| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 192/2025/04296/И |
| Дугаар | 192/ШШ2026/00313 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 192/ШШ2026/00313
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.З даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: ….тоотод оршин суух Х. овогт Ж Л нэхэмжлэлтэй, Хариуцагч: ….тоотод байрлах …. ХХК-д холбогдох, 80,932,340 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 2,929,575 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Л, түүний өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, түүний өмгөөлөгч Б.Алтанзул, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Н.М нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Нэхэмжлэгч Ж.Лхагвадулам нь хариуцагч … ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр …. дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нэхэмжлэгч Ж.Л. нь ….. тоот хаягтай 35.51 м.кв талбайтай 1 өрөө F загварын орон сууцны 1 м.кв талбайг 1,650,000 төгрөг, нийт 58,591,500 төгрөгөөр захиалсан. Нэхэмжлэгч Ж.Л нь Орон сууц захиалгын гэрээний 2.3-т заасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 40,000,000 төгрөгийг, мөн гэрээний 2.4-т заасны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 8,591,500 төгрөгийг шилжүүлснээр энэ гэрээний төлбөрийн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлсэн. Орон сууц захиалгын гэрээний 1.3-т заасны дагуу хариуцагч ... ХХК нь орон сууцыг 2023 оны 3 дугаар улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулах ёстой байтал харамсалтай нь өнөөдрийн байдлаар барилгынхаа талыг ч босгоогүй байгаа учир нэхэмжлэгч Ж.Л нь хариуцагч … ХХК-ийн барилгын ажлыг хүлээх явцад 4 удаа орон сууц хөлсөлж байгаа бөгөөд орон сууц хөлслөхөд нийт 21,924,180 төгрөг төлөөд байна. Үүнийг тодруулбал нэхэмжлэгч Ж.Л захиалсан орон сууц ашиглалтад орох хугацаандаа орохгүй нь тодорхой болмогц тэрээр 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр … бүртгэлийн дугаартай Орон сууц хөлслөх гэрээг иргэн Б.А байгуулж, гэрээний төлбөрт 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1,385,000 төгрөг шилжүүлсэн, 115,000 төгрөгийг бэлнээр, нийт 1,500,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч Ж.Лнь 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэн Ч.Борон сууц хөлслөх гэрээ байгуулж, гэрээний төлбөрт 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3,600,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 1,874,180 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 2,100,000 төгрөг, нийт 7,574,180 төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэгч Ж.Л нь 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Ц.Э орон сууц хөлслөх гэрээ байгуулж, 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2,000,0000 төгрөг, нийт 7,000,000 төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэгч Ж.Л нь 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр иргэн П.А орон сууц хөлслөх гэрээ байгуулж, гэрээний төлбөрт 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 3,850,000 төгрөг, нийт 5,850,000 төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэгч Ж.Л нь орон сууц захиалгын гэрээний төлбөрт нийт 58,591,500 төгрөг төлж, хариуцагч …ХХК нь 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 18,591,000 төгрөг буцаан шилжүүлснээр нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар орон сууц захиалгын төлбөрөөс 40,000,000 төгрөг авах авлагатай байна. Нэхэмжлэгч Ж.Л нь харааны бэрхшээлтэй, …..сургуульд багшаар ажилладаг бөгөөд өөрийн ажил хөдөлмөрийн үр дүнд бий болсон хуримтлал, ах дүү нараасаа зээлж авсан мөнгө зэргийг нийлүүлж байгаад орон сууцны захиалгын гэрээний төлбөрийн үүргээ бүрэн биелүүлсэн байтал хариуцагч ….. ХХК-ийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж их хэмжээний эд хөрөнгөөрөө хохирч байна. Нэхэмжлэгч Ж.Л нь орон сууц захиалгын гэрээний авлага 40,000,000 төгрөг, орон сууц хөлслөх гэрээний дагуу 21,924,180 төгрөг, нийт 61,924,180 төгрөгийн төлбөр төлж хохирсон байх тул өөрийн эрх ашгийг хамгаалах, хохирлоо барагдуулахаар шүүхэд хандаж байна. Нэхэмжлэгч Ж.Л нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч ….ХХК нь нэхэмжлэлд заасан хаягт байгаагүй тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн … дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн … дугаар шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлахаар болсон. Шүүхийн шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан бөгөөд тус хэлтэс хариуцагчийг олж тогтоосон бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн …. дугаартай албан бичгээр хариуцагчийн хаягийг мэдэгдсэн болно.” гэжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Тус шүүхэд Ж.Л. миний нэхэмжлэлтэй ….ХХК-д холбогдох орон сууц захиалгын гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр болон гэрээ цуцалсны хохиролд нийт 66,870,380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаарлагатай иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа билээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26-р зүйлийн 26.2-т "... Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй ..." гэж заасны дагуу миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дор дурдсанаар ихэсгэж байна. Ж.Л би 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ….ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, гэрээнд заасны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дотор гэрээний төлбөрт нийт 58,591,500 төгрөгийг төлж, гэрээнд заасан орон сууцны үнийг төлөх үүргээ бүрэн биелүүлсэн. Гэтэл хариуцагч нь 2023 оны 9 дүгээр сард орон сууцыг ашиглалтад оруулж өгнө гэсэн боловч энэ үүргээ биелүүлэлгүй 2024 оны 8 дугаар сар болсон. Энэ үед өөрийн дүүтэй хамт барилгын талбай дээр очиж, орон сууцны барилгын гүйцэтгэлтэй танилцахад 9 давхар хүртэлх барилгын карказ цутгагдснаас өөр хийгдсэн зүйлгүй, ажиллаж байгаа хүнгүй байсан. Хэзээ барилга нь дуусч, ашиглалтад орох нь толорхойгүй, барилгын ажил удаашралтай явагдаж байснаас гадна гэрээнд заасан орон сууцыг ашиглалтад оруулах хугацаа болоод 1 жилийн хугацаа өнгөрсөн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан Орон сууц захиалгын гэрээг цуцлахаас өөр аргагүйд хүрсэн. Улмаар 2024 оны 8-р сарын 16-ны өдөр хариуцагчид гэрээ цуцлах тухай хүсэлтээ албан ёсоор бичгээр гаргасан юм. Миний бие олон жилийн хугацаанд хуруу хумсаа хугалан байж хөдөлмөрлөж, хурааж, хуримтлуулсан мөнгөн хөрөнгөө орон сууц болгож, өөрийн гэсэн амьдрах гэр оронтой болох үүднээс гэрээнд заасан хугацаандаа орон сууцыг барьж, ашиглалтад оруулна гэх газрыг сонгож, гэрээ байгуулан, орон сууцны үнийг бүхэлд нь төлсөн. Гэтэл өнгөрсөн хугацаанд орон сууц ч үгүй, мөнгө ч үгүй болж хохирсон. Нэхэмжлэгч би …. ХХК-д 58,591,500 төгрөгөө өгөлгүй, Ариг банкны энгийн хугацаагүй 8 хувийн хүүтэй хадгаламжид хадгалуулсан байсан бол 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хадгаламжийн хүүнд нийт 14,061,960 төгрөг (8%х58,591,500=4,687,320, 4,687.320х3жил 14,061,960) олох боломжтой байсан. Гэтэл хариуцагчид дээрх мөнгийг шилжүүлэн өгснөөр 14,061,960 төгрөгийг ашиг олох боломжоо алдаж, хохирсон байна. Иргэний хуулийн 229-р зүйлийн 229.1-т “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй" гэж заасны дагуу … ХХК-аас олох ёстой байсан орлогод 14,061,960 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна. Иймд урьд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 14,061,960 төгрөгөөр ихэсгэж, нийт нэхэмжлэлийн шаардлагаа 80,932,340 төгрөг болгож байх ба үүнийг хариуцагчаас бүхэлд нь гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ. 2. Хариуцагч хариу тайлбартаа: “Манай ….ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Ж.Л орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр …..тоот 35,51 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 1 м.квын үнийг 1,650,000 төгрөг, нийт 58,591,500 төгрөгөөр захиалсан байдаг. Гэтэл захиалагч Ж.Л нь 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хувийн шалтгаанаар гэрээгээ цуцлаж, мөнгөө буцаан авах хүсэлт гаргасан. Бид хүсэлтийг үндэслэн нийт төлсөн төлбөрөөс 18,591,500 төгрөгийг захиалагчид буцаан олгосон байгаа болно. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.3 болон 4.3.2-т “Захиалагчийн санаачлагаар гэрээг цуцалсан” буюу захиалагч хүсэлт гаргаж гэрээг цуцалсан тохиолдолд нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх торгуулийг ногдуулахаар заасан. Мөн гэрээнд зааснаар захиалагчид эд хөрөнгө хөлслөх төлбөрийн талаарх зохицуулалт тусгаагүй тул нэхэмжлэлд тусгасан 21,924,180 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм. Иймд нийт төлсөн төлбөрөөс захиалагчид буцаан олгосон 18,591,500, гэрээний дагуух торгууль 5 хувь буюу 2,929,575 төгрөг, нийт 21,521,075 төгрөгийг хасаж, манай компанийн зүгээс 37,070,425 төгрөгийг нэхэмжлэгчид олгох боломжтой. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ. 3. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “Тус шүүхээр хянагдаж буй Ж.Л нэхэмжлэлтэй, ….. ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгчөөс дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр захиалагч нь гэрээнээс өөрийн хүсэлтээр татгалзаж, гэрээг дуусгавар болгох хүсэлт гаргасан тохиолдолд 5 хувийн торгуулийн төлөхөөр харилцан тохиролцсон. Иймд нийт үнийн дүнгийн 5 хувь болох 2,929,575 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн хүрээнд шаардаж байна.” гэжээ. 4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Ж.Лминий бие хариуцагч …. ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гардан авч танилцаад, түүнийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. А.С нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа "Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр захиалагч нь гэрээнээс өөрийн хүсэлтээр татгалзаж, гэрээг дуусгавар болгох хүсэлт гаргасан тохиолдолд 5 хувийн торгуулийг төлөхөөр харилцан тохиролцсон. Иймд нийт үнийн дүнгийн 5 хувь болох 2,929,575 төгрөгийг гаргуулж өгнө үү гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ….ХХК-тай Орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Гэрээг байгуулах үед гэрээнд дээрх заалт байгаа талаар надад огт танилцуулаагүй, гэрээний нөхцөл тус бүрийг харилцан тохиролцож тогтоогоогүй. …. ХХК нь өөрөө гэрээний драфтаа бэлдсэн байсан ба намайг очиход төлбөрийн нөхцөл, байр ашиглалтад оруулах хугацааг л маш тодорхой тайлбарлаж өгсөн юм. Улмаар орон сууц захиалгын гэрээний төлбөрийн нөхцөлийн дагуу өөрийн захиалсан байрны төлбөрийг хугацаанд нь бүхэлд нь төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүхэлд нь биелүүлж, өнгөрсөн хугацаанд ямар ч үүргийн зөрчил гаргаагүй. Харин гүйцэтгэч …. ХХК нь одоог хүртэл гэрээний үүргээ зөрчсөн хэвээр байгаа ба 2023 оны 3 дугаар улиралд байр ашиглалтад орно гэсэн боловч хугацаандаа ашиглалтад ороогүй. Байр ашиглалтад орохгүй удаад байхаар нь компанийн хуульч А.С. очиж уулзахад эцсийн байдлаар 2025 оны 6 сар гэхэд ашиглалтад орно гэж байсан ч өнөөдрийг хүртэл барилга баригдаж дуусаагүй, анх намайг очиход ямар байсан яг тэр хэвээрээ байгаа болохыг өмгөөлөгчийнхөө тайлбараас тодорхой ойлгож мэдсэн болно. Захиалсан орон сууц маань хугацаандаа ашиглалтад ороогүйн улмаас орон сууц хөлсөлж, нэмэлт зардлууд гаргаж улам хохирох болсон. Тиймээс арга буюу гэрээгээ цуцлах тухай шийдвэр гаргаж, гүйцэтгэгчид энэ тухайгаа мэдэгдсэн. Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.1-т "Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ", 232.4-т "Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна", 232.5-т “үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ" гэж тус тус заасан байна. Эдгээр хуулийн заалтаас үзвэл торгуулийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хэрэглэхээр байгаа ба гэрээний заалт ч мөн энэ агуулгаар хэрэглэгдэхээр байна. Гэтэл дээр дурдсанчлан миний бие гэрээнд заасан үүргээ огт зөрчөөгүй, орон сууцны төлбөрөө гүйцэтгэгч “……” ХХК-ээс тогтоосон хугацаанд нь бүрэн төлсөн боловч өнөөдрийг хүртэл байраа авч чадаагүйн дээр, гэрээгээ цуцлаад өгсөн мөнгөө ч буцааж авч чадалгүй хохирч байна. Тиймээс сөрөг нэхэмжлэгчид 2,929,575 төгрөг төлөх ямар ч үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн тайлбарыг гаргаж байна. 5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн …. дугаартай орон сууц захиалгын гэрээ, тусгай зөвшөөрөл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, …. ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн … дугаар албан бичиг, 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн тодорхойлолт, бэлэн мөнгөний орлогын баримт, банк хоорондын шилжүүлэг, шилжүүлгийн мэдээлэл, орлогын маягт, 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б.А болон Ж.Лнарын орон сууц хөлслөх гэрээ,2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б, Л нарын тохиролцоо, Ж.Л худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Ж.Л хаан банкны дансны хуулга, … холбооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт, даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 23488 дугаар шүүгчийн захирамж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн … дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлстийн 2025 оны 3 дугаар сарын 11-ны өдрийн албан бичиг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ, итгэмжлэл, 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хөлслөх гэрээ, фото зураг, Монгол банкны жигнэсэн дундаж хүүгийн лавлагаа, иргэдийн хугацаатай хадгаламжийн гэрээ, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл шүүхэд гаргаж өгсөн. ҮНДЭСЛЭХ нь: 4. Шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. 5. Нэхэмжлэгч нь орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 40,000,000 төгрөг, хохирол 40,932,340 төгрөг, нийт 80,932,340 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 40,000,000 төгрөгөөс бусдыг эс зөвшөөрч, 2,929,575 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. 6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Нэхэмжлэгч Ж.Лболон хариуцагч … ХХК нар …. тоот F байр, 35.51 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 58,591,500 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон болох нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн … дугаартай орон сууц захиалгын гэрээгээр тогтоогдож байна./хэргийн 6-8 тал/ энэхүү гэрээгээр гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг 2023 оны 3 дугаар улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулахаар тохиролцжээ. Ж.Л нь гэрээний үүргээ биелүүлснийг … ХХК 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тодорхойлолтоор 58,591,500 төгрөгийн төлбөр төлж дууссан болохыг тодорхойлжээ. /хэргийн 13 тал/ Гэтэл хариуцагч компани орон сууцыг 2023 оны 3 дугаар улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэрээнээс татгалзсаныг хариуцагч зөвшөөрч 18,591,000 төгрөг буцаан шилжүүлжээ. Зохигч энэхүү үйл баримтын талаар маргаагүй болно. /хэргийн 77 тал/ Нэхэмжлэгч Ж.Л .нь 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Б.А. орон сууц хөлслөх гэрээ байгуулж, …. тоот, 12 м.кв 1 өрөө орон сууцыг 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд 1 сарын 500,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцжээ. Мөн өдөр 1,385,000 төгрөг түрээслэгчид шилжүүлсэн байна. /хэрийн 18, 31 тал/ Мөн Ж.Л нь 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ч.Борон сууцыг сарын 600,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцож, 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 1,874,180 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 2,100,000 төгрөгийг гэрээнээс татгалзах хүртэл буюу 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл төлжээ. /хэргийн 25-27/ 7. Ж.Л болон ….ХХК нар …….тоот F байр, 35.51 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 58,591,500 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ. Нэхэмжлэгч худалдсан орон сууцны төлбөртэй холбогдуулан шаардлага гаргаагүй бөгөөд тогтоосон хугацаанд хариуцагч үүргээ биелүүлээгүй учир гэрээнээс татгалзаж, түүний үр дагаврыг арилгуулах, учирсан хохирол гаргуулахыг шаардсан бол хариуцагч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах саналыг хүлээн зөвшөөрч, хохирлыг хариуцахгүй гэжээ. Хариуцагч авсан зүйлээ буцаан өгөхөөр зөвшөөрснийг гэрээнээс татгалзах саналыг дэмжсэн гэж үзэх бөгөөд 18,591,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байна. Гэрээний талууд орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул тэдгээрт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” заасан эрх, үүрэг үүсжээ. Хариуцагч байгууллага нь 2023 оны 3 дугаар улиралд орон сууцыг ашиглалтад оруулах гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч татгалзлыг хүлээн зөвшөөрч, 40,000,000 төгрөг төлөхөө зөвшөөрчээ. Гэрээнээс татгалзахыг гэрээ байгуулагдаагүй байх үеийг сэргээх, анх байсан байдалд оруулсантай адилтган үзэх тул татгалзсан гэрээнээс хариуцлага, үр дагаврыг шаардах боломжгүй, зөвхөн учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Нэхэмжлэгч учирсан хохиролд 40,932,340 төгрөг гаргуулахаар шаардсан боловч гэрээгээр 2023 оны 3 дугаар улирал хүртэлх хугацаанд орон сууц хөлслөх, оршин суух газраа өөрөө хариуцахаар байсан тул энэ хугацаанаас гэрээнээс татгалзах хүртэл буюу 2024 оны 8 дугаар сарын 16-н өдөр хүртэлх орон сууц хөлсөлсөн төлбөрөөс бусдыг хохиролд тооцох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс хойш орон сууц хөлслөн амьдарсан нь хариуцагчтай холбоогүйгээс гадна 14,061,960 төгрөгийн орлого олох ёстой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Харин хариуцагч байгууллага орон сууцыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүйн улмаас нэхэмжлэгчид орон сууц түрээслэх шаардлага гарч, нэмэлт зардал гарсан гэж үзэх үндэслэлтэй тул 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш түрээс гэсэн агуулгаар төлсөн 6,000,000 төгрөгийг хохиролд тооцож хариуцагчаас нэмж гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгч нь 1,385,000 төгрөг түрээслүүлэгч Б.А, 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 1,874,180 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 2,100,000 төгрөгийг Ч.Б тус тус шилжүүлсэн бөгөөд орон сууцыг сарын 600,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцсон тул үлдэх 1 сарын төлбөрт 640,820 төгрөг төлсөн гэж үзлээ. Иймд нэхэмжлэлийн 46,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, үлдэх 34,932,340 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 8. Хариуцагч … ХХК нь орон сууц захиалгын гэрээний 4.3.2-т “захиалагчийн санаачилгаар гэрээ цуцалсан” зааснаар гэрээ цуцлагдсан тохиолдолд төлсөн төлбөрөөс 5 хувьтай тэнцэх торгуулийг гэрээ цуцалснаас учирсан хохирол суутган авахаар гаргасан 2,929,575 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Хариуцагч компани гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс шалтгаалан нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан байхад нэхэмжлэгчид гэрээний торгуулийг ногдуулах нь зохисгүй байх тул сөрөг нэхэмжлэл үндэслэл муутай болжээ. 9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 589,921 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 387,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ….. ХХК-иас 46,000,000 төгрөг гаргуулан Ж.Л олгож, үлдэх 34,932,340 төгрөгийн шаардлага болон Ж.Л холбогдох 2,929,575 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 589,921 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 387,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
|