Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 562

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч: С.Мөнхгэрэл,

Нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,

Шүүгдэгч: Г.А /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ад холбогдох эрүүгийн 1809015580375 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн оператор мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 10 дугаар гудамжны 306 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ТЕ91080370 регистерийн дугаартай, Боржигон овогт Г.А

 

Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Г.А нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто плаза” төвийн орчим Р.Батбаярын халааснаас “Самсунг галакси эс-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 544.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Р.Батбаярын мэдүүлэг /хх-ийн 7/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 10-11/, эд зүйл хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 13/, Г.А-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 22-23, 25/, Г.А-гийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 14, 18/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд, ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Г.А нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Авто плаза” төвийн орчим Р.Батбаярын халааснаас “Самсунг галакси эс-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээнээс дээш буюу 544.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Р.Батбаярын /хх-ийн 6-7/: “... 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Авто плаза” төвийн орчим явж байхдаа куртикний баруун талын халааснаас өөрийн “Самсунг галакси эс-7” маркийн гар утсаа хулгайд алдсан ...” гэх мэдүүлгээр,

 

Г.А-гийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 14, /: “... 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 19 цаг өнгөрч байхад “Авто плаза” төвийн хажуу талын явган хүний гарцан дээр үл таних эрэгтэйгийн курктикний баруун талын халааснаас нь алтлаг шаргал өнгийн “Самсунг эс-7 эджи” загварын гар утасны хэсэг цухуйчихсан байхаар нь би тэр ахад мэдэгдэхгүй халааснаас нь суйлж аваад яваад өгсөн...” гэх мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 10-11/, эд зүйл хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 13/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.А нь Р.Батбаярын халааснаас гар утсыг нь хулгайлсныг өөрөө хүлээсэн, хохирогч эд хөрөнгөө хулгайд алдсанаа мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлын үнэлгээг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Г.А-гийн дээрх байдлаар бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан санаатай үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Ийнхүү шүүгдэгч Г.А-гийн бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Г.А нь алтлаг шаргал өнгөтэй “Самсунг Галакси Эс-7 эджи” маркийн гар утсыг хохирогч Р.Батбаярт биет байдлаар буцаан өгсөн байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                                                                                     

            1. Шүүгдэгч Боржигон овогт Г.А-г бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-г нийт 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.                     

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.                  

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ