Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 211/МА2021/00014

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ш-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Б даргалж, ерөнхий шүүгч Т.Д, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 129/ШШ2021/00494 дүгээр шийдвэртэй

Б.Шын нэхэмжлэлтэй

Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  холбогдох

үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгчийн төлөөлөгч С.П-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.П, хариуцагчийн төлөөлөгч Б.О, Б.Х, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгчийн тайлбарт: “Миний бие Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 515 дугаартай шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 24 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 1 850 дугаартай тогтоолоор иргэн Д.О, Г.Г нарт 97 699 880 төгрөгийн төлбөрийг төлөхөөр болж, уг материал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очсоноор гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж эхэлсэн. Уг төлбөрөөс миний бие нь хэсэгчилсэн хэлбэрээр 15 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэх төлбөрийг төлүүлэхээр албадлага хэрэглэж миний эзэмшлийн /хувьчлагдаагүй/ Эрдэнэбулган сум, 3 дугаар баг, 1 дүгээр 10 жилийн сургуулийн зүүн урд, Залуучуудын гудамжны 5-503 тоотод байрлах нэгж талбарын 65113010014 дугаартай 340 м.кв орон сууцны зориулалттай газар, мөн дутуу баригдсан барилгыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үнэлгээчин томилж үнэлүүлсэн. Ингэж үнэлэхдээ газрыг 36 926 000 төгрөгөөр, дутуу баригдсан барилгыг 100 126 400 төгрөгөөр тус тус үнэлсэн гэсэн мэдэгдлийг надад хүргүүлсэн. Миний бие тухайн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Орон нутгийн зах зээлийн үнэлгээнд тухайн газар 36 926 000 төгрөгөөс илүү давсан үнэлгээтэй. Газрын үнэлгээ бодитой гараагүй гэж үзэж гомдол гаргаж байна. Газар дээр баригдсан орон сууцны барилгыг /дутуу баригдсан/ хэт доогуур  үнэлсэн байна. Тухайн барилгыг барихад зарцуулсан материал, ажлын хөлс, тээврийн зардал гэх мэт зүйлийг тооцож үзэхэд 100 126 400 төгрөгөөс хэт давсан тооцоо байдаг. Төлбөртэй хүний юм үнэгүй гэх ойлголт байхгүй гэж ойлгож байгаа бөгөөд ямар тооцоо судалгаагаар дээрх үнэлгээг гаргасан нь ойлгомжгүй байна. Мэдэгдлээс өөр барих баримтгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь надад ямар хүнээр үнэлгээ тогтоолгох гэж буйг мэдэгдээгүй, мөн үнэлгээ тогтоосон баримттай танилцуулаагүй бөгөөд үүнийг танилцуулах шаардлагагүй гэж тайлбарлаад байгааг зөвшөөрөхгүй байна. Учир нь надад тухайн шинжээч буюу үнэлгээчинг татгалзах эрх байх ёстой гэж үзэж байна. Хэн гэдэг үнэлгээчний хэдний өдрийн хэдэн тоот эрхийн актаар яаж энэ үнэлгээг хийсэн нь тодорхойгүй бөгөөд тодорхойлж өгөхгүй байгаа нь нөгөө талд үйлчлээд байгаа гэх хардлагыг төрүүлж байна. Иймээс Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01/1329 тоот мэдэгдэл хүргүүлэх албан бичигт дурьдсан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч болон түүний төлөөлөгчдийн гаргасан хариу тайлбарт: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 515 дугаартай шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 24 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1 850 тоот тогтоолоор Б.Шаас 97 699 880 төгрөг гаргуулж Д.О, Г.Г нарт олгохоор шийдвэрлэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Шын Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3 дугаар баг, 1 дүгээр 10 жилийн сургуулийн зүүн урд, Залуучуудын гудамж, 5-503 тоотод байрлах 340 м.кв газрыг дутуу баригдсан барилгын хамт 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 19010136, 19010139/09 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн саналыг шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулан авахад зөрүүтэй харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно” гэж заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 19010136, 19010139/10 дугаар тогтоолоор шинжээчийг томилсон. 2019.09.19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг хураахдаа төлбөр төлөгч Б.Шт шинжээч томилж, албадан дуудлага худалдаанд оруулах талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр мэдэгдэж, хууль тайлбарлаж өгсөн байна. Иймд төлбөр төлөгч Б.Шын гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

          Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 129/ШШ2021/00494 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 146 тоот шинжээчийн дүгнэлт бүхий үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Шын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож; Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Шаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.П-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэн би сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 129/ШШ2021/00494 дугаартай шийдвэрийг 2021.11.24-ний өдөр гардан аваад шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх Б.Шын Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01/1329 тоот мэдэгдэл хүргүүлэх албан бичигт дурдсан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү хэрэгсэхгүй болгохдоо шинжээчийг татгалзах үндэслэлээ тайлбарлаагүй, нэхэмжлэгч маргаж буйгаа нотлох баримтаар нотолж чадаагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон ажиллагаа нь хууль зөрчөөгүй гэсэн агуулгаар тайлбарлаж дүгнэсэн байдаг. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хөрөнгийн үнэлгээ тогтоолгох үйл ажиллагааны явцад шинжээч томилохдоо энэ талаар төлбөр төлөгч Б.Шт мэдэгдээгүй, үнэлгээг хэрхэн яаж тогтоосон талаарх шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй, зөвхөн Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01/1329 тоот мэдэгдэл хүргүүлэх албан бичгийг төлбөр төлөгч Б.Шт хүргүүлсэн байдаг. Энэ мэдэгдлийг аваад үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлттэй танилцахыг хүсэхэд танилцуулаагүй. Мэдэгдэлд бичигдсэн үнээр газар, түүн дээрх эд хөрөнгө үнэлэгдсэн гэдгийг хэлсэн байсан. Энэ байдал нь шинжээчийн үнэлгээ бодит байдалд нийцэхгүй байна гэх гомдлыг гаргахад хүргэсэн. Шинжээч нь үнэлгээ гаргахдаа төлбөр төлөгчөөс ямар зардал, материал орсон талаарх баримт мэдээллийг аваагүй байгаа. Энэ нь төлбөр төлөгчийн эрх зөрчигдөхөд хүргэсэн. Мөн шинжээч томилсон шийдвэрийг төлбөр төлөгчид танилцуулаагүй. Анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 129/ШШ2021/00494 дүгээр шийдвэртэй хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Ш Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлийн талаар хэрэглэвэл зохих Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 129/ШШ2018/00515 дугаар шийдвэрээр Б.Ш 65 876 700 төгрөгийг Д.О-д, 31 823 180 төгрөгийг Г.Г-д тус тус төлөхөөр шийдвэрлэжээ.

Б.Ш шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагч Г.Г, Д.О нарын хүсэлтээр Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, уг ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгө болох Б.Шын өмчлөлийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 1 дүгээр 10 жилийн сургуулийн зүүн урд, Залуучуудын гудамжны 5-503 тоотод байрлах орон сууцны зориулалттай 340 м2 газар эзэмших эрх, дээрх хаягт байрлах дутуу баригдсан барилга зэргийг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 19010139, 19010136/07 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 19010136/09, 19010139/09 дүгээр тогтоолоор хураах ажиллагаа явуулсан байна.

 

Талууд харилцан тохиролцоогүй тул хариуцагч Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Мэргэн гүн аудит ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

Шинжээчээр ажилласан Мэргэн гүн аудит ХХК нь Б.Шын өмчлөлийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 1 дүгээр 10 жилийн сургуулийн зүүн урд, Залуучуудын гудамжны 5-503 тоотод байрлах орон сууцны зориулалттай 340 м2 газар эзэмших эрх, дээрх хаягт байрлах дутуу баригдсан барилга зэргийг хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг “зах зээлийн болон өртгийн хандлагаар” үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасантай нийцжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба нэхэмжлэгч Б.Ш нь шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага, зах зээлийн үнэ, материалын орц, байршил зэргийг огт тооцоолоогүй гэх боловч энэ талаархи баримтыг шүүхэд гаргаагүй буюу нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй тул Б.Шын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй гэж үзнэ.

 

Хэргийн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлийг хянаад давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 129/ШШ2021/00494 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П-ийн гомдлыг хангахгүй орхисугай. 

           

2. Нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.Б

     ШҮҮГЧИД                                      Т.Д

                                                     В.Ц