Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 211/МА2021/00015

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               ХААН банкны Архангай салбарын нэхэмжлэлтэй

                                                    иргэний хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, ерөнхий шүүгч Т.Д, шүүгч Д.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2021/00455 дугаартай шийдвэртэй

ХААН банкны Архангай салбарын нэхэмжлэлтэй

М.Г, Г.М нарт  холбогдох

зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 11.795.468, 23 төгрөг, зээлийн хүү 8.190.586,9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 293.816,49 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 14.000 төгрөг, нийт 20.293.871,62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч Г.Мийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Г.М, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ХААН банкны Архангай салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Г, Г.М нар тус банкны Архангай төв тооцооны төвөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/201843376967 тоот зээлийн гэрээ байгуулан 13.562.860,24 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1.7 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан. Зээлийн барьцаанд иргэн М.Г, Г.М нар нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулын 15-06 тоот хаягт орших гэрийн эд хогшил болон ирээдүйд орох цалингийн орлого тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 4.1-дэх хэсэгт заасны дагуу зээл, хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 10.404.531,77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6.303.625,88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 16.708.157,65 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, 1154 хоног зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй байна. Иймд банк зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах, үндсэн зээлийн үлдэгдэл 11.795.468,23 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8.190.586,9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 293.816,49 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 14.000 төгрөг, нийт 20.293.871,62 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Г, Г.М нар нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймаг дахь тооцооны төвөөс 13.562.860 төгрөгийн цалингийн зээл авч, гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсний улмаас 20.293.871,62 төгрөг болсон. Одоогоор үндсэн зээлийн үлдэгдэл нь 11.795.468 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8.190.586 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 293.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 14.000 төгрөг буюу нийт 20.293.871,62 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байгаа. Нэхэмжлэлийн хувьд хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй учраас шүүхэд хандсан. Иймд гэрээний төлбөрийг барагдуулах хүсэлттэй байна. Хариуцагч талаас хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Мийг зээл төлөхөөс чөлөөлж өгнө үү гэж байна. Үүнд зээлийн гэрээ байгуулах үеэр гарын үсэг зурж, харилцан тохиролцсон учраас хамтран үүрэг гүйцэтгэгчийг салгаж, зээл төлөхөөс чөлөөлөх боломжгүй. Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах талаар зээлдэгч нар албан ёсоор бичгээр хүсэлт гаргаагүй. Мөн М.Гы зээлийн хүү, хүүгийн буцаалтыг хийж өгнө үү гэж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл өндөр байх тусам зээлийн хүү өндөр бодогддог. Тухайн үед мөрдөгдөж байгаа банкны хамтран ажиллах гэрээ болон зээлийн гэрээний ерөнхий нөхцөлийн хүүгээр бодогдсон. Тухайн хүү нь зээлийн гэрээ дуусгавар болох хүртэл хугацаанд өөрчлөлт орохгүй бөгөөд тухайн хүүгээр бодогддог. Яагаад ийм өндөр хүү гарч байгаа вэ гэдэг эргэлзээн дээр үндсэн зээлийн үлдэгдэл өндөр, хугацаа хэтэрсэн хоног нь өндөр болохоор зээлийн хүү өндөр бодогдож байгаа. Иймд зээлийн хүүгийн буцаалт хийх боломжгүй гэжээ.

 

            Хариуцагч М.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.Г миний бие 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хамтран зээлдэгч Г.Мийн хамт хашаа байшин худалдан авах зорилгоор ХААН банкны Архангай аймаг дахь салбараас цалингийн зээл авсан. 2018 онд Г.Мээс гэрлэлтээ цуцлуулж, тухайн хашаа байшин эд хогшлыг Г.Мийн мэдэлд үлдээсэн боловч Цогт-Уулын 24.000.000 төгрөгөөр авсан хашаа байшинг борлуулж, Приус-20 маркийн автомашин худалдан авч өөртөө зарцуулсан. Тухайн хашаа байшинг хамтран авсан зээлдэгч нэг ч төгрөг төлөөгүй. Хамтран зээлдэгч Г.М нь энэ зээлтэй хамааралгүй, би 100 хувь өөрөө төлж барагдуулах болно. Миний төлөх эх үүсвэр нь сард авдаг группийн 350.000 төгрөгөөр төлнө. Би эрүүл мэндийн шалтгаанаар ажил хийх боломжгүй болж тус зээлийг төлж чадаагүй өнөөдрийг хүрсэн.  Мөн ХААН банкны Архангай салбарын нэхэмжилсэн зээлийн хүүгийн төлбөр 8.190.587 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 293.817 төгрөгийг төлөх чадваргүй учир үндсэн зээлийн үлдэгдэл болох 11.795.469 төгрөгийг төлөх хүсэлттэй байна. М.Г миний бие эрүүл мэндийн шалтгаанаар 2018 оноос хойш ажил хөдөлмөр эрхлээгүй, тогтсон цалин болон өрхийн орлогогүй,  цаашид хөдөлмөр эрхлэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Хариуцагч М.Гы итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн хүү М.Гыг төлөөлж итгэмжлэлээр оролцож байна. Хүү М.Г минь төрөлхийн түнхний гэмтэлтэй бөгөөд гэмтэл нь одоо улам бүр муудаж, Солонгос улсаас эмч нар ирж хагалгаанд орохоор бэлтгэгдэж байгаа учраас би өмнөөс нь ирсэн. Г.Мийг хамтран үүрэг гүйцэтгүүлэхээс чөлөөлүүлэх хүсэлттэй байна. М.Г, Г.М нар өмнө нь хамт амьдарч байсан. Хамт амьдарч байх хугацаандаа 2 хүүхэдтэй болсон. Амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр 2 хүүхэдтэйгээ хамт тусдаа гарч амьдрахаар хашаа байшин худалдаж авч байсан. Гэтэл энэ хоёр маань салсан. Тэгэхдээ би хоёр ачийнхаа төлөө, хүүгийнхээ төлөө явахаас өөр аргагүй болж байна. Хамгийн гол нь энэ ХААН банкны үндсэн зээл 11.000.000 төгрөгийг төлүүлж өгнө үү гэж хүсэж байна. Хэрвээ 2020 оны 08 дугаар сард хурлаа хийсэн бол дахиад 3.000.000 төгрөг нэмэгдэхгүй байх байсан. Тухайн үед шүүх хуралдаанд н.Жавзандулам гэдэг хүн амралтад амарсан нь хүндэтгэх үзэх шалтгаан биш учраас нэхэмжлэлийг буцаасан. Тэгэхэд би Улаанбаатар хотоос ирж оролцож байсан. Тэгээд би зээлийн хүүг нь жаахан харж үзэж өгнө үү гэж ХААН банкинд очиж хүсэлтээ гаргаж өгч байсан. Тухайн үед мэдэгдлээ өгөөд явж байсан. Тэрнээс хойш өнгөрдөг хавар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж яриад байгаа. Надтай хэн ч, ганц удаа ч яриагүй. Би ХААН банк руу залгаад энэ хүний хурал юу болж байгаа вэ гэж лавладаг байсан. Гэтэл хэзээ хойно хаяг дээрээ байхгүй гэдэг үндэслэлээр хойшлогдсон гэж хэлсэн. Өнөөдрийн байдлаар ноднин жилээс хойш 3.000.000 төгрөг нэмэгдчихээд байна. Нэгэнт амьдралаа дээшлүүлье гээд зээл авсан болохоор буцааж төлөх нь зайлшгүй. Гэхдээ зээлийн хүү дээр нь жаахан уян хатан хандаж өгнө үү. Үр хүүхдүүдийн минь амь амьдралыг харж үзнэ үү гэж би ХААН банкнаас дахин дахин чин сэтгэлээсээ хүсэж байсан. Одоо ч гэсэн хүсэж байна. Миний хүү М.Г нь сард 350.000 төгрөгийн группийн мөнгө авдаг. Архангай аймгийн хаягаасаа шилжээгүй байгаа ба Улаанбаатар хотод түр оршин сууж байгаа. Тэнд эмнэлгээр явж байгаа. Яагаад миний хүү 20.000.000 төгрөгийг 100 хувь төлье гэж хүсэлт гаргасан бэ гэхээр үр хүүхдийнхээ хойчийг бодож байна. Тэгээд “би нэг ч удаа хүүхдүүдийнхээ тэтгэмжийг өгч чадахгүй байна. Тийм болохоор ээж минь та очоод битгий үгүй гэж хэлээрэй. Би үр хүүхдийнхээ хойдохыг бодож байгаа учраас энэ зээлийг 100 хувь халамжийн тэтгэврийн 350.000 төгрөгөөрөө төлнө гэдгийг сайн хэлж өгөөрэй” гэж намайг явуулсан. Би ч бас үр хүүхэд, ач зээгээ бодоод тэгж л бодож байна. Маш их хэмжээний хүү бодож энэ хүмүүсийн ноён нурууг хугалж байна. Хүнд мөнгө өгч байгаа гэхдээ цаана нь хүнийг өчнөөн их хүүгээр дарамталж байна. Залуу хүмүүс их хэцүү байна. Энэ талаас нь жаахан бодож хүүг нь цуцалж өгнө үү. Өнөөдөр энэ нийгэм ямар байгаа билээ, өвчин зовлон ямар байгаа билээ. Г.М бас зээл төлж байгаа. Тэгэхээр өсөж яваа хоёр хүүхэд юу идэх вэ. ХААН банк арай дэндүү байна. Үр хүүхдийнхээ төлөө зүрх цохилж байна. Бид Г.Мээс мөнгө аваад яах юм бэ.  Г.М 500.000 төгрөгийн цалинтай, шимтгэл улсад төлнө, тэгээд 400.000 гаруй мянган төгрөг авч байгаа. Хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож байна. Тэгэхээр ХААН банк энэ хүмүүсийн амь амьдралыг бодож жаахан ч гэсэн хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэж гуймаар байна.  Хэрвээ ноднин жил шийдчихсэн бол ядахдаа 3.000.000 төгрөг нэмэгдэхгүй л байсан. Ноднин жил 17.000.000 төгрөг байсан түүнээс хойш хүү нь 3.000.000 төгрөг нэмэгдээд 20.293.871,62 төгрөг болж байгаа. Хэрвээ зайлшгүй төлнө гэх юм бол ядаж бид нараас шалтгаалаагүй ноднин жилийн 08 дугаар сараас өнөөдрийг хүртэлх 3.000.000 төгрөгийн хүүг хасуулмаар байна. 17.000.000 төгрөгийг миний хүү төлнө  гэжээ.

 

Хариуцагч Г.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.М миний бие 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр М.Гаас гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдийн тэтгэмж тогтоолгож, эд хөрөнгийн маргаангүй гэсэн шүүхийн шийдвэр гаргуулж байсан. Үндсэн зээлдэгч М.Г нь  20.293.871,62 төгрөгийн зээлийг 100 хувь даагаад төлье гэж хүлээн зөвшөөрч байгаа. Үүнийг бас харгалзаж үзнэ үү гэж хүсэж байна. ХААН банкинд би 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр М.Гаас гэрлэлтээ цуцлуулчхаад амаар болон бичгээр удаа дараа хандаж байсан. Гэтэл ХААН банк хамтран зээлдэгч гэдэг утгаар миний бүх дансыг битүүмжилж байгууллагын миний дансанд орсон байсан 1.231.000 төгрөг, хувьцааны 70.000 төгрөг, ebarimt-аас орсон 100.000 гаран төгрөг буюу нийт 1.400.000 төгрөгийг ХААН банкны зээл рүү татсан байгаа. Байгууллагын 1.231.000 төгрөгийг би ажилдаа үлдэхийн тулд хүмүүсээс зээлж төлсөн. М.Гаас би хүүхдийн тэтгэмж тогтоолгосон хэдий ч төлөх боломжгүй гээд одоо хүртэл хүүхдийн тэтгэмж аваагүй. М.Г бид хоёрын дунд ярилцаж тохиролцсон зүйл байгаа. М.Гыг энэ зээлийг төлөх юм бол 2 хүүхдэдээ хүүхдийн тэтгэмжийн мөнгө авахгүй гэж бид хоорондоо ярилцаж тохиролцож байсан. Би Архангай аймгийн Монгол шуудан компанид үйлчилгээний ажилтан хийдэг. Миний сарын цалин 550.000 төгрөг бөгөөд би 550.000 төгрөгөөс 440.000 төгрөгийг гар дээрээ авдаг. Би Төрийн банкнаас 11.000.000 төгрөгийн цалингийн зээл 2018 оны 12 дугаар сар авч байсан. Би сар болгон 270.896 төгрөгийг цалингийн зээлд төлдөг. Үлдсэн 169.000 төгрөгөөр сард 2 хүүхэдтэйгээ амьдралаа болгодог. Одоо өргөн хэрэглээний барааны үнэ өсөж байгаа болохоор 169.000 төгрөгөөр 2 хүүхдээ тэжээгээд 3 хүнтэй ам бүл амьдрахад үнэхээр хэцүү гэдгийг хэн хүнгүй хараад ойлгож байгаа байх. Миний охин одоо 9 дүгээр анги, хүү 5 дугаар ангид сурдаг байгаа. Энэ 2 хүүхдийн хэрэглээ өдөр ирэх тусам өсөж байна. Үүнийг ойлгоод М.Г энэ зээлийн мөнгийг 100 хувь даагаад төлье гэсэн хүсэлтээ ноднин жилээс эхлээд өгсөн. Ноднин жилийн шүүх хуралдаан дээр хүсэлт, баталгаа гаргаж өгсөн байгаа. Үүнийг харгалзаж үзэж М.Гаар зээлийг төлүүлэх шийдвэр гаргаж өгч тусална уу гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2021/00455 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453  дугаар зүйлийн 453.1 дах хэсэгт заасныг тус тус баримтлан ХААН банкны Архангай салбарын хариуцагч М.Г, Г.М нартай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №ЗГ/201843376967 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч М.Г, Г.М нараас үндсэн зээлийн үлдэгдэл 11.795.468,23 төгрөг, зээлийн хүү 8.190.586,9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 293.816,49 төгрөг, нотариатын зардал 14.000 төгрөг, нийт 20.293.871,62 /хорин сая хоёр зуун ерэн гурван мянга найман зуун далан нэг/ төгрөгийг гаргуулан ХААН банкны Архангай салбарт олгож: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259.419 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Г, Г.М нараас 259.419 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Архангай салбарт олгож: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Мийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: ХААН банкны Архангай салбарын нэхэмжлэлтэй иргэн М.Г, Г.М нарт холбогдох иргэний хэргийн Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2021/00455 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Зээлийн гэрээ байгуулсан М.Гаас Г.М миний бие гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд цуцлуулах үед эд хөрөнгийн маргаангүй, иргэн М.Г 100 хувь зээлийг төлж барагдуулахаа илэрхийлсэн байдаг. Мөн нэхэмжлэгч ХААН банкинд удаа дараа зээлийн гэрээг байгуулсан нэг тал хариуцахаар болсон тухай мэдэгдэж, гэр бүл цуцлуулсан тухай тайлбар хийсэн. Гэтэл үйл баримтыг няцаасан нотлох баримтыг авч үзээгүй шүүхийн шийдвэр нь иргэн Г.М миний эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2021/00455 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ХААН банкны Архангай салбар нь хариуцагч М.Г, Г.М нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 11.795.468, 23 төгрөг, зээлийн хүү 8.190.586,9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 293.816,49 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 14.000 төгрөг, нийт 20.293.871,62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч Г.М нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө “... Үндсэн зээлдэгч М.Г нь  20.293.871,62 төгрөгийн зээлийг 100 хувь даагаад төлье гэж хүлээн зөвшөөрч байгаа. Үүнийг бас харгалзаж үзнэ үү гэж хүсэж байна. ХААН банкинд би 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр М.Гаас гэрлэлтээ цуцлуулчхаад амаар болон бичгээр удаа дараа хандаж байсан. ... М.Гаас би хүүхдийн тэтгэмж тогтоолгосон хэдий ч төлөх боломжгүй гээд одоо хүртэл хүүхдийн тэтгэмж аваагүй. М.Г бид хоёрын дунд ярилцаж тохиролцсон зүйл байгаа. М.Гыг энэ зээлийг төлөх юм бол 2 хүүхдэдээ хүүхдийн тэтгэмжийн мөнгө авахгүй гэж бид хоорондоо ярилцаж тохиролцож байсан. ... Үүнийг ойлгоод М.Г энэ зээлийн мөнгийг 100 хувь даагаад төлье гэсэн хүсэлтээ ноднин жилээс эхлээд өгсөн. Ноднин жилийн шүүх хуралдаан дээр хүсэлт, баталгаа гаргаж өгсөн байгаа. Үүнийг харгалзаж үзэж М.Гаар зээлийг төлүүлэх шийдвэр гаргаж өгч тусална уу” гэж мэтгэлцжээ.  

 

Анхан шатны шүүх нь ХААН банкны Архангай салбарын хариуцагч М.Г, Г.М нартай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №ЗГ/201843376967 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч М.Г, Г.М нараас үндсэн зээлийн үлдэгдэл 11.795.468,23 төгрөг, зээлийн хүү 8.190.586,9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 293.816,49 төгрөг, нотариатын зардал 14.000 төгрөг, нийт 20.293.871,62 төгрөг гаргуулан ХААН банкны Архангай салбарт олгохоор шийдвэр гаргасан байна.

 

Давж заалдах шатны шүүхэд гаргасан хариуцагч Г.Мийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 ХААН банкны Архангай салбар нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №ЗГ/201843376967 тоот зээлийн гэрээгээр 13.562.860,24 төгрөгийн цалингийн зээлийг 1.7 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлүүлэх, зээлдэгч төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Анхан шатны шүүх зохигч нарын хооронд зээлийн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд нийцсэн байна.

 

Гэрээ хүчин төгөлдөр тул зохигчийн хэн аль нь гэрээний үүргийг биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 

ХААН банкны Архангай салбар нь нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний зүйлийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн, энэ талаар зохигч маргаагүй байх тул гэрээнд заасан үүргээ зээлдүүлэгчийг биелүүлсэн гэж үзнэ. Шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-ийг зөрчөөгүй байна.

 

 Хариуцагч нар  үндсэн зээлийн төлбөрт 10.404.531,77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6.303.625,88 төгрөг, нийт 16.708.157,65 төгрөг төлж, гэрээнд заасан хугацаанд үлдэх төлбөрийг хийгээгүй нь тогтоогдсон байх тул шүүх зээлдэгчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэлийн шаардлага, түүнийг татгалзаж буй үндэслэлээ нотлох үүргийг хэргийн оролцогч хүлээнэ. Шүүх талуудын гаргаж өгсөн баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэнэ.

 

Хариуцагч Г.М нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө “...Үндсэн зээлдэгч М.Г нь 20.293.871,62 төгрөгийн зээлийг 100 хувь өөрөө дааж төлье гэж хүлээн зөвшөөрч байгаа. Үүнийг харгалзаж үзнэ үү гэж хүсэж байна” гэх боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д зааснаар “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох”-оор байна.

 

Иймд шүүх хариуцагч Г.Мийн тайлбарын талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

 

 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлээгүй тул хариуцагч Г.Мийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259.419 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх   хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 129/ШШ2021/00455 дугаартай шийдвэрийг  хэвээр үлдээж, хариуцагч Г.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч Г.М-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 259.419 /хоёр зуун тавин есөн мянга дөрвөн зуун арван ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

 

                            ШҮҮГЧИД                                      Т.Д

 

     Д.Б