Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2026/ДШМ/44

 

 

 

 

 

 

  2026            01           08                                        2026/ДШМ/44

 

 

С.Т, Г.Э, Х.Д

 нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Анхбаяр,

шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл,

шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч С.Чинзориг,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2400 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Тын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн С.Т, Г.Э, Х.Д нарт холбогдох 2202001130836 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч С.Т, Х.Д, Г.Э, Ө.Э /нас барсан/ нар бүлэглэн Н.Г Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 19 дүгээр байрны 40 тоот гэртээ байхад нь “Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч нар” хэмээн зохиомол байдлыг зориуд бий болгон түүнийг төөрөгдөлд оруулж, 2022 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнийн 01 цаг 57-59 минутад Голомт банкны ........... дугаарын данснаас нийт 10,000,000 төгрөгийг бэлнээр, тус шөнийн 2 цаг 17 минутад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 40,000,000 төгрөгийг С.Тын нэр дээрх Хаан банкны ........... дугаарын дансанд шилжүүлэн авч хохирогч Н.Г нийт 50,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: С.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Г.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Х.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч С.Т, Х.Д, Г.Э нарыг бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар С.Тыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Г.Э, Х.Д нарыг 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 15,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар С Төгсжаргалд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э, Х.Д нар оногдуулсан 15,000,000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Г.Э, Х.Д нарт сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд тус тус заасныг баримтлан С.Таас 8,000,000 төгрөг гаргуулж, хохирогч Н.Г олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Т давж заалдах гомдолдоо: “...Миний бие гэм буруугаа маргадаггүй бөгөөд хүлээн зөвшөөрч байгаа. Цаашид дахин алдаа гаргахгүйн төлөө амьдрах болно. Хохирчид учирсан хохирлын үлдэгдэл болох 8,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Миний бие хоригдож эхэлснээс хойш хууч өвчин буюу тулай сэдэрч хөл хавдан хөлийн ул цоорч, гишгэж чадахгүй болж тус хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн уушгины хавдар сэдэрсэн байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар буюу торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Тын өмгөөлөгч Б.Батцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Т нь гэм буруу, хуулийн зүйл, хэсгийн талаар ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй, маргаан үүсгээгүй. Өөрөөр хэлбэл, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн. Шүүх хуралдаанаас өмнө миний бие үйлчлүүлэгчтэйгээ зөвлөлдөж, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр ажилласан. Гэвч анхан шатны шүүх хуралдааны үед 8,000,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулах боломж бүрдээгүй. Харин уг 8,000,000 төгрөгийн хохирлыг өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө бүрэн төлж барагдуулсан бөгөөд үүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Төгсжаргал нь хорих ял эдэлж, цагдан хоригдож байх хугацаанд эрүүл мэндийн байдал нь эрс муудсан. Тодруулбал, тулай өвчин нь сэдэрч, хоёр хөл нь өвчлөн, алхах боломжгүй болж, тэргэнцэр хэрэглэж байгаа нөхцөл байдалтай байна. Мөн уушгины өвчтэй болох нь тогтоогдсон бөгөөд уг эрүүл мэндийн байдалтай холбоотой нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдааны явцад ч мөн гаргаж өгч байсан болно. Иймд миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, түүнчлэн эрүүл мэндийн ноцтой шалтгааны улмаас хорих ял эдлэх нь түүний хувьд бодит хүндрэлтэй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эдгээр нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулж өгөхийг хүссэн гомдлыг миний үйлчлүүлэгч гаргасан бөгөөд уг гомдлыг дэмжиж оролцож байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч С.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбоотойгоор манайхаас гаргасан гомдолгүй. Давж заалдах гомдлын хувьд шүүх бүрэлдэхүүний эрх хэмжээний асуудал. Гомдолтой холбоотой нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Прокурор М.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч өөрийн зүгээс гаргасан ялын санал, хүсэлтийг шүүх харгалзан үзсэн бөгөөд үүний үндсэн дээр хорих ял оногдуулсан.  Анхан шатны шүүх хорих ялыг сонгон оногдуулахдаа шийтгэх тогтоолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруугийн шинж, мөн учруулсан хохирол, хохирлын хэмжээ зэргийг бүрэн харгалзан үзсэн болох нь шийтгэх тогтоолд тодорхой тусгагдсан байна. Иймд анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй, хэрэгт тогтоогдсон нөхцөл байдалд нийцсэн гэж прокурорын зүгээс үзэж байна. Тиймээс анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч С.Т, Г.Э, Х.Д нарт холбогдох 2202001130836 дугаартай эрүүгийн хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд;

шүүгдэгч С.Т, Х.Д, Г.Э, Ө.Э /нас барсан/ нар нь бүлэглэн Н.Г Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 19 дүгээр байрны 40 тоот гэртээ байхад нь “Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч нар” хэмээн зохиомол байдлыг зориуд бий болгон түүнийг төөрөгдөлд оруулж, 2022 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнийн 01 цаг 57-59 минутад Голомт банкны ........... дугаарын данснаас нийт 10,000,000 төгрөгийг бэлнээр, тус шөнийн 2 цаг 17 минутад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 40,000,000 төгрөгийг С.Тын нэр дээрх Хаан банкны ........... дугаарын дансанд шилжүүлэн авч хохирогч Н.Г нийт 50,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан болох нь:

хохирогч Н.Г “...Манай гэрийн хаалгыг хүн тогшихоор нь хаалгаа онгойлготол 2 залуу байсан бөгөөд өөрийгөө “Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ахлах ажилтан Ж байна” гэж танилцуулахад хамт явж байсан залуу нь нэг үнэмлэх гаргаж ирж надад хальт харуулаад “хувцсаа өмсөөд бид нарыг дагаад яв” гэсэн. Тэгэхээр нь хувцсаа өмсөөд тухайн 3 залууг дагаад гарсан. Лифтэнд суусны дараа нэг залуу нь “утсаа өгч бай” гэж хэлээд кодыг нь надаар гаргуулж аваад, миний машиныг ухаж ямар нэгэн зүйл хайж байснаа “Алтай хотхонд байдаг гэр лүү чинь явъя” гэж хэлээд миний гар утсыг буцааж өгсөн. Надтай туранхай биетэй цайвар царайтай залуу үлдээд миний машинтай Алтай хотхон руу явцгаасан. ...Тэгээд 18 дугаар байрны гадна очиход түрүүлж явсан 2 залуу орцных нь үүдэнд ирчихсэн зогсож байсан бөгөөд намайг дагуулж 40 тоот байр луу явж оронгуутаа Б, А нарыг надтай хамт хана руу харуулж зогсоогоод миний гар утсыг аваад “интернет банкаа нээ” гээд нээлгүүлсэн. Тэгээд гэрийг нь нэгжээд гар утсаараа зураг дарж байснаа бид гурвыг авч гарч байхдаа “хэлтэс дээр баахан хар тамхины хэрэгтээ гарууд ирчихсэн зайгүй байна гэж байна. Наад гурвыгаа шууд 461 рүү аваад явж бай” гэж байна” гэж ярьж байснаа Б, А хоёрыг “гэр лүүгээ орж бай” гээд явуулчихсан. ...Тэгээд машин дотор суусны дараа “за Гаа тусгай ажиллагааны дагуу чиний мөнгийг хурааж авах ёстой” гэж хэлсэн. Тухайн үед миний дансанд 50 гаран сая төгрөг байсан бөгөөд тэр мөнгөнөөс 30 гаран сая төгрөг нь дансаа цэнэглүүлэх гэж над руу шилжүүлсэн хүмүүсийн мөнгө харин үлдсэн 20 гаран сая төгрөг нь миний өөрийн мөнгө байсан учраас “наад мөнгө чинь миний мөнгө биш” гэж хэлэхэд “ямар мөнгө хураахаа би өөрөө мэдье, хэрэв чиний хураалгасан мөнгө чинь ямар ч асуудалгүй мөнгө болох нь тогтоогдвол прокурорт танилцуулж байгаад буцаагаад өгчихнө” гэж хэлэхээр нь би итгээд хүүхдийн 100-д байдаг Хаан банкны төвийн үүдний АТМ-ээс 10,000,000 төгрөгийг гаргаж өгтөл өдрийн лимит дууссан гээд үлдсэн мөнгийг гаргаж авах боломжгүй болчихсон. Тэгтэл тэр залуу нөгөө хоёртойгоо утсаар яриад “мөнгийг бэлнээр авах боломжгүй боллоо тусгай ажиллагааны 00 данс явуул” гэж хэлээд надад ........... С.Т гэсэн дансыг хэлээд тухайн данс руу 40,000,000 төгрөг шилжүүлж аваад “маргааш чамайг хэлтэс дээр дуудахаар ирээрэй” гэж хэлээд Алтай хотхоны урд талд буугаад үлдчихсэн. ...” /1хх 56-58/ гэсэн,

гэрч Д.Бийн “...Манай гэрийн хаалгыг Г ах цохихоор нь хаалгаа онгойлготол түүний ард 3 залуу байсан бөгөөд тэдгээр залуус нь өөрсдийгөө “мөрдөгч нар байна” гэж хэлээд манай гэрийг нэг нэгэнгүй нэгжиж, “та гурвыг шалгана дагаад яв” гэж хэлэхээр нь А бид хоёр хувцсаа өмсөөд гадагшаа цуг дагаад гартал нөгөө гурван хүн А бид хоёрыг “та хоёр гэр рүүгээ эргээд орж бай “гэж хэлээд Г ахыг дагуулаад явсан. Тэгээд шөнийн 1 цагийн үед Г ах миний утас руу залгаад “за за нөгөө хүмүүс чинь явчихлаа ах нь гэртээ ирчихсэн болохоор санаа зовохгүй унтаж амар” гэж хэлсэн. Тэгтэл маргааш нь Г ах манай гэрт ирээд “нөгөө цагдаа нар чинь ахаас нь мөнгө хурааж авсан” гэж хэлж байсан. ...Тухайн гурван залуу манай гэрт орж ирэхдээ гурвуулаа амны хаалт зүүчихсэн байсан бөгөөд нэг залуу нь амны хаалтаа авсан учраас харвал сайн танина. ...” /1хх 63-64/ гэсэн,

гэрч Х.Аийн “...Тэр хүмүүс нь “цагдаагийн газраас явж байна” гээд бид нарыг хана руу харуулж зогсоож байгаад гэрийг нэг нэгэнгүй нэгжиж дуусаад нэг залуу нь Б бид хоёрыг нэг нэгээр нь дуудаж уулзаад хаана амьдардаг талаар болон гэр бүлийнхний утасны дугаар зэргийг асууж цаасан дээр тэмдэглэж аваад бид гурвыг “48 цаг хорино” гэж гадагш авч гарч байхдаа “ажил дээр хар тамхины хүмүүс ирчихсэн зай байхгүй байна гэж байна” гээд Б бид хоёрыг “та хоёр гэр рүүгээ эргээд орж бай дуудсан цагт ирээрэй” гэж хэлээд Г ахыг дагуулаад явсан. ...” /1хх 66/ гэсэн,

гэрч Г.Хын “...00-ын өрөөнөөс гараад ирэхэд нөхөр маань хувцсаа өмсөөд гарах гэж байхаар нь яах гэж байгааг нь асуухад “үл таних 3 залуу эдийн засгийн цагдаагаас явж байна, санаа зоволтгүй нөхрийг чинь удахгүй буцаагаад аваад ирнэ” гэж хэлээд аваад явсан. Тэгээд би гэрийнхээ цонхоор гадагш хартал манай нөхрийн машин доторхыг үзэж шалгаж байгаад машинд нь суулгаад аваад явчихсан. 1 цаг гарангийн дараа нөхөр маань гэрт орж ирээд “мөнгө хураана” гэж байна гээд картаа аваад буцаж гараад 2 цаг орчмын дараа гэртээ орж ирж унтсан. ...” /1хх 68/ гэсэн мэдүүлгүүд,

таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 16-17, 18/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 19-21, 22/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1398 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 103-110/,  Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан бичиг, хавсралт /1хх 119-121/, С.Тын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 130-174/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Г.Эын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2хх 223-225, 229/, google map-д үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 247-249/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 43-47/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч С.Т, Х.Д, Г.Э, Ө.Э /нас барсан/ нар нь бүлэглэн “Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч нар” хэмээн зохиомол байдлыг зориуд бий болгон Н.Г төөрөгдөлд оруулж, 2022 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнийн 01 цаг 57-59 минутад Голомт банкны ........... дугаарын данснаас 10,000,000 төгрөгийг бэлнээр, тус шөнийн 2 цаг 17 минутад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 40,000,000 төгрөгийг С.Тын нэр дээрх Хаан банкны ........... дугаарын дансанд шилжүүлэн авч хохирогч Н.Г нийт 50,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад заасан ...Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Н.Гаас 50,000,000 төгрөгийг авсан...” гэсэн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.  

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Т, Г.Э, Х.Д нарын үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон тухайн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхуйц ялыг тухайн шүүгдэгчид оногдуулдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял”-уудаас шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн залилах гэмт хэргийнх нь хэр хэмжээ, хохирол нөхөн төлөгдөөгүй зэргийг харгалзан С.Тыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Г.Э, Х.Д нарыг 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 15,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Иймд шүүгдэгч С.Тын гаргасан “хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар буюу торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Т нь давж заалдах шатны шүүхэд хохирогч Н.Г 8,000,000 төгрөг төлсөн баримтыг гаргаж өгсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл С.Тын цагдан хоригдсон 79 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2400 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Т нь 8,000,000 төгрөгийг хохирогч Н.Г төлсөн болохыг дурьдсугай.

2. Шүүгдэгч С.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тын цагдан хоригдсон 79 /далан ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

            ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ