Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2026/ДШМ/137

 

Г.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ариунцэцэг,

хохирогч Н.Г-, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа,

шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч С.Гангантөгс,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/2578 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Г-, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Г.Б-д холбогдох 2506031052534 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г-ийн Б, 1990 онд Хэнтий аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа ... хорих ангид ерөнхий жижүүр ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);

Шүүгдэгч Г.Б- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа ... нээлттэй, хаалттай хорих ангид ерөнхий жижүүрийн үүргийг гүйцэтгэж байхдаа 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус ангид ял эдэлж байсан хоригдол Н.Г-ыг “ээлжийн нэгдсэн тоонд суусангүй” гэх шалтгаанаар түүний цээж хэсэгт нь өшиглөх, цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газар Г.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

хохирогч Н.Г- нь гэм хорын хохирол болон сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Б-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Н.Г-, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Г.Б-ыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон атлаа ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн нь хэт хөнгөн хэлбэрээр хандсан.

Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын ажиллагаа хэт нэг талыг барьж шалгасан. Г.Б- нь Н.Г-ыг “ээлжид гараагүй” гэх ялимгүй зүйлээр шалтаглан далимдуулж, хэт тохуурхаж доромжлон зодож түүний бие эрхтэнд хүч хэрэглэсний улмаас тухайн үед хохирогч юм ярьж, босож явж чадахгүй болсон. Энэ нь бие махбод, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж үйлдсэн. Уг гэмт хэргийг үйлдэх явцдаа олс мэт зүйл хэрэглэн 3 удаа ороолгож цохиж зодсон нь хэргийн газарт хийгдсэн камерын бичлэгт тодорхой харагдана. Энэ нотлох баримтаас үзэхэд, шударга ёсны зарчмаар Г.Б-ыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.2, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх ёстой.

Нөгөө талаар, хохирогч 1998 оноос хойш сэтгэцийн өвчний улмаас сэтгэц гэм судлалын шар хадны эмнэлгийн хяналтад 80 хувийн группт байдаг ба түүний төрсөн эгч Н.Э- нь түүний асран хамгаалагчаар олон жил явж байна. Гэтэл энэ талын ямар ч нотлох баримт хэрэг авагдаагүй, асран хамгаалагчийг байлцуулалгүйгээр хохирогчоос байцаалт авсан. Харин ч хохирогчийн энэ байдлыг нь далимдуулж “гомдол, саналгүй” гэсэн бичиг хийлгүүлсэн. Мөн хохирогч Н.Г- нь гэм хорын хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийн талаар мэдэх чадвар хомс, ийм хүнээр “хор уршиг нэхэмжлэхгүй” гэсэн бичиг хийлгүүлж авсан. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийг асран хамгаалагчийнх нь хамт оролцуулах ёстой байтал хохирогчийг оролцуулахгүйгээр хийсэн.

Г.Б- нь ийм өвчтэй хохирогчийн эрх чөлөөнд халдахгүйгээр өөр төрлийн арга хэмжээ авах бүрэн боломж байсан. Н.Г- нь Г.Б-д тэгтлээ зэрлэгээр зодуулах зөрчил гаргаагүй ба зөрчлийн акт үйлдэхээр ч тийм ноцтой зөрчил гаргаагүй.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 4299 дүгээр дүгнэлтийн 2 дахь хэсэг “мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан тул хүндэвтэр зэргийн гэмтэл гарсан” болон хохирогч Н.Г-ын мэдүүлэгт “ерөнхий жижүүр уурлаад намайг хорих ангийн шалганы арын өрөөнд оруулж байгаад шалан дээр суулган 2-3 алба хаагч зодсон” гэх мэдүүлэг, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих ангийн нэгдсэн эмнэлэгт хавирганы хугарал гэмтлээр 8 хоног хэвтэн эмчлүүлсэн нөхцөл байдлуудаас харахад, Г.Б- нь уг үйлдлийг ганцаараа үйлдээгүй байна. Тэгээд ч Г.Б- “би хохирогчийн гуя хэсэгт хөлөөрөө өшиглөсөн, хохирогчийн цээж хэсэгт цохисон зүйл байхгүй” гэсэн гэм буруугаа хүлээгээгүй эргэлзээтэй мэдүүлдэг. Тэгэхээр цээж хэсэгт буюу 8-9 хавирганы гэмтлийг хэн учруулсан байж таарах вэ.

Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй, болсон үйл явдлыг болсон чигээр нь бодитойгоор сэргээн тогтоож чадаагүй, хэт нэг талыг баримтлан шалгасан байхад шүүх Г.Б-ыг хэт үндэслэл муутайгаар ялаас чөлөөлсөн нь шударга бус шийдвэр болсон гэж үзэхээр байна. Иймд хохирогчийн эрх ашгийг хамгаалж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрөөр хэлбэл, 3 минут 18 дахь секундэд цэргийн мэт эрээн хувцастай хүн ялтан мэт улбар шар өнгийн хувцастай хүнийг олс мэт зүйлээр 3 удаа ороолгож буй үйлдэл камерын бичлэгт бичигдсэн. Г.Б- нь өвчтэй хүний эрх чөлөөнд халдахгүйгээр өөр төрлийн арга хэмжээ авах бүрэн боломж байсан. Г.Б- нь эрх зүйч мэргэжилтэй хүн. Зөрчил гаргасан тохиолдолд зөрчлийн акт үйлдэж, хоног нэмэх арга хэмжээ авна. Түүнээс эрх чөлөөнд нь халдаж, цохиж зодно гэсэн зүйл байхгүй. Г.Б- нь хохирогчийн биед 2 удаа халдаж байсан. Хохирогчийн хувьд унадаг, унахаараа юу ч мэддэггүй. Улмаар Г.Б- нь “...чи битгий баашлаад бай...” гэх зэргээр зоддог байсан. Г.Б- нь өмнө дээрх үйлдлүүдийг гаргаж байсан. 2 цаг 15 минутаас эхлэн цэргийн хувцастай 2 хүн, ялтан мэт улаан шар өнгөтэй хувцастай нэг хүн өрөөнөөс гарч ирэх ба ялтан мэт улбар өнгийн хувцастай хүн мөлхөж байв гэсэн. Үүнээс ганц хүн биш, 2-3 бүлэглэж зодсон байдал нь камерын бичлэгээс тодорхой харагдаж байна. Шүүгдэгч Г.Б- гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагаа шуурхай явна, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн гэсэн. Гэмт хэргийг нотлоход ямар дэмжлэг үзүүлсэн нь ойлгомжгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй. Хохирогчийг зодуулсан байхаар нь өрөөний хүн нь эгч рүү нь яриулсан байсан. Эгч нь манай дүүг зодсон байна гэхэд “...зодоогүй, тийм зүйл болоогүй...” гэх зүйлийг ярьсан. Дүүтэйгээ уулзъя гэхэд уулзуулаагүй. Хууль зүйн яаманд өргөдөл гаргаж байж, хэргийг шалгаж илрүүлсэн. Гэтэл шүүх гэмт хэргийг илрүүлэхэд  дэмжлэг үзүүлсэн гэж ямар ойлгомжгүй үндэслэлээр шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Гэтэл тогтоох хэсгийн үндэслэх хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-т заасан “...эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэх заалтыг үндэслэл болгосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-т “...энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан байхад үндэслэлгүйгээр ялаас чөлөөлж шийдвэрлэсэн. Төрийн албан хаагч албан үүргээ зохих ёсоор хууль журмын дагуу явуулахгүйгээс болж ядарсан иргэн хохироход хүрээд байна. Энэ нөхцөл байдлыг өөхшүүлж болохгүй. Хохирогч нь сэтгэцийн өвчтэй, 80 хувийн группэд байдаг талаарх нотлох баримт хэрэгт авагдсан. ...” гэв.

Хохирогч Н.Г- тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Гангантөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн зорилгыг хангаж гарсан. Гомдолд дурдагдсан бусад нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь сэтгэцийн өвчний улмаас 80 хувийн группт байдаг талаар гомдолд дурдсан боловч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Шүүгдэгчийг шүүх хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэж, удаа дараа ял эдэлж байсан. Шаардлага биелүүлээгүй гэдгээр хохирогчийн биед халдсан манай үйлчлүүлэгчийн буруу. Анхан шатны шүүх хуралдаан буюу мөрдөн шалгах ажиллагаанаас гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйсан. Иймд үүргийнхээ дагуу хохирол, хор уршгийг төлсөн. Түүнчлэн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогчийн ар гэрээс нэхэмжилсэн мөнгийг төлсөн. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 18 дахь жилдээ буюу 18 наснаас өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн залуу хүн байгаа. Ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. Цаашид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагадаа тогтвор суурьшилтай ажиллах чин хүсэлтэй залуу боловсон хүчин юм. Мөн эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Эдгээрийг харгалзан манай үйлчлүүлэгчид нэг удаа боломж олгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн гэмт хэрэг нь 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр үйлдэгдсэн. Тухайн хэргийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн. Хохирогч 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай тухай хохирогчоос өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад байхгүй. Түүнчлэн хохирогч нь тухайн үед гомдол, саналгүй талаар гарын үсэг зурж өгсөн. Иймд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. Бүлэглэж хохирогчийн биед халдсан асуудал хэрэгт авагдсан нотлох баримтуудад байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг хохирогч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

-хохирогч Н.Г-ын: “...2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр номын санд ном уншиж байгаад өдрийн хоригдол нарын тооллогоос бага зэрэг хоцорсон. Тоондоо суух гэтэл тухайн үеийн ахлагч цолтой шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч намайг хоцорсон гэдэг шалтгаанаар тоонд суулгахгүйгээр ээлжийн ахлахдаа тоонд суугаагүй гэж хэлсэн. Ерөнхий жижүүр уурлаад намайг хорих ангийн шалганы арын өрөөнд оруулаад шалан дээр суулгаж, 2-3 алба хаагч зодсон. Дараа нь миний цээж, хэвлийгээр хөндүүрлээд байхаар нь эмчид хэлсэн ба эмч “гаднаасаа харагдах юм байхгүй байна” гээд байсан. Сүүлд 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эмнэлэгт 7 хоног хэвтүүлсэн. Эмч нар миний зүүн талын хавирга хугарсан байна гэж хэлсэн...” (хх 52-54),

-гэрч Д.Э-ын: “...Тухайн өдөр 10 цагийн үед нөгөө ээлжийн ерөнхий жижүүр Б.Ч-ээс ээлж хүлээлцэх гээд байж байхад хоригдол Н.Г-, н.Ж-, Н.Ү- нар ээлж хүлээлцэх хяналтын нэгдсэн бүртгэлд хамрагдаагүй гээд өмнөх ээлжийн харуул авчирсан. Надтай хамт ажиллах байсан ерөнхий жижүүр Г.Б- “та 3 яагаад нэгдсэн зохион байгуулалттай, батлагдсан цагийн хуваарийн дагуу явагдаж байгаа ажилд яагаад хамрагдаагүй юм бэ” гэсэн чинь н.Ж-, Н.Ү- нар “ойлголоо, уучлаарай” гэсэн ба Н.Г- “мэдээгүй, мэдсэнгүй, албатай юм уу, чадахгүй” гээд байсан. Тэгээд Г.Б- “чи яагаад байгаа юм бэ” очсон чинь урдаас нь гар далайсан. Н.Г-ыг шалганы ард байдаг тусгай хэрэгслийн өрөө рүү дагуулж хоёулаа орсон. Хэсэг хугацааны дараа тэр өрөөнөөс гарч ирээд Н.Г-ын хөл хэсэг рүү нь 1-2 удаа өшиглөх шиг болсон, би сайн хараагүй, ээлжээ хүлээж авах гээд дээшээ гарсан...” (хх 56-57),

-гэрч Б.Ч-ий: “...Би 2025 эны 01 дүгээр сарын 26-ны өдөр дараагийн гарах ээлж хүлээлцээд дуусаж байсан. Г.Б- надаас ээлж авч байгаа хорих ангийн ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан ба хоригдол нарын нэгдсэн тоог бүртгэхэд хоригдол Н.Г- нь тоонд суух талаар алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн гэдэг шалтгаанаар хоцорч ирсэн. Н.Г- нь харилцааны доголдолтой хүн бөгөөд яагаад тоонд суугаагүй талаар асуухад “би суух шаардлагагүй” гэдэг асуудал тавьж байсан. Г.Б- шаардлага тавихад эсэргүүцсэн ба Н.Г-ыг 1-2 удаа өшиглөсөн, өөр зүйл болоогүй. Дараа нь Н.Г-ыг жижүүрийн хойд талын өрөө рүү дагуулж орсон, тэнд юу болсныг мэдэхгүй...” (хх 59-60) гэсэн мэдүүлгүүд,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0725/4299 дүгээр “Н.Г-ын биед тогтоогдсон зүүн 8, 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт (хх 72-74),

-шинжээч С.Эрдэнэцэцэгийн: “...Уг хугарал гэмтлийг авснаас хойш хөдөлгөөн хийх боломжтой ба авснаас хойш тэр даруй зовуурь болон шинж тэмдэг илэрнэ. Үүнийг нарийн мэргэжлийн буюу рентген томографикаар оношилно. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйл гэж хурц ир үзүүртэй зүйлээс бусад бүх мохоо гадаргуутай зүйлийг хэлнэ...” гэсэн мэдүүлэг (хх 111-112),

-камерын бичлэгт үзлэг хийсэн: “...бичлэгийн 02 минут 15 дахь секундэд цэргийн мэт хувцастай 2 хүн, ялтан мэт улбар шар өнгөтэй хувцастай 1 хүн өрөөнөөс гарч ирэх ба улбар өнгийн хувцастай хүн мөлхөж байв, 02 минут 19 дэх секундэд цэргийн мэт хувцастай хүн ялтан мэт хувцастай хүний хэвлий хэсэгт 1 удаа өшиглөв, 02 минут 36 дахь секундэд 1 удаа цэргийн мэт эрээн хувцастай хүн ялтан мэт улбар шар өнгийн хувцастай хүнийг дэвсэв, 03 минут 18 дахь секундэд цэргийн мэт эрээн хувцастай хүн ялтан мэт улбар шар өнгийн хувцастай хүнийг олс мэт зүйлээр 3 удаа ороолгов, 03 минут 42 секундэд өрөөнөөс гарч ирсэн цэргийн мэт эрээн хувцастай хүн ялтан мэт улбар шар өнгийн хувцастай хүний араас 2 удаа өшиглөж, хяналтын камерын үзэгдэх орчноос гарав... ” гэсэн тэмдэглэл (хх 45-49),

-Хууль зүй, дотоод хэргийн яамны албаны шалгалт явуулж, дүнг танилцуулах тухай албан тоот, хавсралт (хх 9-39),

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл шалгуулах тухай албан тоот (хх 5-6) зэргийг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Г.Б- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа ... нээлттэй, хаалттай хорих ангид ерөнхий жижүүрийн үүргийг гүйцэтгэж байхдаа 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус ангид ял эдэлж байсан хоригдол Н.Г-ыг “ээлжийн нэгдсэн тоонд суусангүй” гэх шалтгаанаар түүний цээж хэсэгт нь өшиглөх, цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн хохирогч Н.Г-ыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан шүүгдэгч Г.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүгдэгчийн зүгээс хийсэн гэмт хэрэгтээ маргаагүй ба харин хохирогч Н.Г-, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нараас “шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн хүндрүүлэх шинжийг хангасан, тэрээр энэ гэмт хэргийг ганцаараа үйлдээгүй, хохирогчоос мэдүүлэг авахдаа асран хамгаалагчийг байлцуулаагүй, энэ байдлыг нь далимдуулж гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бичиг хийлгүүлж авсан, анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийг асран хамгаалагчийнх нь хамт оролцуулах ёстой байсан, мөн шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргасан.

1.Хууль тогтоогчоос “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зохицуулж, харин ийнхүү гэмтэл учруулахдаа хохирогчийг тохуурхан доромжилж, эсхүл бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн бол тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр зүйлчлэхээр хуульчилжээ.

“Тохуурхан доромжилж үйлдсэн” гэж хохирогчийг элэг доог хийн, бах таваа хангаж буюу нэр төр, алдар хүндийн эсрэг илтэд бүдүүлгээр авирлаж, хохирогчийг элдвээр гутаан, эрээ цээргүй басамжлан харьцаж, доог тохуу хийсэн үйлдлийг,

“бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн” гэж хохирогчид олон удаагийн гэмтлүүд учруулах замаар буюу гэмтэл учруулахын тулд хүчтэй өвдөлт, зовуурь үүсгэх, сэтгэл санааны хүнд дарамтад оруулан шаналгах, байнга буюу тодорхой нэг хугацаанд дааруулах, халаах, өлсгөж цангаах зэрэг үйлдлийг тус тус ойлгоно.

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Г.Б- нь хохирогч Н.Г-ын биед 3 удаа, хэвлий хэсэгт 1 удаа өшиглөх, дэвсэх, олс мэт зүйлээр 3 удаа ороолгох, мөлхөж буй ялтны араас 2 удаа өшиглөх гэсэн үйлдлүүдээр халдсан байх ба энэ нөхцөл байдал нь дээр тодорхойлсон хохирогчийг тохуурхан доромжилсон, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн гэх үндэслэлд хамаарахгүй.

2.Шүүх хэрэг маргааныг гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд, нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх үүрэгтэй.

Хэдийгээр хохирогч Н.Г- мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...ерөнхий жижүүр уурлаад намайг хорих ангийн шалганы арын өрөөнд оруулаад шалан дээр суулгаж, 2-3 алба хаагч зодсон...” гэж мэдүүлсэн боловч тухайн мэдүүлэг нь хэрэгт авагдсан өөр нотлох баримтуудаар нотлогдсонгүй.

Харин гэрч Д.Э-ын: “...Г.Б- “чи яагаад байгаа юм бэ” гээд очсон чинь урдаас нь гар далайсан. Н.Г-ыг шалганы ард байдаг тусгай хэрэгслийн өрөө рүү дагуулж хоёулаа орсон. Хэсэг хугацааны дараа тэр өрөөнөөс гарч ирээд Н.Г-ын хөл хэсэг рүү нь 1-2 удаа өшиглөх шиг болсон...”,

гэрч Б.Ч-ий: “...Г.Б- шаардлага тавихад эсэргүүцсэн ба Н.Г-ыг 1-2 удаа өшиглөсөн, өөр зүйл болоогүй. Дараа нь Н.Г-ыг жижүүрийн хойд талын өрөө рүү дагуулж орсон, тэнд юу болсныг мэдэхгүй...” гэсэн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар хохирогч Н.Г-ын биед учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Г.Б-ын хууль бус санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх ба тус гэмтлийг шүүгдэгчээс өөр бусад этгээд хамтран учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар 1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь тодорхой эрхүүдийг эдлэх ба хэрэв хуульд заасан үндэслэл бий болсон тохиолдолд тухайн эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдэлнэ.

Хохирогч Н.Г- нь урьд гэмт хэрэг үйлдэж, хэрэг хариуцах чадвартайн үндсэн дээр хорих байгууллагад эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх ба түүнээс хойш Н.Г- нь эрх зүйн чадвар, чадамжгүй болсон гэх байдал хэргийн хүрээнд тогтоогдоогүй болно.

Тиймээс Н.Г-ыг хөдөлмөрийн чадвараа тодорхой хэмжээгээр алдсаны улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан оролцох боломжгүй болсон гэж үзэхгүй ба түүний хувьд асран хамгаалагч, харгалзан дэмжигч зайлшгүй шаардлагатай талаар илэрхийлээгүй, түүний төрсөн эгч Н.Э- нь дүүгээ бусдад зодуулсныг мэдсэн хэрнээ түүний асран хамгаалагчаар оролцох талаар хүсэлт гаргаж байгаагүй.

Түүнчлэн, хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоор хуульчилсан.

Хохирогч Н.Г-ын хувьд, ердийн өвчний жагсаалтаар хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан нь түүнийг эрх зүйн чадамжгүй болсон, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадваргүй, асран хамгаалагч байлцуулах шаардлагатай гэж үзэх үндэслэл болохгүй тул түүнд өөрт нь эдлэх эрх, үүргийг нь танилцуулан, тайлбар, мэдүүлэг авсан мөрдөн шалгах ажиллагаа нь хохирогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

4.Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрх хүн бүрд хуулиар тэгш олгогдсон учраас шүүх хуралдаанд оролцох эрхийг хэргийн оролцогчдод бүгдэд нь эдлүүлэх учиртай.

Энэхүү эрхийг хангах үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “...шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох...” эрхийг хохирогч эдлэхээр заасан.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 7011 дүгээр захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 00 минутад товложээ.

Шүүгчийн туслах 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Н.Г-тай 91хххххх дугаарын утсаар холбогдож, хурлын тов мэдэгдэхэд, тэрээр “Би шүүх хуралдаанд оролцохгүй. Би гомдолгүй. Надад нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй” гэсэн талаарх утсаар ярьсан тэмдэглэлийг үйлдэж, хэрэгт хавсарган, улмаар шүүх хуралдааныг хохирогчийг байлцуулахгүйгээр явуулсан.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж хуульчилсныг зөрчөөгүй, хохирогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарлаагүй байна.   

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэг дэх ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх билээ.

Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан, түүнийг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш, харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт юм.

Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаар мөрдөгч, прокурор, шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэл зэргийн талаар огт маргахгүй байгааг ойлгодог.

Шүүгдэгч Г.Б- нь ... нээлттэй, хаалттай хорих ангиас авсан тайлбар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Г-ын биед халдан зодсон талаараа тогтвортой, зөрүүгүй мэдүүлсээр ирсэн буюу анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон төдийгүй прокурор, шүүхийн дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэхээс зайлсхийсэн, оргон зайлсан зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй нь тухайн ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л шатанд хохирогч Н.Г- нь “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэдгийг бичгээр өгсөн, мөн гар утсаар хэлсэн боловч шүүгдэгч Г.Б- нь хэрэг анхан шатны шүүхэд байхад хохирогчид 2,000,000 төгрөг, давж заалдах шатны шүүх хуралдаанд дахин 3,000,000 төгрөг төлсөн баримтыг тус тус гаргаж өгсөн буюу нийт 5,000,000 төгрөгийг сайн дураараа төлсөн.

Түүнчлэн, хохирогч Н.Г- нь тус хорих байгууллагад хоригдон ял эдэлж байхдаа заавал суух ёстой ээлжийн нэгдсэн тоонд суугаагүй, улмаар “мэдээгүй, мэдсэнгүй, албатай юм уу, чадахгүй, би суух шаардлагагүй” зэргээр алба хаагч Г.Б-ын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн зэрэг хохирогчийн буруутай үйлдэл байна.

Тиймээс шүүгдэгч Г.Б- нь тодорхой шалтгаангүйгээр, эсхүл хэрүүл маргаан үүсгэсэн зэрэг өөрийн зүгээс шалтгаалах үйлдэл гаргаагүй байх ба дээр дурдсанаар хохирогчийн оролцох ёстой нэгдсэн тоонд суугаагүй нөхцөл байдал болон зүй ёсны шаардлагых нь өөдөөс эсэргүүцэл илэрхийлсэн нь уг гэмт хэрэг гарах шалтгаан болжээ.  

Шүүгдэгч Г.Б-ын үйлдсэн гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй, хөнгөн ангилалд хамаарах ба анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдэх болсон дээрх шалтгаан, шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй болон урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзахаас гадна хохирогч удаа дараа “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлаж, тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээрх үндэслэлүүдээр хохирогч Н.Г-, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарын хамтран гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/2578 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Н.Г-, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ГАНДОЛГОР

                        ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН