Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2026/ДШМ/117

 

Б.Ж-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сонинмөнх,

хохирогч Б.Ө-,

шүүгдэгч Б.Ж-, түүний өмгөөлөгч Д.Батдорж,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2663 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ж-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2510004250221 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн Б-ы Ж, 1990 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);

Шүүгдэгч Б.Ж- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, ... хотхоны ... байрны ... тоотод хамтран амьдрагч Б.Ө-ийг бусадтай хардан зодож “тархи доргилт, хамрын 2 талын хажуу хана, хамрын таславчийг хамарсан зөрүүтэй нийлмэл хугарал, хамрын таславчийн муруйлт, хүзүү, баруун бугалга, шуу, гуя, 2 өвдөг, зүүн эрхий хуруунд цус хуралт, 2 шүдний эмтрэл, эрүүний зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Хан-Уул дүүргийн прокурорын газар Б.Ж-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Ж-г “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

шүүгдэгч Б.Ж-гаас 19,840,500 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Ө-өд олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ж- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, хэдийгээр зүйлчлэлийг “согтуурсан үедээ хүчирхийлэл үйлдсэн” гэх боловч согтуурлын хувь хэмжээ хэр байсныг тогтоогоогүй. Согтуу байсан гэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй. Гэрчүүд ч мөн энэ талаар хараагүй, гэрчилж чадаагүй. Хэрэгт авагдсан хохирогчийн эрүүл мэндийн дэвтэрт сэтгэцийн өөрчлөлттэй холбоотой дүгнэлтүүд, эмчилгээний талаар байх бөгөөд түүн дотор хохирогч нь өмнө нь өөрийгөө гэмтээж байсан талаар баримт авагдсан. Гэтэл эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр намайг хохирогчийн биед гэмтэл учруулсан гэж шийдвэрлэн, мөн сэтгэл санааны хохирол төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Сэтгэл санаа нь хохирсон гэж дүгнэсэн хэдий ч Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан дүгнэлтээр сэтгэл санааны хувьд гүн хямралд орсон гэх дүгнэлтгүй, харин ч сайжирч байгаа гэсэн байдаг. Дээрх дүгнэлтээс харвал, сэтгэл санааны хохирол гаргах боломжгүй байсан гэж үзэж байна. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 19 дүгээр бүлэгт заасан тусгай журмыг баримтлаагүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 5.3 дугаар зүйл, 1.1 дүгээр зүйл, 1.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна. Хан-Уул дүүргийн хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн шинжээч Б.Ө-өд өмгөөлөгч шаардлагатай гэх дүгнэлтийг хийсэн. Энэ баримт хавтаст хэргийн 165 дугаар талд авагдсан. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцээний зарчим хангагдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийг хангаагүй гэсэн үг юм. Хавтаст хэргийн 205 дугаар талд Б.Ж- Б.Ө-ийн мэдүүлснээр бүх зүйл болсон гэж байгаа нь нэг талыг баримталж, мэтгэлцээний зарчим хангагдаагүй гэдгийг харуулж байна. Өмгөөлөгчийн зүгээс эрүүл бус харилцаа үйлдлийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн учраас хууль ёсны зарчим алдагдсан гэж үзэж байна. Өвчний улмаас хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож, мэдүүлэх чадваргүй хохирогчийн мэдүүлэг яллах дүгнэлтийн үндэслэл болохгүй. Мөн шүүхийн шийдвэрийн нотлох баримт болохгүй. Хавтаст хэргийн 108 дугаар талд хорооны эмнэлгийг сүйтгэж, буулгаж аюул учруулж байгааг илэрхийлсэн байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ээж нь зөвшөөрөлгүй авч явснаас тухайн нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Хохирогч Б.Ө-ийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй. Дүгнэлт гаргах журам зөрчсөн ба Б.Ө-ийн сэтгэл тогтворгүй, тулгамдсан, эмгэгтэй зэрэг асуудлууд байгаа. Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хэн үйлдсэн болох нь тогтоогдоогүй. Яаж үйлдсэн бэ гэдгийг нь ч тогтоож чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн нөхцөл байдал байгаа учраас хууль ёсны шаардлагыг хангаж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эрүүл саруул байх ёстой. Эрүүл саруул сэтгэл болон нийгмийн аюулгүй байдлыг дэмжсэн байх ёстой. Гэтэл энэ шаардлага хангагдаагүй байгаа учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шийдвэр гаргах ямар ч боломжгүй юм. ...” гэв.

Хохирогч Б.Ө- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Ж- намайг сэтгэцийн хувьд өмнө нь өөрийгөө гэмтээж байсан гэж тайлбарласан байна. Гэвч надад өөрийгөө өмнө нь гэмтээж байсан удаа байгаагүй. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэж эмчлүүлж байсан удаа байгаа. Мөн миний согтуурлын зэргийг тогтоогоогүй гэж тайлбарласан. Тухайн үед шүүгдэгч Б.Ж- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслээ жолоодоод явж байсан. Би тэр үед Ubcab-аас жолооч дуудаж зам тээврийн хөдөлгөөнд оролцох эрсдэлээс нь сэргийлж байсан. Тухайн өдөр шүүгдэгч Б.Ж- гаднаас орж ирэхдээ дэлгүүрээс архи авч орж ирсэн байдаг. Авч орж ирсэн архины зураг нь надад одоог хүртэл байгаа. Гэрт байсан архийг нэмж уусан. Шүүгдэгч Б.Ж- надад сэтгэл санааны маш их хохирлыг учруулсан. Дөнгөж 2 сартай нярай хүүхэдтэйгээ байхад сэтгэл санааны дарамт учруулсан ба түүнээс болж сэтгэл санаа, эрүүл мэнд, санхүүгийн хувьд их хохирол учруулсан. Сэтгэцэд үнэн бодитой хохирол үүссэн. Үүн дээр миний зүгээс маш их гомдолтой байна. ...” гэв.

Прокурор Ц.Сонинмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч талаас сэтгэл санааны хохирлыг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн дүгнэлт гарсан байдаг. Үүнд гуравдугаар зэрэг тогтоогдсон гэж тодорхойлсон. Тийм учраас анхан шатны шүүх хохирлыг тогтоосон нь хууль ёсны дагуу буюу үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Согтуурлыг шалгаагүй асуудлын талаар шүүгдэгч талаас маргаж байна. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шилжүүлсэн бөгөөд тухайн гэмт хэрэг дээр согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Мөн хохирогчийг өмгөөлөгчтэй оролцуулах эрхийг нь зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Сэтгэцийн гурван эмчийн дүгнэлт бий. Уг дүгнэлтэд хохирогчийг хэрэг хариуцах, мэдүүлэг өгөх чадвартай гэж тодорхойлсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр бүлэгт заасан нөхцөл байдал зөрчигдсөн гэж тайлбарлаж байна. Үүнийг нь прокурорын зүгээс ойлгохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр бүлэгт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх тухай хуулийн зохицуулалт бий. Ийм учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Б.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

-хохирогч Б.Ө-ийн: “...2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байхад найз залуу Б.Ж- согтуу ирж, надтай маргалдах гээд “өмнөх найз залуудаа хайртай биз дээ” гээд байсан. Би тэрийг нь тоолгүй хүүхдээ унтуулах гээд өөр өрөөнд байх хооронд Б.Ж- нь хөргөгчид байсан архи ууж байхаар нь “чи архи уухаа болиоч” гэсэн чинь тэр “чи нааш ир, надаас яагаад дөлөөд яваад байгаа юм, чи салсан залуудаа хайртай биз дээ, би чамайг нийлүүлээд өгье” гэх зэргээр маргаан үүсгэх гээд байсан. Миний хамар хэсэгт гараараа нэг удаа цохисон ба хамар хугарсан, үс зулгаасан, нэмж зодох гэж над руу дайрч, биеийн хамаг хэсгээс базсан тул бие нэлээн хөх няц болсон. Миний хамраас цус гараад би босоод орноос буухад дахиж хамар хэсэгт цохисон. Тэгсэн хүүхэд уйлсан ба би “хүүхдээ хөхүүлээдэхье” гэж гуйгаад хөхүүлж байхад Б.Ж- нь гал тогооноос хутга аваад “би чамайг цохиж зодоогүй биз дээ, чи намайг гүтгэх гээд байна уу” гээд хутга нууж барьчихаад хэлээд байсан. Би “хүүхдээ агаартай өрөөнд оруулаадахъя” гэж гуйж байгаад гарч ирээд ширээн дээрээс гар утсаа аваад зугтаж гарах гэхэд хаалганы цаанаас түлхээд хүүхдийн толгой хаалганд цохиж, би тулж түлхсээр байгаад хаалга хаасан. Хүнээс тусламж хүсээд цагдаа ирэх хүртэл айлд байсан. Өмнө нь “чи энэ байранд өөр хүнтэй болсон юм уу, тэрэнтэйгээ уулзаад ирэв үү, уулзмаар байна уу” гэх мэтчилэн байнга хардаж, дарамталдаг байсан...” (хх 7-8, 88-89),

-гэрч Э.М-ы: “...Тухайн өдөр манай гэрт нялх хүүхэдтэй, 25-30 орчим насны эмэгтэй “нөхөртөө зодуулсан” гээд нимгэн хувцастай орж ирсэн. Хамар, нүүр орчим хөхөрч, бага зэрэг хавдсан, нүүрний доод хэсэгт гэмтэлтэй байсан...” (хх 100-101),

-гэрч С.Г-ийн: “...Манай нөхрийн найз н.Батболд гэрт байж байгаад 00 цагийн үед найзын хамт гарч яваад удалгүй танихгүй, 25-30 орчим насны, хүүхэд тэвэрсэн эмэгтэй дагуулж орж ирсэн. Би тухайн эмэгтэйгээс юу болсон талаар асуухад “манай нөхөр зодсон, надад агсам тавьсан” гэхээр нь би өөрийн халаадаа нөмрүүлсэн...” (хх 103-104),

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1191 дүгээр ”...Б.Ө-ийн биед тогтоогдсон тархи доргилт, хамрын 2 талын хажуу хана, хамрын таславчийг хамарсан зөрүүтэй нийлмэл хугарал, хамрын таславчийн муруйлт, хүзүү, баруун бугалга, шуу, гуя, 2 өвдөг, зүүн эрхий хуруунд цус хуралт, 2 шүдний эмтрэл, эрүүний зөөлөн эдийн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн цохих үйлдлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх 18-20),

-тус дүгнэлтийг давхар нотолсон шинжээч Ө.Сарангэрэлийн: “...Хохирогч Б.Ө-ийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлчлэлээр үүснэ. Тус үүссэн гэмтэл цаг хугацааны хувьд хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг (хх 27-28),

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ЕГ0825/2781 дүгээр Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох “Б.Ө-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх гэмтлүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэсэн дүгнэлт (хх 107-109),

-Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын хэлтсийн ахлах мэргэжилтний 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хх 157-165),

-Б.Ж- нь хэрэг хариуцах чадвартайг нотолсон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 824 дүгээр (хх 120-122),

-Б.Ө- нь өөрийн хийсэн үйлдэл болон болсон зүйлийн талаар тодорхойлж үнэн зөв хэлж ярих чадвартай болохыг тогтоосон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 842 дугаар (хх 127-130) дүгнэлтүүд,

-камерын бичлэг хийж шалгах үед гэрийн шал, дэвсгэр нь цус болсон байдалтай, Б.Ө-ийн хамар нь хавдаж, баруун тал руугаа хугарч гэмтсэн байсан талаарх дуудлагын лавлагааны хуудас (хх 3) зэргийг харьцуулан шинжлэн судлахад:

шүүгдэгч Б.Ж- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, ... хотхоны ... байрны ... тоотод хамтран амьдрагч Б.Ө-ийг бусадтай хардан зодож “тархи доргилт, хамрын 2 талын хажуу хана, хамрын таславчийг хамарсан зөрүүтэй нийлмэл хугарал, хамрын таславчийн муруйлт, хүзүү, баруун бугалга, шуу, гуя, 2 өвдөг, зүүн эрхий хуруунд цус хуралт, 2 шүдний эмтрэл, эрүүний зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт тогтоогдсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Ж-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй, тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ж-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох шүүгдэгч, хохирогч нарыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

Шүүгдэгч Б.Ж-гаас шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргахдаа “хэргийн зүйлчлэлийг согтуурсан үедээ гэж дүгнэсэн хэрнээ согтуурлын хувь хэмжээг тогтоогоогүй, энэ талаар баримт байхгүй, хохирогч өмнө нь өөрийгөө гэмтээж байсан байтал намайг түүний биед гэмтэл учруулсан гэж шийдвэрлэсэн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэтгэл санааны хувьд гүн хямралд орсон гэж дүгнээгүй тул сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулах боломжгүй” гэх үндэслэлүүдийг дурдсан.

1.Хохирогч гэдэг нь гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хэлэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ө-ийг хохирогчоор тогтоож, 2024 оны 12 дугаар сарын 22, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус тус эрх, үүрэг тайлбарлан, худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хуулийн хариуцлагыг сануулан баталгаа авсан байна.

Ийнхүү үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээсэн хохирогч Б.Ө- нь “Б.Ж- гэртээ согтуу ирсэн, гэрт дахин архи уусан” гэж мэдүүлсэн төдийгүй, Б.Ж- нь сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “...би аавынхаа газар дээр очоод өргөе гэж авсан архиа уугаад сууж байсан...” гэжээ.

Иймд хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэх үйл баримтын талаар зөрчилдөөнгүй байх ба хохирогчийг худал мэдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Мөн эрх бүхий албан тушаалтны 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоолоор холбогдогч Б.Ж-г 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 цаг 30 минутаас 09 цаг 00 минут хүртэл Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байранд саатуулсан байна.

Түүнээс гадна, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхээс үл хамааран, хууль бусаар, тухайн хүний биед гэмтэл учрах боломжтойг мэдсээр байж хүсэж, санаатайгаар зодож, хөнгөн хохирол учруулсан бол тухайн зүйл хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцдог.

Тиймээс шүүгдэгч Б.Ж- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэх, согтолтын хувь хэмжээ ямар байсан зэрэг нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүйн дээр хувь хэмжээг тогтоогоогүй нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

2.Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 842 дугаар Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр Б.Ө-ийг шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр, засрал сайжралын байдалтай байгаа болохыг тогтоосон боловч Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1191 дүгээр дүгнэлтэд “...Б.Ө-ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн цохих үйлдлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн...” гэж дүгнэсэн.

Иймд хэрэг болсон гэх цаг хугацаанд хохирогчийн биед учирсан тархи доргилт, хамрын 2 талын хажуу хана, хамрын таславчийг хамарсан зөрүүтэй нийлмэл хугарал, хамрын таславчийн муруйлт, хүзүү, баруун бугалга, шуу, гуя, 2 өвдөг, зүүн эрхий хуруунд цус хуралт, 2 шүдний эмтрэл, эрүүний зөөлөн эдийн гэмтэлтэй түүний өөрийн шизоаффектив эмгэгийн холимог хэлбэрийн өвчин нь хамааралгүй.

Харин хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ж-гийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.

3.Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 842 дугаар шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд “...Б.Ө- нь шизоаффектив эмгэгийн холимог хэлбэртэй. Уг эмгэг нь хэрэг учрал болохоос өмнө үүссэн бөгөөд сайжралын байдалтай байсан...” гэжээ.

Дээрх дүгнэлт нь хүн сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэгтэй эсэх, болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэх зэргийг тогтоохоор түүний сэтгэцийн ерөнхий байдалд хийж буй шинжилгээ юм.

Харин Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Ж-гийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Ө-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, улмаар тухайн хөнгөн гэмтэл нь хохирогчийн бие махбодод өвчин зовуурь, сэтгэл санаанд зовлон шаналал үүсгэж буй нь тухайн гэмт хэргийн хор уршиг болно.

Тиймээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгч, прокурор нь шинжээч томилж, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийлгэснээр “хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангана.

Дээрх хүрээнд хийгдсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2781 дүгээр шинжилгээ нь гэм буруутай этгээд болох Б.Ж-гийн хамтран амьдрагч Б.Ө-ийг бусадтай хардаж зодсон үйлдлийн улмаас хохирогчийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байгаа, тухайн шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэлд хамаарахыг тогтоосон дүгнэлт байна. 

Шүүгдэгчийн дурдаж буй Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан “Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт” болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ” нь агуулга, зорилгын хувьд өөр буюу Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт нь хүний сэтгэцийн ерөнхий байдлыг тодорхойлдог бол Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг тогтоож буй, өөрөөр хэлбэл, тус дүгнэлт, шинжилгээг үндэслэн шийдвэрлэх асуудал нь ялгаатай юм.  

Иймд хэдийгээр хохирогч Б.Ө- нь шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр, засрал сайжралын байдалтай байгаа талаарх дүгнэлт хэрэгт авагдсан боловч энэ нь түүнд гэмт хэргийн улмаас сэтгэцэд нь хор уршиг учирсан эсэх, түүнийг нөхөн төлбөрөөр арилгуулахад хамааралгүй болно.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр бүлэгт “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх журам”-ыг хуульчилсан ба энэ нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, сэтгэцийн эмгэг, эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүн гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн өвчнөөр өвчилсний улмаас хэрэг хариуцах чадваргүй болсон яллагдагч, шүүгдэгчид хамааралтай заалт юм.

Мөн гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд эрүүл байсан боловч шийтгэх тогтоол гаргахын өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилсөн, урьд нь сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй гэж тогтоогдсон этгээдэд, эсхүл ял эдэлж байх үедээ сэтгэцийн өвчнөөр өвчилсөн ялтанд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай эсэхийг тогтоох зорилгоор яллагдагч, шүүгдэгчид сэтгэцийн шинжилгээ хийнэ.

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.Ж- нь сэтгэцийн өвчнөөр өвчилсөн, урьд нь сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй гэж тогтоогдсон зэрэг нөхцөл байдал байхгүй тул түүнд сэтгэцийн шинжилгээ хийх үндэслэл тогтоогдоогүй, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх журам хамаарахгүй.

5.Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй; өсвөр насны; монгол хэл, бичиг мэдэхгүй; бүх насаар хорих ял оногдуулж болох; хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад нь; төлбөрийн чадваргүйн улмаас өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан зэрэг оролцогч нарыг өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болохгүй.

Дээрх зохицуулалтаас дүгнэхэд, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй мөрдөгч, хяналт тавьж байгаа прокурор, хэргийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдвол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал өмгөөлөгч оролцуулж, эрхийг нь хангах үүрэгтэй.

Харин дээрх үндэслэлээс бусад тохиолдолд хэргийн оролцогч өмгөөлөгч авах эрх нь нээлттэй болно.

Хохирогч Б.Ө- нь өөрийн хийсэн үйлдэл болон болсон зүйлийн талаар тодорхойлж үнэн зөв хэлж ярих, өөрийн үйлдлийг удирдан жолоодох, хянах чадвартай, шизоаффектив эмгэгийг холимог хэлбэр нь засрал сайжралын байдалтай тул эмчилгээ хийх шаардлагагүй болохыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тогтоосон.

Тиймээс түүнийг сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй болсон гэж үзэхгүй. Хохирогч Б.Ө- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал өмгөөлөгчтэй оролцох этгээдэд хамаарахгүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөө илэрхийлсэн байх тул өмгөөлөгч авах эрхийг нь хязгаарласан, өмгөөлүүлэх эрхээр нь хангаагүй гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Ж-гийн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах”-аар гаргасан давж заалдах гомдол болон түүний өмгөөлөгч Д.Батдоржийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Шүүгдэгч Б.Ж- нь хамтран амьдрагч Б.Ө-ийн биед нь халдан зодсоноор эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн хувьд, гэр бүлийн үнэт зүйл, ёс суртахууныг зөрчиж, хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулан, өвдөлт, зовуурь үүсгэдэг хор уршигтай. 

Түүнчлэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь бага насны хүүхдийн дэргэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчирхийлэх замаар эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд нь халдаж, хохирол учруулснаараа хор аюулын хэмжээ их байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон гэж үзэв.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ... Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг)-т ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчилсан.

Хохирогч Б.Ө-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байх ба энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэлд хамаарахыг тогтоосон шинжээчийн дүгнэлт хэрэгт авагджээ.

Ийнхүү сэтгэцийн эмгэг 3 дугаар зэрэглэлд хамаарч байгаа тохиолдолд Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр нөхөн төлбөр олгоно.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн архидан согтуурсан үедээ хөхүүл хүүхэдтэй хамтран амьдрагчдаа олон удаагийн үйлдлээр халдаж гэмтэл учруулсан, хор уршиг бүрэн арилаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлж, 13,200,000 төгрөгөөр тооцон шүүгдэгчээс гаргуулсныг давж заалдах шатны шүүхээс буруутгах, өөрчлөх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин хохирогч Б.Ө-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.Ж-гийн түүнийг зодсон үйлдлээс шалтгаалан үүссэн болох нь тогтоогдсон.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд “Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах” талаарх зохицуулалтыг хуульчилсан ба тус зүйлийн 499.3 дахь хэсэгт “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” болохыг заажээ.

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 19,840,500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Б.Ө-өд олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт заасныг буюу энэ хэрэгт хамааралгүй заалт баримталсныг буруутган дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2663 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ж-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

                        ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН