| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0182/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/205 |
| Огноо | 2018-08-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2018/ШЦТ/205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Шүүгдэгч *******,
Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 1814003790216 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч ******* нь 2018 оны 06 сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн 22 дугаар гудамжны 7 тоот хашаанд байх С.Эийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 06 сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн 22 дугаар гудамжны 7 тоотод С.Эийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...
Хохирогч С.Э ... 2018 оны 06 дугаар сарын 29-ний шөнө 22 цагийн үед ******* согтуу манайд орж ирсэн тэгээд манайхаас найз охин *******аа асуусан тэгээд *******ын 7-р ангийн охин *******г авч явах гэж байсан тэгэхлээр нь *******т хандаж чи согтуу байж наад хүүхдээ авч яваад яах юм гэж хэлсэн тэгтэл ******* миний өөдөөс доромжилж гичий минь чамд ямар хамаа байна янхан минь гэж хэлсэн би чи яахаараа хүн ингэж доромжилдог юм гэж хэлсэн тэр үед ******* гэрийн үүднээс шууд намайг чиглэж ирсэн ирээд миний нүүрэнд 4 удаа цохисон тэгчихээд гараад яваад өгсөн миний хамар амнаас цус гоожиж би шууд цагдаад хандсан. Миний дух, хамар, шүд орчимд цохиж тэр орчимд гэмтэл учруулсан тухайн үед ******* нилээд согтуу биеэ авч явах чадвартай байх шиг байсан өглөө нь орж ирээд юу болсон талаар асууж уучлалт гуйсан ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 14-16/,
Гэрч С.*******ын ... 2018 оны 06 дугаар сарын 29-ний шөнө 23 цагийн үед миний утсаар С.Э ярьсан танай нөхөр ******* ирээд хүүхдийг чинь авах гэхээр нь би өгөөгүй тэгтэл намайг цохиж гэмтээлээ гэж ярьсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/,
Насанд хүрээгүй гэрч ******* ... 2018 оны 06 дугаар сарын 29-ний орой бид нар унтах гээд ороо засаад 21 цаг 30 минутанд гарч байсан Дуулиан гэдэг солонгос кино үзэж дуусаад байж байтал гаднаас согтуу хүн орж ирсэн тэгээд ******* аниаг авж явна гэж хэлсэн ээж өгч явуулахгүй гэсэн тэр үед манай ээжийг Э ах хэл амаар доромжилсон би айгаад ******* аниа, Энхжин бид нар айж орилоод гарч явсаны дараа гэртээ орсон. Их согтуу байх шиг байсан. Ээжийн амнаас цус гарчихсан, нүд хөхөрсөн, дух нь хавдчихсан байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/,
Шүүгдэгч *******ын ... 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шөнө гэртээ ирсэн тэгтэл манай эхнэр ******* найз С.Этэй гэрт нь архи уучихсан *******ынд унтаж байсан тэгээд би уурлаад 2018 оны 6 дугаар сарын 29-ний өглөө *******ын гэрээс гарч явсан тэгээд би орой нь найз нартайгаа нийлж хэдэн диво уусан байсан юм тэгээд тэр оройноо гэртээ очиход гэрт хүн байхгүй байсан би эхнэр *******аа хайж С.Эийн гэрт очсон орой 22 цагийн орчимд байх гэрт нь ороход манай эхнэр байхгүй байсан би хаана байгаа талаар асуугаад чи манай эхнэрийг архи уулгасан одоо хаана байна гэж хэлээд бид хоёрын дунд үл ойлголцох зүйл болж би Э бид 2 хоорондоо хэрүүл хийсэн намайг доромжлоод байхаар нь би дух орчимт нь нэг удаа цохиж нүүрэнд нь нэг удаа алгадсан тэгээд би Эийнхээс гарч шууд гэртээ ирж амарсан. Би дух орчимд нь гараараа цохисон тэрнээс болоод хоёр талын нүдэнд хавдар бууж хөхөрсөн байсан би С.Эийн хацарт нь алгадахад үүдэн шүдний паалан эмтэрсэн байсан өөр тэр хүнд ямар нэгэн гэмтэл бэртэл учруулаагүй үүдэн шүдийг нь янзлуулж тархи толгойг бариулж өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-41/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 426 дугаартай шинжээчийн ... С.Эийн биед тархи доргилт, баруун зүүн дээд 1-р шүдний цөгцний эмтрэл, дух, хамарт зургаралт, баруун доод, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, дух, зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 29-30/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул *******ыг хүний эрүүл мэндэд хөнгө хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч С.Э нь гомдол саналгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн гартааман хөөрөг 1 ширхэгийг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн гартааман хөөрөг 1 ширхэгийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА