| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2506000000373 |
| Дугаар | 2026/ДШМ/43 |
| Огноо | 2026-01-08 |
| Зүйл хэсэг | 16.7.2., |
| Улсын яллагч | 2506000000373 |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2026/ДШМ/43
2026 01 08 2026/ДШМ/43
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Бат-Орших,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/7017 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Бат-Оршихын бичсэн 2025 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 50 дугаар эсэргүүцэлд үндэслэн Э.Б, О.Н нарт холбогдох 2506000000373 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч Э.Б, О.Н нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Б А” цэцэрлэгийн багшаар ажиллаж байхдаа тус цэцэрлэгт суралцагч 1 нас 10 сартай М.Н 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд удаа дараа суралцагч 2 нас 6 сартай Ө.А 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд удаа дараа суралцагч 2 нас 4 сартай А.У 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд удаа дараа суралцагч 3 нас 5 сартай М.Э 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд удаа дараа суралцагч 2 нас 1 сартай Г.А 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд удаа дараа тус тус тэднийг сурч боловсрох, бусадтай тоглох, чөлөөтэй байх эрхийг нь хязгаарлаж сандлаас уяж, харгис хэрцгий харьцаж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж, хор уршигт зориуд хүргэсэн буюу хүүхэдтэй хэрцгий харьцсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Б, О.Н нарын үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Б А цэцэрлэг”-ийн эрхлэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б- 2024/03 дугаартай тушаалаар О.Нг бага бүлгийн туслах багшаар /1хх-ийн 99 дэх тал/, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б-2024/05 дугаартай тушаалаар Э.Быг дунд бүлгийн туслах багшаар /1хх 87/ тус тус томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
Хавтаст хэрэгт гэмт хэрэгт холбогдогч Э.Б, О.Н нарын хувийн хэрэг авагдсан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдаан даргалагчаас тодруулах үед тус багш нар хоёулаа дээд боловсрол эзэмшээгүй, бүрэн дунд боловсролтой болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт холбогдогч нар хуульд заасан тусгай шаардлага хангаагүй байхад иргэдийг цэцэрлэгийн багшаар ажиллуулсан гэж дүгнэхэд хүргэж байна.
Мөн шүүхийн хэлэлцүүлгийн үед яллагдагч нараас багшийн туслах бэлтгэх зөвшөөрөлтэй сургалтын байгууллагын сургалтад хамрагдаж бэлтгэгдсэн эсэх талаар тодруулахад яллагдагч нар нь уг сургалтад хамрагдаж байгаагүй талаар мэдүүлсэн болно.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “...Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-рээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ...” гэж заажээ. Иймд “Б А” цэцэрлэг нь “Хүүхдийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрэм” болон холбогдох хууль тогтоомжид тусгайлан заасан шаардлагыг хангасан иргэдийг авч ажиллуулсан эсэх, эсхүл тус хуулийн этгээд нь хууль тогтоомжид тусгайлан заасан шаардлагыг хангаж ажиллуулж байгаагүй бол бусдад учруулсан гэм хорын шаардлагыг хариуцах эсэх талаар зохих ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай байна.
Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэрэг нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Учир нь яллагдагч нар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...ариун цэврийн өрөө орж ус асгаад гүйж гараад байхаар нь аюулгүй байдлыг хангах гээд..., ...хөдөлгөөн ихтэй учраас хоол цайг нь өгөх зорилгоор уяж байсан...” /1хх 157-158, 161-162/ тухай мэдүүлжээ.
Хяналтын прокурорын буруутгаад буй гэмт үйлдлийг сургуулийн өмнөх боловсролын агуулгад тусгасан, эсхүл аливаа хориглосон үйлдлийг тухайлан тогтоосон эсэх болон тус цэцэрлэгийн эрхлэгч болон арга зүйч нараас яллагдагч нарт хэрхэн арга зүйн зөвлөгөө өгдөг байсан талаар тогтоогдоогүй байх тул гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго нотлогдоогүй байна.
Түүнчлэн “хүлэх” гэдэг нь юмыг боох баглах, агдлах /юманд барьж баглах/ гар, хөлийг нь хүлэх /нэгэн дор болгож чандлан боох/ гэж тайлбарлажээ. Гэтэл үндэсний уламжлалт соёлд бага насны хүүхдийг бүсэлхийгээр нь юмнаас уях зэргээр өсгөн хүмүүжүүлэх арга түгээмэл байдаг. Нөгөөтээгүүр хүүхдийн эрхийг хамгаалах талаар Монгол улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэхээр байна.
Иймд хүүхдийн эрхийг хамгаалах талаар чиг үүрэг хэрэгжүүлдэг төрийн захиргааны төв байгууллагаас хүүхдийн цэцэрлэгийн орчинд бага насны хүүхдийг хэрхэн харах талаар ямар бодлогын баримт бичиг, хөтөлбөр хэрэгжүүлдэг, уг баримт бичиг болон хөтөлбөрт багш хүүхэдтэй хэрхэн харьцах талаар тусгасан эсэх зэрэг нөхцөл байдлуудыг тодруулах зайлшгүй шаардлагатай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад “...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол...” гэж заасанчлан яллагдагч Э.Б, О.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор С.Бат-Орших бичсэн эсэргүүцэлдээ: “...Яллагдагч О.Н нь “Б А” цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б-2024/03 дугаартай тушаалаар, яллагдагч Э.Б нь “Б А” цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б-2024/05 дугаартай тушаалаар тус тус туслах багшаар томилогдон ажиллаж байсан болох нь тогтоогдсон бөгөөд яллагдагч нар нь дээд боловсролгүй, туслах багш бэлтгэх сургалтад хамрагдаагүй байсан эсэх нь Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. ...” гэж хуульчилснаар шүүх “Б А” цэцэрлэгийг иргэний хариуцагчаар татах шаардлагатай бол хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүх хэрэгжүүлэх бүрэн боломжтой байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгаж тогтоосон. Яллагдагчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн тухайд хүрэлцэхүйц, хангалттай нолтох баримтууд хэрэгт цугласан, түүнчлэн шүүгчийн захирамжид дурдсан нотлох шаардлагатай гэж үзсэн үндэслэлүүд нь хуульд нэрлэн заасан нотолбол зохих байдалд хамаарахгүй тул гэм буруугийн асуудпыг шүүх шийдвэрлэх бүрэн боломжтой байна.
Яллаглагч Э.Б, О.Нтэй нар нь бүлэглэн, хүүхдүүдийг босож гүйсэн, ус гоожуулсан, томоотой байгаагүй, шатаар буусан гэх шалтгаанаар үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Б А” цэцэрлэгийн багшаар ажиллаж байхдаа удаа дараа нэр бүхий хүүхдүүдийг сурч боловсрох, бусадтай тоглох, чөлөөтэй байх эрхийг нь хязгаарлаж сандлаас уяж харгис хэрцгий харьцаж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж, хор уршигт зориуд хүргэсэн буюу хүүхэдтэй хэрцгий харьцсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2861 дугаартай дүгнэлт, 2025 сны 04 дүгээр сарын 15-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тогтоогдсон байдаг.
Иймд анхан шатны тойргын шүүхийн шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.3 дахь заалтад заасан “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүх Э.Б, О.Н нарт холбогдуулсан хэргийг хэлэлцэж “...Хяналтын прокурорын буруутгаад буй гэмт үйлдлийг сургуулийн өмнөх боловсролын агуулгад тусгасан, эсхүл аливаа хориглосон үйлдлийг тухайлан тогтоосон эсэх болон тус цэцэрлэгийн эрхлэгч болон арга зүйч нараас яллагдагч нарт хэрхэн арга зүйн зөвлөгөө өгдөг байсан талаар тогтоогдоогүй, хүүхдийн эрхийг хамгаалах талаар чиг үүрэг хэрэгжүүлдэг төрийн захиргааны төв байгууллагаас хүүхдийн цэцэрлэгийн орчинд бага насны хүүхдийг хэрхэн харах талаар ямар бодлогын баримт бичиг, хөтөлбөр хэрэгжүүлдэг, уг баримт бичиг болон хөтөлбөрт багш хүүхэдтэй хэрхэн харьцах талаар тусгасан эсэх зэрэг нөхцөл байдлуудыг тодруулах. ...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ.
Шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх үндэслэл тогтоогдсонгүй.
Яллагдагч О.Н нь “Б А” цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б-2024/03 дугаартай тушаалаар /1хх 99/, яллагдагч Э.Б нь “Б А” цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б-2024/05 дугаартай тушаалаар /1хх 87/ тус тус туслах багшаар томилогдон ажиллаж байсан бөгөөд яллагдагч нар нь дээд боловсролгүй, туслах багш бэлтгэх сургалтад хамрагдаагүй байсан эсэх нь тэднийг цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсныг үгүйсгэхгүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн үйлдсэн бол” гэж заасан байхад анхан шатны шүүх туслах багш нарын эрх үүргийг хавтаст хэрэгт авагдсан баримтаас өөр байдлаар тайлбарлажээ.
Учир нь, яллагдагч нар тухайн цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан байх ба дээрх хуулийн “багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалах үүрэг хүлээсэн” этгээд мөн эсэх талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүүхэдтэй хэрцгий харьцах” гэмт хэргийн субьект биш гэж үзэхээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянахад, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй ба шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж зааснаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. ...” гэж зааснаар “Б А” цэцэрлэгийг шүүх иргэний хариуцагчаар татах ажиллагааг хийх бүрэн боломжтой байна.
Иймд яллагдагч Э.Б, О.Н нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэн хэргийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. 2025 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 50 дугаар прокурорын эсэргүүцлийг хангаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/7017 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч Э.Б, О.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ