| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2307003120044 |
| Дугаар | 2026/ДШМ/33 |
| Огноо | 2026-01-06 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 11.4.1., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2026/ДШМ/33
2026 01 06 2026/ДШМ/33
Д.Б, Б.Т нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Сэлэнгэ,
шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Март,
шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч О.Баяраа,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/215 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч О.Баяраа нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Н.Н, Б.А, Э.Б, Д.Б, Б.Т нарт холбогдох 2307003120044 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.А, Н.Н, Б.Т нар нь бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б Н” баарны гадна согтуурсан үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Бын биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.А нь 2023 оны 12 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 2 дугаар хороо, “Queen” нэртэй баарны гадаа “хамт ажилладаг Жавхланг дээрэлхлээ” гэх шалтгаанаар маргасан Б.Дгийн биед гараараа цохих, газарт унагах, өшиглөх зэргээр олон удаа халдаж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
мөн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шөнийн 02-03 цагийн хооронд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Налайх захын эмийн сангийн ард хохирогч Т.Т “чам шиг золбин бацаанд би гай болохгүй, зүгээр зодолдъё” гээд над руу алхаад ирэх үед тухайн үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас унагаж хөлөөр өшиглөж, гараар цохих зэргээр биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, баруун нүдний салстад цус хуралт, баруун шагайд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Э.Б нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б Н” баарны гадна согтуурсан үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Д нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Д.Б нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б Н” баарны гадна согтуурсан үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Тийн толгой хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Багахангай, Налайх дүүргийн прокурорын газраас: Б.Аий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,
Н.Н, Б.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,
Э.Б, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Аг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг тус тус учруулсан буруутайд,
шүүдэгч Н.Нийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.Тийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Д.Б, Э.Б нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
шүүдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
шүүгдэгч Н.Нэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Б.Т, Н.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Э.Б нарт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож солихыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин Т болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг бичлэг бүхий сидиг хэргийн хамт хадгалж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аээс 4,216,405 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Т олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аээс 289,000 төгрөгийг, шүүгдэгч Э.Бээс 350,000 төгрөгийг, шүүгдэгч Н.Нээс 49,000 төгрөгийг, шүүгдэгч Б.Төөс 49,000 төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад зааснаар хохирогч Б.Д нь эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Э.Бээс, хохирогч Б.Д эмчилгээ болон сэтгэл санааны хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Аээс тус тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Т гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие хохирогч Д.Бын биед хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Энэ гэмтлийг Б.А, Н.Н нар учруулаагүй, тухайн үед хохирогч өөрөө биднийг хэл амаар доромжилж улмаар тухай үйл явдал болсон. Иймд хэргийг хянаж, эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч О.Баяраа гаргасан давж заалдах гомдолдоо: “...Б.Т нь хохирогч Д.Бын биед хүнд хохирол санаатай учруулсан хүлээн зөвшөөрч маргадаггүй. Анхан шатны шүүх Б.Тийг Б.А, Н.Н нартай бүлэглэн хохирогч Д.Быг зодож, хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзэж 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хохирогчийн биед учирсан хүнд хохирлыг шүүгдэгч нарын хэн нь учруулсныг тогтоогүй бөгөөд энэ талаар бодитой дүгнэлт хийгээгүй, нарийвчлан тогтоогоогүй. Уг гэмтлийг шүүгдэгч нар бүлэглэж, удаа дараа цохиж учруулсан гэж үзэх боломжгүй, хохирогчийн учирсан учирсан хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг хэн хэн нь учруулсныг ялгалгүйгээр тэдгээр гурван шүүгдэгчийг гурвуулаа учруулсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.Н гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хохирогч Д.Бд учирсан хүнд гэмтлийг миний бие үүсгээгүйг Б.Т, Б.А мөн хохирогч өөрийн мэдүүлэг болон тухайн үеийн камерын бичлэгээр нотлогдож байхад анхан шатны шүүх дүгнэлгүй шийдвэр гаргасан. Хийгээгүй үйлдлийнхээ төлөө 5 жилийн хугацаагаар хорих ял авсандаа маш их гомдолтой байна. Миний бие ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг бөгөөд ээж маань 2020 онд тэтгэвэрт гарсан, 2024 онд зүрхний хагалгаанд орж байнгын асрамжид байх шаардлагатай болсон ба өндөр өртөгтэй эмчилгээ хийлгэдэг. Би өрхийн орлогынхоо дийлэнх хувийг бүрдүүлдэг байсан ба хоригдсон цагаасаа хойш ээждээ маш их санаа зовж байна. Иймд уг хэрэг миний оролцсон оролцоо болон хохирогчийн биед үүссэн гэмтэлд хамааралтай эсэхийг зөв тогтоож өгнө үү. Мөн ар гэрийн минь байдлыг харгалзаж үзнэ үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.Нийн өмгөөлөгч Г.Наранбаатар гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх аливаа гэмт хэргийн яллах болон цагаатгах, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлж болох нөхцөл байдал, гэмт этгээдийн үйлдэл тус бүрд зайлшгүй дүгнэлт өгч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бий болгосон үйлдэл хоорондын шалтгаант холбоо, түүний хүрээг тогтоохдоо нотлох баримтад тулгуурлан үнэлгээ дүгнэлт хийх нь хэргийн бодит үйл баримт, хууль зүйн дүгнэлтийн үндэслэлтэй эсэхийг нотлох баримтад тулгуурласан шүүх үнэлэх гол шалгуур болдог.
Бүлэглэх гэдэг хууль зүйн ойлголтыг хэрэглэхдээ шүүгдэгч нар нь ямар санаа зорилго, үйлдлээр хамтран оролцсон эсэхийг тодорхойлсны дараа “бүлэглэсэн” гэх ойлголтыг хэрэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тухайн шинжээр нь зүйлчлэх ёстой. Энэ хүрээнд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчин чармайлтаар хүчээ нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах болон шүүхийн мэтгэлцээний явцад зайлшгүй нотолбол зохино.
Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээрх дурдсан тохиролцоог урьдчилан хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэхэд үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг бөгөөд энэ нь хамтран оролцохын ердийн хэлбэр юм. Уг тохиолдолд гэмт хэрэгт хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлж, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Шүүгдэгч Н.Н нь Б.А, Б.Т нартай нэг санаа зорилгод нэгдсэн эсэхийг тогтоох нь чухал бөгөөд зорилгоороо нэгдсэн тохиолдолд тухайн хор уршгийг хэн учруулснаас харгалзан үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулдаг.
Н.Нийн хувьд хохирогч Б учирсан дух ясны хугарал бүхий хүнд гэмтлийг шууд санаатай үйлдсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирогчид хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үзэх бөгөөд гэмт этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирсан нь нотлох баримтаар бүрэн тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай бөгөөд хүнд гэмтэл учруулсан шууд санаатай гэмт үйлдлийн улмаас ямар үр дагавар үүссэн нөхцөлийг зайлшгүй шаарддаг.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас судлахад хохирогч Б эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт шүүгдэгч Н.Нийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй, түүний үйлдлийн улмаас тухайн үр дагавар үүсээгүй байна гэж үзэх бүрэн боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн гэмт хэргийг үйлдэхээс өмнө нэр бүхий шүүгдэгчийн хооронд бодит тохироо хийгдээгүй буюу хүрэх үр дүнгийн талаар урьдчилан тохиролцож, үүрэг оролцоогоо хуваарилсан байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2-т заасан “...хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”- ийг тогтоон тодорхойлоогүй буюу мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасан нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлоогүй байхад Н.Нийг гэм буруутайд тооцох боломжгүй юм.
Шүүх Н.Нийн үйлдэл оролцоог дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч Б, Б.Д, гэрч Б.Болортуяа нарын мэдүүлгийг үндэслэн хийсэн нь үндэслэл бүхий болоогүй ба ялласан нотлох баримтын хувьд хангалттай, хүрэлцээтэй байгаагүй. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч Б өөрт учирсан дух ясны шугаман хугарал бүхий гэмтлийг “Б.Т тэлээний арлаар цохиход” гэж мэдүүлсэн ба хэрэгт авагдсан камерын бичлэгээр дээрх гэмтлийг хаан, хэн, хэзээ учруулсан болох нь нотлогдон тогтоогдох боломжтой ба шүүхийн дүгнэснээр “...Б.А өшиглөж Н.Н татаж унгаасан үед Б.Т бүсний арлын гартаа боож нүүрэн тус газар нь цохисон, Д.Б нь босоод явж байхад Б.А араас нь явж байхдаа өшиглөсөн үйлдлүүд тогтоогдож байна” гэсэн дүгнэлт нь нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв дүгнээгүй гэж байна.
Учир нь, Н.Нтэй хохирогч анх маргасан боловч дээрх зодооноос холдож үйлдлээрээ нэгдэхээс татгалзан өөр караокед 20 орчим минут байж байгаад гарч ирсэн, Тийг хохирогчоос салгах үйлдлийг хийсэн, хохирогч Б цохиулан ухаан алдан унасан нь камерын бичлэгт авагдсан ба түүнийг үйлдлээрээ нэгдсэн гэх субьектив талын шинжийг дээрх баримтууд нь үгүйсгэдэг.
Мөн шүүх камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Тэргэл, шүүгдэгч Н.Н нарын мэдүүлгийг үнэлээгүй ба өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж цагаатгах нотлох баримтуудаар иш татан мэтгэлцсэн нотлох баримтууд, өмгөөлөгчийн дүгнэлтийн үндэслэлд няцаалт хийгээгүй ба шүүгдэгч нарын мэдүүлэгт тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийнх яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан ба хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэм буруутайд тооцоход эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой тул Н.Нэд холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй” гэв.
Шүүгдэгч Б.Аий өмгөөлөгч Д.Март тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол гаргаагүй тул нэмэлт тайлбаргүй. Бидний зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. ...” гэв.
Прокурор М.Сэлэнгэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Наранбаатар өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд Нийн үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулгатай хүсэлт гаргасан. Гэвч хохирогч Б хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгээр, хохирогч тамхи татах зорилгоор үүд рүү гарахад Н хаалгыг хааж зогссон, хохирогчийг гаргахгүй байсан нөхцөл байдал тогтоогддог. Хохирогч гаръя гэхэд гаргахгүй байж, улмаар Н хохирогчийг зодож, цохисон, харин хохирогч эргүүлээд цохиход Н бусад руугаа хандан “наадхаа ал” гэж орилсон талаар хохирогч мэдүүлсэн байдаг. Иймд энэхүү “ал” гэж хэлсэн үг, түүнтэй холбоотой үйлдлээс шалтгаалан тухайн зодоон үүссэн гэж улсын яллагчийн зүгээс дүгнэж, яллах дүгнэлт үйлдсэн болно. Мөн Н “наад бал чинь миний бараа ал аа” гэж хэлээд хохирогчийг шатны зүг түлхэж оруулсан үйлдэл гарсан талаар ч хохирогчийн мэдүүлэгт тусгагдсан байдаг. Түүнчлэн хохирогч Б харанхуй газар руу зугтаахад А, Т, Н нар араас нь хөөж, харанхуй газар ормогц хохирогчийг нүүр нүдгүй цохиж эхэлсэн талаар мэдүүлсэн байдаг. Энэхүү нөхцөл байдал нь шинжээчийн дүгнэлтэд ч давхар тусгагдсан байна. Мөн барны зохион байгуулагч Болортуяа хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэгтээ Н, А болон үл таних гурав дахь этгээд хоорондоо зодолдоод байсан, шатны доор А, Н, үл таних эрэгтэй гурван хүн зодолдоод байсан, мөн А, Н, Т нар ч зодолдож байсан гэж мэдүүлсэн байдаг. Энэхүү мэдүүлэг нь хавтаст хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дугаар талд тусгагдсан болно. Үүнээс гадна хяналтын камерын бичлэг хавтаст хэрэгт авагдсан бөгөөд уг хэрэг нь нийт гурван удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн. Эдгээр гурван удаагийн шүүх хуралдааны явцад нотлох баримтуудыг судалж, улмаар 215 дугаартай шийтгэх тогтоол гарсан. Шийтгэх тогтоолд тусгагдсанаар шүүх хуралдааны явцад хэлэлцүүлэгдсэн мэдүүлгүүдээс үзэхэд яллагдагч нар тухайн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Тодруулбал, Нийн шүүх хуралдааны тэмдэглэлд миний асуултад Н өөрөө “тийм ээ, би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн бөгөөд “би цохичхоод яваад өгсөн, өөр баар руу орсон” гэж 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Мөн хяналтын камерын үзлэг хийсэн тэмдэглэл, 15, 16, 17, 24, 25, 26 дугаартай гэрэл зургуудын үзүүлэлтэд Нийн үйлдэл, оролцоо тодорхой харагддаг. Тухайлбал, баарны хаалгыг түлхэж онгойлгосны дараа Б, Н хоёрын хооронд зодоон эхэлж, гарын хэсгээр харилцан цохиж байгаа үйлдлүүд илэрхий гарч эхэлдэг. Эдгээр мэдүүлгүүд нь хохирогчийн мэдүүлэг, яллагдагч нарын анх өгсөн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна. Иймд өмгөөлөгч Н гаргасан Нийн үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг улсын яллагчийн зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хоёрдугаарт, анхан шатны шүүхээс уг хэргийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч Б замын чиглэлд зугтах үед Т, Н, А нар араас нь хөөж, засмал зам дээр А өшиглөж, Н татаж унагаасан, улмаар Т бүсний ар хэсгээр цохисон үйлдэл гарсан нь тогтоогдсон. Өмгөөлөгчийн зүгээс Т тэлээгээ савсан гэх байдлаар тайлбарлаж байгаа боловч хяналтын камерын бичлэгийг үзэхэд бүсний тэлээг гартаа ороож барин цохиж байгаа үйлдэл нь тодорхой харагдаж байгаа болно. Иймд Н, А, Т нарын үйлдлийг салгаж, тусгаарлан үнэлэх боломжгүй бөгөөд бүлэглэн үйлдсэн гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй байна. Энэ үндэслэлээр Налайх, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 215 дугаартай шийтгэх тогтоол нь үндэслэлтэй, хуульд нийцсэн гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Н.Н, Б.А, Э.Б, Д.Б, Б.Т нарт нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч О.Баяраа нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Прокуророос шүүгдэгч Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, Н.Н, Б.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Э.Б, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд “...Шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг тус тус учруулсан буруутайд, шүүдэгч Н.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохиррл санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Б, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна гэж тэдгээрийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.
Учир нь, Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад оршино.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримтыг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээдүүдэд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход ач холбогдолтой байдаг.
Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ, тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харилцан эсрэг, эсхүл нэгдмэл сонирхолтой байж болох гэрчийн мэдүүлгийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлж дүгнэсний эцэст хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгчийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх учиртай. Ингэхдээ дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа нөгөөг нь ямар үндэслэлээр няцааж үгүйсгэснээ зааж, Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, үзэл баримтлалд нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглэсэн шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй гэж үздэг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт “....шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй. ...;” гэж, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “...шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр. ...;” гэж тус тус хуульчилжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад,
мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Бын хохирогчоор өгсөн "... Нөгөө залуучууд над дээр ирээд зодоод эхлэхээр би арайхийж зугтаад төв зам дээр нөгөө залуучуудад баригдахад өмдний тэлээ, чулуу зэргээр тал талаас хэн хаанаас яаж зодож байгааг мэдээгүй. ...Тухайн үед тал талаасаа цохиулаад манарсан байсан тул хэн нь миний толгой хэсэгт цохисон эсэхийг би санахгүй байна...” /1хх 10-11, 3хх 57/ гэсэн мэдүүлэг,
Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 379 дугаартай “...Д.Бын биед дух ясны шугаман хугарал, баруун сарвууны тавдугаар хурууны хоёрдугаар шивнүүр ясны хугарал, хамар ясны хугарал, дээд уруул, зүүн хацрын салст, баруун зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн ташаа, баруун шуу, алга, нуруунд зулгаралт, зүүн доод зовхинд зулгаралт, баруун чигчий хуруунд шарх, хоёр шүдний нэгдүгээр зэргийн ганхалт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дух ясны хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун талын чигчий хурууны хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 -т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад хамар ясны хугарал, дээд уруул, зүүн хацрын салст, баруун зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн ташаа, баруун шуу, алга, нуруунд зулгаралт, зүүн доод зовхинд зулгаралт, баруун чигчий хуруунд шарх, хоёр шүдний нэгдүгээр зэргийн ганхалт гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. ...” /1xx 40-41/ гэсэн дүгнэлтүүд тус тус авагджээ.
Хохирогч Д.Бын эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирлууд тус тус учирсан байх бөгөөд ямар нөхцөл байдалд үүссэн, ямар хүчин зүйлийн улмаас уг гэмтэл үүссэн болохыг тогтоох зорилгоор шүүх хуралдаанд гэрч, хохирогч болон шинжээч эмчийг зайлшгүй байлцуулж уг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай.
Тодруулбал, уг гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Д.Бд учирсан гэмтлүүдийг хэний, ямар үйлдлийн улмаас дээрх гэмтлүүдийг учруулсан талаар шалгаж тодруулаагүй, энэ талаар ямар нэг мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, прокурорын хяналтын шат болон анхан шатны шүүхийн шатанд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
Түүнчлэн, шүүгдэгч Н.Н тухайн үйлдлийн талаар мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч Б.А, Б.Т нартай бүлэглэн хохирогч Д.Быг зодож хүнд гэмтэл санаатай учруулаагүй талаараа мэдүүлж, мөн шүүгдэгч Б.А, Б.Т нар үүнийг давхар нотолж мэдүүлсэн байхад тэдгээрийн мэдүүлгийн эх сурвалжийг гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтдээ давхар шалгах ажиллагааг явуулаагүй байгаа нь хэргийн бодит байдлыг тогтоогоогүй үндэслэлд хамаарна.
Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан шүүгдэгч Н.Нийн өмгөөлөгч Г.Н гаргасан давж заалдах гомдлын “зарим хэсгийг” хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б, Э.Б нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.А, Б.Т, Н.Н нарт урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/215 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Нийн өмгөөлөгч Г.Н гаргасан давж заалдах гомдлын “зарим хэсгийг” хүлээн авч авсугай.
2. Шүүгдэгч Д.Б, Э.Б нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч нарт урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ