Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 304/ШШ2026/00231

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Булган аймаг, С******* сум, **** дүгээр багт оршин суух У******* овогт Д******* Н******* хүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Д.Нямдорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Д.Нямдорж нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- Би **** оноос *** он хүртэл хүргэн ах Ч.Б******* байж мал маллаж байгаад 1988 онд цэргийн алба хаахаар явсан. 1990 онд цэргийн албанаас халагдаж ирээд Булган аймгийн С******* суманд мал маллаж, өдийг хүртэл мал маллан амьдарч байна. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний 1985 оноос 1988 он хүртэл малчнаар ажиллаж байх үеийн цалин гараагүй, мөн нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр дээр цалин бичилт хийгдээгүй зөрчилтэй байх тул шүүхэд хандсан. Би тухайн үед *** төгрөгийн цалин авч байсан. *** оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Булган аймгийн С******* сумын "****" нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтэй байна. Би хүргэн ах Ч.Б******* байж мал маллахад нь тусалж ажиллаж байсан. Би ****онд 1 дүгээр ангид ороод 5 дугаар ангиасаа сургуулиасаа гарсан. Оройн сургуульд сурч байсан боловч ар гэрийн гачигдлаас болж гэрчилгээгээ авалгүй сургуулиасаа гарсан. Би 5 дугаар анги төгссөн болохоор өөрийгөө бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх гэж бодож байна гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас:

-Д******* Н******* иргэний үнэмлэхийн хуулбар,

-Булган аймгийн Архивын тасгийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн***дугаар тодорхойлолт,

-Д******* Н******* Цэргийн батлах зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3.Хүсэлт гаргагч Д.Н******* хүсэлтээр Д.Б*******, Д.Б******* нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

-Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1, Маягт-1 зэргийг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Д.Н******* Булган аймгийн С******* сумын "Их эхлэлт" нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Хүсэлт гаргагч Д.Нямдорж нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

-Булган аймгийн Архивын тасгийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Булган аймгийн С******* сумын Их-Эхлэлт нэгдлийн 1985-1988 оны баримт архивт байгаа боловч Дамцаг овогтой Н******* холбогдолтой баримт архивт байхгүй болохыг тодорхойлов. гэсэн №02 дугаар тодорхойлолт,

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон аймаг-А*******, сум-Ө*******, РД:****, овог-Дамцаг, нэр-Нямдорж, иргэний баримтын нэр-паспорт, сери-***, №****, төрсөн аймаг-А*******, сум-Ө*******, он, сар, өдөр:****, эрэгтэй, яс үндэс-өөлд, нийгмийн бүлэг-хоршоолсон ард, байнга оршин суудаг бригад-хөшөөт, сууж эхэлсэн он: 1988, гэр бүлийн байдал-гэрлээгүй, боловсролын түвшин-бага, эзэмшсэн он-1985, ажилладаг байгууллага-Өрнөл нэгдэл, ажилд орсон он-1986, эрхэлдэг ажил-барилгачин, эрхэлж эхэлсэн он-1986, оршдог сум, район-Ө*******, эцэг-Ц Дамцаг, Эх-М Д гэсэн ХААТР-1 маягт зэрэг баримтууд,

 

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

Гэрч Д.Б*******ийн: Би 1980 онд цэргийн албанаас халагдаж ирээд Булган аймгийн С******* сумын Их эхлэлт нэгдлийн 1 дүгээр бригадын нярваар 1985 он хүртэл буюу 5 жил ажилласан. 1985 оноос тус нэгдэлдээ малчнаар нэгдэл тарах хүртэл тасратгүй ажилласан. Би 1989 онд Монгол улсын залуу аварга малчин болж байсан. Д.Нямдорж нь 1985 оноос Булган аймгийн С******* сумын Их эхлэлт нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Д.Нямдорж нь нэгдэл тарах хүртэл тасралтгүй малчнаар ажилласан. Цэргийн албанд явсан байх. Гэхдээ С******* сумаас цэрэгт яваагүй. А******* аймгийн Ө******* сумаас цэргийн албанд явсан гэж бодож байна. Д.Нямдоржийг шагнал урамшуулал авч байсан талаар нь сайн мэдэхгүй байна. Д.Нямдорж нь аймгийн аварга малчин болж байсан. Оныг нь сайн мэдэхгүй байна. Д.Нямдорж нь 1985 оноос хойш тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Одоо хувийн малаа маллаад С******* суманд амьдарч байгаа. Д.Нямдорж нь А******* аймгийн Ө******* сумын иргэн юм. С******* суманд хүргэн ах Б******* ирж туслах малчнаар ажиллаж байсан. Тэр үед би тус 1 дүгээр бригадын нярваар ажиллаж байсан учраас цалин мөнгийг тавьж олгодог, малын тэжээл будааг нь тарааж өгдөг байсан учраас сайн мэдэж байна. Хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүрт цалин тавьж олгодог байсан. Д.Нямдорж нь хүргэн ах н.Бадамдоржийн туслах малчнаар ажиллаж байсан ба туслах малчинд малчны үндсэн цалингаас хувилж бодож цалин олгодог байсан. 20 хувь нь шимтгэл гэж суутгаж авдаг байсан. Ер нь суурийн ахлагчийн нэрээр үндсэн цалинг олгодог байсан. Тэгээд ам бүл дотроо хувааж авдаг байсан,

 

Гэрч Д.Б*******гийн: Би 1974 оноос Булган аймгийн С******* сумын Их эхлэлт нэгдэлд малчин, саальчнаар нэгдэл тарах хүртэл тасралтүй ажилласан. 2020 он хүртэл Булган аймгийн С******* сумын Их эхлэлт нэгдлийн Мануулт 1 дүгээр бригадад саальчин, малчнаар ажиллаж байсан. Нэгдэл тарснаас хойш хувийн аж ахуй эрхлэн малаа маллан амьдарч байгаад 2020 оноос ач зээгээ хараад сумын төв дээр амьдарч байна. Д.Нямдорж нь 1985 оноос манай нөхөр Бадамдоржтой хамт Булган аймгийн С******* сумын Их эхлэлт нэгдлийн Мануулт 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Манайх 1 настай хурган төлөг малладаг байсан. Д.Нямдорж нь 1988 онд А******* аймгийн Ө******* сумаас цэргийн албанд татагдсан, цэргийн албанаас ирээд мөн С******* суманд малчнаар ажиллаад өдийг хүртэл ажиллаж байна. Д.Нямдорж нь мал маллах явцдаа аймгийн сайн малчин, сумын сайн малчин, сумын алдар уяач тус тус болж байсан. Д.Нямдорж нь 1988 оноос хойш тасралтгүй одоог хүртэл малчнаар ажиллаж байгаа. 1985 оноос манайд ирж туслах малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд явж цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн малчнаар ажилласан. Манайд байж мал маллах хугацаандаа хань бүлтэй болсон. Д.Нямдорж нь 4 дүгээр анги төгссөн, бага боловсролтой. Сургуулиас гараад манайд ирж туслах малчнаар ажилласан. Ө******* суманд ерөөсөө ажиллаж байгаагүй. Харин цэрэгт байхдаа барилгын цэргийн ангид татагдаж, барилга дээр ажилладаг байсан гэж ярьдаг. Түүнийг л бичсэн байх гэх мэдүүлгүүд болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.

 

3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан У******* овогт Д******* Н******* Булган аймгийн С******* сумын "Их эхлэлт" нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА