2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2026/00595

 

 

 

 

 

                  

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.З даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч...... тоотод оршин суух Б а овогт Б.А холбогдох,

18,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Н.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Нэхэмжлэгч О.Б нь өөрийн танил болох н.Б надтай холбогдоод манай нэг найзад яаралтай мөнгөний хэрэг гараад та мөнгө байвал зээлдүүлээч, найдвартай хүн байгаа юм аа гэж гуйгаад ярьсан. Ингээд мөнгө зээлэх гэж байгаа Б овогтой А гэх залуутай 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр анх уулзаж, танилцаад түүний хүсэлтийн дагуу мөнгө зээлэхээр тохирсон. Улмаар би анх уулзсан өдөртөө буюу 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 8,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн бөгөөд Б.А нь баталгаа болгож Toyota Harrier маркийн 85-49 УБК улсын дугаартай авто машиныг барьцаа болгон надад үлдээсэн. Би Б.А 8,000,000 төгрөгийг Хаан банкны АТМ-ээс авч өгөх гэхэд Б.А нь манай найзын дансруу шилжүүлчих гээд хамт явж байсан П.Т гэх залуугийн Хаан банкны ... тоот данс руу шилжүүлүүлсэн байдаг. Хариуцагч Б.А нь 3 хоногийн дараа О.Бруу залгаад барьцаанд тавьсан Toyota Harrier маркийн 85-49 УБК улсын дугаартай, авто машиныг авах хэрэгтэй байна. Манай ээжийн машин байгаа юм гэж хэлээд аваад явсан байдаг. Машинаа авч явснаас хойш холбоо барихгүй таг алга болсон тул О.Б нь зээлсэн мөнгөө өгөхийг шаардаж Б.А түүний ... дугаар руу залгаж холбогдоход 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр очиж уулзая гэж хэлээд тухайн өдрөө ирээд О.Б баталгаа өгье гээд гараараа 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 8,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн, эргүүлж төлнө гэж бичиж өгөөд явсан байдаг. Тухайн үед О.Б нь мөнгө зээлсэн үйлдлийг чинь нотариат орж баталгаажуулья гэхэд та санаа зоволтгүй, яг одоо надад бичиг баримт байхгүй байна гээд гуйгаад байхаар нь итгээд гараар бичиж өгсөн баримтыг нь аваад үлдсэн. Ингээд хариуцагч Б.Амартүвшин нь гэнэт холбогдоод дахиад мөнгө зээлээч өмнөх мөнгөтэйгөө хамт өгье гэхээр 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дахин 10,000,000 төгрөгийг 8,000,000 төгрөг, 2,000,000 төгрөгөөр хоёр хувааж Б.А Хаан банкны ... дугаартай данс руугаа шилжүүлүүлсэн. Б.А 10,000,000 төгрөг зээлчихвэл ажил бүтээд өмнөх авсан мөнгийг чинь бас өгөх гээд байна гээд яг л ажил нь бүтээд мөнгө өгөх гэж байгаа мэт яриад байхаар нь сүүлийн 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд түүнээс хойш янз бүрийн шалтаг тоочоод худлаа яриад байх болсон. Сүүлдээ залгахаар утсаа авахгүй өнөөдрийг хүрч байна. Түүнчлэн О.Б нь мөнгө зээлэхдээ өөрийн танил н.Б итгээд ямар ч бичиг баримтыг нь шалгалгүйгээр мөнгө шилжүүлж байсан ба түүний үйлдэл нь залилан мэхэлсэн шинжтэй байсан тул Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс гомдол гаргасан байдаг. Дээрх гомдолтой холбогдуулан хариуцагч Б.А гэрчээр мэдүүлэг авсан байсан бөгөөд тус мэдүүлэгт Б.А нь нэхэмжлэгч О.Б мөнгө зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч 2023 оны 04 дүгээр болон 05 дугаар сард төлнө гэж хэлсэн байсан. Гэвч хариуцагч Б.А нь одоог хүртэл нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөө буцаан өгөөгүй байгаа юм. Б.А гэрчээр өгсөн мэдүүлэгтэй холбоотойгоор нэхэмжлэгч О.Б гаргасан гомдлыг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн прокурорын газраас №1998 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй байна гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ Б.А, О.Б нарын хооронд иргэний шүүхээр шийдвэрлүүлэх иргэд хоорондын харилцаа гэсэн байна. Иймд хариуцагч Б.А зээлийн гэрээний дагуу нийт 18,000,000 төгрөгийг нэхэмжлэгч О.Б гаргуулж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, О.Б хаан банкны дансны хуулга, гар бичмэл, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн прокурорын газраас Б.А гэрчээр өгсөн мэдүүлгийг гаргуулжээ.

       ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргаагүй байна.

            6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Б.А 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 8,000,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн дансны хуулга, хариуцагчийн гар бичмэл, хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад Б.А гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. /хэргийн 5-7 тал/

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ”,  42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж тус тус заасан.

Хариуцагч Б.А нь нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар хариу тайлбар, нотлох баримтыг тус шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

8. Хариуцагч Б.А нь нэхэмжлэгч О.Б 18,000,000 төгрөгийг хүүгүй зээлсэн үйл баримтаас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан байна. Энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй болно.

Бусдаас зээл авсан бол буцаан төлөх зарчим зээлийн гэрээний харилцаанд оршдог. Хариуцагч гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл 18,000,000 төгрөгийг шаардах эрхтэй болжээ. 

 

Иймд хариуцагч Б.А зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Б олгох нь зүйтэй болжээ.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 247,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А18,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 247,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.З