Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 211/МА2021/00002

 

 

 

 

 

 

                           

 

 

 

 

 

 

          Г.Га, Г.Г, Д.О нарын

           нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 129/ШШ2021/00060 дугаар шийдвэртэй

Г.Га, Г.Г, Д.О нарын нэхэмжлэлтэй

Б.Шт холбогдох

хохиролд 57 352 244 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын төлөөлөгч Д.Оийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл болон тайлбарт: “Д.О, Г.Г нар нь 2017.11.20-ны өдөр Б.Шт холбогдуулан нэхэмжлэл гаргаж Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Б.Шаас 65 876 700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Од, 31 823 180 төгрөг гаргуулж Г.Гд олгохоор шийдвэрлэсэн. Анх Д.О, Г.Г нар нь 2017.11.20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2018.12.04-ний өдөр сүүлийн дээд шатны шүүхийн шийдвэр гарч шүүхийн үйл ажиллагаа 1 жил 24 хоног үргэлжилсэн. Б.Ш нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдэж аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт хэрэг очсоноос хойш өнөөдрийг хүртэл буюу 1 жил 7 сарын хугацаанд мөн л шийдэгдээгүй байна. Д.О, Г.Га, Г.Г нар нь банкнаас зээл авч Б.Шт өгсөн. Б.Ш нь хугацаандаа мөнгөө төлөөгүйн улмаас бид банкны болон ломбардын зээлийн хүүд 4 жил 7 сарын хугацаанд их хэмжээний мөнгө төлж хохирч байна. Иргэний хуулийн 219.1 “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, 222.4 “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна”, 222.7 “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж заасны дагуу захиалагчид учирсан эдийн хохирлыг хариуцах хууль зүйн үндэстэй юм. Иймд Г.Гд учирсан хохирол болох 9 934 848 төгрөгийг, Г.Гат учирсан хохирол болох 9 934 848 төгрөгийг, Д.Од учирсан хохирол болох 37 909 190 төгрөгийг тус тус Б.Шаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: “Нэхэмжлэгч Г.Г, Г.Га, Д.О нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг нэхэмжлэлээр нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.Шаас өөрсдийн банк болон ломбардаас авсан зээлийн хүүд төлсөн мөнгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хэрэг талуудын мэтгэлцээний үндсэн дээр хуулиар олгогдсон эрх, хүлээлгэсэн үүргийн хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож,  нэхэмжлэл гаргаж буй үндэслэлээ тодорхойлох, түүнийгээ нотлох үүргийг хүлээдэг. Манайх энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг тайлбар өгсөн. Яагаад үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, нотлох баримт гаргаж өгөхгүй байна вэ гэхээр Б.Ш нь Г.Га, О.Г, Д.О нараар банкнаас зээл авхуулж, банкнаас авсан зээлийг нь Б.Ш зээлж авчээ гэсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч тал Г.Га, Д.О нарын банкнаас авсан зээлийн гэрээний баримтыг гаргаж өгсөн. Банкнаас зээлсэн мөнгөө Б.Шт өгсөн гэсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Г.Г, Д.О нар нь 2018 онд зээлийн гэрээ байгуулаад Б.Ш үүргээ биелүүлээгүй гэдгээр шүүхийн шийдвэрээр гаргуулж байсан. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байгаа. Гэтэл банкнаас авсан зээлээ төлөөгүй гэж Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.7, 224 дүгээр зүйлийн 224.2 гэсэн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой зүйл, заалтыг бариад үүрэг гүйцэтгээгүйн хохирол гэж оруулж ирсэн. Банкнаас зээлсэн мөнгийг Б.Ш авсан, энэ үүргийг гүйцэтгэх ёстой гэсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Энэ талаарх баримтыг нэхэмжлэгч тал өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд ийм баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Банкны зээл авсан баримтуудаар Б.Шт мөнгө хүлээлгэж өгсөн гэж нотлох боломжгүй юм. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

            Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 129/ШШ2021/00060 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О, Г.Га, Г.Г нарын хариуцагч Б.Шт холбогдуулан гаргасан нийт 57 352 244 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын тушаасан улсын тэмдэгтийн хураамж 688 488 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Нэхэмжлэгч бид Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 129/ШШ2021/00060 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлд зааснаар доорх давж заалдах гомдлыг гаргаж байна. Бид Б.Шаас нийт 57 352 244 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь Б.Ш биднээс зээлсэн мөнгөө хугацаандаа өгөөгүйгээс болж бид банк болон ломбардад их хэмжээний хүү төлж хохирсон. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж заасны дагуу бид энэ мөнгийг авах эрхтэй. Анхан шатны шүүх хуулийн энэ зүйл, заалтыг хэрэглэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч авч оролцох болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Га, Г.Г, Д.О нар нь хариуцагч Б.Шт холбогдуулж хохиролд 57 352 244 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

Давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулж, нэхэмжлэгч Г.Г нь 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээний дагуу 17 700 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний дагуу 10 000 000 төгрөгийг, нэхэмжлэгч Г.Га нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний дагуу 12 000 000 төгрөгийг, нэхэмжлэгч Д.О нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний дагуу 23 325 000 төгрөгийг тус тус Б.Шт зээлдүүлсэн боловч зээлийг буцааж төлөөгүй тул дээрх зээлийн хүүд төлсөн мөнгө болох нийт 57 352 244 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн хооронд нэхэмжлэгч нарын банк болон ломбардаас авсан зээлийн хүүг Б.Ш төлөх үүрэг үүсээгүй болохыг дүгнэсэн нь Иргэний  хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д нийцсэн байна. Нэхэмжлэгч нарын банк болон ломбардаас авсан зээлийн хүүг Б.Ш төлөх үүрэг хүлээгээгүй тул дээрх гэрээний үүргийг Б.Шаас шаардах эрхгүй болохыг шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлсэн эсэхийг шүүх хэргийн материалд тулгуурлан дүгнэсэн нь бодитой болжээ.

Нэхэмжлэгч Г.Г нь 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээний дагуу 17 700 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний дагуу 10 000 000 төгрөгийг, нэхэмжлэгч Г.Га нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний дагуу 13 500 000 төгрөгийг, нэхэмжлэгч Д.О нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний дагуу 25 000 000 төгрөгийг тус тус банкнаас зээлэхдээ зээлийн хүүг Б.Ш төлөхөөр тохироогүй тул нэхэмжлэгч нарын банк болон ломбардад төлсөн хүүг Б.Шаас гаргуулах үндэслэлгүй талаар шүүх хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул “гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 129/ШШ2021/00060 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 444 712 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ДАВААСҮРЭН

 

       ШҮҮГЧИД                                    Д.БЯМБАСҮРЭН

    

      В.ЦЭЦЭНБИЛЭГ