Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 211/МА2021/00011

 

 

 

 

 

 

                           

 

 

 

 

 

 

          Н ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

          хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч Л.Н нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 129/ШШ2021/00415 дугаар шийдвэртэй

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

М ХХК-д холбогдох

52.451.214 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

ерөнхий шүүгч Т.Д-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б /онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн өмгөөлөгч С.П, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Архангай аймгийн Цэцэрлэг сумын төвд байрлах эмийн сангийн үйл ажиллагаа явуулдаг М ХХК нь манай H ХХК-тай 2015 оноос эхлэн хамтарч ажиллаж ирсэн юм. Ингээд улмаар 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хоорондоо эм, эмнэлгийн хэрэгсэл зээлээр ханган нийлүүлэх гэрээ байгуулсан юм. Түүнээс хойш М ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, манай зүгээс нийлүүлсэн бүтээгдэхүүний өр төлбөрийг барагдуулахгүй өдий хүрсэн юм. Н ХХК-ийн зүгээс тасралтгүй байнга утсаар ярьж, мөн албан шаардлага явуулж, ажилтнаа 2 удаа явуулсан боловч тэдний зүгээс манайх одоо төлнө, тооцоо нийлнэ гэж хойш тавьж хэлсээр өдий хугацаа өнгөрлөө. Одоо М ХХК нь манайхаас эм, эмнэлгийн хэрэгсэл зээлээр аваад төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл 47.751.214 /дөчин долоон сая долоон зуун тавин нэгэн мянга хоёр зуун арван дөрөв/ төгрөг болоод байгаа. Иймд 47.751.214 төгрөгийг М ХХК-аас гаргуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Н ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Архангай аймгийн Цэцэрлэг сумын төвд байрлах эмийн сангийн үйл ажиллагаа явуулдаг М ХХК-аас 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл худалдан авсан барааны үлдэгдэл болох 47.751.214 төгрөгийг М ХХК-аас гаргуулж Н ХХК-ыг хохиролгүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан. Үүнээс хойш шүүх 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр, 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр, 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус тус 6 удаа хуралдсан. Хурал болгон М ХХК-ийн хүсэлтээр хойшилсоор өдий хүрсэн. 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр болсон цахим хуралдаанаас хоёр талаас нэмэлт материалуудыг шаардсан болно. Манай тал шүүхийн шаардсан нэмэлт материал, нотлох баримтыг бүрдүүлэх, дотоод аудитын шалгалтаар өглөг, авлагын тооцоог нэгтгэх жагсаалт дээр нягтлан бодох бүртгэлийн алдаа гарсан болохыг тогтоолоо. Манай байгууллага өглөг, авлагын тооцоог нэгтгэн дүгнэхдээ М ХХК-аас Н ХХК-ийн захирал Н.Б-ийн Хаан банк дахь 5020196809 дансанд 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2.700.000 төгрөгөөр нэг, 2.000.000 төгрөгөөр нэг хийсэн төлбөрийн тооцоог 2 дахин бичиж давхардуулсан байна. Иймд М ХХК-с давхардуулж тооцсон 4.700.000 төгрөгийг нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Нийт 52.451.214 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна.”  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани Архангай аймгийн Цэцэрлэг суманд байрлах М ХХК-тай 2015 оноос хамтарч ажиллаж байсан. Хамтарч ажиллаж байх хугацаандаа газар зүйн байрлалаас шалтгаалан эм, эмнэлгийн хэрэгслийг худалдах, худалдан авч байсан. Энэ авах, өгөх асуудал маань утсаар буюу зайнаас харьцаж байсан. М ХХК нь манай байгууллагаас авсан эм, эмнэлгийн хэрэгслийн төлбөрийн эргэн төлөх нөхцөл нь бага орж ирсээр байгаад 60.751.215 төгрөг болохоор нь М ХХК-ийн захирал н.О-г Улаанбаатар хотод ирэхэд нь манай байгууллага гэрээ хийж, 60.751.215 төгрөг эргэн төлөхөөр хоорондоо уулзаж, гарын үсэг зурсан байдаг. Төлөлтөө сард 2.000.000 төгрөгөөр хийгээд явна гэж тухайн үедээ амлалт өгөөд явсан. Түүнээс хойш М ХХК-аас Голомт банкны 6255100188 тоот данснаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 10.000.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Ингээд 47.751.214 төгрөгийн авлага бий болсон. Манай компанийн зүгээс М ХХК-тай хийсэн баримт дээр дахин хяналт хийхэд 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5135309698 тоот данснаас М ХХК 2.700.000 төгрөг, хэсэг хугацааны дараа буюу 10-аад минутын дараа 2.000.000 төгрөг буюу нийтдээ нэг өдөр 4.700.000 төгрөг шилжүүлсэн байсан. Гэтэл манай компани өглөг, авлагаа нэгтгэхдээ хоёр гүйлгээг давхардуулаад 4,700,000 төгрөг хассан байдаг. Тэр нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Тийм учраас анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 47.451.214 төгрөг дээрээ уг 4.700.000 төгрөгөө нэмж нийтдээ 52.451.214 төгрөгийг М ХХК-аас нэхэмжилж байна. ...Манай дээр байсан падаан, танай байгууллагаас гаргаж өгсөн падааны дугаар зөрсөн гэж яригдаад байна. Энэ нь тухайн үед М ХХК нь манай компанид маш их өр зээлтэй байсан учраас бид нар падаанаа бэлэн төлөлтөөр бичдэг болохоор /чи бас үүнийг мэдэж байгаа шүү дээ/  М ХХК бэлнээр шилжүүлнэ гэсэн нь хойшлогддог. Тэгэхээр бэлнээр бичигдсэн баримтын дугаар зээл рүү шилжихээр баримтын толгой солигддог. Тэрнээс энэ нь ямар ч хуурамч байх үндэслэл байхгүй. Саяны баримт дээр бичигдсэн гарын үсгүүд миний гарын үсэг байгаа. Манай компаниас М ХХК-д хамгийн их зээл борлуулалт өгчихсөн. Тэрийг би өөрөө нотолдог учраас санхүүгийн тамгаа дарж, гарын үсэг зурсан.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Манай М ХХК-д холбогдолтой нэхэмжлэл нь манай компанийн тооцооны үлдэгдэлтэй нийлэхгүй байгаа бөгөөд тус нэхэмжлэлийн төлбөрийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй болно. Тухайн компани нь манайд дутуу явуулсан эм бараагаа хасаж тооцоогүй, тухайн үед бусад компанид олгож байсан хямдралыг манай компанид үзүүлээгүй, жилийн борлуулалтын урамшууллыг тооцож олгоогүй, эм дутуу явуулах зэрэг гэрээнд заагдсан үүргээ Н ХХК нь биелүүлээгүй болно. Н ХХК нь дээрх дурдсан тооцогдох тооцоонуудыг дахин нягтлан үзэхийг хүсэж байгаа бөгөөд хоёр тал тооцоо нийлэх хүсэлтэй байна. Н ХХК-ийг манай талаас тавьж байсан хүсэлтүүдийг биелүүлж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллага нь 2016 оны 06 дугаар сараас харилцаж эхэлсэн. Хамтран ажиллах хугацаандаа манай байгууллага 98.585.000 төгрөгийн бараа татан авч, 98.673.000 төгрөгийн буцаан төлөлтийг өгсөн. Тус хугацаанд манай байгууллагын аваагүй барааг нэхэмжилсэн байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн тооцоо нийлсэн акт дээр манайх тайлбараа бичиж өгсөн байгаа. Танай байгууллагын тооцоо зөрүүтэй байгаа учраас энэ тооцоог хүлээн зөвшөөрөхгүй байна, дараа нь очиж тооцоо нийлье гэсэн тайлбар гаргаж өгсөн болохоос Н ХХК-ийн тооцоог хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй байгаа. Манай байгууллага Н ХХК-тай анхнаасаа тооцоо нийлж яваагүй. 11 дүгээр сард төлөөлөгч нь ирээд тооцоо нийлье гэхэд нь тооцоо зөрсөн байна, тооцоо нийлье гэдэг хүсэлтээ манайх удаа дараа өгсөн. 2018 оны 11 дүгээр сараас хойших үлдэгдлээ манай байгууллага төлж дуусгасан. Танай байгууллагын гаргасан жагсаалт дээр хүртэл манай байгууллагаас шилжүүлсэн зарим нэг мөнгийг дутуу тусгасан байна.” гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 129/ШШ2021/00415 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас 11.528.075 /арван нэгэн сая таван зуун хорин найман төгрөг тэг далан тав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40.923.139 /дөчин сая есөн зуун хорин гурван төгрөг нэг зуун гучин ес/ төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396.706 /гурван зуун ерэн зургаан төгрөг долоон зуун зургаа/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 199.399 /нэг зуун ерэн ес гурван зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 ä¿ãýýð ç¿éëèéí 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-ò çààñíàар øèéäâýð òàíèëöóóëàí ñîíñãîìîãö õ¿÷èíòýé áîëîõ áºãººä нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь øèéäâýðèéã гардан авсан өдрөөс хойш 14 õîíîãèéí äîòîð шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä давж заалдах гомдол гаргах ýðõòýéã дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Н би Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 129/ШШ2021/00415 дугаартай шийдвэрийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, тус шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг удирдлага болгон доорх гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх нь шийдвэртээ: Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч М ХХК-ийн хооронд 2016 оноос хойш эм, эмнэлгийн хэрэгсэл ашиглан нийлүүлэх гэрээний үндсэн дээр Н ХХК нь эм, эмнэлгийн хэрэгслийг М ХХК-нд нийлүүлж, М ХХК нь төлбөрийг төлж үйл ажиллагаа явуулж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна гэж зөв дүгнэлт хийсэн мөртлөө тус хоёр компанийн хоорондын төлбөр тооцооны үлдэгдлийг буруу тооцож, Н ХХК-ийн нэхэмжлэлээс 40.923.140 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан бүх нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүйн улмаас зөвхөн Н ХХК-ийн зарлагын падаан, М ХХК-ийн төлбөр төлсөн баримт дээр тулгуурлан тооцоо хийсэн нь алдаа болсон гэж үзэж байна.

Тус хоёр компанийн хоорондын харилцаа нь тэдгээрийн хоорондын итгэлцлийн үндсэн дээр нэг нь утсаар бараагаа захиалж, нөгөө нь шилжүүлж Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.1-д “нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь” гэж эд мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зарлагыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг хэрэглэн өөрийн байгууллагын төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан цахим тоног төхөөрөмжийг ашиглан төлбөр тооцоог шивж, НӨАТ-ын баримтыг тухайн цаг бүрд нь нэгтгээд цахимаар тухайн харилцагч М ХХК-нд явуулж байсан бөгөөд цахим баримт болох НӨАТ-ын баримтыг Н ХХК-ийн зүгээс гаргаж өгсөн бөгөөд тус баримт нь хавтаст хэрэгт авагдсан байхад дүгнэлт хийгээгүй байна.

М ХХК нь манай явуулсан НӨАТ-ын цахим баримтыг хүлээн зөвшөөрөхгүй бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбараа гаргаж өгөх ба өөрсдийн татварын тайландаа тусгахгүй байх байсан. Гэтэл М ХХК нь ямар нэгэн тайлбар гаргаагүй бөгөөд татварын тайландаа тусгаад явж байгаа нь манай компаниас 141.406.627,9 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл хүлээн авсан гэх бодит нотолгоо юм.

Өнөө цагт хуучинтай адил зарлагын падаан, нэхэмжлэх бичиг нь бараг байхгүйтэй адил болсон бөгөөд аж ахуй нэгжүүд бүгд цахим сүлжээнд нэвтэрч бүртгэл хийдэг бөгөөд түүнтэй уялдуулан татварын газраас цахим баримтыг үндэслэн тус компанийн орлого, зарлагыг тодорхойлж тооцдог болсон юм.

Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль нь нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид албан татвар гэх/-ыг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, буцаан олгох, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.13-т “нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэж тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг хэлнэ” гэжээ. Мөн хуулийн 4.1.14-т “төлбөрийн баримт” гэж юу болох талаар дээрхийн адил тайлбарласан байдаг юм.

Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.5-т “цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна” гэжээ. Үүнээс дүгнэлт хийхэд НӨАТ-ын баримт нь үйлчилгээ үзүүлсэн, эд бараа худалдсан болохыг нотлох хамгийн чухал санхүүгийн баримт болох нь харагдаж байна.

Давж заалдах шатны шүүх нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэж, нэмэлт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд хандаж, хариуцагч М ХХК-аас 52.451.214 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч М ХХК төлбөрийн дүнг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Н ХХК-ын захирлын 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн итгэмжлэлээр тус компанийн салбарын эрхлэгч Б.Г-г тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлтуяа шүүх хуралдаанд оролцжээ.

 

Шүүх хэргийн оролцогчдод хэргийн материал танилцуулсан баримтыг 2021 оны 08 дугаар сарын 23-нд үйлдсэн атал тухайн баримтад  Б.Г-д хэргийн материалыг 2021 оны 08 дугаар сарын 20-нд танилцуулснаар бичигдсэн нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдоогүй этгээдэд хэргийн материал танилцуулсан гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасныг зөрчжээ.

 

Анхан шатны шүүх хуульд заасан ажиллагааг зохих ёсоор явуулаагүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгч Н ХХК-ийн гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй бөгөөд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 129/ШШ2021/00415 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420.206 /дөрвөн зуун хорин мянга хоёр зуун зургаа/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.Д

 

       ШҮҮГЧИД                                    Д.Б

    

                                    Л.Н