Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 211/МА2021/00008

 

 

 

 

 

 

                           

 

 

 

 

 

 

          Ж.Ц-ын нэхэмжлэлтэй иргэний

          хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Б даргалж, ерөнхий шүүгч Т.Д, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 129/ШШ2021/00369 дүгээр шийдвэртэй

Ж.Ц-ын нэхэмжлэлтэй

Б.Б-т холбогдох

гэм хорын хохиролд 56 856 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн төлөөлөгч В.Г-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн төлөөлөгч В.Г, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд: “Иргэн Б.Б “Архангай аймаг дахь Төрийн банкнаас 600 000 000 төгрөгийн  зээл авах гэтэл  80 000 000 төгрөг урьдчилгаанд хэрэгтэй байна, 2017 оны 06 дугаар сард 600 000 000 төгрөгийн зээл бүтнэ, би өөрийн нэр дээр зээл авах гээд материалаа бүрдүүлэн баримтаа өгсөн, төв банкны зээлийн хороогоор орж байгаа, зээлээ бүтээд гараад ирэнгүүт чамд би буцаагаад өгнө” гэдэг зүйлийг ярьж надтай уулзсан. Миний бие Ж.Ц нь “надад бэлэн мөнгө байхгүй, би зээл авч л өөрт чинь зээлж болох” талаар хэлэхэд зөвшөөрч, 2017.04.13-ны өдөр Архангай аймаг дахь ХААН банкны салбараас 80 000 000 төгрөгийн зээлийг өөрийн хугацаатай хадгаламжийг барьцаалан авч мөн өдрөө Б.Бт өгсөн. Энэ 80 000 000 төгрөгийг авсан тал дээр Б.Б маргадаггүй. 2017.06 дугаар сард 600 000 000 төгрөгийн зээл нь бүтэнгүүт мөнгөө авах талаар уулзтал “урьдчилгаа 300 000 000 төгрөг авлаа, энэ мөнгөөрөө ажлаа гүйцэтгэж байгаад үлдэгдэл 300 000 000 төгрөгөө авангуутаа чамд өгнө, надад итгээд хугацаа өгөөч” гэж учирлаж гуйсан. Энэ зээл нь бодит байдал дээрээ Б.Бт ямар ч хамааралгүй түүний нөхөр болох Э.Д-ийн “Цогт-Өнжүүл” ХХК-ийн нэр дээр гарсан төслийн зориулалт бүхий зээл бөгөөд 2017.06 дугаар сард зээл нь бүрэн дүнгээрээ буюу 600 000 000 төгрөгөөр гарсан байсан. Харин Б.Б нь энэ бодит байдлыг гуйвуулан намайг төөрөгдүүлсэн байсан. 2017.06 дугаар сард Б.Бийн нөхрийн компани болох “Цогт-Өнжүүл” ХХК-ийн нэр дээр 600 000 000 төгрөгийн зээл бүрэн гарсан байсныг хожим би эрүүгийн хэргийн материалтай танилцахдаа олж мэдсэн. Би Б.Бт залилан мэхлүүлж байгаа талаар Архангай аймаг дахь цагдаагийн газарт гомдол гаргасан бөгөөд эрүүгийн 1912003730336 тоот хэрэг үүсгэгдэж  Б.Б нь яллагдагчаар татагдаж, намайг залилан мэхэлж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутай нь Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/239 дугаартай шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 191 дугаартай тогтоол зэргээр тогтоогдсон. Би анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дээр яллагдагч Б.Бээс гэм хор учруулсны хохирол төлбөр 96 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч анхан шатны шүүхээс миний хохирол төлбөрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Би анхан шатны шүүхийн миний хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж “хохирогч Ж.Цын нэхэмжлэлээс 96 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож” гэснийг “хохирогч Ж.Ц нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж” гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн төдийгүй энэ давж заалдах шатны шүүхийн магадлалыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн  шүүх хуралдаанаар хэвээр баталж шийдвэрлэсэн юм. Би Б.Бт 80 000 000 төгрөгийг Архангай аймгийн ХААН банкнаас өөрийн хадгаламжийг барьцаалан өөрийн хуучин зээл 23 300 000 төгрөгийн зээл дээр нэмж 80 000 000 төгрөгийн зээлийг 2017.04.13-ны өдөр авч өгсөн болно. Энэ үйл баримтыг ч Б.Б сайн мэдэж байгаа. Харин энэ 80 000 000 төгрөгийн зээлийг Б.Б төлөөгүй учраас зээл, хүүгийн хамт 2020.03.27-ны өдөр хүнээс зээл авч төлсөн болно. Энэ хугацаанд 80 000 000 төгрөгийн хүүнд 56 856 500 төгрөгийг төлсөн болно. Хэрэв Б.Б хэлсэн хугацаандаа надаас авсан зээлээ төлсөн бол би банкны хүүнд 56 856 500 төгрөгийг төлж хохирохгүй байсан юм. Иргэн Ж.Ц би Б.Бт  залилан мэхлүүлж эдийн засаг болон сэтгэл санаагаар маш их хохирч байна. Иймд хариуцагч Б.Бээс надад учирсан хохирол болох 56 856 500 төгрөгийг гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү.”  гэжээ.

 

Хариуцагч болон түүний төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: “Ж.Цын нэхэмжлэлтэй Б.Бт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иргэн Ж.Ц, манай үйлчлүүлэгч Б.Б нарын хооронд зээл өгсөн авсан асуудал байдаг. 80 000 000 төгрөг зээлж аваад буцааж төлнө гэж иргэд хоорондоо тохиролцсон. Гэхдээ бичгээр байгуулсан ямар нэгэн гэрээ байхгүй. Нэхэмжлэгч Ж.Цын хувьд “би зээл аваад чамд өгч байгаа шүү, чи тэдэн хувийн хүү төлнө шүү, би банкнаас зээл аваад өгч байгаа” гэж ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. Ж.Ц, Б.Б нарын хооронд өмнө нь зээл өгч авч байсан харилцаа байдаг юм байна билээ. Өмнө нь зээл өгч авч байсан харилцаан дээрээ тулгуурласан юм уу, дараа нь нэхэмжлэгч Ж.Цоос Б.Б 80 000 000 төгрөг зээлж авсан байдаг. Б.Б нь тодорхой хүү буюу эргэн төлөлт хийж явж байгаад удааширсан учраас нэхэмжлэгч талаас эрүүгийн журмаар гомдол гаргасан бөгөөд тэр нь шийдэгдэж анхан шатны шүүхийн шийдвэрээр 80 000 000 төгрөгийн хохирол төлбөрийг төлөх нь зөв байна гэж шийдвэрлэсэн. Үүн дээр анхан шатны шүүх гэм хорын хохирол гэж нэхэмжилсэн 96 000 000 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар гэм хор юм уу, хүү юм уу түүнийхээ нотлох баримтыг бүрдүүлээд нэхэмжилж болно гэж давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Мөн хариуцагч талаас хяналтын шатны шүүхэд гомдол гаргахад шийдвэр нь хэвээр үлдсэн. Манай үйлчлүүлэгчийн хувьд 80 000 000 төгрөгийн зээл аваад тодорхой хэмжээний хүү төлсөн байдаг. Энэ нь эрүүгийн журмаар шийдэгдээд дууссан асуудал. Гэтэл нэхэмжлэгч талаас “гэм хор учирсан, хохирол төлбөр учирсан, би зээл авч чамд өгсөн, зээлээ дарахын тулд хүү төлсөн” гэдэг. Нэхэмжлэлийн агуулга ч мөн адил “би банкнаас зээл авч хүү төлсөн” гэдэг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 123 000 000 төгрөгийн зээл авч зээлээ төлсөн гэдэг. Хэрэгт хоёр зээлийн гэрээ байгаа. Ж.Цын 80 000 000 төгрөгийн зээл аваад шууд Б.Бт өгсөн гэдэг нь эрүүгийн хэрэг дээр ч, иргэний хэрэг дээр ч нотлогддоггүй. Үүнийг нотлох баримт байхгүй. Ж.Цын хувьд өөрөө Архангай аймаг дахь ХААН банкинд ажилладаг байсан хүн. Одоо бол ажилладаггүй юм байна билээ. Гэхдээ банкнаас зээл авч хувь хүмүүст зээл олгож хүүгийн ашиг олдог талаар эрүүгийн хэргийн явцад аль аль нь ярьж байсан. Манай үйлчлүүлэгчийн авсан 80 000 000 төгрөг Ж.Цын нэхэмжлээд байгаа хүүтэй зээл аваад төлсөн гэдэгтэй уялдах ямар нэгэн шалтгаант холбоо байхгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэсэн байна. Үүнээс харахад Ж.Цын нэхэмжлэлийн агуулга буюу Ж.Ц зээлийн хүү төлөөд хохирол учирсан гэж байгаа боловч 80 000 000 төгрөгийн зээл аваад Б.Бт өгсөн гэдэг нь нотолгоогоор нотлогддоггүй. Б.Бтэй бичгээр зээлийн гэрээ хийгээгүй, хүү тооцсон зүйл байдаггүй. 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн нэхэмжлэгч Жуковын Цэрэнноровын ХААН банктай хийсэн хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээгээр 80 000 000 төгрөгийн зээл авсан байгаа. Дараа нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ гээд бас нэг гэрээ байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлэхдээ өмнө нь авсан 80 000 000 төгрөгийн зээлийг хаах гээд хоёр дахь гэрээгээрээ 123 000 000 төгрөгийн зээл авсан гэдэг. Хохирол төлөгдөхгүй байна гэдэг үндэслэлээр гомдол гаргаад тэр нь шийдэгдсэн. Анх эрүүгийн журмаар гомдол гаргахдаа 80 000 000 төгрөг дээр нэмээд 96 000 000 төгрөг нэхэмжлэхэд өгсөн авсан гэх 80 000 000 төгрөгөө өг гэхээр нь манай үйлчлүүлэгч эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан болохынх нь өмнө төлсөн. Энэ эрүүгийн хэрэгт Ж.Цыг 80 000 000 төгрөг зээлж аваад Б.Бт өгсөн гэж нотолсон зүйл байхгүй. Харин 80 000 000 төгрөг өгсөн авсан нь үнэн, үүн дээрээ гэм буруутай гэж байгаа болохоос Ж.Ц 80 000 000 төгрөг зээлж авч Б.Бт өгч банкинд хүү төлөх үүрэгтэй үлдсэн гэх шалтгаант холбоо юм уу, манай үйлчлүүлэгчийн гэм буруутай гэж тогтоогоогүй. Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 80 000 000 төгрөг өгсөн авсан гэм буруутай байна гэж шийдсэн. Мөн илүү хохирол төлбөр учирсан бол нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлээрэй гэсэн. Түүнээс нэмж нэхэмжлээд байгаа 56 000 000 төгрөгийг төлөх ёстой, үүн дээр та гэм буруутай байна гэж шийдвэрлээгүй. “2018.03.29-ний өдөр 80 000 000 төгрөгөө төлөхийн тулд 123 000 000 төгрөг зээлж аваад төлсөн. Хоёр гэрээгээр нийт 56 000 000 төгрөгийн хүү төлсөн" гэж хэлээд байх шиг байна. Сүүлийн гэрээ болох 2018.03.29-ний өдөр авсан 123 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг нь дууссан эсэхийг би мэдэхгүй. 123 000 000 төгрөгийн зээл, манай үйлчлүүлэгчийн авсан 80 000 000 төгрөгтэй ямар нэгэн шалтгаант холбоотой гэдгийг эрүүгийн журмаар тогтоогоогүй. Мөн 3 шатны шүүхийн шийдвэрт дурдсан зүйл байдаггүй. Хүүгийн төлбөрөө манай үйлчлүүлэгчээс гэм хор гэж нэхэж байгаа боловч ерөнхийдөө бол өөрийнхөө авсан зээлийн хүүг манай үйлчлүүлэгчээс нэхээд байгаа юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож хангахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 129/ШШ2021/00369 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бээс гэм хорын хохирол 16 416 438 /арван зургаан сая дөрвөн зуун арван зургаан мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Цт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40 440 062 /дөчин сая дөрвөн зуун дөчин мянга жаран хоёр/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож; Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Ж.Ц улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Б.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 240 032 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч В.Г-ын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Иргэн Ж.Цын нэхэмжлэлтэй Б.Бт холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 129/ШШ2021/00369 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Ж.Ц нь хариуцагчид зээл олгохдоо ХААН банкнаас хадгаламж барьцаалсан зээл авсан гэдгээ огт мэдэгдээгүй бөгөөд хүүнд нь 16 416 438 төгрөг төлсөн тухай асуудал нь хариуцагчид огт хамааралгүй билээ. Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 129/ШШ2021/00369 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн “Б.Бээс гэм хорын хохирол 16 416 438 /арван зургаан сая дөрвөн зуун арван зургаан мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Цт олгож” гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ц нь хариуцагч Б.Бт холбогдуулан гэм хорын хохирол 56 856 500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Тэрээр хариуцагчийн буруугаас болж банкны зээлийн хүүд төлсөн гэж хохирол нэхэмжилсэн үндэслэлийг тодорхойлсон байна. Хариуцагч Б.Б нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 16 416 438 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан, зохигчдын хооронд үүссэн маргаанд оновчтой хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно. Харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр мөн зүйлийн 497.2-т заажээ.

2017.04.13-ны өдөр Б.Б нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт орших Булган уулын урд талын автомашины зогсоол дээр хохирогч Ж.Цыг “Төрийн банкнаас 600 000 000 төгрөгийн төслийн зээл авах гэж байгаа, 2017.06.13-ны өдөр хүүгийн хамт буцаан төлж барагдуулна” хэмээн хууран бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнээс 80 000 000 төгрөгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан үйл баримт хэрэгт байгаа баримтын хүрээнд тогтоогдсон байна.

Б.Б нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд  хөрөнгийг шилжүүлэн авч залилах эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/239 дүгээр шийтгэх тогтоолоор түүнийг гэм буруутайд тооцжээ.

Ж.Ц нь ХААН банкнаас 2017.04.13-ны өдөр хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 80 000 000 төгрөгийг 350 хоногийн хугацаатай жилийн 21,4 хувийн хүүтэйгээр зээлэн авч Б.Бт өгсөн, уг зээлийн гэрээ дуусгавар болсны дараа 2018.03.29-ний өдөр дахин ХААН банкнаас хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 123 000 000 төгрөг зээлсэн нөхцөл байдалд тулгуурлан хариуцагчийн хүлээх үүргийг тодорхойлсон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна. Б.Бийн хууль зөрчсөн үйлдлээр нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирч, эрх нь зөрчигдсөн байдал тогтоогдсон, шүүх гэмт үйлдэл, хор уршиг хоёрын шалтгаант холбоог харгалзан хохирлыг хариуцуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

Хариуцагчийн төлөөлөгч В.Г “Нэхэмжлэгч Ж.Ц нь хариуцагчид зээл олгохдоо ХААН банкнаас хадгаламж барьцаалсан зээл авсан гэдгээ огт мэдэгдээгүй бөгөөд хүүнд нь 16 416 438 төгрөг төлсөн тухай асуудал нь хариуцагчид огт хамааралгүй” талаар гомдол гаргасан байх ба анхан шатны шүүх энэ талаар хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийж, шийдвэрт тодорхой тусгасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 129/ШШ2021/00369 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч В.Г-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Бээс 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 240 032 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.Б

 

       ШҮҮГЧИД                                    Т.Д

    

                                                                                               В.Ц