| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0259/Э |
| Дугаар | 561 |
| Огноо | 2018-07-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Батнасан, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 561
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;
улсын яллагч: Р.Батнасан;
шүүгдэгч: Ц.О (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэдэвдоржийн Орхонд холбогдох эрүүгийн 1809022190469 дугаартай хэргийг 2018 оны 06 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Тээшин” ресторанд тогооч ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Залуус хотхоны 401 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, СЭ74050672 регистерийн дугаартай, Халибан овогт Ц.О.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Ц.О нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юби Хот Пот” ресторанд Б.Наранцэцэгийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Наранцэцэг /хх-ийн 16-17/, гэрч Д.Уянга /хх-ийн 18-19/ нарын мэдүүлэг, Ц.О-ы гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4722 тоот дүгнэлт /хх-ийн 21/, Ц.О-ы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 29-30/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юби Хот Пот” ресторанд Б.Наранцэцэгийг “ажлаас халлаа” хэмээн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.Наранцэцэгийн /хх-ийн 16-17/: “... Би 2018 оны 04 дүгээр сарын 08-ны орой 20 цаг 20 минутын орчим ажлаа хийгээд байж байтал манай ресторанд ажиллаж байгаад халагдсан Орхон гэдэг залуу эхнэртэйгээ согтуу ирээд “намайг ажлаас халсан” гээд хэл амаар доромжлоод нулимаад байсан. Тухайн үед бармен Уянга хамт байсан. О над руу агсраад “чамайг алах гэж ирлээ, буриадын хүүхэд яаж хүн алдгийг хараарай” гээд дайраад байхаар нь би айгаад текнийхээ араас гараад холдох гэтэл тухайн үед хүзүүндээ зүүчихсэн байсан ороолтоор хоолой боогоод толгой руу гараараа хүчтэй цохиод хана мөргүүлээд газарт унагаасан. … намайг “өөрийг нь ажлаас халсан” гээд уурлаад хэл амаар дайрч доромжлоод текэн дээгүүр гараа зангидаж байгаад миний эрүү рүү нэг удаа цохисон. Миний эрүүний зүүн доод хэсэгт хөхөрчихсөн. Дараа нь толгой руу гараа зангидаж байгаад цохиод хана мөргүүлээд газар унагаачихаад хүзүүндээ зүүчихсэн байсан алчуураар хоолой боосон...” гэх мэдүүлгээр,
Ц.О яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 27-28/: “... 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр би Наранцэцэгийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би Наранцэцэгийг нэг удаа шанаа руу нь шанаадаж цохиод толгой руу нь нэг удаа гараа зангидаж цохиод, нэг удаа хоолойг нь хүзүүндээ зүүчихсэн байсан алчуураар боочихсон… ” гэх мэдүүлгээр,
Ц.О буруутай үйлдлийн улмаас Б.Наранцэцэгийн биед “тархи доргилт, эрүүнд цус хуралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4722 тоот дүгнэлт /хх-ийн 21/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийг зодсоноо өөрөө хүлээсэн, хохирогч шүүгдэгчид зодуулснаа мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Ц.О “Ажлаас халлаа” хэмээн маргаан тэмцэлдээн үүсгэн Б.Наранцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Ц.Орхоны “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Хохирогч Б.Наранцэцэг гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой баримтыг хэрэгт хавсарган өгөөгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөртэй (хөнгөн гэмтсэнтэй) холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Халибан овогт Ц.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Хохирогч Б.Наранцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ