Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 212/МА2020/00087

 

А.Хын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2020/01089 дүгээр шийдвэртэй, Өлгий сумын 2 дугаар багт оршин суудаг, А. Хын нэхэмжлэлтэй, тус аймгийн Татварын хэлтэст холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Е, нэхэмжлэгч А.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагчийн төлөөлөгч Т.Фь, орчуулагч Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/14 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус хэлтсийн гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэлд: Миний бие Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суудаг, бүрэн дунд мэргэжилтэй, 2006 оны 11 дүгээр сараас 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр бага сургуульд манаачаар ажиллаж байгаад 2011 оны 01 дүгээр бага сургуульд манаачаар ажиллаж байгаад 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэст манаачаар ажилд орж тасралтгүй 9 жил 10-аад сар ажиллаж байгаад 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Ажиллах хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Сонгууль болгоны дараа байгууллагын дарга шинээр солигддог байсан ба бидний тушаалыг ч шинэчлэн гаргадаг байсан. Ингэхдээ манай гэрээт ажилтан, гэрээт харуул гэх мэтээр бидний ажил, албан тушаалыг өөрчлөн тогтоож ирсэн. Гэтэл бидний хийж гүйцэтгэх ажил өөрчлөгдөөгүй байсан тул ямар нэгэн гомдол гаргаагүй. Хамгийн сүүлд нь 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр орон тоо цөөрсөн тул ажилтантай харилцан тохиролцсон гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1, 40.1.1-т заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн. Даргын зүгээс надтай харилцан тохиролцсон зүйл огт байхгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-ийг баримталсан нь буруу гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасныг баримтлан орон тоо хасагдсан гэж байгаа боловч харуул хамгаалалтын зардлыг жил болгон манай байгууллагын төсөвт баталж өгдөг ба одоо ч гэсэн төсөв нь байгаа орон тоо юм. Хэрэв орон тоо хасагдсан, төсөв нь батлагдаагүй байсан бол жилийн эхнээс харуулуудыг чөлөөлөх ёстой байсан. Гэтэл дарга 9 дүгээр сард та нарын орон тоо хасагдсан гэж урьдчилан мэдэгдэхгүйгээр цомхотголд оруулж байгаа нь үндэслэлгүй. 2020 оны төсөвт харуулуудын цалин хөлс батлагдсан бөгөөд хасагдсан зүйл байхгүй. Дарга Т.Фь нь харуулуудыг ажлаас чөлөөлж, байгууллагын харуул, хамгаалалтын ажлыг хувийн харуул хамгаалалтын компанийн ажилтнуудаар гүйцэтгүүлэх гэсэн хувийн ашиг сонирхолтой. Бид тус байгууллагад он удаан жил тасралтгүй ажиллаж ирсэн ба цаашид ч гэсэн ажиллах сонирхолтой. Заавал биднийг ажлаас чөлөөлж, хувийн компаниар харуулын ажлыг гүйцэтгүүлэх зайлшгүй шаардлага байгаагүй. Хувийн харуул хамгаалалтын компаниас илүүтэйгээр татварын хэлтсийн харуул, хамгаалалтын ажлыг одоо ажиллаж 3 манаач бид маш сайн мэднэ. Энэ хугацаанд ямар нэгэн эд зүйл алдаагүй, бүрэн бүтэн хамгаалсаар ирсэн. Харин одоо бол та нар ажлаа өгөөрэй, та нарын ажлыг секрютигээр /харуул хамгаалалтын компани/ гүйцэтгүүлнэ, чамайг чөлөөлж секрюти ажиллуулна гэж байгаад гомдолтой байна. Мөн бүтэн жил ажиллуулчхаад ээлжийн амралт олгоогүй, орон тооны цомхотголд орж байгаа гэж чөлөөлж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д заасны дагуу тэтгэмж олгоогүй. Иймд Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/14 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэгч А.Х тус аймгийн Татварын хэлтэст 2011 оноос манаачаар ажиллаж байсан бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 88 дугаар тушаалаар гэрээт ажилтнаар томилогдсон. 2017 оны 3 дугаар 13-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар жижүүр буюу манаачаар байнгын ажлын байранд томилогдсон. 2019 оны 4 дүгээр сарын 01-ээс эхлэн буцаад гэрээт ажилтнаар томилогдон ажиллаж байсан болно. Энэ нь 2019 оноос тус хэлтсийн төсвийн цалингийн зардлаас хасагдаж харуул, хамгаалалтын зардал гэж тусгагдаж батлагдсантай холбоотой. Үүнтэй холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Татварын албаны Ерөнхий газрын 03/552 дугаар албан тоотоор татварын албанд ажиллаж байгаа манаач нарыг гэрээт харуул хамгаалалтын албанд шилжүүлэх талаар чиглэл ирсэн. Мөн ТЕГ-ын даргын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/103 дугаар тушаалаар харьяа нэгжийн орон тоо шинэчлэн батлагдсан бөгөөд тус бүтэц орон тоогоор манаачдын орон тоо хасагдаж батлагдсан. Иймд шинээр батлагдсан бүтэц орон тоо болон манаач нарыг гэрээт харуул хамгаалалтын албанд шилжүүлэх талаар ирсэн чиглэлийн дагуу А.Хыг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Б/14 дугаар тушаалаар холбогдох хуулийн хүрээнд чөлөөлсөн болно. Ээлжийн амралтыг биеэр эдлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Дээрх үндэслэлийн дагуу А.Хын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2020/01089 дүгээр шийдвэрээр:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан нэхэмжлэгч Ш овогт А-ийн Хын Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/14 дугаар тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Өмгөөлөгч С.Н миний бие нэхэмжлэгч А.Хын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа ба Баян-Өлий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2020/01089 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны журмаар гомдлоо гаргаж байна. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэс нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг нь цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг буруу баримталсан. орон тоо, төсөв нь хасагдаагүй байхад орон тоо хасагдсан гэж ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч А.Х нь 2011 оноос Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэст манаач, харуулын ажлыг гүйцэтгэж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн "гэрээт харуул"-аар үргэлжлүүлэн гэрээ байгуулан ажилласан байна. Үүний учир нь манаачийн орон тоо хасагдсан бөгөөд харуул хамгаалалтын зардал болж өөрчлөгдөж батлагдсан гэж хэлээд урьд ажиллаж байсан манаачдыг ажлаас нь чөлөөлж гэрээт харуулаар 1 жилийн гэрээ байгуулан ажилласан байна. А.Хтай 1 жилийн гэрээт харуул хамгаалалтын гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн ба гэрээний хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дуусахад аль нэг талаас нь гэрээг дуусгавар болгох санал тавиагүй ба үргэлжлүүлэн ажиллуулсаар байсан байна. Өөрөөр хэлбэл гэрээ нь анх байгуулсан хугацаагаар сунгагдан ажиллаж байх явцад 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг орон тоо хасагдсан гэж цуцалсан нь хууль бус байна. Манаачийн орон тоо 2019 онд хасагдаж, харуул хамгаалалтын зардал гэсэн нэрээр төсөвт мөнгө суулгаж өгсөн учраас урьд ажиллаж байсан манаачдыг тухайн мөнгөнд тааруулаад гэрээ хийж, гэрээт харуул болгон ажиллуулсан. 2020 онд харуул хамгаалалтын мөнгө дахин байгууллагын төсөвт тусгагдсан тул гэрээт харуулын гэрээг сунгаж ажиллуулж байжээ. Гэнэт харуул хамгаалалтын ажлыг компаниар гүйцэтгүүлнэ гэж хэлээд харуулуудтай байгуулсан гэрээг нь цуцалж хууль зөрчсөн байна. Гэрээний нэг тал гэрээгээ дангаараа цуцлахдаа хуульд нийцсэн шийдвэрээр цуцлах ёстой болохоос дур мэдэн цуцлах эрхгүй. Харуул хамгаалалтын компаниар гүйцэтгүүлэх болсон нь гэрээгээ цуцлах шалтгаан болох ёсгүй. Орон тоо хасагдсан гэсэн нь үндэслэлгүй. Угаасаа орон тоо 2019 онд хасагдсан. А.Х нь манаачийн орон тоонд маргаагүй. Зөвхөн гэрээт харуулын гэрээ хийж ажиллуулж байсан, харуул хамгаалалтын төсөв хасагдаагүй, тухайн төсвийн хүрээнд гэрээ байгуулан ажиллаж байгаа ажилтантай байгуулсан гэрээг цуцлахдаа орон тоо хасагдсан гэж цуцалсан нь хуульд нийцээгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгч маргааныг ойлгохгүйгээр хэргийг буруу шийдвэрлэснээс гадна шийдвэрийн үндэслэх хэсэг хуульд нийцээгүй, ойлгомжгүй болжээ. Шийдвэрийн 2 дугаар хуудсанд "Аким овогтой Х ...нарыг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээт жижүүр, харуулаар томилон, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан нь хавтаст хэрэгт авагдсан эдгээр тушаалууд болон хөдөлмөрийн гэрээгээр тус тус нотлогдож байна" гэжээ. Хэрэгт ийм огноотой тушаал, гэрээ байхгүй болно. Анхан шатны шүүх нь А.Хыг 2019 оны манаачийн орон тоонд маргасан мэтээр, манаачийн орон тоо хасагдсан гэж буруу дүгнэлт хийж, үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж гэрээт харуулын гэрээг цуцалсан Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/14 дугаартай тушаалыг хүчингүй болгож, А.Хыг гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын тайлбарт: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2020/01089 тоот шийдвэрээр нэхэмжлэгч А.Хын тус хэлтэст холбогдуулан гаргасан Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/14 дугаар тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн маргаж буй орон тоо хасагдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон ба хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Хын хариуцагч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан тус хэлтсийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/14 дугаар тушаалыг хүчингүй болгож, гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргаан мөн бөгөөд тэрээр гомдлоо мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хугацааны дотор гаргасан байна. Ажил олгогчоос гомдлыг эс зөвшөөрч шүүхэд хариу тайлбар ирүүлжээ.

1. Хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдов. Татварын Ерөнхий газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/103 дугаар Татварын ерөнхий газрын болон харьяа нэгжийн орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын 2 дугаар хавсралтаар Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн орон тоог 37 хүнээр баталсан байх бөгөөд тус хэлтсийн жижүүр, манаач, гэрээт харуулын зэрэг орон тоо хасагдсан байна. Улмаар тус хэлтсийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1, 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Татварын ерөнхий газрын болон харьяа нэгжийн орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын 2 дугаар хавсралтад заасныг тус тус үндэслэн тус хэлтсийн гэрээт харуулаар ажиллаж байсан А.Хыг ажлаас чөлөөлжээ.

Түүнчлэн, ажил олгогчоос ажилтанд орон тоо хасагдсан талаар 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн нь зохигчийн тайлбар, гэрч А.Рахметбекийн мэдүүлгээр тогтоогдсон байна.

2. Татварын Ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 03/552 дугаартай Гэрээт харуул ажиллуулах тухай албан бичгээр аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс (газар)-ийн дарга нарт ажлын байрны болон аюулгүй байдал, гэмт халдлагаас хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад онцгой анхаарч байгууллагын харуул хамгаалалтыг Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль-ийн 3.1.1, 4.1-д заасны дагуу зохион байгуулж ажиллахыг мэдэгдсэн байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэс нь Өндөр сонор секьюрити ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр №20/09 дугаартай Гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан тус хэлтсийн харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгүүлж байгаа нь Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын хавсралт Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд баримтлах чиглэл-ийн 6.2 болон 4.3-д заасан заалттай тус тус нийцэж байгаа талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн бөгөөд нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай талаас үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Иймд ажил олгогч 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А.Хыг ажлаас чөлөөлөх тухай Б/14 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Хыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. гэх гомдол гаргасныг дээрх үндэслэлүүдээр хангах үндэслэлгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчийн гомдол хуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2020/01089 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

Д.КӨБЕШ