Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 211/МА2021/00004

 

 

 

 

 

 

                           

 

 

 

 

 

 

          Х банкны нэхэмжлэлтэй иргэний

          хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Б даргалж, ерөнхий шүүгч Т.Д, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 129/ШШ2021/00221 дүгээр шийдвэртэй

Х банкны нэхэмжлэлтэй

Д.Б болон БХ ХХК-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 75 048 073,26 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч Д.Б-гийн төлөөлөгч Л.Ш-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Ж, хариуцагч Д.Бгийн төлөөлөгч Л.Ш, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Ц, нарийн бичгийн дарга Ц.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгчийн тайлбарт: “Зээлдэгч Ж.Б, Д.Б болон БХ ХХК нар нь тус банкны Архангай аймгийн Цахир сумын тооцооны төвөөс 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ201843536052 тоот зээлийн гэрээ байгуулан 100 000 000 төгрөгийн зээлийг сарын 2 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд Архангай аймгийн Цахир сумын 4-р баг, Жинст Тэрх 1 гудамж, 102 тоот хаягт орших Ү-0119000167 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Г-0119000150 дугаартай газар, Архангай аймгийн Цахир сумын 4-р баг, Жинст Баянбулаг 11 гудамж 1102 тоот хаягт орших Ү-0119000168 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, 6527000422 дугаартай газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч Ж.Б 2020.02.04-ний өдөр нас барсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу үндсэн зээлд 35 787 703,45 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 38 360 521,21 төгрөг, нийт 74 148 224,66 төгрөг төлж барагдуулсан. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч /226 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 8.5 дахь хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2020.11.02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 64 212 296,55 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 10 808 776,70 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 27 000 төгрөг, нийт 75 048 073,26 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлд дурдсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа. Тухайн зээлийн гэрээнд үндсэн зээлдэгчээр Б, хамтран зээлдэгчээр Д.Б, Баянтохи хайрхан компани орсон байгаа. Зээлийн гэрээн дээр Баянтовх компани гэж байгаа. Зээлдэгч Д.Бгийн хувьд нэхэмжилж байгаа 75 000 000 төгрөгөөс өөрт ногдох хэсгийг хүлээн зөвшөөрч болж байна. Х банк Д.Б, Баянтохи ХХК, Батхуяг нараас тус тус хэдийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байгаа. Зээлийн гэрээн дээр Баянтохи гэж компани хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байгаа. Нэхэмжлэл дээр нэхэмжлэгч нь Баянтовх гэж бичээд байгаа нь учир дутагдалтай бөгөөд буруу байна гэж үзэж байна. Зээлийг 2 иргэн, 1 компани хамтарч авсан. Зээлээс Д.Б-д холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна. Б-ийн хувьд өв нь ч нээгдээгүй, яригдаагүй байгаа. Д.Б дангаараа энэ үүргийг хүлээхийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ зээлд Б, Д.Б, Баянтохи гэж гурван хариуцагч байгаа. Энэ 75 000 000 төгрөгийг 3 хуваагаад 25 000 000 төгрөгийг л Д.Б төлнө гэж бодож байна. Хариуцагч Д.Б нь Б-ийн эхнэр юм. Баянтовх компанийн 100 хувь хувьцаа эзэмшигч нь Батхуяг байсан байх гэж бодож байна. Гэхдээ нарийн сайн мэдэхгүй байна. Хамтран үүрэг гүйцэтгэгч Баянтохи гэж компани ч биш, иргэнээр бичсэн асуудал байгаад байна. Д.Б-ийн хувьд нэхэмжлэлийн үнийн дүнг 3 хуваагаад 25 000 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. БХ ХХК болон Б-ийн асуудал тусдаа явах ёстой гэж үзэж байна.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 129/ШШ2021/00221 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Д.Б-ээс 75 048 073,26 /далан таван сая дөчин найман мянга далан гурав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х банкны Архангай салбарт олгож; Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.Б 75 048 073,26 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй бол Архангай аймгийн Цахир сумын 4-р баг, Жинст Тэрх 1-р гудамж 102 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Y-0119000167 дугаартай 95,5 м.кв талбайтай хувийн сууц, Г-0119000150 дугаартай 653 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Архангай аймгийн Цахир сум Жинст Баянбулаг 11-р гудамж 1102 тоот хаягт байршилтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 2138 м2, нэгж талбарын 6527000422 дугаартай газрыг тус тус албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 534 990 төгрөгөөс 533 190 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Д.Б-ээс 533 190 төгрөг, орон нутгийн орлогоос 1 800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х банкны Архангай салбарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Б-ийн төлөөлөгч Л.Ш-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 129/ШШ2021/00221 тоот шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Д.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш миний бие гомдол гаргаж байна. Үүнд:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн нэхэмжлэгч, хэд хэдэн хариуцагч хамтран оролцож болно...” гэж зохицуулсан. Үүний дагуу нэхэмжлэгч Х банк шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Д.Б, Баянтохи хайрхан ХХК гэсэн 2 этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагчаа сонгож шүүхэд нэхэмжлэл гаргасан.

          2. Анхан шатны шүүх хариуцагч Д.Б-ээс 75 048 073,26 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.3-д заасныг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Х банкны зүгээс хариуцагчаар Баянтохи ХХК болон Д.Б нараас /нэхэмжлэл дээр бичигдсэн нэр, зээлийн гэрээний нэр зөрдөг/ төлбөр гаргуулахаар нэхэмжилж байгаа бөгөөд хэрэгт авагдсан баримтууд, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар мэдүүлэгт хариуцагчийг солих талаар ямар нэг санал хүсэлт гаргаагүй атал шүүх хариуцагчийг сайн дураараа сольж зөвхөн Д.Бгээс төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

          3. Уг зээл нь зээлдэгч хуулийн этгээдийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зориулалттай олгогдсон зээл бөгөөд зээл олгосон байгууллага нь зээлийн зориулалтад хяналт тавьдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь /...Батхуяг тэдэн хувийг ашиглана, Бямбасүрэн тэдэн хувийг ашиглана гэсэн зүйл байхгүй мэтээр тайлбарласан нь.../ үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч банкны зүгээс уг зээлийг олгохдоо хуулийн этгээдийн бизнест эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, бизнесийг нь дэмжих зорилготой зээл байсан болохоос Д.Б-ийн өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулах зориулалттай зээл биш билээ. Үүнийг нэхэмжлэгч тал маш сайн мэдэж байгаа.

          4. Хариуцагч талыг шүүхэд тайлбар мэдүүлэг өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн мэтээр дүгнэсэн нь өрөөсгөл дүгнэлт бөгөөд хариуцагч Д.Б-ийн зүгээс шүүх болон нэхэмжлэгч талд зээлдэгч компанийн эрх бүхий этгээдийг нас барсан талаар болон зээлийн хүүгийн асуудлаар санал хүсэлт илгээж байсан нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш юм.

          5. Хариуцагч Д.Б-ийн зүгээс зээлийн гэрээнд гарын үсэг зурсны хувиар уг зээлийг ашиглаж захиран зарцуулсан эрх бүхий этгээд нас барсан хэдий ч өөрийн хариуцах хувь хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой гэж шударгаар хүсэлтээ илэрхийлж байсан. Гэвч Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүрэг дуусгавар болох үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл үүссэн асуудал нь үүрэг гүйцэтгэгч миний болон нөгөө хариуцагчийн хувийн байдалтай салшгүй холбоотой гэж би үзэж байх тул үүрэг дуусгавар болно гэж үзэж байна.

          Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 129/ШШ2021/00221 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

Х банк нь 2020.11.02-ны өдөр шүүхэд хандаж,  Д.Б болон БХ ХХК-аас 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ201843536052 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 64 212 296,55 төгрөг, хүү 10 808 776,70 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 27 000 төгрөг, нийт 75 048 073,26 төгрөг шаардаж, үүргийн гүйцэтгэлийг Архангай аймгийн Цахир сумын 4-р баг, Жинст Тэрх 1 гудамж, 102 тоот хаягт орших Ү-0119000167 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Г-0119000150 дугаартай газар, Архангай аймгийн Цахир сумын 4-р баг, Жинст Баянбулаг 11 гудамж 1 102 тоот хаягт орших Ү-0119000168 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, 6527000422 дугаартай газраас хангуулахыг шаардсан байна.

 

Хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлагаас 25 000 000 төгрөгийг зөвшөөрч, үлдсэнийг нь эс зөвшөөрөхдөө “... Үндсэн зээлдэгч Ж.Б 2020.02.04-нд нас барсан бөгөөд түүний хувьд өв нь ч нээгдээгүй, яригдаагүй байгаа... Баянтовх компанийн 100 хувь хувьцаа эзэмшигч нь Батхуяг байсан байх гэж бодож байна... БХ ХХК болон Батхуягийн асуудал тусдаа явах ёстой гэж үзэж байна” гэж мэтгэлцжээ.

 

Анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ201843536052 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөрт 64 212 296,55 төгрөг, хүү 10 808 776,70 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 27 000 төгрөг, нийт 75 048 073,26 төгрөгийг хариуцагч Д.Б-ээс гаргуулах,  үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шийдвэр гаргасан байна.

 

Давж заалдах шатны шүүхэд гаргасан хариуцагч Д.Б-ийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. Х банк нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ201843536052 дугаартай зээл болон ипотекийн гэрээгээр 100 000 000 төгрөгийг 42 сарын хугацаатай сарын 2 хувийн хүүтэй зээлүүлэх, зээлдэгч төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Анхан шатны шүүх зохигч нарын хооронд зээлийн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд нийцсэн байна.

 

Гэрээ хүчин төгөлдөр тул зохигчийн хэн аль нь гэрээний үүргийг биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 

Х банк нь нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний зүйлийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн, энэ талаар зохигч маргаагүй байх тул гэрээнд заасан үүргээ зээлдүүлэгчийг биелүүлсэн гэж үзнэ. Шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-ийг зөрчөөгүй байна.

 

2. Хариуцагч нар 74 148 224,66 төгрөг төлж, гэрээнд заасан хугацаанд үлдэх төлбөрийг хийгээгүй нь тогтоогдсон байх тул шүүх зээлдэгчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэлийн шаардлага, түүнийг татгалзаж буй үндэслэлээ нотлох үүргийг хэргийн оролцогч хүлээнэ. Шүүх талуудын гаргаж өгсөн баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэнэ.

 

Хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрөхдөө “... өөрт ногдох хэсгийг хүлээн зөвшөөрч болж байна... БХ ХХК болон Ж.Бийн асуудал тусдаа явах ёстой гэж үзэж байна” гэх боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д зааснаар “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох”-оор байна.

 

Иймд шүүх хариуцагч Д.Б-ийн тайлбарын талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 129/ШШ2021/00221 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-ийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан Д.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 533 190 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.Б

 

       ШҮҮГЧИД                                    Т.Д

    

                                                                                               В.Ц