Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2026/ДШМ/31

 

 

  2026             01             06                                         2026/ДШМ/31

 

Д.Лт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Саруул-Ирээдүй,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Е, түүний өмгөөлөгч Х.Л, Х.Энхтайван,

яллагдагч Д.Лын өмгөөлөгч А.Ариунболд,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/6745 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Лгийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор Б.Саруул-Ирээдүйгийн бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 110 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Д.Лт холбогдох 2509 00472 0138 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Яллагдагч Д.Л нь “А К ББСБ ХК-ийн Санхүү эрхэлсэн захирлын албан тушаалд ажиллаж байх хугацаандаа “А” ХХК-ийн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч дээрх “А К” ББСБ ХК-ийн “23962233” дугаартай хэрэглэгчийн хэтэвчнээс 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд “А К” ББСБ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2023/22-05 дугаартай 500,000,000 төгрөг хүртэлх дүнд “Богино хугацаат хөрөнгө оруулалт хийх тухай” тогтоолын санхүүжилтээр худалдан авсан 367,396,250.96 төгрөгийн үнэлгээ бүхий 89722 ширхэг ВТС, 7.62800 ширхэг ЕТН, 28,434.52605 ширхэг USDT койныг 17 удаагийн гүйлгээгээр блокчейн ашиглан Сейшелийн Арлуудын Бүгд Найрамдах Улсад бүртгэлтэй “N S L” компанийн “В” криптовалют арилжааны бирж дээрх “.............” дугаартай өөрийн нэр дээрх данс руу шилжүүлж авсан,

мөн “А К” ББСБ ХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ............. тоот данс, Хас банкны 5000367180 тоот данс, Хаан банкны ............. тоот данснаас 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд “А К" ББСБ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2023/22-05 дугаартай 500,000,000 төгрөг хүртэлх дүнд “Богино хугацаат хөрөнгө оруулалт хийх тухай” тогтоолын үлдэгдэл санхүүжилт авах нэрийдлээр 5 удаагийн гүйлгээгээр 226,904,545.48 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны ............. тоот данс, Худалдаа хөгжлийн банкны ............. тоот данс руу шилжүүлэн авсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,

мөн “А К” ББСБ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн батлагдаагүй тогтоолын төслийг буюу хуурамч баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн шууд удирдлагад ажилдаг байгууллагын ерөнхий нягтлан Х.Цад амаар болон цахим шуудангаар үүрэг өгч, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд 10 удаагийн гүйлгээгээр “А К” ББСБ ХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ............. тоот данс, Хаан банкны ............. тоот данснаас 500,000,000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны ............. тоот данс, Худалдаа хөгжлийн банкны ............. тоот данс руу шилжүүлэн авч залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,

улмаар гэмт хэргийн улмаас олсон мөнгө болох 1,094,300,796.44 төгрөгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, түүний бодит шинж чанар, эх үүсвэрийг өөрчилж, эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.Лын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт бодитоор тодорхойлогдох хохирол, хор уршгийн хэмжээ зайлшгүй тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд данс хооронд шилжүүлсэн мөнгөн гүйлгээ, бэлнээр өгсөн тоо нь тодорхой мөнгөн дэвсгэртүүдээс бусад эд зүйл, хөрөнгө, шилжүүлэгдэхээр тохиролцсон бараа, эд зүйлийн тухайн үеийн зах зээлийн болон бодит үнэлгээ нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй тусгай мэдлэг бүхий хүн, шинжилгээ хийх эрх авсан шинжээч, төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн, эсхүл мэргэжлийн байгууллагаар заавал тогтоогдсон байж дээрх гэмт хэргийн объектив шинж хангагдаж гэмт хэрэгт тооцогдоно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол мөрдөгч, прокурор шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэх үүрэгтэй.

Гэтэл Эрүүгийн цагдаагийн албаны ажилтан санхүүгийн шинжээч-ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 47250016 дугаартай мөрдөгчийн магадалгаанд “Дээрх 17 зарлагын гүйлгээг тухайн өдрийн idex биржийн ханшаар хөрвүүлж тооцвол нийт 108,168.15747 ширхэг USDT крипто валютын зарлага хийгдсэн байна. Дээрх 17 зарлагын гүйлгээг тухайн өдрийн Монгол банкны ханшаар хөрвүүлж тооцвол нийт 367,396,250.96 төгрөгийн крипто валютын зарлага хийгдсэн байна” гэсэн ба хэрхэн (idex биржийн ханшаар тооцсон эсэх, яагаад заавал idex биржийг сонгосон эсэх, яагаад 1 ширхэг USDT крипто валютыг 1 ам.доллартой тэнцүү гэж үзсэн эсэх нь тодорхой бус байна.

Учир нь, USDT крипто валют 1 ам.доллароос хэлбэлзэлтэй буюу дээш, доош савлагаатай нөхцөл байдал нийтэд илэрхий мэдээллийн хүрээнд тодорхой байдаг.

Хохирлын үнэлгээ тогтооход болон бусад эргэлзээ бүхий нөхцөл байдал бий болсон тохиолдолд яллагдагч, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэдэг эрүүгийн эрх зүйн онолын ойлголт нэгэнт тогтсон болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн, Эрүүгийн цагдаагийн албаны шалгаж буй хэрэгт тус байгууллагын ажилтан магадалгаа гаргаж буй нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болох нөхцөл байдлыг бий болгож байна.

Иймд мэргэшсэн бусад төрийн болон хувийн байгууллагын тусгай мэдлэг бүхий хүн, шинжилгээ хийх эрх авсан шинжээч зэргээр дүгнэлт гаргуулан хохирол тооцуулах нь хэрэгт хувийн сэдэлтгүй байх хардлагыг бататгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт заасан шинжилгээ хийлгэх журам, шаардлагад нийцнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан буюу “Мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд энэхүү гэмт хэрэг нь хэзээ, хаана, яаж үйлдэгдсэн зэрэг цаг хугацаа, гарсан газар тодорхойгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ тогтоох гэсэн нотолбол зохих байдлыг тогтоогоогүй, мөн яллах дүгнэлт энэ талаарх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд яллагдагч Д.Лт холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлыг бүрэн хянаагүй, дээрх ажиллагаанууд нь шүүхээс хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд байх тул хэргийг прокурорын газарт буцааж, яллагдагчид авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Л гаргасан давж заалдах гомдолдоо: “...“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заасан. Тодруулбал “эд зүйл, хохирлын үнэлгээ тогтоохоор эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай” бол гэж тусгайлан хуульчилж өгсөн. Шүүгчийн захирамжид хохирлын үнэлгээ тогтооход тусгай мэдлэгтэй шинжээчээр шинжилгээ хийлгэх шаардлагатай зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал гэж юуг хэлж байгаа талаар дурдаагүй.

Хохирогчийн хохирлыг тогтоосон Мөрдөгчийн магадалгааны тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйл “шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно,” гэж мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дах хэсэгт “Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадалгаа гаргаж болно” гэж заасан байдаг.

Мөрдөгчийн магадалгаа гаргасан мөрдөгч Б.Энхбаярын хувьд мөнгө утаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн шинжээч-эрүүгийн мөрдөгч, 367,396,250 төгрөгийн хохирлыг дүнг гаргасан мөрдөгч Б.Б нь санхүүгийн шинжээч ахлах дэслэгч албан тушаалтаа эрх бүхий албан тушаалтнууд юм.

Хэрэв зайлшгүй тухайн шинжээчийн дүгнэлтийг хэрхэн гаргасантай холбоотой харгуулсанд тайлбар авах шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.20 дугаар зүйлд заасан “мөрдөн шалгах ажиллагааны дүнг шинжлэн судлах” гэж заасны дагуу холбогдох мөрдөгчийн магадалгааг гаргасан эрх бүхий албан тушаалтан шинжээч, мөрдөгчийг дуудаж мэдүүлэг авах байдлаар тодруулах боломжтой гэж үзэж байна.

Хохирлын 1,094,300,796.44 төгрөгийн задаргааны тухайд товчхон дурдахад хэргийн улмаас хохирсон бодит хохирол нь ямар болохыг тогтоогоогүй гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөгчийн магадалгаа, прокурорын яллах дүгнэлтээр хохирогчийн хохирлыг бүрэн тогтоосон буюу Л нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2023/22-05 дугаартай 500,000,000 төгрөг хүртэлх дүнд “Богино хугацаат хөрөнгө оруулалт хийх тухай тогтоолын үлдэгдэл санхүүжилт авах нэрийдлээр 5 удаагийн гүйлгээгээр 226,904,545.48 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан болох хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдсон.

Мөн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн батлагдаагүй тогтоолын төслийг буюу хуурамч бичиг баримт ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн ш}уд удирдлагад ажилладаг байгууллагын ерөнхий нягтлан Х.Цад амаар болон цахим шуудангаар үүрэг өгч, 2024 оны 11 дүгээр 13-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр 28-ны хооронд 10 удаагийн гүйлгээгээр А К ББСБ ХК-ийн данснаас 500,000,000 төгрөгийг өөрийн нэр дээрх данс руу шилжүүлэн авч залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдсон.

Мөн шүүгчийн захирамжид дурдсан эрүүгийн цагдаагийн албаны шалгаж буй хэрэгт тус байгууллагын тусгай мэдлэг бүхий хүн, шинжилгээ хийх эрх авсан шинжээч зэргээр дүгнэлт гаргуулах хохирол тооцуулах нь хэрэгт хувийн сэдэлтгүй байх хардлагыг бататгаж, нэг дээвэр доор ажилладаг мөрдөгч нар нэгнийхээ хэрэгт мөрдөгчийн магадалгаа, шинжээчийн дүгнэлт гаргах нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болох нөхцөл байдлын бий болгож байна гэж дурдсан нь үндэслэлгүй юм.

Ашиг сонирхлын зөрчил гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг” хэлнэ гэж хуульчилжээ. Гэтэл шүүгчийн захирамжид дурдаад байгаа нь дээвэр доор ажилладаг мөрдөгч нар нэгнийхээ хэрэгт дүгнэлт гаргах нь ашиг сонирхлын зөрчил тооцогдон гэж тайлбарлаж, уг үндэслэлээр хэргийг прокурорт буцааж хөндлөнгийн байгууллагыг шинжээчээр томилох нь зүйтэй гэж хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн шүүгчийн захирамжид дурдаад байгаа хэрэгт хувийн сэдэлтгүй байх хардлагыг бататгах үүднээс тусгай мэдлэг бүхий хүн, шинжилгээ хийх эрх авсан шинжээр зэргээр дүгнэлт гаргуулах зүйтэй гэж тайлбарлаж байгаа нь агуулгын хувьд ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгч, мөрдөгчийн магадалгаа гаргаж байгаа санхүүгийн шинжээч мөрдөгч, тусгай мэдлэг бүхий мөрдөгч дүгнэлт гаргаж байгаа нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж байгаагаас тухайн хэрэгт хувийн сэдэлтээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах, дүгнэлт гаргах ямар ч боломжгүй юм.

Прокурорын яллах дүгнэлтэд Д.Л мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай бүрэн дүүрэн нотолсон. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “мөнгө угаах гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг хэлнэ” гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд мөнгө угаах гэдэг нь хууль бусаар олсон мөнгө, эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний гарал, үүслийг нуун далдалж, уг эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох, гүйлгээнд оруулах зорилгоор хууль, хяналтын байгууллага, олон нийтийн анхаарлыг таталгүйгээр бусдыг төөрөгдүүлэхэд чиглэгдсэн хууль бус олон арга хэлбэр, шат дамжлага бүхий үйл ажиллагаа гэж ойлгохоор хуульчилсан.

Мөнгө угаах гэмт хэрэг нь санхүүгийн системийн тогтвортой байдлыг алдагдуулах, эдийн засгийн шударга өрсөлдөөнийг үгүй хийх, хямралд хүргэх, цаашлаад Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулдаг тул Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн бусад гэмт хэргүүдээс учруулж буй сөрөг үр нөлөө, хор уршгаараа харьцуулшгүй их болно.

Гэмт хэрэг үйлдэж олсон их хэмжээний мөнгийг иргэн, аж ахуй нэгж хадгалахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг тул тухайн мөнгийг анхны эх үүсвэрээс салгах зорилгоор хуулийн эсхүл эдийн засгийн харилцааны холбоотой асуудлаар мэргэшсэн байгууллагад мэдээлэх хэмжээнд хүргэхгүй эсвэл цахим шилжүүлгийн зөвшөөрлийн дээд хязгаарт багтаан бага дүнтэй хэсгүүдэд хуваан санхүүгийн системд валютад хөрвүүлэн хэд, хэдэн удаагийн үйлдлээр нэвтрүүлснээр хууль бус эх сурвалжийг бүдгэрүүлж, улмаар хууль ёсны хэсэг орлоготой хольж, эх үүсвэрийг халхавчлах эсхүл шинээр хууль ёсны эх сурвалжтай болгон давтан гүйлгээнд оруулсан идэвхтэй үйлдэл, эс хэргийг байнга тогтвортой үйлдэх шинж бүрдэл төгсөнө гэж Улсын дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 563 дугаар тогтоолд дурдсан. Дээр дурдсан мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг Д.Л нь үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, прокурорын яллах дүгнэлтэд хангалттай дурдагдсан болохыг харгалзан үзэх нь зүйтэй юм.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн  шүүгчийн захирамжийг, хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Саруул-Ирээдүй бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгосон нь мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа нь ойлголтгүй, түүний үндэслэл, агуулгыг нягтлан шалгах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн аливаа шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх ёстой байхад шүүгчийн захирамжид аль үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа талаар дурдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2,... заасан шаардлагыг хангаагүй” буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадалгаа гаргаж болно.” гэж, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тоггоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно” гэж, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгчийн магадалгаа нь шинжээчийн дүгнэлттэй нэгэн адил нотлох баримтаар тооцогддог болно.

Дээрх хуулийн үндэслэлд тулгуурлаж Санхүүгийн шинжээч-ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч, нягтлан бодогч мэргэжилтэй, магистрын зэрэгтэй, татварын мэргэшсэн нягтлан бодогч, мэргэжлээрээ 13 дахь жилдээ ажиллаж байгаа Б.Б нь 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 47250016 дугаартай мөрдөгчийн магадалгаа гаргасан байна.

Гэтэл шүүхээс тухайн мөрдөгчийн магадалгааг тодорхой бус гарсан, мэргэшсэн бусад төрийн болон хувийн байгууллагын тусгай мэдлэг бүхий хүн, шинжилгээ хийх эрх авсан шинжээч зэргээр дүгнэлт гаргуулан хохирол тооцуулах нь хэрэгт хувийн сэдэлтгүй байх хардлагыг бататгана. ...Эрүүгийн цагдаагийн албаны шалгаж буй хэрэгт тус байгууллагын ажилтан магадалгаа гаргаж буй нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн байна.

“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг;” гэж заасан бөгөөд Санхүүгийн шинжээч-ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Б нь тухайн хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх боломжгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжээчээр оролцож болохгүй тохиолдлыг хуульчилсан бөгөөд Санхүүгийн шинжээч-ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бад дээрх үндэслэлүүд хамаарахгүй болно.

Мөн шүүхээс мөрдөгчийн магадалгааг тодорхой бус гэсэн боловч Монгол улсад мөрдөгдөж буй “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад “виртуал хөрөнгө” гэж аливаа улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэр, эсхүл Монгол банкны зөвшөөрөлтэй цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэнийн дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгийг;” ойлгоно гэж эаасан.

Харин “А” биржийн тухайд “А” ХХК-ийн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч дээрх “А К” ББСБ ХК-ийн “23962233” дугаартай хэрэглэгчийн хэтэвчнээс Д.Л нь 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хөрөнгө завшсан буюу тухайн цаг хугацаанд хийгдсэн блокчейн зарлагын гүйлгээ бүрийн ард “А” виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн ханшаар, автоматаар шилжигдсэн виртуал хөрөнгийг “USDT” койноор үнэлгээг тооцож биржийн системээс гаргасан байсан учраас “А” биржийн ханшаар хохирлыг тооцсон.

Яагаад заавал “А” биржийг сонгосон учир нь мөрдөгч “А” биржийг зориуд сонгож, алдагдсан хөрөнгийн үнэлгээг гаргаагүй, яллагдагч Д.Лын завшсан хөрөнгө нь “А” ХХК-ийн “А” виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч дээр бүртгэлтэй “А К” ББСБ ХК-ийн нэр дээрх “23962233” дугаартай хэрэглэгчийн бүртгэл User ID-ээс алдагдсан учир гүйлгээний мэдээллийг “А” ХХК-иас гаргуулан авсан. Алдагдсан виртуал хөрөнгө тус бүрийг “А К” ББСБ ХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 63 дугаартай албан бичигт гүйлгээний огноо, шилжүүлсэн утга, шилжүүлсэн койны хэмжээ, төрөл, болон “1150Т” койнтой харьцуулсан үнийг системээс автоматаар гаргаж ирүүлсэн байсан.

Мөн “А” бирж нь өөрийн ханшаар тогтмол 1150Т (Tether)-г USDT (Dollar)-н тооцооны нэгж болгон ашигладаг. “А” бирж дээр 1 USDT (Tether) нь 1 USD (Dollar)-тай тэнцүү байна.

Tether (USDT) онолын хувьд 1 United states dollar-тай тэнцүү байхаар анх зохион бүтээгдсэн тогтвортой Стаблекойн юм. Стаблекойн нь крипто валютын үнэ тогтвортой байх зорилготой бөгөөд ихэнхдээ ам.доллар зэрэг бодит валют эсвэл хөрөнгөнд 1:1 харьцаагаар холбосон дижитал токен юм.

Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа буюу 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 1 USDТ (Tether) = 1 USD (Dollar) тэнцүү буюу зөрүү гараагүй болохыг нээлттэй эх сурвалжийн мэдээллүүдээс давхар үзэж болохоор байна.

Блокчейны салбарын гол төлөөлөгч болох Биткойн (ВТС), Этер (Ether) гэх виртуал хөрөнгүүдийн арилжаа 24/7 явагдаж ханш тогтмол бус байдаг. Иймд тогтмол ханштай, уламжлалт санхүүгийн системийн нөлөө бүхий валют болох Америкийн Нэгдсэн Улсын ам.долларыг Блокчейны салбарт оруулах эрэлт бий болсноор “1150Т” гэх Америкийн Нэгдсэн Улсын ам.доллартой 1:1 харьцаатай тогтмол койн (Stable coin)-ыг гаргасан. “Tether Holdings Limited” компани нь анх 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тусгай бүс Хонг Конгод үүсгэн байгуулагдаж, өнөөдрийн байдлаар толгой компани нь Британийн Виржиний Арлуудад бүртгэлтэй байна.

Өмнө нь хэлсэнчлэн “USDT” гэх тогтмол ханштай виртуал хөрөнгө (Stable cion)-ийн ханшийг Америкийн Нэгдсэн Улсын ам.доллартой 1:1 харьцаатай уяж блокчейны салбарт оруулсан бөгөөд өнөөдрийг хүртэл үүргээ мөн адил хэрэгжүүлж байна.;

Монгол улсад мөрдөгдөж буй Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд 1 USDT (Теther) = 1 USD (Dollar) гэж заагаагүй. Харин олон улсын биржийн практик, зах зээлийн механизм зэргийг үндэслэн 1 USDT (Тether) = 1 USD(Dollar) гэж тооцсон. Монгол Улсад Крипто валюттай холбоотой магадалгааг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас өөр мэргэшсэн бусад төрийн болон хувийн байгууллагын тусгай мэдлэг бүхий хүн, шинжилгээ хийх эрх авсан шинжээч байхгүй болно. Иймд 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 47250016 дугаартай мөрдөгчийн магадалгаа үндэслэлтэй гарсан байна.

Нөгөөтээгүүр яллагдагч Д.Л нь тухайн мөрдөгчийн магадалгааг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн магадалгааг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах талаар гомдол хүсэлт гаргаж байгаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно”, гэж, мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ.” тус тус зааснаас үзэхэд шүүх хуралдааны явцад буюу шүүхээс шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулах эрх, хэмжээ хуулиар олгогдсон байна.

Гурав. Шүүгчийн захирамжид дурдагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан Мөнгө угаах гэмт хэргийг хэзээ, хаана үйлдсэнийг тогтоогоогүй гэсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар яллагдагч Д.Л гэмт хэргийн улмаас олсон бүх мөнгө болох 1,094.300.796.44 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж эхэлсэн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, түүний бодит шинж чанар, эх үүсвэрийг өөрчилж, эдийн засгийн эргэлтэд оруулж буюу Сейшелийн Арлуудын Бүгд Найрамдах Улсад бүртгэлтэй “N S L” компанийн “В” крипто валют арилжааны бирж дээрх “............." дугаартай өөрийн нэр дээрх данс руу шилжүүлж, үүнээс хөшүүрэгт арилжааны хэтэвч рүү шилжүүлж мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ёстой.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлыг нотлох талаар тусгасан байх бөгөөд шүүх хуралдааны явцад нотлох баримтуудыг шинжлэн судлах, яллагдагчаас мэдүүлэг авах замаар Мөнгө угаах гэмт хэргийг хэзээ, хаана үйлдсэнийг тогтоох бүрэн боломжтой байна.

Иймд дээрх үндэслэлээр хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль хэрэглээний хувьд алдаа гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай ноцтой зөрчсөн байна гэж дүгнэв.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Егээс “Хэлэх тайлбаргүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Энхтайван тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн зүгээс шинжээч заавал томилох шаардлагатай, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн мэт, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэх агуулгаар дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, тодорхой бус байна гэж үзэж байна. Тодруулбал, өмгөөлөгчийн гаргасан нэгдүгээр үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасан “нөхөн гүйцэтгэх боломжгүй зөрчил” гэж үзсэн эсэх, эсхүл 1.3-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж үзсэн эсэх нь тодорхойгүй байна. Энэ талаар шүүх тодорхой, ойлгомжтой дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Мөн “ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй” гэж дүгнэснээрээ ямар эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа нь ноцтой асуудал юм. Өөрөөр хэлбэл, мөрдөгчийн хуульд нийцсэн ажиллагааг хувийн ашиг сонирхлын сэдэлтэй гэж үзсэн тохиолдолд тухайн мөрдөгчид захиргааны, сахилгын хариуцлага хүлээлгэх нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хууль, Сахилгын хариуцлагын тухай хуультай шууд холбоотой. Өмгөөлөгч Х.Л энэ талаар тодорхой тайлбар өгсөн. Үүнийг нэмж тайлбарлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шинжээчийг заавал томилох тохиолдлуудыг тодорхой заасан бөгөөд уг жагсаалтад хамаарахгүй тохиолдолд 27.11 дүгээр зүйлд зааснаар тусгай мэдлэгийнхээ хүрээнд шинжилгээ хийх боломжтой байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар мөрдөгч нь шинжээчийн эрхийг эдэлж, магадалгаа гаргах эрхтэй. Энэ хэрэгт хяналт тавьж байсан мөрдөгч нь Энхмандах, магадалгаа гаргасан мөрдөгч нь Бадрах бөгөөд эдгээр нь өөр өөр мөрдөгчид байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд мөрдөгчийн магадалгаа өөрөө нотлох баримт болно гэж заасан. Харин Эрүүгийн цагдаагийн албаны өөр мөрдөгч магадалгаа гаргасан тохиолдлыг хориглосон зохицуулалт байхгүй. Иймд шүүгчийн энэ талаарх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Практикт ч мөн адил тусгай мэдлэгийн хүрээнд мөрдөгчийн магадалгаагаар ажиллагаа явуулж ирсэн. Эрүүгийн цагдаагийн албанд санхүүгийн чиглэлээр мэргэшсэн олон мөрдөгч байдаг бөгөөд эдгээр магадалгаанууд нь цаашид санхүүгийн шинжилгээ хийх үндэслэл болдог практик тогтсон. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-д мөрдөгчийн магадалгаа нь нотлох баримт болно гэж заасан тул хууль зүйн үндэслэл хангалттай гэж үзэж байна. Шүүхээс А бирж дээрх “USDT”-ийг нэг америк доллартой тэнцүү гэж үзсэн нь ойлгомжгүй гэсэн дүгнэлт хийсэн боловч Бадрах мөрдөгчийн магадалгаанд USDT нь нэг америк доллартой тэнцүү стэйбл койн болохыг тодорхой дурдсан. Монгол банкны тухайн үеийн ханшаар тооцож 367 сая төгрөг гэж тогтоосон нь үндэслэлтэй. USDT буюу Tether нь дэлхийн зах зээлд нэг америк доллартой тэнцүү байхаар зохицуулагдсан крипто валют бөгөөд энэ талаар нээлттэй эх сурвалжууд байдаг. Өмгөөлөгч нар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт USDT-ийн талаарх албан ёсны тайлбарыг орчуулгын хамт нотлох баримтаар гаргаж өгсөн. Нээлттэй мэдээллийн хүрээнд ханш харагдахгүй гэж шүүх нотлох баримтгүйгээр дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. А биржийг баримталсан шалтгаан нь Л 367 сая төгрөгийн үнэ бүхий гурван төрлийн крипто валютыг тус биржээр дамжуулан шилжүүлэн авсан тул тухайн биржийн ханшийг баримтлах нь зөв байсан. Мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой хэсэгт, завших, залилах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг арилжаанд оруулсан үйлдэл яригдаж байна. Хөшүүрэгтэй арилжаа гэдэг нь ханшийн өсөлт, бууралтыг таамаглан үржвэр ашиглан ашиг, алдагдлыг тооцдог арилжаа болохыг тайлбарласан. Мөрдөгч мөнгө угаахтай холбоотой магадалгаа гаргаж, сэжигтэн Лын дансанд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх орлого, зарлагын гүйлгээг тогтоосон. Хэзээ, хэрхэн мөнгө авсан, түүнийг хэрхэн зарцуулсан нь банкны болон биржийн дансны хөдөлгөөнөөр тодорхой харагдаж байна. Иймд мөнгө угаах гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдэгдсэн нь тогтоогдсон гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотлох байдлууд бүрэн тогтоогдсон. Завших, залилах гэмт хэргийн хувьд өмчлөх эрхэд халдсан гэж үзэж байна. Крипто валют нь Иргэний хууль болон Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиар эдийн бус хөрөнгө, эд хөрөнгийн эрхэд хамаардаг. Энэ хэрэгт нийт дөрвөн үндэслэлээр буруутгаж байгаа бөгөөд үүнд 367 сая төгрөгийн гурван төрлийн крипто валют, 267 сая төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалт, 500 сая төгрөгийн хуурамч ТУЗ-ын тогтоол ашигласан залилах үйлдэл, мөн мөнгө угаах гэмт хэрэг багтаж байна. Крипто валютын үнэлгээтэй холбоотой маргаан нь зөвхөн нэг хэсэгт хамаарах бөгөөд бусад гурван буруутгалд өмгөөлөгч нар гомдол гаргаагүй. Мөн мөрдөгчийн магадалгаатай яллагдагч болон өмгөөлөгч нар урьдчилан танилцсан бөгөөд тухайн үедээ санал, гомдол гаргаагүй, зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд энэ асуудлыг хөндөж байна. Хэрэв шаардлагатай гэж үзвэл магадалгаа гаргасан мөрдөгчийг гэрчээр дуудаж тайлбар авах бүрэн боломжтой. Иймд хэргийг шүүхээр шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдсэн гэж үзэж, хэргийг бүхэлд нь хянаж, шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Д.Лын өмгөөлөгч А.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. Нэгдүгээрт, хохирлын асуудал тодорхойгүй байгаа учраас үүнийг тодруулах талаар шүүхээс захирамж гаргаж, даалгасан. Энэ хүрээнд хохирлын үнийн дүнг тогтоох нь зайлшгүй ач холбогдолтой гэж үзэж байна. Тодруулбал, тухайн хөрөнгийн бирж нь ард банк бус санхүүгийн байгууллагын өөрсдийнх нь хамаарал бүхий, дотоодын бирж байгаа. Тэндээс Вайнанс бирж рүү олон удаагийн гүйлгээгээр блокчейн ашиглан виртуал хөрөнгийг шилжүүлсэн гэж яригдаж байгаа. Гэтэл уг виртуал хөрөнгө болох тетр буюу USTD нь нэг ам.доллартой тэнцүү гэж үзэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй. Учир нь виртуал хөрөнгийн ханш нь цаг, минут тутамд савлаж байдаг. Тухайн 17 удаагийн гүйлгээ бүр дээр ханш өөр өөр байсан. Ийм нөхцөлд хохирлын үнийн дүнг тэрбум гаруй төгрөг гэж нэг мөр тогтоох боломжгүй бөгөөд ханшийн савлагаанаас шалтгаалсан зөрүү маш их гарах нөхцөлтэй. Хэрэв нэг USTD тогтмол нэг ам.доллартой тэнцдэг байсан бол виртуал хөрөнгө авч, мөнгөө түгжих ямар ч шаардлага үүсэхгүй. Харин ч өртөг буурах эрсдэлтэй тул хүмүүс ийм эрсдэлийг хүлээн авч арилжаанд орж байгаа. Тиймээс энэ ханшийн асуудлыг бодитойгоор тогтоох нь зайлшгүй шаардлагатай. Хоёрдугаарт, хохирлыг яаж тогтоох вэ гэдэг асуудал бий. А биржийг яагаад сонгож байгаа нь ойлгомжгүй байна. А нь Ард банк бус санхүүгийн байгууллагатай хамаарал бүхий дотоодын бирж юм. Хэрэгт авагдсан богино хугацаат хөрөнгө оруулалт хийх тогтоолын дагуу эхний таван зуун сая төгрөгөөр виртуал хөрөнгө авах тухай заасан байдаг. Лын хувьд өмнө нь арилжаанд орж байсан туршлагатай, найз охиноосоо мөнгө зээлж арилжаа хийж байсан тухай өөрөө тайлбарладаг. Ийм туршлагатай байсан учраас ардын удирдлагуудын зүгээс виртуал хөрөнгө авах үндэслэлээр ТУЗ-ийн тогтоол гарсан байдаг. Гэтэл яагаад А дээрээс уг хөрөнгийг нэмэгдүүлж аваагүй вэ гэхэд, дотоодын бирж учраас эрэлт, нийлүүлэлт хангалтгүй, USTD авах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулан Вайнанс бирж рүү шилжүүлж авах зөвшөөрлийг ардын удирдлагууд өгсөн бөгөөд энэ талаар нотлох баримтууд хэрэгт авагдсан. Иймд Вайнанс бирж дээр тухайн үед ханш ямар байсан бэ гэдгийг тодорхойлох нь хохирлын асуудлыг бодитой тогтооход маш чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Гуравдугаарт, шинжээчийн дүгнэлтийн талаар. Өнөөдөр Виртуал хөрөнгийн тухай хууль батлагдсан бөгөөд энэ салбарт Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьдаг. Тус байгууллагад виртуал хөрөнгийн чиглэлээр мэргэшсэн албан нэгж, тусгай мэдлэг бүхий албан тушаалтнууд байдаг. Энэ хүрээнд холбогдох байгууллагаас албан бичгээр тодруулга авах боломж бүрэн байгаа. Шүүгч захирамждаа ч төрийн болон хувийн байгууллагын тусгай мэдлэг бүхий этгээдээр шинжээч томилох нь зүйтэй гэж дурдсан болохоос биш эрүүгийн цагдаагийн мөрдөгчийг ашиг сонирхлын зөрчилтэй, хувийн сэдэлтэй гэж буруутгасан агуулга огт байхгүй. Эрүүгийн цагдаагийн мөрдөгчийн гаргасан материал нь Лын эрх зүйн байдлыг дордуулах шинжтэй баримт ирүүлсэн байхад шүүхээс хувийн ашиг сонирхолтой гэсэн дүгнэлт хийх хууль зүйн боломжгүй. Иймд виртуал хөрөнгийн асуудлаар Санхүүгийн зохицуулах хороо зэрэг төрийн эрх бүхий байгууллагаас шинжээчийн дүгнэлт гаргуулах бүрэн боломжтой бөгөөд энэ нь хохирлын асуудлыг бодитой, үндэслэлтэй тогтоох ач холбогдолтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөнгө угаах гэдэг ойлголт өөрөө тусдаа, бие даасан ойлголт гэдгийг энд зайлшгүй тодруулж хэлмээр байна. Одоогийн яригдаж байгаа нөхцөл байдал нь нэг удаагийн үйлдлээр блокчейн ашиглан нэг данснаас, нэг биржээс олон улсын өөр бирж рүү виртуал хөрөнгө шилжүүлсэн үйлдэл байгаа. Үүнийг шууд мөнгө угаах гэмт хэрэгтэй хамааруулж үзээд байгаа нь ойлгомжгүй, маргаантай байна. Тиймээс шинжээчийн дүгнэлтийг дахин тодруулах, дахин гаргуулах нь ямар ач холбогдолтой вэ гэхээр, хамгийн түрүүнд гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг бүрэн авч үзэх шаардлагатай байна. Тухайлбал, “А К ББСБ” ХХК-ийн зүгээс богино хугацаанд хөрөнгө оруулалт хийх нэрийдлээр койн, виртуал хөрөнгө авах бодит боломж тухайн үед байгаагүй. Энэ нөхцөл байдал шинжээчийн өмнөх дүгнэлтэд тусгагдаагүй байгаа. Үүнтэй холбоотойгоор Лт виртуал хөрөнгө авахыг зөвшөөрсөн чат, бичилцээ, харилцаанууд бүгд хэргийн материалд байгаа. Эдгээр баримтууд нь тухайн үйлдэл ямар нөхцөлд, ямар зөвшөөрлийн хүрээнд хийгдсэнийг нотолж байгаа. Иймд шинжээчийн дүгнэлт нь зөвхөн гүйлгээний үр дүнг бус, эх үүсвэр, зөвшөөрөл, боломжит нөхцөлийг хамтад нь дүгнэж байж гаргах ёстой гэж үзэж байна. Мөн Вайнанс бирж рүү шилжүүлэхийг тухайн үед зөвшөөрсөн байдаг. Тэгэхээр Вайнанс дээр тухайн виртуал хөрөнгүүд ямар ханшийн савлагаатай байсан бэ, тухайн үед хэдэн хувийн хэлбэлзэлтэй байсан бэ, Ай-Дакс болон бусад биржүүд дээрх ханшийн зөрүү ямар байсан бэ гэдгийг тогтоох нь онцгой ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, тухайн гүйлгээнүүд хийгдсэн үеийн бодит ханш, савлагаа, эрсдэл, зах зээлийн нөхцөл байдлыг тогтоохгүйгээр хохирлын дүн, мөнгө угаах гэмт хэргийн шинжийг нэг мөр дүгнэх боломжгүй. Ийм учраас дээрх бүх нөхцөл байдлыг бүрэн тодруулах, шинжээчийн дүгнэлтийг өргөжүүлэн гаргуулах шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд энэ утгаараа шүүгчийн хэргийг прокурорт буцаах тухай захирамж нь үндэслэлтэй байна гэсэн байр суурьтай байна. ...” гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч  болон прокурорын эсэргүүцэлд заасан асуудал зэрэгт хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Нийслэлийн прокурорын газраас Д.Лын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж “....Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол мөрдөгч, прокурор шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэх үүрэгтэй. Иймд мэргэшсэн бусад төрийн болон хувийн байгууллагын тусгай мэдлэг бүхий хүн, шинжилгээ хийх эрх авсан шинжээч зэргээр дүгнэлт гаргуулан хохирол тооцуулах нь хэрэгт хувийн сэдэлтгүй байх хардлагыг бататгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт заасан шинжилгээ хийлгэх журам, шаардлагад нийцнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан буюу “Мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд энэхүү гэмт хэрэг нь хэзээ, хаана, яаж үйлдэгдсэн зэрэг цаг хугацаа, гарсан газар тодорхойгүй. ...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.

Шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж зааснаар анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үйл баримтыг дүгнэж, яллагдагчийн гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно. ...” гэж зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээтэй холбогдсон асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, бодит байдлыг тогтоох боломжтой гэж үзэв.

Түүнчлэн, зайлшгүй тухайн шинжээчийн дүгнэлтийг хэрхэн гаргасантай холбоотой тайлбар авах шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.20 дугаар зүйлд заасан “мөрдөн шалгах ажиллагааны дүнг шинжлэн судлах” гэж заасны дагуу холбогдох мөрдөгчийн магадалгааг гаргасан эрх бүхий албан тушаалтан шинжээч, мөрдөгчийг дуудаж мэдүүлэг авах байдлаар тодруулах боломжтой байна.

Иймээс яллагдагч Д.Лт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай оролцогчийг талуудын хүсэлтээр оролцуулан яллагдагчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзээд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/6745 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Лгийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор Б.Саруул-Ирээдүйгийн бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 110 дугаартай эсэргүүцлийг хангаж, яллагдагч Д.Лт урьд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.АЛДАР

ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР

                                                            ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ