| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 307/2026/00045/И |
| Дугаар | 307/ШШ2026/00457 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 307/ШШ2026/00457
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2026/00045/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух Б******* овгийн Г******* Ш******* (РД:*******, утас:*******)-ийн хүсэлттэй,
“Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Г.Ш*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Г.Ш******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Миний бие Дархан хотын Ахуйн үйлчилгээнд 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл оёдолчноор ажилласан. 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн зохион байгуулалтын өөрчлөлтөөр “Зэндмэнэ” оёдолын үйлдвэр болж нэрээ өөрчилсний улмаас хөдөлмөрийн дэвтэрт ажилд томилогдсон, ажлаас гарсан тушаал бичигдээгүй. Байгууллагын материалыг архиваас шүүлгэхэд баримт огт гарч ирээгүй. Иймд дээрх ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт эхээр, 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагчийн тодорхойлолт эхээр, 277646 дугаартай хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 538 дугаартай тодорхойлолт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, фото зураг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-14 хуудас)
3.Шүүхээс гэрч Ч.Д*******, Б.О******* нараас мэдүүлэг авч, 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11-10/05 дугаартай Дархан-Уул аймгийн Архивын тасгийн албан бичиг, тус газрын мөн өдрийн 20 дугаартай тодорхойлолт, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 26 дугаартай Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын албан бичиг, тус газрын 06 дугаартай тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1 маягт зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн. (хх 25-44 хуудас)
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Г.Ш******* нь Дархан хотын Ахуй үйлчилгээний удирдах газарт 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно; 135.2.6.хүний ажиллаж байсан байдал” гэж заажээ.
Хүсэлт гаргагч Г.Ш******* нь ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.
3.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагч нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
4.Хүсэлт гаргагчийн Дархан хотын Ахуй үйлчилгээний удирдах газарт 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан үеийн баримтууд архиваас бүрэн олдоогүйн улмаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.
5.Хавтас хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн 277646 дугаартай “...1988.07.14-НААҮ-ийн ТМС төгсч хуваариар ирсэн учир оёдлын үйлдвэр оёдолчноор ажиллуулав, 1990.08.01-зохион байгуулалтын өөрчлөлтөөр Зэндмэнэ үйлдвэрт оёдолчноор авч ажиллуулав” гэх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтэр, фото зургууд, гэрч Ч.Д*******ын “...би 1982-1990 он хүртэл Дархан хотын ахуй үйлчилгээний удирдах газарт цалин хөлсний нягтлан бодогчоор ажиллаж байсан. Г.Ш******* нь хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Ч.Д*******ын хөдөлмөрийн дэвтэр, гэрч Б.О*******ийн “...би 1989-1992 он хүртэл Дархан хотын ахуй үйлчилгээний удирдах газарт оёдолчноор Г.Ш*******тэй хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтэр, 1988 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Г.Ш*******ийн “... ажилладаг байгууллага: А.Ү.У.Г, эрхэлдэг ажил: оёдолчин, ажилд орсон он:1988” гэх ХААТР-1 маягт зэргээр хүсэлт гаргагч Г.Ш******* нь Дархан хотын Ахуй үйлчилгээний удирдах газарт 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
6.Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б******* овгийн Г******* Ш******* (РД:*******)-г Дархан хотын Ахуй үйлчилгээний удирдах газарт 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НОМИН