Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 211/МА2021/00012

 

 

 

 

 

 

                           

 

 

 

 

 

 

          У.Л, У.Н, У.Э нарын

        нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Б даргалж, ерөнхий шүүгч Т.Д, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 129/ШШ2021/00451 дүгээр шийдвэртэй

У.Л, У.Н, У.Э нарын нэхэмжлэлтэй

У.О, У.Ч нарт холбогдох

У.Л, У.Б, У.Н, У.Ба, У.Э, У.Ч нарыг Д.У, Д.Г нарын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, өвлөгдсөн эд хөрөнгөөс хууль ёсны өвлөгчид ногдох хэсэг 145 900 000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээний хөлс 583 000 төгрөг, нийт 146 483 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгч У.Л, У.Н, У.Э нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.Л, У.Н, У.Э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.А, Э.Т, хариуцагч нарын өмгөөлөгч С.Т, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл болон тайлбарт:

“1. Д.У, Д.Г нарын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох тухайд:

Бид эцэг эхээс зургуулаа бөгөөд Архангай аймгийн Хотонт суманд төрж өссөн. Бидний аав сум нэгдлийн жолооч, ээж минь ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ тус тус гарсан.  Аав, ээж хоёр минь сумын төвийн ажилчин байсан болохоор хувийн мал аж ахуй байгаагүй бөгөөд 1990 оны өмч хувьчлалаар 3 том хүүхэд болох У.Л, У.Б, У.Н бид нар хувьчлалд авсан малаа аав, ээжийнхээ хувьчлалд авсан малтай нийлүүлж анх хөдөө мал маллаж эхэлсэн. Энэ үеэс эхлэн аав, ээж минь хөдөө мал маллаж, тухайн үед нас биед хүрсэн ах, эгч бидний хичээл зүтгэлээр өдий зэрэгтэй болгон өсгөн үржүүлж бий болгосон хөрөнгө юм. Аав, ээж хоёр минь бүх хүүхдийнхээ малыг нийлүүлэн харж, биднийг эхнээс нь айл өрх болгон тусад нь гаргаж амьдрал ахуйд нь хүргэж өгөн малаа өсгөж 2008 онд мянгат малчин болж ажил хөдөлмөрөө үнэлүүлсэн ба мөн оны өвөл аав минь эрүүл мэндийн шалтгаанаар хоёр охиныхоо гар дээр өнгөрсөн. Ааваас хойш малын тоо ээжийн минь нэр дээр тоологдож явсан ба 2008-2012 онд бүх зүйл хэвийн байсан. Хавар төлийн үеэр хотон дотроо хүн тус бүрийн малд нь ээж өөрөө им тэмдэглэгээ хийгээд явдаг байсан тул бид энэ талаар санаа зовж байгаагүй. 2011 оноос ээж минь элэгний өвчнөөр өвдөж хүнд хүчир ажил хийж чадахгүй, мал харах боломжгүй болсон тул мөн оны сүүлээр У.Н дээр нүүж ирсэн. Ийнхүү ирэхдээ Ч-ын хоёр хүүхдийг сургуульд сургахаар ээж минь хамт дагуулж ирсэн. 2011 оноос ээж маань элэгний өвчнөөр өвдөж охин У.Н, У.Э нараар асруулж байгаад 2014.07.24-ний өдөр өвчний улмаас нас барсан. Тухайн үед ээж минь амьсгал хураахаасаа өмнө ах дүү бид зургааг цуглуулж аавын нас барахдаа захиж хэлсэн захиас буюу “хүүхдүүд минь та нар минь хоорондоо эвтэй ахаа ахчилж, эгчээ эгчилж, аавын үгүйд орлох том ах, ээжийн үгүйд орлох том эгчийнхээ үгэнд орж ээж, аавынхаа өсгөж үржүүлсэн мал ахуйг буюу үлдээсэн хөрөнгө болох нийт малыг ах дүү бид зургааг тэнцүү хуваан аваарай” гэж захисныг бидэнд хэлсэн. /Бид зургааг гэрт дуудан ээж минь захиас хэлж байсныг хүргэн, бэрүүд гэрчилнэ/. Ааваас хойш малын тоо ээжийн нэр дээр тоологдож явсан ба 2008-2011 онд ээж маань хавар төлийн үеэр хотон дотроо хүн тус бүрийн малд им тэмдэглэгээ хийдэг байсан ба ээжийг минь хот руу явснаас хойш малын им тэмдэглэгээ огт хийгдээгүй. Энэ тухай ээж минь амьд сэрүүн байхдаа хөдөө 2 удаа яваад ирэхдээ бидэнд хэлж байсан. Аав, ээжээ өнгөрсний дараа монгол уламжлал ёсоор айлын отгон хүү болох Чт эцгийн гал голомтыг болон бурхан тахилаа үлдээж, эхний жил малаа хувааж хотоо харлуулалгүй аав, ээжийн буян тогтог гээд У.Чт үлдээгээд явсан. Энэ үед бас л аав, ээж минь байсан үеийнх шиг хөдөөний том, том ажлуудаа бид хамт нугалж, малаа маллаж байгаа юм чинь гээд дүүгээ улам өрөвдөж малдаа явахаас өөр бусад ажлыг нь хийж өгцгөөж байсан ба бага дүү Ч мал ихдээд хүчрэхгүй болох нь гэхээр нь бид хэд өөрт ногдох малаа тоолоод хуваагаад авцгаая гэж ярилцан 2017.07.27-ны өдөр ах, дүү бид зургаа бүгд  цугларч нийт малынхаа тоог гаргасан. Тэр үед хонь, ямаа нийлээд 1 649 толгой, үхэр 58 толгой, адуу 182 толгой, нийт 1 889 толгой мал байгааг тоолж баримт үйлдэн Ч, түүний эхнэр Орхонтамир нарт нэг хувийг нь өгөөд “ээжийн минь хэлж байсан тооноос бага байна, гэхдээ бид одоо хэрүүл маргаан хийхгүй, эцэг эхийнхээ нэр сүрийг бодоод өмнөх зүйлийг асуудал болгохгүй” гээд тоолсон нийт малаа үлдээгээд явсан. 2017.12.24-ний өдөр У.Б, У.Н, У.Ба, У.Э ах дүү дөрөв өвлүүлсэн хөрөнгөө У.Чаас авахаар очсон боловч түүний хүсэлтээр авалгүй үлдээсэн. Бид У.Чыг хот руу дуудан ирүүлж У.Баын гэрт цуглаж өвлүүлсэн хөрөнгийг 6 хуваах талаар тохиролцсоны үндсэн дээр баримт үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулсан. Аав, ээж 2 минь амьд сэрүүн байхдаа жил бүрийн мал тооллогын А дансанд өөрсдийн нэр дээр, эсхүл 4 хүүгийнхээ нэр дээр хуваан тоолуулдаг байсан.  Ээжийг нас барсан жил буюу 2014 онд нийт 1 524 толгой мал тоолуулсан байдаг. Сүүлийн мал тооллогоор буюу 2019 онд 1 501 толгой болж буурсан үзүүлэлттэй бүртгэгдсэн боловч бодит байдалд түүнээс олон тооны мал байгаа болно. Эцэг, эхээс өв болгон үлдээсэн уг тооны мал одоогийн байдлаар бага дүү У.Чын эхнэр У.Оын нэр дээр бүртгэлтэй байдаг. Үүний шалтгаан нь дүү У.Ч нь Өвөрхангай аймгийн Хархорин сум руу шилжсэн бөгөөд Архангай аймгийн Хотонт суманд мал ахуйгаа үлдээсэн, тус аймаг, суманд бүртгэлтэй У.Чын эхнэр У.Оын нэр дээр эцэг, эхээс минь өвлөн үлдээсэн малыг тооллогод оруулан бүртгүүлсэн байдаг. Иймд У.Оын нэр дээр бүртгэлтэй уг мал нь түүний мал биш, ах, дүү бид зургаад эцэг, эхээс өвлөгдөж ирсэн мал юм. Мөн У.Л, У.Б, У.Н, У.Ба, У.Э, У.Ч нарын хэн аль нь эцэг, эхээс үлдээсэн хөрөнгийн талаар өвлөх эрх нээлгэх арга хэмжээг хуульд заасан хугацаанд авч байгаагүй. Бид зургаан хүний нэр дээр болон өөр хэн нэгний нэр дээр мөн адил өвлөх эрхийн гэрчилгээ Нотариатын танхимаас гаргаагүй бөгөөд талийгаач нарын хууль ёсны өв залгамжлагч нь бид болохыг шүүхээр тогтоолгосны үндсэн дээр хууль зүйн үр дагавар үүснэ. Бидний ах, дүү зургаан иргэн нь эцэг, эхээс үлдээсэн гэх хөрөнгийн талаар маргаантай бөгөөд мөн хөрөнгийн хувьд бүгд адил тэгш эрхтэйгээр өвлөх, өвлүүлсэн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй гэж үзэж байна. Иймд У.Л, У.Б, У.Н, У.Ба, У.Э, У.Ч нарыг Д.У, Д.Г нарын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоож өгнө үү.

2. Д.У, Д.Г нарын өвлөгдөх хөрөнгөөс нэхэмжлэгчдэд ногдох хэсгийг хариуцагч нараас гаргуулах тухайд:

Бидний аав, ээжээс өвлөгдсөн адуу-160, Үхэр-46, хонь-910, ямаа-385, нийт 1 501 толгой мал 2019 оны мал тооллогын А дансанд бүртгэгдсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах зорилгоор 2020.04.16-ны өдөр хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-аар дээрх хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээний тайлангаар:

1. Адуу-160

- Азарга (1 200 000x2)=2 400 000 /хоёр сая дөрвөн зуун мянга/

- Эр даага (400 000x10)=4 000 000 /дөрвөн сая/

- Эм даага (400 000x30)=12 000 000 /арван хоёр сая/

- Эр шүдлэн (600 000x10)=6 000 000 /зургаан сая/

- Эм шүдлэн (600 000x10)=6 000 000 /зургаан сая/

- Эр хязаалан (700 000х8)=5 600 000 /таван сая зургаан зуун мянга/

- Эм хязаалан (700 000х10)=7 000 000 /долоон сая/

- Эр соёолон (800 000х25)=20 000 000 /хорин сая/

- Эм соёолон (800 000х10)=8 000 000 /найман сая/

- Нас гүйцсэн эр (900 000х5)=4 500 000 /дөрвөн сая таван зуун мянга/

- Нас гүйцсэн эм (900 000х40)=36 000 000 /гучин зургаан сая/

Нийт 111 500 000 /нэг зуун арван нэгэн сая таван зуун мянга/

2. Үхэр-46

- Бух (1 200 000x1 )=1 200 000 /нэг сая хоёр зуун мянга/

- Эр бяруу (500 000х2)=1 000 000 /нэг сая/

- Эм бяруу (500 000x3)=1 500 000 /нэг сая таван зуун мянга/

- Эр шүдлэн (700 000х9)=6 300 000 /зургаан сая гурван зуун мянга/

- Эм шүдлэн (700 000х7)=4 900 000 /дөрвөн сая есөн зуун мянга/

- Эр хязаалан (900 000х10)=9 000 000 /есөн сая/

- Эм хязаалан (900 000х5)=4 500 000 /дөрвөн сая таван зуун мянга/

- Нас гүйцсэн эр (1 100 000x3)=3 300 000 /гурван сая гурван зуун мянга/

- Нас гүйцсэн эм (1 000 000х6)=6 000 000 /зургаан сая/

Нийт 37 700 000 /гучин долоон сая долоон зуун мянга/

3. Хонь-910

- Хуц (150 000x3)=450 000 /дөрвөн зуун тавин мянга/

- Эр төлөг (100 000х60)=6 000 000 /зургаан сая/

- Эм төлөг (80 000х80)=6 400 000 /зургаан сая дөрвөн зуун мянга/

- Эр шүдлэн (120 000х367)=44 040 000 /дөчин дөрвөн сая дөчин мянга/

- Эм шүдлэн (100 000х20)=2 000 000 /хоёр сая/

- Нас гүйцсэн эр (150 000x300)=45 000 000 /дөчин таван сая/

- Нас гүйцсэн эм (120 000х80)=9 600 000 /есөн сая зургаан зуун мянга/

Нийт 113 490 000 /нэг зуун арван гурван сая дөрвөн зуун ерин мянга/

4. Ямаа-385

- Ухна (130 000х2)=260 000 /хоёр зуун жаран мянга/

- Эр борлон (60 000х60)=3 600 000 /гурван сая зургаан зуун жаран мянга/

- Эм борлон (55 000х70)=3 850 000 /гурван сая найман зуун тавин мянга/

- Эр шүдлэн (70 000х90)=6 300 000 /зургаан сая гурван зуун мянга/

- Эм шүдлэн (65 000х20)=1 300 000 /нэг сая гурван зуун мянга/

- Нас гүйцсэн эр (100 000х93)=9 300 000 /есөн сая гурван зуун мянга/

- Нас гүйцсэн эм (90 000х50)=4 500 000 /дөрвөн сая таван зуун мянга/

Нийт 29 110 000 /хорин есөн сая нэг зуун арван мянга/

Нийт 291 800 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Бидний аав ээжээс үлдээсэн 1 501 тооны адуу, үхэр, хонь, ямаа нийлсэн эдгээр өв хөрөнгийг 6 хуваан тооцвол нэг хүнд:

Тооцоолол хийсэн арга: А дансанд тоологдсон малын тоо толгой / өв залгамжлагчийн тоо * хөрөнгийн үнэлгээ хийсэн үнийн дүн=нэг хүнд ногдох хэсэг

1. Адуу-160

-Азарга (2/6x1 200 000)=400 000

- Эр даага (10/6x400 000)=666 666

- Эм даага (30/6x400 000)=2 000 000 нэг хүнд 5

- Эр шүдлэн (10/6x600 000)= 1 000 000

- Эм шүдлэн (10/6x600 000)= 1 000 000

- Эр хязаалан (8/6x700 000)=933 333

- Эм хязаалан (10/6x700 000)=1 166 666

- Эр соёолон (25/6x800 000)=3 333 333

- Эм соёолон (10/6x800 000)= 1 333 333

- Нас гүйцсэн эр (5/6x900 000)=750 000

-  Нас гүйцсэн эм (40/6x900 000)=6 000 000

Нийт 18 583 331/арван найман сая таван зуун наян гурван мянга гурван зуун гучин гурван/ төгрөг

5. Үхэр-46

- Бух (1/6x1,200 000)=200 000

- Эр бяруу (2/6x500 000)=166 666

- Эмбяруу (3/6x500 000)=250 000

- Эр шүдлэн (9/6x700 000)=1 050 000

- Эм шүдлэн (7/6x700 000)=816 666

- Эр хязаалан (10/6x900 000)= 1 500 000

- Эм хязаалан (5/6x900 000)=750 000

- Нас гүйцсэн эр (3/6x1 100 000)=550 000

- Нас гүйцсэн эм (6/6x1 000 000)=1 000 000 нэг хүнд 1

Нийт 6 283 332 /зургаан сая хоёр зуун наян гурван мянга гурван зуун гучин хоёр/ төгрөг

6. Хонь-910

- Хуц (3/6x150 000)=750 000

- Эр төлөг (60/6x100 000)=1 000 000 нэг хүнд 10

- Эм төлөг (80/6x80 000)=1 066 666

- Эр шүдлэн (367/6x120 000)=7 340 000

- Эм шүдлэн (20/6x100 000)=333 333

- Нас гүйцсэн эр (300/6x150 000)=7 500 000 нэг хүнд 50

- Нас гүйцсэн эм (80/6x120 000)=1 600 000

Нийт 19 589 999 /арван есөн сая таван зуун наян есөн мянга есөн зуун ерөн есөн есөн/ төгрөг

1. Ямаа-385

- Ухна (130 000х2)=260 000

- Эр борлон (60,000х60)=3 600 000

- Эм борлон (55 000х70)=3 850 000

- Эр шүдлэн (70 000х90)=6 300 000

- Эм шүдлэн (65 000х20)=1 300 000

- Нас гүйцсэн эр (100 000х93)=9 300 000

- Нас гүйцсэн эм (90 000х50)=4 500 000

Нийт 29 110 000 /хорин есөн сая нэг зуун арван мянга/ төгрөг

Тухайн малын тоо өв залгамжлагчдын тоонд хуваагдах боломжгүй, нас, хүйсээрээ үнэлгээний үнийн дүн өөр өөр учраас хөрөнгийн үнэлгээний дүнг хуваах замаар гаргахад нэг хүнд 48 633 333 төгрөг ногдож байна. Мөн У.Ч, У.О нар нь эхнэр нөхөр бөгөөд маргаан бүхий хөрөнгийг өөрсдийн эзэмших, ашиглах эрхэнд байлгаж байгаа тул тэднийг хариуцагчаар татах хууль зүйн үндэслэл бүрдэж байгаа болно. Цаашлаад маргаан бүхий хөрөнгө нь 2019 оны мал тооллогоор У.Оын нэр дээр буюу түүний А дансанд тоологдсон тул түүнийг хамтран хариуцагчаар татсан болно. Түүнчлэн хариуцагч тус бүрээс хэчнээн хэмжээний төгрөгийг шаардаж байгаа талаар тодорхойлон тусгаарлах боломжгүй байна. Учир нь хариуцагч нар нь нэг гэр бүлийн гишүүд бөгөөд нэхэмжлэлийн нэг дэх шаардлагын хүрээнд хариуцагч У.Чыг мөн хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгохыг хүссэн байгаа болно. Иймд ах дүү У.Л, У.Б, У.Н, У.Ба, У.Э, У.Ч нарыг Д.У, Д.Г нарын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоож, нэхэмжлэгч тус бүрд ногдох хэсэг болох 48 633 333 төгрөг, нийт 145 900 000 төгрөг, нэхэмжлэгч У.Нийн “Вендо” ХХК-аар үнэлгээ хийлгэсний хөлс 583 000 төгрөг, бүгд 146 483 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.” гэжээ.  

 

Хариуцагч нарын гаргасан хариу тайлбарт: “Тус шүүхэд иргэний хэрэг үүсгэсэн У.Л, У.Н, У.Э нарын нэхэмжлэлтэй танилцав. Миний төрсөн ах, эгч нар бага дүүгийнхээ болон түүний гэр бүлийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж их хэмжээний мал, эд хөрөнгө нэхэмжилж, бурхан болсон аав, ээжийн минь ясыг өндөлзүүлж, шунахай сувдаг сэтгэлдээ автаж ийм үйлдэл хийж байгаад туйлын их харамсаж байна. Аав, ээж минь амьд ахуй цагтаа хүүхдүүддээ ногдох мал хөрөнгөө им, тамгаар нь тус бүрд нь ялгаж өгсөн билээ. Ингээд ээж минь 2014 онд хүнд өвчний улмаас Хотонт суманд байх гэртээ бурхан болсон. Ээжийг бурхан болсны дараа жил буюу 2015.07.26-ны өдөр ах дүү бид нар манайд цуглаж ээж, ааваас хуваарилж үлдээсэн мал хөрөнгийг 7 тэнцүү хувааж, хүн тус бүр өөрт ногдох малаа авч явсан байдаг. Үүнд У.Л, У.Н, У.Э нар тус бүр 120-130 толгой мал, У.Лийн том хүү Хангал 80 гаруй толгой мал таслан авч сумын төв рүү туугаад явсан бөгөөд энэ нь өв хөрөнгөө хувааж авсан үйлдэл байхад шүүхэд хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгөөч гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Харин ах У.Ба, У.Б нар өөрт ногдох малаа им, тамгаар нь манайд үлдээгээд харж байгаач гээд явсан бөгөөд одоо хүртэл тэдний малыг манайх харсаар байгаа билээ. У.Н, У.Э нар нь 2017.08.15-ны өдөр эцэг эхийнхээ гал голомт сахиж үлдсэн бага хүү У.Ч миний гэрт байсан аав, ээжийн минь бурхан тахилыг гэр эзгүй байхад хулгайлан авч явсан бусармаг үйлдэл гаргаж байсан. Үүнээс гадна ах У.Л нь миний эзэмшлийн “пад” тракторыг хүртэл авчихаад өгөхгүй байгаа үйлдэл байсаар л байгаа. Мөн өвөг дээдсээс минь уламжлагдан ирсэн аавын минь шүрэн толгойтой хаш хөөргийг миний дунд ах болох У.Баод өвлүүлсэн боловч миний эгч У.Н нь өгөхгүй байгаа үйлдэл гарсаар л байгаа юм. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгсөн материалууд нь хаанаас хэрхэн яаж авсан эх сурвалж нь тодорхойгүй, миний хувийн мал хөрөнгийн талаарх мэдээллийг хууль бусаар цуглуулан авсан, хуурамчаар үйлдсэн байх өндөр магадлалтай байна. У.Ч би эхнэр У.Отай 1999 онд гэр бүл болж эцэг эхийн үлдээсэн мал хөрөнгийг өсгөн үржүүлж маллахаас гадна жил бүр буянт малынхаа үр шимийг мал хөрөнгөө арвижуулах нэмэгдүүлэхэд ашиглаж өдий хүртэл мал сүргээ өсгөн үржүүлж хөдөлмөрлөж ирсэн билээ. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ манай мал тооллогын дүнг үндэслэн үнэлгээ хийлгэж түүнийгээ 6 хувааж авахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь миний болон манай гэр бүлийн хувийн өмчөөс хөрөнгө гаргуулж авахаар шаардаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч нар нь ээж, ааваас үлдээсэн өөрт ногдох мал хөрөнгөө 2015 онд хувааж аваад явсан байдаг. Мал хөрөнгөө хувааж авсан талаарх үйл явдлыг ах У.Ба, У.Б нар гэрчлэх бөгөөд холбогдох баримтыг хавсаргах болно. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 129/ШШ2021/00451 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч У.Л, У.Н, У.Э нарыг Д.У, Д.Г нарын хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, У.Б, У.Ба, У.Ч нарыг хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож; Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1, 528 дугаар зүйлийн 528.2, 73 дугаар зүйлийн 73.1, 527 дугаар зүйлийн 527.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч У.Л, У.Н, У.Э нарт тус бүрт ногдох хэсэг 48 633 333 төгрөг, нэхэмжлэгч У.Нийн нэхэмжилж буй 583 000 төгрөг гаргуулах, нийт 146 483 000 төгрөгийг хариуцагч У.Ч, У.О нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамж нийт 1 206 264 /нэг сая хоёр зуун зургаан мянга хоёр зуун жаран дөрөв/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч У.Л, У.Н, У.Э нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 129/ШШ2021/00451 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх талаас нь дүгнэж зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийх үүргээ үл биелүүлж бодит байдалд нийцээгүй шийдвэрийг гаргасан. Д.У, Д.Г нарын өвлөгдөх хөрөнгөөс нэхэмжлэгч тус бүрд ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтад бус, гэрч нарын мэдүүлэгт үндэслэж бодит бус дүгнэлтийг хийсэн. Учир нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хариуцагч У.Ч нь 2000 онд 56 тооны, 2001 онд 148 тооны, 2002 онд 250 тооны, 2003 онд 190 тооны, 2004 онд 192 тооны, 2005 онд 354 тооны, 2006 онд 339 тооны, 2007 онд 38 тооны, 2008 онд 133 тооны, 2009 онд 659 тооны /эцэг Д.Уг өөд болсны дараах жил түүний малын тоо огцом өссөн/, 2010 онд 346 тооны, 2013 онд 1 018 тооны, 2014 онд 1 358 тооны, 2015 онд 1 393 тооны, 2016 онд 1 802 тооны мал тус тус тоолуулж байсан. Талийгаач Д.У нь 2007 онд 1 009 толгой мал тоолуулан аймгийн мянгат малчин болж 2008 онд нас барсан ба энэ ондоо мал тоолуулаагүй бөгөөд мөн оноос хариуцагч У.Чын малын тоо огцом өссөн байгаа нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт буюу малын А дансны лавлагаагаар тогтоогдоно. Мөн түүнчлэн талийгаач Д.Угийн эхнэр буюу зохигч нарын эх Д.Г нь 2011, 2012 онд тус тус 280 тооны мал тоолуулсан ба түүнээс өмнө ба хойш цаг хугацаанд нэг ч удаа мал тоолуулж байгаагүй болно. Үүнээс үзвэл анхан шатны шүүхийн “талийгаач Д.Угийн хөрөнгө эхнэр Д.Гд өвлөгдөн үлдсэн үйл баримтууд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч нарын маргаж буй 146 483 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага эх Д.Ггээс өвлөгдөх хөрөнгөд хамааралтай, эцэг Д.Угийн өвлөгдөх хөрөнгө эхнэр Д.Гд маргаангүйгээр шилжсэн байна” гэх дүгнэлт үндэслэлгүй юм. Д.Г нь Д.Угийн өвлөгдөх хөрөнгийг маргаангүйгээр бодитоор өвлөж хүлээн авсан тохиолдолд  2007, 2008 оны байдлаар 1 009 тооны мал өвлөх, мөн хэмжээний малыг тухайн үеэс эхлэн тоолуулах буюу бүртгүүлэх байсан. Иймд талийгаач Д.Угийн хөрөнгө нь эхнэр Д.Гд шууд шилжсэн гэж дүгнэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нарын зүгээс эцэг Д.У, эх Д.Г нарын хэн алинаас үлдсэн хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахаар шаардсаныг шүүхийн зүгээс дур мэдэн өөрийн дур зоргоор тайлбарлаж буй нь бодит байдалтай нийцэхгүй юм. Түүнчлэн хариуцагч У.Ч нь 2010 онд 346 тооны мал тоолуулсан ба 2011, 2012 онд огт мал тоолуулаагүй тул тухайн онуудад огт малгүй болсон гэж үзэх бөгөөд 2013 онд 1 018 тооны малыг гэнэт тоолуулж эхэлсэн ба түүнээс хойш тогтмол малын тоо нь өссөн байдлаар бүртгэгдэж байгаа болно. Энэ нь ямар учир шалтгаантай гэвэл нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурдсан “2011 оноос ээж маань элэгний хорт хавдраар өвдөж, охин У.Н, У.Э нар луу Улаанбаатар хот руу шилжин ирж бидний  гар дээр асруулж байгаад 2014.07.24-ний өдөр өвчний улмаас нас барсан” гэсэн тайлбартай нийцэх ба хариуцагч У.Ч нь 2011 оноос огт малгүй байж байгаад 2013 оноос эцэг, эхийн хөрөнгө болох 1 018 тооны малыг өөрийн нэр дээр тоолуулсан. Мөн бодит байдал дээр 346 тооны мал нь хоёр жилийн хугацаанд нэг ч хорогдолгүйгээр /зуд, малын өвчин, хүнс зэрэгт хэрэглэхгүйгээр, түүнчлэн 346 тооны малын хэд нь төллөх буюу эм мал байсан гэдэг нь тодорхойгүй/ 1 000 гаруй тооны мал болон өсөх боломжгүй юм. Хариуцагчийн зүгээс 2012 оны малын А дансны бүртгэлийн хуудас гэх баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн боловч уг баримт нь эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажаагүй нотлох баримтын шаардлага хангаагүй байсан болохыг дурдах нь зүйтэй. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс болон шүүгчийн захирамжаар цуглуулсан хариуцагч нарын малын А дансны лавлагаанд 2011, 2012 онд мал тоолуулж байгаагүй нь хариуцагч нар нь тухайн үед малгүй байсан болохыг нотлоно. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурдсан “2017.08.13-ны өдөр У.Б, У.Н, У.Ба, У.Э ах дүү бид дөрөв өвлүүлсэн хөрөнгөө У.Чаас авахаар очсон боловч түүний хүсэлтээр авалгүй үлдээсэн. Ингээд У.Ч, У.О нар нь бидний малыг Хархорин руу ачиж зарж байна, У.О нь бидний малыг банкны барьцаанд тавьж, төсвийн байгууллагад ажилладаг хүмүүст мөнгө зээлдүүлэн хүүлж байна гэж дуулаад 2017.12.24-нд У.Чыг хот руу дуудаж ирүүлэн уулзаж болж байгаа явдлыг болон шүүхэд өгөх талаар хэлж, өвлүүлсэн хөрөнгийг 6 хуваах тухай тохиролцсоны үндсэн дээр баримт үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулсан” гэх тайлбарыг нотлох баримт хавтаст хэргийн 21 дүгээр талд авагдсан байх ба 2017.12.24-ний өдөр нэхэмжлэгч У.Н, У.Э, хариуцагч У.Ч, гэрч У.Б, У.Ба нар уулзаж тодорхой тохиролцоог хийж гарын үсэг зурж баталгаажуулсан. Уг баримт нь эх хувиараа ба нотлох баримтын шаардлага хангасан баримт бөгөөд хариуцагчийн зүгээс уг тохиролцооны бичигт гарын үсэг зураагүй гэж маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байгаа тохиолдолд шалгуулах, гарын үсэг үнэн зөв эсэх талаар шинжээч томилуулах зэрэг эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан. Зохигч нар нь 2017.12.24-ний өдөр эцэг эхээс өвлөгдсөн хөрөнгийг 6 тэнцүү хуваан авахаар тохиролцож байгаа нь хариуцагч болон гэрч нарын 2015 онд өвлөгдөх хөрөнгөө хуваагаад аваад явсан гэх тайлбарыг үгүйсгэж байх ба харин нэхэмжлэгч У.Н, У.Э нарын хуваарьт хөрөнгө буюу ах У.Лийн хариулж байсан малыг У.Ч нь 2016 онд туугаад аваад явсан гэх нэхэмжлэгч нарын тайлбарыг нотолж байна. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүхийн хэлэлцүүлэгт У.Б, У.Ба нар нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө дээрх тохиролцооны бичгийг мэдэхгүй, гарын үсэг зураагүй гэж мэдүүлсэн боловч гэрчийн мэдүүлэг дангаараа шууд нотлох баримтад тооцогдохгүй бөгөөд бусад нотолгооны эх сурвалжаар баталгаажсан тохиолдолд шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэлт хийх боломжтой юм. Түүнчлэн гэрчүүд нь маргаан бүхий тохиролцооны бичгийг хийхийн өмнө буюу 2017.12.05-ны өдөр Баянгол дүүргийн тойргийн нотариатаар У.Нт У.Б, У.Ба нар нь У.Чт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрх болон өөрсдийгөө шүүхэд бүрэн төлөөлөх эрхийг олгосон итгэмжлэл үйлдсэн бөгөөд мөн итгэмжлэлийг нэхэмжлэгч нарыг хуурамчаар үйлдсэн гэх мэт бодит байдалд нийцээгүй худал мэдүүлгийг өгсөн бөгөөд тэдгээрийн мэдүүлгийн эх сурвалжийг баталж нотолсон бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй болно. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтыг үнэлж дүгнэх боломжгүй боловч гэрч У.Б, У.Ба нарын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд санаатайгаар хариуцагч У.Чтай бүлэглэн зохиомлоор худал мэдүүлэг өгсөн хууль бус үйлдлийг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт шалгуулж байгаа болно. Мөн анхан шатны шүүх нь нэхэмжлэгч нарыг Д.У, Д.Г нарын хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоосон тул тэдний өвлөгдөх хөрөнгийг хэрхэх талаарх шийдвэрийг гаргах нь зүйтэй ба Д.Ггийн нэр дээр 2011, 2012 онд тоологдсон 280 тооны малыг Д.У, Д.Г нарын өвлөгдөх хөрөнгө гэж дүгнэх боломжгүй юм. Бодит байдал дээр 2007 онд Д.У дээр тоологдсон 1 009 тооны мал дээр 2012 онд тоологдсон 280 тооны мал, нийт 1 289 тооны мал, түүний үр шим нь 2011, 2012 онд тоологдсон 280 тооны мал нь Д.У, Д.Г нарын өвлөгдөх хөрөнгө юм. Үүнээс үзвэл 2013 оноос эхлэн хариуцагч У.Чын нэр дээр тоологдсон 1 018 тооны мал, У.Лийн нэр дээр тоологдсон 98 тооны мал, У.Бгийн нэр дээр тоологдсон 122 тооны мал, нийт 1 238 тооны мал нь талийгаач Д.У, Д.Г нарын буурь буюу тэдний хотонд буй малыг тоолж буй тооллого тул /2007 онд Д.У дээр тоологдсон 1 009 тооны мал дээр 2012 онд тоологдсон 280 тооны мал, нийт 1 289 тооны мал/ талийгаач нарын өвлөгдөх хөрөнгө мөн юм.

Жич: Шүүгч Ч.Жаргалан нь шүүх хуралдааныг эхлүүлж өмгөөлөгч, нэхэмжлэгч, хариуцагч, гэрчүүдийн биеийн байцаалтыг авч, гэрчүүдийг дуудсан үед орж ир гэж гаргасан. Ингээд хуралдааны дундуур гэрч У.Б, У.Ба нарыг нэг нэгээр нь дуудан оруулж ирэхэд энэ 2 хүн архи уусан, халамцуу байдалтай орж ирсэн. Бид төрсөн ах дүү улс ,согтуу, эрүүл байхыг хараад л мэднэ. У.Б нь шүүгчийн асуултыг ойлгох чадваргүй байсан. Шүүгч “та мэдүүлэг өгөх үү” гэхэд эхлээд өгнө гэсэн. Гэтэл дараа нь дахин хууль сануулж  “мэдүүлэг өгөх үү” гэхэд өгөхгүй гэсэн. Дахин 3 дахь удаагаа “мэдүүлэг өгөх үү” гэж асуухад өгөхгүй гэхэд өмгөөлөгч нь хариуцагч У.О луу дохиход “У.Б ах дүлий, чих нь юм сонсохгүй байгаа” гэж хэлээд суудлаасаа босоод ирсэн. Ингээд шүүгч шууд асуултаа асуугаад эхэлсэн. У.Ба бас халамцуу орж ирэнгүүтээ “тэр эмэгтэй” гэж над руу чичилж байгааг шүүгч харж байсан хэр нь мэдээгүй дүр эсгэн мэдүүлэг авч эдгээр гэрчийн мэдүүлгээр хэргийг шийдсэнд гомдолтой байна. У.Б, У.Ба нар нь идэх хоолоо залгуулах, мөн малаа харуулах хүнгүй учраас У.Чтай хуйвалдан аав, ээжээс минь өвлүүлэн үлдээсэн малыг гурвуулхнаа хувааж авахаар санаатайгаар тохиролцож, худал мэдүүлэг өгөхөөс айсан учраас архи ууж зориг орсон байсан.

Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 129/ШШ2021/00451 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

У.Л, У.Н, У.Э нар У.О, У.Ч нарт холбогдуулан У.Л, У.Б, У.Н, У.Ба, У.Э, У.Ч нарыг Д.У, Д.Г нарын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, өвлөгдсөн эд хөрөнгөөс хууль ёсны өвлөгчид ногдох хэсэг 145 900 000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээний хөлс 583 000 төгрөг, нийт 146 483 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “2008 онд ... аав минь эрүүл мэндийн шалтгаанаар хоёр охиныхоо гар дээр өнгөрсөн... 2011 оноос ээж маань элэгний өвчнөөр өвдөж охин У.Н, У.Э нараар асруулж байгаад 2014.07.24-ний өдөр өвчний улмаас нас барсан... Бидний аав, ээжээс өвлөгдсөн адуу-160, үхэр-46, хонь-910, ямаа-385, нийт 1 501 толгой мал 2019 оны мал тооллогын А дансанд бүртгэгдсэн байдаг... Нийт 291 800 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Бидний аав ээжээс үлдээсэн 1 501 тооны адуу, үхэр, хонь, ямаа нийлсэн эдгээр өв хөрөнгийг 6 хуваан тооцвол нэг хүнд: ... 48 633 333 төгрөг ногдож байна.” гэжээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “Ээжийг бурхан болсны дараа жил буюу 2015.07.26-ны өдөр ах дүү бид нар манайд цуглаж ээж, ааваас хуваарилж үлдээсэн мал хөрөнгийг 7 тэнцүү хувааж, хүн тус бүр өөрт ногдох малаа авч явсан байдаг.” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч У.Л, У.Н, У.Э нарыг Д.У, Д.Г нарын хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, У.Б, У.Ба, У.Ч нарыг хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох болон нэхэмжлэгч У.Л, У.Н, У.Э нарт тус бүрт ногдох хэсэг 48 633 333 төгрөг, нэхэмжлэгч У.Нийн нэхэмжилж буй 583 000 төгрөг, нийт 146 483 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул түүнийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д зааснаар анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлээд шийдвэр гаргах ба хэрэгт 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 129/ШШ2021/00451 дүгээр шийдвэр авагдсан атлаа нэхэмжлэгч У.Нт мөн огноо, дугаартай шүүгчийн захирамж гардуулсан нь хуульд нийцээгүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 129/ШШ2021/00451 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч У.Л төлсөн 401116 төгрөгийг, нэхэмжлэгч У.Н төлсөн 404031 төгрөгийг, нэхэмжлэгч У.Э төлсөн 401116 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.Б

 

       ШҮҮГЧИД                                    Т.Д

    

      В.Ц