 

Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-т заасан заалтыг үндэслэж 2014 оны 350002141 дүгээр актыг хариуцагч нараас тогтоосон боловч “ВБСТ” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн эсэх, эсхүл бүртгүүлвэл зохих этгээд бүртгүүлээгүй актад дурдсан зөрчлийг гаргасан эсэх, нэмэгдсэн өртгийн албан татварын гэрчилгээг аваагүй байхад нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хэрхэн хуваарилагдсан байгаа талаар тус тус тогтоож, нотолсны үндсэн дээр хариуцлага ногдуулаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар мөн нотлогдож байна. 

Гэтэл нэхэмжлэгч “ВБСТ” ХХК нь:

 нэгд, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох ямар нэг бараа борлуулж, ажил, үйлчилгээ үзүүлж, өөрөө орлого олоогүй болох нь; 

хоёрт, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргаагүй, мөн тухайн татварын падааныг аваагүй болох нь хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байхад хариуцагч нараас “ВБСТ” ХХК-ийг бодитоор орлого олсон, нэмэгдсэн өртгийн албан таварын падаан авсан эсэх гэдгийг тогтоогоогүй хирнээ нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээрх бичиглэлийг үндэслэн орлого олсон гэж үзэж, төлбөр ногдуулсан 2014 оны 350002141 дүгээр акт нь дээр дурдсан хуулийн холбогдох заалтад нийцээгүйн дээр “ВБСТ” ХХК-нд Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;” үүрэг үүсээгүй байна гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн 2011 оны санхүүгийн  тайлан, 2011 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайланд зурсан гарын үсэг шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч “ВБСТ” ХХК-ийн захирал Б.Билгүүний гарын үсэг биш гэдэг нь тогтоогдсон байхад тухайн компани бодитой орлого олж, татвар ногдуулах үүрэг үүссэн эсэхийг судлалгүй акт тогтоосон Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн  350002141 дүгээр акт хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Эрдэнэтуяа, Т.Эрдэнчимэг нарын 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 350002141 дүгээр актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “ВБСТ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ВБСТ” ХХК-ийн захирал Б.Билгүүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Эрдэнэтуяа, Т.Эрдэнчимэг нарын 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 350002141 тоот актыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.ӨЛЗИЙСАЙХАН