Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2026/ДШМ/87

 

С.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чинбилиг,

шүүгдэгч С.Б-ы өмгөөлөгч Б.Ганбаатар,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2750 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор С.Б-д холбогдох 2406089212782 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

З овгийн С-ын Б, 1987 онд Ховд аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “А” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);

Шүүгдэгч С.Б- нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “...” хотхоны ... байрны ... тоотод эхнэр Б.Э-тай маргалдаж, түүнийг цохиж эрүүл мэндэд нь хоёр бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүү, баруун шуу, зүүн бугалга, хоёр гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газар С.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч С.Б-ыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

хохирогч Б.Э- нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...С.Б- би анхнаасаа гэм буруугаа хүлээсэн. Хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай мэдүүлсэн. Бидний хоорондын үл ойлголцлоос болсон. Өөрөөр хэлбэл, хохирогчийн буруутай харилцаа байсан. С.Б- тухайн үед архи, согтууруулах ундаа хэрэглээгүй. Эхнэр тогтсон ажилгүй, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хүргэх, тэднийг сургах, хүмүүжүүлэх нөхцөлөөр хангадаг. Шүүх хуралдаанд хохирогч нь хүүхэд харах, хүргэх хүнгүйгээс оролцож чадаагүй. Бид 5, 12 насны хүүхдүүдтэй. Оногдуулсан эрүүгийн хариуцлага нь манай гэр бүлд санхүүгийн доголдол, хүүхдүүдийн сэтгэл зүйд таагүй мэдрэмж төрүүлэхээр байна. Бид харилцан бие биеэсээ уучлалт гуйсан. Энэ тухай дүгнэн хэлэлцэж, дахин ийм зүйл гаргахгүй гэж шийдэцгээсэн. Иймд бидний гэр бүлийн дотоод асуудлыг харгалзан надад оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, торгох ялаар сольж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.Б- анхнаасаа буюу гэрчийн мэдүүлэг өгөхөөсөө өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчийн зүгээс хавтаст хэрэгт авагдсан анхны мэдүүлэгтээ гомдол саналгүй, хохирол төлбөргүй тухайгаа мэдүүлсэн. Тухайн үед хардалтын улмаас эхнэрийнхээ биед гэмтэл учруулсан. Өөрөөр хэлбэл, хохирогчийн буруутай үйлдэл байдаг ба энэ талаар хохирогч мэдүүлсэн. Тухайн өдөр шүүгдэгч С.Б- согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Түүний эхнэр Б.Э- өмнө нь ажил хийж байсан хэдий ч одоогийн байдлаар тогтсон ажил эрхэлдэггүй. Мөн хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэх, тэднийг сургах, хүмүүжүүлэх зэрэгт огт анхаардаггүй. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч оролцоогүй. Хүүхэд харах хүнгүй байсан учраас шүүх хуралдаанд ирж гомдолгүй талаараа дахин хэлж чадаагүй. 4 болон 11 насны хоёр хүүхэд байдаг. Ийм учраас шүүгдэгчид оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шүүгдэгчийн гэр бүлд санхүүгийн доголдол үүсгэхээр байна. Шүүгдэгч болон хохирогч нар тухайн үед бие биеэсээ харилцан уучлалт гуйсан. Гэр бүлийн дотоод нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Чинбилиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд цаг уурын нөхцөл байдал, хүүхдийн эрх ашиг зэргийг харгалзан үзээд 500,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан. Анхан шатны шүүхээс 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн. Прокурорын зүгээс өөр хэлэх саналгүй, шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх С.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

-хохирогч Б.Э-ын: “...Тухайн өдөр Шанхайгаас надад үнэртэй ус авчирч өгөхөд нь би “энийг чинь би хэрэглэдэггүй, хэрэглэдэг хүнд нь аваачиж өг” гэж хэлээд хэрүүл болсон. Тэгсэн нөхөр “чи ер нь яачихаад байгаа юм” гээд нүүр хэсэгт 1 удаа цохисон ба тэгээд зодоон болсон. Миний гуя руу өшиглөж, гар хэсэгт өмдний тэлээгээр шавхуурдаж ороолгосон. Хүүхэд цагдаад дуудлага өгсөн...” (хх 17-19),

-шүүгдэгч С.Б-ы яллагдагчаар өгсөн: “...Хятад улс руу 5 хоногийн томилолтоор яваад 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ирсэн. Тухайн үед эхнэртэйгээ нэг өдөр холбоогүй байсан чинь уурлаж эхэлсэн ба урд байхад хэрүүл хийгээд маргаад байсан. Ирээд хардалтын хэрүүл хийгээд байхаар нь эхнэртэй маргасан. Үнэртэй ус авчирч өгсөн чинь “энийгээ янхандаа аваачиж өг” гэхээр нь уур хүрээд түлхсэн. Хэрүүл хийгээд байхаар нь гарах гэсэн чинь гаргахгүй байсан. Түлхэхдээ мөр хэсэг рүү нь 1 удаа гараараа цохисон. Урдаас нь ном авч шидсэн чинь оноогүй...” (хх 68-69) гэсэн мэдүүлгүүд,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 333 дугаар “...Б.Э-ын биед тогтоогдсон хоёр бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүү, баруун шуу, зүүн бугалга, хоёр гуянд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногоос дотогш цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байх ба хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хх 31-32),

-Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн “...Манай аав, ээж хоёр зодолдоод байна...” гэх дуудлагын лавлагааны хуудас (хх 11) зэргийг харьцуулан шинжлэн судлахад:

шүүгдэгч С.Б- нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “...” хотхоны ... байрны ... тоотод эхнэр Б.Э-тай маргалдаж, түүнийг цохиж эрүүл мэндэд нь хоёр бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүү, баруун шуу, зүүн бугалга, хоёр гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт нотлогдон тогтоогдсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд С.Б-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй, тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нараас гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд маргаагүй ба шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэн торгох ялаар солиулахаар давж заалдах гомдол гаргасан.

Аливаа гэмт хэрэг нь хүний аюулгүй байдал, эрх, эрх чөлөө нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах зэрэг нийгмийн амин чухал эрх ашигт халдаж хохирол учруулдаг тул Эрүүгийн хуулиар зохицуулж, хариуцлага хүлээлгэдэг. 

Ял бол эрх зүйт ёсны зайлшгүй шаардлага, шүүхээс шударга ёсыг хангуулах хэрэгсэл болдог. Ялыг оноохдоо тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж болон нийгмийн шударга ёс сэргээгдсэн эсэхийг харгалзана.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хувьд, “гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй” байхаар хуульчилсан Монгол Улсын иргэний үндсэн эрхэд халдаад зогсохгүй хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулан, хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулдаг тул хор уршиг ихтэйд тооцогддог. 

Шүүгдэгч С.Б- нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж бага насны хүүхдүүдийн дэргэд эхнэр Б.Э-ын “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх” үндсэн эрхэд нь халдан зодож гэмтэл учруулсан гэм буруугийн хэлбэр, тухайн гэмт хэргийн нийгэмд буй болгох хууль бус үр дагавар болон шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт дүгнэлт хийсний эцэст анхан шатны шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, түүний гэм буруу дээр маргаагүй, үйлдсэн хэрэгтээ хийж буй дүгнэлтийг харгалзан тухайн зүйлд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын хамгийн доод хэмжээгээр буюу 240 цагаар тогтоосныг өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Тэрээр урьд 2021, 2022 онуудад эхнэр Б.Э-ыг зодож, торгох болон баривчлах шийтгэл хүлээсэн боловч гэр бүлийн үнэт зүйл, ёс суртахууны хэм хэмжээг ойлгон ухамсарлаж чадалгүй, дахин түүнийг зодож биед нь гэмтэл учруулсан эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон байдал нь түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэхгүй байх нэг үндэслэл болов.

Түүнчлэн, давж заалдах гомдолд дурдаж буйгаар хохирогч Б.Э-ын биед хөнгөн гэмтэл учруулах хэмжээний зодохоор зүй бус буруутай үйлдлийг хохирогчийн зүгээс гаргасан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Нийтэд тустай ажил хийлгэх ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх ялын төрөл бөгөөд энэ ял нь шүүгдэгч өөрийн үндсэн ажил хөдөлмөрийг эрхлэх эрхийг хөндөхгүй.

Иймээс шүүх хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх бус, үйлдсэн гэмт хэргийн шинжид тохируулах ба шүүгдэгч С.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэхэд түүний гэр бүлд санхүүгийн доголдол үүсэх, хүүхдүүдийн сэтгэл зүйд таагүй мэдрэмж төрүүлэх гэсэн гомдолд дурдсан шалтгаанууд саад болохгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Дээрх үндэслэлүүдээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2750 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

                        ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН