Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 211/МА2021/00009

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                  С.Г-ийн нэхэмжлэлтэй

                                                    иргэний хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, ерөнхий шүүгч Т.Д, шүүгч Д.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 129/ШШ2021/00392 дугаартай шийдвэртэй

С.Гийн нэхэмжлэлтэй

Х.Ж-д холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

С.Гд холбогдох

хүү Ж.Эийг өөрийн асрамжид авах тухай Х.Жийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч Х.Жийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч Х.Ж, хариуцагчийн өмгөөлөгч М.А, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Г миний бие нь хариуцагч Х.Жтой 2009 онд анх танилцаж, 2012 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хууль ёсны гэр бүл болсон. 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр охин Ж.Н, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүү Х.Э нар тус тус төрсөн. Анх гэр бүл болсноос хойш Х.Ж нь архи дарс их ууж, байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, агсам согтуу тавьж, эд хөрөнгөө эвдэж сүйтгэж, буу шийдэм барьж, намайг болон 2 хүүхдээ зодож дарамталдаг болсон. Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Хотонт сум дахь Цагдаагийн хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа талаар хоёр ч удаа дуудлага өгч байсан.  Манай аав, ээж хоёрыг дарамталж хэл амаар доромжилдог. Би эхээс хоёулаа эмэгтэй. Х.Жийн агсарч, дарамталж танхайрч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж намайг болон үр хүүхдүүдээ, миний эцэг, эхийг дарамталдаг учир нь төрсөн эрэгтэй ах, дүү байхгүй болохоор улам их дарамталдаг. Миний эцэг Ч.С биеийн байдал муу элэгний хүнд хагалгаанд орсон. Түүнээс хойш Х.Жийн зан ааш гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явдал улам ихэссэн. Миний 2 хүүхэд эцэг Х.Жтой болон түүний аав Д.Х, ээж Н.Ж нартаа дотно биш хөндий байдаг. 2015 он болон 2016 онд Х.Ж нь агсам согтуу тавьж, намайг зодож, гэр орноо ачин, мал ахуйгаа туугаад авч явж байсан. 2020 оны 11 дүгээр сараас хойш бид тус тусдаа амьдарч байна. Хариуцагч Х.Ж намайг 2 удаа өөр хүнтэй явалдаж байсан гэж худлаа бичсэн байна. Х.Ж нь үе тэнгийн хүн л байвал ах, дүү хэнтэй ч хамаагүй хардаж хэрүүл хийдэг байсан. Мөн миний ээж н.Д-ыг болон надтай нийлж толгой дээрээс дэвсэж өшиглөсөн, аав н.С-ыг хутга барьж ална гэж дайрч байсан гэж худал бичжээ. Миний аав, ээж хоёр өөрийн гэсэн хүүгүй болохоор хоёр хүргэнээ өөрийн хүү шиг хайрлаж Х.Жийг өөрийнх нь ааваас өмөөрч аавтай нь муудалцаж байсан. Бид хоёр цөөхөн хэдэн малтай болохоор орлого байхгүй байнга аав, ээжээс хэрэглээгээ авдаг байсан. Хадам аав, ээж Х.Жтой хол хөндий бөгөөд бид дөрөв хааяа очдог байсан. Миний аав 2019 оноос бие нь тааруу байдаг болсон. Миний аав үг цөөтэй, дүү нартаа аавын үүрэг гүйцэтгэдэг түшигтэй сайхан хүн гэдгийг нутгийнх нь хүмүүс гэрчилнэ. Намайг архи их уудаг, гэрийн ажил хийдэггүй гэж  байна. Би архи уудаггүй, хааяа нөхөртэйгөө хамт найз нөхөдтэйгөө ганц нэг пиво уудаг байсан. Гэрийн ажлаа хэнээс ч дутахааргүй хийдэг байсан. Х.Ж өөрийгөө энхийн цагаан тагтаа шиг ярьж, бичиж байна. Х.Ж архи уухаараа арслан бар шиг зантай болдог. Намайг олон удаа зодож байсан. Гэр орон эд хогшлоо шидэж, өшиглөж эвдэж хэмхэлнэ. Хүүхдүүддээ анхаарал муутай, тийм болохоор охин н.Н, хүү н.Э хоёрыг өөрөө асран халамжилж өсгөн хүмүүжүүлнэ. Миний аав, ээж хоёр охиныг 4 настай, хүүг 3 настай байхаас нь цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгч, авч, мөн зөв сурган хүмүүжүүлж байгаа. Х.Ж нь надтай амьдарч байхдаа манай боол мэт амьдардаг байсан гэж ичихгүй худлаа бичжээ. Аавын дүүгийнх нь хүү одоо 25 настай бөгөөд манайд байдаг болохоор Х.Жоор ажил хийлгэх ямар ч шаардлагагүй. Намайг хүнтэй суугаад явсан гэж худлаа ярьж байна. Би мал, гэр хоёрын хооронд ирэн, очин 2020 оны 11 дүгээр сараас хойш хоёр хүүхдийн боловсролд анхаарч эрүүл саруул өсгөж байна. Ер нь Х.Ж өөрийн гэсэн бодолгүй, хүний үгээр үг хийж явдаг нь ор үндэсгүй худлаа бичсэнээс нь харагдаж байна. Х.Ж хүүгээ нэг удаа аваад явсан. Тэгээд манай аав, ээжтэй дасаагүй болохоор бүтэхгүй юм байна гээд авчирч өгсөн. Хоёр хүүхэд нь надаас аавыгаа нэхээд байдаг боловч Х.Ж уулздаггүй. Цагаан сарын үеэр хадам ээж ирээд хүүг аваад явсан бөгөөд 1 сар гаруй хугацаанд хүүхдээ авч яваад айлд ямаа самнасан байсан. Хүүхэдтэй уулзуулахгүй байхаар нь Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт мэдэгдэж байсан. 1 сар гаруй хугацаанд хүүгээ авч явчхаад нэг ч удаа над руу залгаж яриулаагүй. Сая хүүхдүүдтэйгээ уулзах гээд ирэхэд нь манай аав короновирус өвчин туссан тусгаарлалттай байсан. Х.Жийг уулзана гээд байхаар нь байшингийн цонхоор гаргаад машинд нь уулзуулсан. Миний бие цаашид Х.Жтой хамт нэг гэр бүл болон амьдрах сонирхолгүй, өөрийн болон үр хүүхдүүд, эцэг, эхийн амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөгөө хамгаалах үүднээс гэр бүлээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжид үлдээж, эцэг Х.Жоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж авах хүсэлтэй байна. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Ж шүүхэд гаргасан хариу тайлбар болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Г нь тус шүүхэд гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Миний зүгээс гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Би С.Гтэй 2012 онд гэр бүл болж бидний дундаас хоёр хүүхэд төрсөн. Эхлээд хамт амьдрахад бид боломжийн амьдарч аав, ээжээс тастаж өгсөн малаа өсгөн хүнээс дутахгүй амьдарч байсан. Амьдрах хугацаандаа С.Г гэр орны ажилд муу, сааль сүүгээ авахгүй, гэр орныхоо ажлыг хаяад аав, ээж рүүгээ явчихдаг. Мөн хөнгөн шингэн явдалтай бөгөөд хоёр ч удаа өөр хүнтэй явалдаж тэднийд унтаж байхад нь би очиж байсан. Тэрнээс болж бид хоорондоо маргалдаж намайг цагдаад дуудлага өгч байсан. Би цагдаагийн газарт учир байдлыг хэлж миний буруу биш болохоор явуулж байсан. Би чи гэр бүлээс гадуур өөр хүнтэй явалдаж, хүүхдүүдээ өөрийн аав, ээж хоёртойгоо орхиж, гэр орныхоо ажлыг хийхгүй хаашаа ч хамаагүй хэл сураггүй тэнээд яваад байх юм гэж хэлснээс болж өөрийн ээж н.Д-тай нийлж намайг толгой дээрээс дэвсэж өшиглөж байсан. Мөн аав н.С нь хутга барьчхаад намайг алчихъя гэж дайрч байсан. Би С.Гтэй амьдарсан цагаасаа мал ахуйгаа харж, мод чулуугаар юм хийж амьдралаа авч явахын төлөө хөдөлмөрлөдөг байсан. Би түүнийг зодож нүдэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан удаа байхгүй. Намайг аав, ээжтэйгээ нийлж хэл амаар доромжилж юутай ирсэн гуйлгачин бэ гэж байнга загнаж хараадаг байсан. Би харин С.Гийг зодох биш өөрөө зодуулж эдний боол мэт амьдарч байгаад арга буюу малаа аваад явсан. Харин С.Г нь өөрөө саваагүй, гадуур дандаа хүнтэй явалддаг, хоёр хүүхдээ хаяад одоо өөр хүнтэй суугаад явсан. Иймд би энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. С.Гийг надтай амьдрах хугацаандаа гэр орноо яаж авч явдаг байсан, үр хүүхдэдээ ямар ч анхаарал халамж тавихгүй орхиод, архидаад, гадуур хоноод явчихдаг, эр нөхрөө барьж авч зоддог талаар нутгийн хүмүүс сайн мэднэ. Хадам ээж болон С.Г хоёр намайг зодоод толгойг маань хагалж байсан. Би гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хоёр хүүхдийнхээ хүүгээ өөр дээрээ авах хүсэлттэй байна. Охиндоо тэтгэлэг төлөхийг зөвшөөрнө гэжээ.

 

Хариуцагч Х.Ж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Г тус шүүхэд Х.Ж надаас гэрлэлтээ цуцлуулах, хоёр хүүхдээ өөрийн асрамждаа авах, мөн хуулийн дагуу эцэг надаас тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэтэл цуцлах болсон үндэслэлээ намайг архи дарс их ууж байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, агсам согтуу тавьж, өөрийг нь болон хоёр хүүхдийг зоддог учир гэрлэлтээ цуцлуулна гэсэн. Би нэхэмжлэлд дурдсанчлан тийм үйлдэл гаргаж байгаагүй. Харин С.Г нь хөнгөн шингэн явдалтай бөгөөд хүүхдүүдээ хоол ундгүй орхиод яваад байхаар би уурлаад хоорондоо маргалдахад намайг цагдаа дуудаж өгч байсан. Энэ байдлаас болж нэг удаа гар хүрсэн. Тэрнээс өөр цохиж зодож байгаагүй. Одоо тэр хүнтэйгээ суугаад хүүхдүүдээ орхиод явсан. Өөрөө ч тэрийгээ мэдэж би чамаас сална, хоёр хүүхдийнхээ охиноо би авъя, чи хүүгээ ав гэж тохирсон. Өөрийнх нь авъя гэсэн малыг өгсөн. Энэ хүний зан байдлыг нутгийн захын хүмүүс мэднэ. Хүүгээ хойд эцгийн царай харуулмааргүй байна. Хүүхэдтэйгээ утсаар яръя гэхээр хадам ээж утас аваад яриулдаггүй. Хадам ээж охиныхоо ийм занг мэддэг атлаа байнга өмөөрч надад бүх бурууг өгдөг. Иймд хүүгээ өөрийн асрамжид авах сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Учир нь хүүхдээ өөрөө өсгөхгүй, хүнтэй суугаад хүүхдээ орхиж байгаа хүн хүүхдийг цаашид зөв хүмүүжүүлж чадахгүй гэж бодож байна. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүгээ өөрийн асрамжид авна. Охиноо ч авсан яах вэ, охиндоо тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хүүгээ өөрийн асрамжид авбал С.Гээс тэтгэлэг гаргуулахгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Г сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Ж хүүхдүүдээ анхаардаггүй. Бид гурвыг орхиод мал гээд яваад өгдөг. Мал, мотоцикл, эмээл өөрийн гэсэн бүх зүйлээ аваад явсан. Хоёр хүүхдийнхээ төрсөн өдөрт нэг ч удаа ийм юм аваад өгчих гэж мөнгө өгч байгаагүй. Архи дарс байнга уудаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг учраас хоёр хүүхэд маань гэр орондоо байдаггүй. Хоёр хүүхдээ хамт өсгөхийг хүсэж байна. Хоёр хүүхэд аав дээрээ байх хүсэлгүй байгаа. Шүүхэд тайлбар өгөхдөө ч хүүхдүүд хэлсэн байгаа. Хүүгээ аавд нь өгөөд сар гаруй хугацаа болоход эгч нь бэтгэрэхээ шахсан. Тийм болохоор хоёр хүүхдээ өөр дээрээ авна гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 129/ШШ2021/00392 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Г, Х.Ж нарын гэрлэлтийг цуцалж: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Ж.Н, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Ж.Э нарыг эх С.Гийн асрамжид үлдээж, хүү Ж.Эийг өөрийн асрамжид авах тухай гаргасан хариуцагч Х.Жийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож: Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Ж.Н, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Ж.Э нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Жоор сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх С.Гд даалгаж: Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлтийг цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Б.Анхтуяа/-д даалгаж: Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулж, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг тайлбарлаж: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Х.Жоос 140.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Гд, 1 жилийн хугацаанд төлбөл зохих 2 хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 56.000 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод тус тус олгож: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.Жийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хариуцагч Х.Ж миний бие Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 392 дугаартай шийдвэрийг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гардан аваад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Гийн шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ асрамждаа авах, хүүхдүүдэд тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг бүрэн хангаж, хариуцагч Х.Ж миний хүү Ж.Эийг өөрийн асрамждаа авах  тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. С.Гтэй би 2009 оноос танилцаж, улмаар гэр бүл болж, бидний дундаас охин, хүү хоёр гарсан. Амьдрах хугацаанд С.Г нь гэр орны ажилд муу, үнээ малаа сааж сааль авдаггүй, хүүхдүүдээ орхиод архи дарс уугаад явчихдаг, хөнгөн шингэн явдалтай, хэд хэдэн удаа гэр бүлээс гадуур хүнтэй явалдаж, заримтай нь унтаж байхад нь би таарч, түүнээс болж маргахад намайг цагдаа дуудаад өгдөг байсан. Би харин үг дуу цөөнтэй болохоор тэр бүр би юм хэлдэггүй. Хэлэхээр ээжтэйгээ нийлж миний толгой дээрээс дэвсэн зодож, чи муу юутай ирсэн гуйлгачин бэ гэж загнаж хараадаг. Аав нь хүртэл намайг алчихъя гэж хутга бариад дайрч байсан удаа  ч бий. Би энэ айлд ямарч мэдэлгүй, боол шиг аашлан хараалгуулж, зодуулж байдаг. С.Гийн хонуут өнжүүт архи уугаад хүүхдүүдээ аав, ээж дээрээ орхиод явчихдаг зэргийг нутгийн хүмүүс сайн мэднэ. Би айлын ганц хүү болохоор манай аав, ээж хүнээс дутахгүй сайхан гэр орон бэлдэж, боломжийн мал идээ тастаж өгсөн. Хамтран амьдарч байх хугацаандаа хормой султай, гадуур дотуур хүнтэй унтаж байдаг бөгөөд одоо ч тэр хүнтэйгээ гэр бүл болсон байна лээ. Миний хоёр хүүхэд дандаа өвөө, эмээ дээрээ байдаг. Энэ хүн хүнтэй л сууж байвал болохоос хүүхдүүдээ боддоггүй. Би хоёр хүүхдийнхээ нэгийг ч гэсэн өөрөө авч асарна гээд сөрөг нэхэмжлэл гаргасан. Хүүхдүүдэд үг зааж өгөөд шүүхэд асуулгасан. Хүү Ж.Э минь аавдаа элэгтэй бөгөөд аавтайгаа уулзах гэхээр уулзуулдаггүй, утсаар ч яриулдаггүй. Ийм ээж нь хайхардаггүй эрэгтэй хүүхдийн цаашдын хүмүүжилд муугаар нөлөөлнө гэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Иймд хүү Ж.Эийг өөрийн асрамждаа авах гэсэн нэхэмжлэлийг хангаж шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч Х.Жид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Х.Ж нь гэрлэлт цуцлуулж, охин Ж.Н-ийг эхийнх нь асрамжид үлдээж, охиндоо тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин хүү Ж.Эийг өөрийн асрамжид авахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх С.Г, Х.Ж нарын гэрлэлтийг цуцалж, охин Ж.Н, хүү Ж.Э нарыг эх С.Гийн асрамжид нь үлдээж, эцэг Х.Жоос нь тэтгэлэг  гаргуулж, харин хүү Ж.Эийг өөрийн асрамжид авах тухай гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Х.Ж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... С.Г нь хамтран амьдарч байх хугацаандаа хормой султай, гадуур дотуур хүнтэй унтаж байдаг бөгөөд одоо ч тэр хүнтэйгээ гэр бүл болсон байна лээ. Миний хоёр хүүхэд дандаа өвөө, эмээ дээрээ байдаг. Энэ хүн хүнтэй л сууж байвал болохоос хүүхдүүдээ боддоггүй. Би хоёр хүүхдийнхээ нэгийг ч гэсэн өөрөө авч асарна гээд сөрөг нэхэмжлэл гаргасан. Хүүхдүүдэд үг зааж өгөөд шүүхэд асуулгасан. Хүү Ж.Э минь аавдаа элэгтэй бөгөөд аавтайгаа уулзах гэхээр уулзуулдаггүй, утсаар ч яриулдаггүй. Ийм ээж нь хайхардаггүй эрэгтэй хүүхдийн цаашдын хүмүүжилд муугаар нөлөөлнө гэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Иймд хүү Ж.Эийг өөрийн асрамждаа авах гэсэн нэхэмжлэлийг хангаж шийдэж өгнө үү” гэжээ.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэрэгт авагдсан баримтад үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

            С.Г, Х.Ж нар нь 2012 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр охин Ж.Н, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүү Ж.Э нар төржээ.

            2020 оны 11 дүгээр сараас гэрлэгчид тусдаа амьдарч, улмаар нэхэмжлэгч С.Г гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Гэрлэлт цуцалсныг хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа хүлээн зөвшөөрсөн байна.

 

Гагцхүү шийдвэрийн 2, 3 дахь заалт буюу хүү Ж.Эийг эх С.Гийн асрамжид үлдээснийг эс зөвшөөрч гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хэрэгт авагдсан баримтыг харьцуулан үнэлж, гэрлэгчдийн амьдрах орчин, ахуйн нөхцөл бололцоо, хүүхдийн саналыг харгалзан охин Ж.Н, хүү Ж.Э нарыг эх С.Гийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д заасныг зөрчөөгүй байна.

 

Шүүх Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу эцэг, эхийнхээ хэнтэй нь амьдрах талаар охин Ж.Н, хүү Ж.Э  нарын саналыг авсан ба хүүхдүүд эхтэйгээ амьдрах талаар саналаа илэрхийлсэн, амьдралын нөхцөл байдал, асрамжилж буй эхийн асрамжийн талаар дутагдалтай асуудал тогтоогдсон баримт байхгүй байна. Түүнчлэн хариуцагчийн гомдолд заасан үндэслэл нь хүүхдийн асрамжийг өөрчлөх үндэслэл болохгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлээгүй тул хариуцагч Х.Жийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 129/ШШ2021/00392 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х.Ж-ийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч Х.Жийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

 

                            ШҮҮГЧИД                                      Т.Д

 

                                                                                                Д.Б