| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2409027672212 |
| Дугаар | 2026/ДШМ/32 |
| Огноо | 2026-01-06 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2026/ДШМ/32
2026 01 06 2026/ДШМ/32
Х.Сд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Энхбат,
хохирогч Ж.Тын өмгөөлөгч Д.Өлзийхишиг,
яллагдагч Х.Сийн өмгөөлөгч Г.Наранбаатар, У.Түвшин,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/6905 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Энхбатын бичсэн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Х.Сд холбогдох 2409 02767 2212 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 374 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1441 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн.
Яллагдагч Х.С нь ................ барьж 2024 оны 2 дугаар улиралд дуусган хүлээлгэн өгнө гэж итгүүлэн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таван богд” ХХК-ийн байранд иргэн Ж.Бтой Хаус захиалгын гэрээ байгуулан, мөн үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ж.Ттай Хаус захиалгын гэрээ байгуулан итгэл төрүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хуурч, өөрийн Хаан банкны ........... дугаарын дансаар хохирогч Ж.Боос 250,000,000 төгрөгийг хохирогч Ж.Таас 134,850,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Х.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Хэрэгт Хөрөнгө оруулах замаар хамтран ажиллах гэрээ, барилгын ажил гүйцэтгэх гэрээнүүд авагдсан байна. Яллагдагч Х.С нь ........... барьж өгнө гэж хохирогч нарт итгүүлэн залилсан гэжээ.
Энэ хамтран ажиллах гэрээ, барилгын ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр яллагдагч нь хөрөнгө оруулж барилга барих зорилготой байсан уу, эсхүл хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн эсэх тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотлох шаардлагатай байна. Иймд яллагдагчийн өмгөөлөгч нарын хүсэлтэд дурдсан ажиллагаануудыг нэг бүрчлэн шалгаж нотолбол зохих байдлыг тогтоож ирүүлэх нь зүйтэй байна. Яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Прокурор Ж.Энхбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид хэргийг ямар үндэслэлээр прокурорт буцааж байгаа талаар болон прокурорт буцааж ямар ажиллагааг хийлгэх, энэ нь ямар үндэслэлтэй талаар дурдаагүй, мөн өмгөөлөгчийн гаргасан ямар хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжид өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг тоочин дурдаж, “Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон яллагдагчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг үндэслэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн аль хэсгийг эсхүл бүхэлд нь хүлээн авсан эсхүл хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн нь тодорхойгүй байна.
Хэргийг прокурорт буцаах үндэслэл, шалтгаан тодорхойгүй, хэргийг прокурорт буцааж ямар ажиллагааг хийлгэх гэж байгаагаа дурдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. ...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, “Богинын ам” гэх газарт хийгдсэн газар шорооны ажлыг хийхэд гүйцэтгэгчээр ажилласан ажилчид болох экскаваторын жолооч н.А, н.Б, н.Л, шороо зөөсөн машины жолооч н.Т, н.Т, ковш машины жолооч Г.Б, арматур, катанг зарсан менежер н.З, тухайн үед талбайн даамлаар ажиллаж байсан н.Т, Х ХХК-ын захирал У.С нараас гэрчээр мэдүүлэг авах, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Богд уулын “Богинын ам”-нд Х.Сийн хийсэн гэх барилгын суурийн ажлын үнэлгээг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй шинжээчдийн багаар хийлгэх нь бодит хохирлыг тогтооход ач холбогдолтой байна. Мөн Ц.Д нь дахин хүмүүсийг хуурч мэхлэн хөрөнгө оруулах нэрийдлээр дахин залилан мэхэлж хохироож байгаа талаар тодорхой мэдээлэл байх тул н.А, н.С, н.Ч гэрчээр асуулгах, 3.Ц.Д гэгчид хөрөнгө оруулалт нэрээр мөнгөө оруулсан хэд хэдэн хүмүүс байх тул хэргийг нэгтгүүлэх гэсэн хүсэлтүүдийг нэг бүрчлэн шалгаж нотолбол зохих байдлыг тогтоож ирүүлэх зэрэг хүсэлт гаргасан ба үүнээс аль хүсэлтийг шүүх хэрхэн шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй буюу өмгөөлөгч нарын дүгнэлтийг үндэслэн хэргийг прокурорт буцаав гэх тодорхойгүй дүгнэлтийг хийсэн.
Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, “Богинын ам” гэх газарт хийгдсэн газар шорооны ажлыг хийхэд гүйцэтгэгчээр ажилласан ажилчид болох н.А, н.Б, н.Л, н.Т, н.Т, Г.Б, арматур, катанг зарсан менежер н.З, н.Т, У.С нараас гэрчээр мэдүүлэг авах талаар шүүгчийн захирамжид дурдагджээ. Гэвч дээрх иргэдээс гэрчээр мэдүүлэг авах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ямар нэгэн ач холбогдолтой нотлох баримт болохгүй. Учир нь Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, “Богинын ам” гэх газарт барилгын ажил гүйцэтгэсэн компанийн захирал болох У.Сөөс гэрчийн мэдүүлэг авсан /1-р хх-ийн 65-66/ ба тухайн барилгын ажил хийгдэж байсан нь түүний мэдүүлгээр тогтоогддог бөгөөд гэрээний төлбөртэй холбоотойгоор У.Сөөс Х.Сд холбогдуулан 67,798,977 төгрөгийг гаргуулахаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт тогтоогддог. Х.Сийн хувьд иргэн Ц.Дыг хуурч мэхлэн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Хөрөнгө оруулах замаар хамтран ажиллах гэрээг”-г байгуулж тус гэрээний дагуу хохирогч Ж.Б, Ж.Т нарыг хуурч Ж.Боос 250,000,000 төгрөг, Ж.Таас 134,850,000 төгрөгийг авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “...тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө.......шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. ...” заасан бөгөөд яллагдагч Х.С нь хохирогч Ж.Б, Ж.Т нараас нийт 384,850,000 төгрөгийг авсан ба бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогддог. Яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Богд уулын “Богинын ам”-нд Х.Сийн хийсэн гэх барилгын суурийн ажлын үнэлгээг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй шинжээчдийн багаар хийлгэх тухай хүсэлт нь үндэслэлгүй бөгөөд эрүүгийн дугаартай хэргийн хохирол, хор уршиг биш тул шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулах мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нь хэргийн нотолгоонд зайлшгүй шаардлагатай, шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа биш гэж үзэж байна. Мөн Ц.Д нь дахин хүмүүсийг хуурч мэхлэн хөрөнгө оруулах нэрийдлээр дахин залилан мэхэлж хохироож байгаа талаар тодорхой мэдээлэл байх тул н.А, н.С, н.Ч гэрчээр асуулгах хүсэлт нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1-т “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ. ...” гэж хуульчилсан. Ц.Дд холбогдуулан Сүхбаатар дүүрэг болон бусад дүүргийн цагдаагийн газарт гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгагдаагүй, өмгөөлөгчөөс Ц.Дд холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа эсэх талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба н.А, н.С, н.Ч гэх иргэдээс гэрчийн мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагааг хийлгэснээр эрүүгийн хэрэгт ач холбогдолтой ямар үйл баримтыг тогтоох нь ойлгомжгүй байх тул дээрх гэрчүүдээс мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй байна.
Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлүүдээр анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Хохирогч Ж.Тын өмгөөлөгч Д.Өлзийхишиг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байгаа болно. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, нотолбол зохих нөхцөл байдлуудыг оновчтой, хангалттай нотолсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхээс нэмэлтээр хийлгэхээр заасан ажиллагаа, ялангуяа А, С, Ч нарыг уг хэрэгт гэрчээр дахин асуух шаардлагагүй гэж үзэж байна. Эдгээр хүмүүс нь тухайн хэрэгт шууд гэрчлэх нөхцөл байдалгүй, хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгөх этгээдүүд биш юм. Ерөнхийд нь дүгнэхэд, уг хэрэгт холбогдох мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгдсэн бөгөөд шаардлагатай бүх гэрчүүдээс мэдүүлэг авсан. Мөн С мөнгөн хөрөнгийг зарцуулсан байдал нь дансны хуулгаар бүрэн тогтоогдож байгаа бөгөөд дансны хөдөлгөөнийг шинжлэн үзэхэд хэрэгт хамааралгүй, өөр асуудал илэрч байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцлийг бүрэн дэмжиж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Х.Сийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үндсэндээ прокурорын уг эсэргүүцэл нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шаардлагыг хангаагүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Харин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 6605 дугаартай захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Прокурорын эсэргүүцэлд дурдсан тодорхой ажиллагаануудыг зайлшгүй хийх шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг нь мөрдөгч, прокурорт хуулиар оногдсон байдаг. Өөрөөр хэлбэл, хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор нь яллах, цагаатгах, хөнгөрүүлэх болон хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг эргэлзээгүй тогтоох зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээг авах үүрэгтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс прокурорт удаа дараа хүсэлт гаргасан. Бидний шаардаж буй ажиллагаанууд нь шүүх хуралдааны шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй шинжтэй тул урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулж, эдгээр ажиллагааг зайлшгүй хийлгэх шаардлагатай гэж үзсэн. Манай үйлчлүүлэгч С хувьд 250 метр квадрат талбай бүхий “Твин таун хаус” барьж өгөхөөр гэрээ байгуулсан нь үнэн бөгөөд тухайн иргэдээс мөнгө авсан. Гэвч өнөөдрийн байдлаар Бын 250 сая төгрөг, Тамжидын 134 сая төгрөгийг бүрэн барагдуулсан, бодит хохирол үүсээгүй гэж үзэж байна. Авсан мөнгөний ихэнх хэсгийг Зайсанд байрлах Богинын амны газар шорооны ажилд зарцуулсан. Уг газар нь бодит байдал дээр маш налуу, хүнд нөхцөлтэй байсан бөгөөд экскаватор ашиглан газар шорооны ажлыг хийж, улмаар хундам цутгалт хийсэн. Энэ ажлыг хийсэн ажилчид, гүйцэтгэгч нарыг зайлшгүй асуух шаардлагатай. Учир нь яг хэдий хэмжээний ажил хийгдсэн, тухайн ажлыг хэрхэн үнэлэх, С зүгээс хэдий хэмжээний мөнгө бодитоор зарцуулагдсан бэ гэдгийг тогтоож байж гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой. Манай тооцооллоор нийт авсан мөнгөний 60-70 хувь нь барилгын ажилд бодитоор зарцуулагдсан, үлдсэн 30 хувь нь хаалга захиалах болон бусад холбогдох зардалд орсон. Хаалгатай холбоотой эд зүйлд мөрдөн шалгах үзлэг хийж, баримтжуулсан байдаг. Мөн тухайн газрын эзэмшигч Д нь ижил байдлаар 10 гаруй хүнийг хохироосон гэх гомдлууд Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад шалгагдаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэн явж байгаа талаар мэдээлэл байна. Иймд уг хэргийг нэгтгэн шалгуулах хүсэлтийг мөн гаргасан. Гэтэл эдгээр зайлшгүй ач холбогдол бүхий гэрчүүдийг асуух хүсэлтийг “хэрэгт ач холбогдолгүй” гэсэн үндэслэлээр хангахаас татгалзсан. Энэ нь бодит байдлыг тогтооход саад болж байна. Учир нь мөрдөн байцаалтын шатанд асуугаагүй гэрч нарыг шүүх хуралдааны шатанд дуудаж асуух боломж хязгаарлагдмал байдаг. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдал, тухайлбал гэмт хэргийн сэдэл, мөнгө зарцуулалтын чиглэл, гэм буруугийн хэлбэр, бодит хохирлын хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, шинж чанарыг заавал тогтоох шаардлагатай. Энэ хүрээнд хохирлын бодит хэмжээг тогтоохоор шинжээч томилуулах нь зүйтэй гэж үзэж байна. Өнөөдөр барилгын ажил гүйцэтгэсэн зарим этгээд С иргэний журмаар гүйцэтгэсэн ажлын хөлсөө нэхэмжилж байгаа нь бодит нөхцөл байдлыг нотолж байна. Мөн Д гэдэг этгээдэд холбогдох асуудлаар удаа дараа шалгуулах хүсэлт гаргасан боловч үндэслэлгүйгээр татгалзсан тул уг асуудлыг мөн цогцоор нь шалгуулах шаардлагатай гэж үзэж байна. Иймд дээр дурдсан ажиллагаануудыг бүрэн гүйцэтгэсний дараа гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн гаргасан захирамж нь хууль ёсны, үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Х.Сийн өмгөөлөгч У.Түвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Наранбаатар өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж оролцож байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас яллагдагч Х.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “...Энэ хамтран ажиллах гэрээ, барилгын ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр яллагдагч нь хөрөнгө оруулж барилга барих зорилготой байсан уу, эсхүл хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн эсэх тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотлох шаардлагатай байна. Иймд яллагдагчийн өмгөөлөгч нарын хүсэлтэд дурдсан ажиллагаануудыг нэг бүрчлэн шалгаж нотолбол зохих байдлыг тогтоож ирүүлэх нь зүйтэй байна. ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.
Анхан шатны шүүх Х.Сд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ хэт ерөнхий байдлаар дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн гүйцэт хангаагүй байх боловч хэрэгт авагдсан шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг бүрэн гүйцэт шалгаж тогтоосны эцэст хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлох боломжтой болдог.
Тухайлбал, хэрэгт авагдсан Х.С Ц.Дтай “Хөрөнгө оруулах замаар хамтран ажил гүйцэтгэх гэрээ” /1хх 124-127/ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу тухайн барилгын ажилд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан болох, ажил гүйцэтгэх явцад зарцуулагдсан хөрөнгө хохиролд тооцогдох эсэх, хөрөнгийн үнэлгээг хийж бодит хохирлыг тогтоох зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэн гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг бүрэн гүйцэт шалгаж тогтоосны эцэст шалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, Ц.Дын эзэмшлийн газарт хэргийн газрын үзлэг хийх, тухайн газар хийсэн газар шороо болон барилгын суурийн ажлын хөрөнгийн үнэлгээ хийх, уг зардлыг хэн төлснийг тогтоох, зардал гарсан бол уг төлбөрийг хэн төлсөн, хэнээс дээрх зардлыг гаргуулах эсэх асуудлыг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсчээ.
Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой гэрч нарыг асуух ажиллагааг прокуророос мөрдөгчид даалгасан боловч гэрч нар очих боломжгүй гэх шалтгаанаар гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзсан байх тул прокурор, мөрдөгч нар өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд асууж тодруулах шаардлагатай бөгөөд мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Дээрх хэргийн нөхцөл байдлаас үзвэл гэрч нарыг зайлшгүй мэдүүлэг авах шаардлагатай байсан гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Өөрөөр хэлбэл, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эх сурвалжийг бүрэн гүйцэт тогтоож, нэг бүрчлэн шалгаж нотолбол зохих байдлыг тогтоож ирүүлэх нь зүйтэй.
Иймд нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЗ/6905 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ж.Энхбатын бичсэн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39 дугаартай дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Яллагдагч Х.Сд урьд авсан “хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ