Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 849

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Сан-Эрчим” ХХК-ийн захирал Ж.Амартөвшингийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:

“Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Эрдэнэчимэг, Б.Бат-Эрдэнэ нарын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 350017435 тоот актыг хүчингүй болгох” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Сан-Эрчим” ХХК-ийн захирал Ж.Амартөвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Сан-Эрчим” ХХК-ийн захирал Ж.Амартөвшин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Манай компани 2008 оноос эхлээд өнөөдрийг хүртэл барилга угсралт, цахилгаан сантехник, барилга заслын үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэстэй харьцаж байсан бөгөөд татвар төлөх үүргээ тухай бүрт нь биелүүлж, компанийн хийсэн ажлын тайланг жил, улирал, сар бүрээр гаргаж тайлагнадаг байсан.  

“Сан-Эрчим” ХХК нь 2010-2013 онуудад хувийн болон улсын хөрөнгө оруулалтаар тодорхой хэмжээний ажил, үйлчилгээг явуулсан байгаа. Энэ ажил үйлчилгээнд 2012-2015 онуудад компанид баримтын шалгалт орсон байдаг. 2015 оноос хойш шалгалт явуулсан байцаагчийн үйл ажиллагааг үндэслэлтэй гэж үзээд бүх төлбөрийг төлж, зөрчлүүдийг тухай бүрт нь арилгаж ирсэн. 

Гэтэл 2015 онд баримтын шалгалт дараалан орсоны дараа нэмэгдсэн өртгийн албан татварын баримтад зөрчил гарсан байна. Энэ баримтыг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь 2011, 2012 онуудад нэмэгдсэн өртгийн албан татварын баримт бичиж компанийн санхүүгийн тайланд үдэгдэж, Чингэлтэй дүүргийн татварын албанд тушаагдсан байгаа. Иймд нэгэнт тушаагдаад хүлээгээд авсан баримт дээр дахин шалгалт хийж, зөрчил илэрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд 2015 онд тавьсан 350017435 тоот улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Татварын маргаан таслах зөвлөлд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нараас нэхэмжлэгч “Сан-Эрчим” ХХК-ийг Татварын холбогдох хуулиудыг зөрчсөн гэж үзэж 300,346.6 мянган төгрөгийн зөрчилд 30,034.7 мянган төгрөгийн нөхөн татвар, 9,010,4 мянган төгрөгийн торгууль, 15,017.3 мянган төгрөгийн алданги, нийт 54,062.4 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар холбогдох тайлбарыг гаргаж, санхүүгийн болон бусад баримт материалыг гаргаж өгсөн. Маргааны гол асуудал нь “Сан-Эрчим” ХХК нь үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу бусад аж ахуйн нэгжүүдээс бараа материалыг худалдан авахад тухайн хуулийн этгээд буюу “Жиншинь жиншинь” ХХК, “Ган номин эрдэнэ” ХХК-иас бараа худалдан авсан барааны хамт өгсөн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан юм. 

Татвар төлөгч, татварын алба хооронд үүссэн маргааны утга нь “Сан-Эрчим” ХХК нь үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу бусдаас бараа материалыг худалдан авахад тухайн хуулийн этгээдээс бараа худалдан авсныг нотлох нэмэгдсэн өртгийн албан татварын падан нь хуурамч байсан гэсэн асуудал юм.

Иймд манай компани нь ямар нэгэн хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бусдаас авч ашиглаагүй /хуурамч гэхээс илүү өөр аж ахуйн нэгжид бүртгэлтэй падаан байсан гэдэг нь сүүлд тогтоосон/ ажил, үйлчилгээ явуулахын тулд бодит бараа материал худалдан авсан.

Удирдлагын зүгээс худалдан авалт хийсэн санхүүгийн анхан шатны баримт авчирахыг л тухайн албан тушаалтнаас шаарддаг. Гэхдээ татварын улсын байцаагчийн актад тусгагдсан зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаж, улмаар ”Сан-Эрчим” ХХК нь бодит худалдан авалт хийсэн юм байна гэдгийг тогтоосон. Энэ асуудал нь тухайн падааны жинхэнэ өмчлөгч болон бидэнд тухайн падааныг бараа материал худалдан борлуулахдаа өгсөн аж ахуйн нэгж, байгууллагын хоорондын асуудлаар үргэлжлүүлэн шалгаж, уг асуудалд манай компаниас буруутай үйлдэл тогтоогдоогүй гэдэг үндэслэлээр бид өнөөдөр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 107 дугаар тогтоол болон Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Эрдэнэчимэг, Б.Бат-Эрдэнэ нарын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 350017435 тоот актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь: 

нэгд, “Сан-Эрчим” ХХК нь борлуулагч “Жиншинь жиншинь” ХХК-иас 5641033 дугаартай падаанаар худалдан авалт хийснийг /борлуулалтыг тайлагнасан мэдээлэл байхгүй/;

-борлуулагч “Торгон нөмрөг” ХХК-иас 735553 дугаартай падаанаар худалдан авалт хийснийг /падаан бичигдээгүй байна/ ....тус компани нь 2010 онд 1138200 төгрөгийн орлоготой;

-“Эко стар” ХХК-ийн падаан /“Жиншинь жиншинь” ХХК-иас бараа худалдан авсан нь нотлогдоогүй/;

-Цагдаагийн байгууллага нь иргэн Ц.Ариунсанаа, Л.Нацагдорж нарын хууль бусаар борлуулсан падааныг дээрх компаниуд бичиж “Сан-Эрчим” ХХК-нд нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн падаан өгсөн болохыг тогтоосон бөгөөд манай компани буруугүй болох нь нотлогдож хэвийн үйл ажиллагаа явуулж байна. 

Гэтэл Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нь манай компанийг гэм буруутай, татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж үзэж нөхөн татвар, торгууль, алданги нийт 54,062.4 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр хариуцлага тооцон хууль буруу хэрэглэсэн болно. 

Маргаан нь нэмэгдсэн өртгийн албан татварын падааны маргаан бөгөөд энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 зүйлд заасан хариуцлагын асуудал болно. 

Иймд Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл болон Татварын улсын байцаагчийн Татварын ерөнхий хуулийн (орлогоос хасч тооцохгүй) зарчмыг баримтлан ямар ч гэм буруугүй байгууллагад захиргааны давхар шийтгэл ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй.

Хоёрт, Татварын алба нь манай компанид 2010 оноос хойш санхүүгийн баримтанд 2 удаа шалгалт хийсэн ба санхүүгийн зөрчил илэрээгүй. Харин 2015 оны 2 дугаар сард Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаах хэлтсийн гомдлоор 2010-2014 оны тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримтанд дахин шалгалт оруулж акт тогтоосон ба бусдын буруутай үйл ажиллагааг “Сан-Эрчим” ХХК-нд тохож хууль бус аргаар нөхөн төлбөр тавих эрхгүй. 

Гуравт, “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль”, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль”-иуд гарч тайлангаа үнэн зөв мэдүүлсэн, худал хуурмаг зүйл нь засагдсан үйлдэл нь гэм буруугүй бол өршөөл үзүүлэх төрийн бодлого гарсныг хэрэгжүүлэх ёстой.

Иймд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 350017435 тоот актыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хоёр. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Эрдэнэчимэг, Б.Бат-Эрдэнэ нар шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

“Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргын хяналт шалгалт хийх томилолт, Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2014 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн 10а/2-4062 тоот албан бичгийн дагуу “Сан-Эрчим” ХХК-ийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 35001435 дугаартай хяналт шалгалтын актаар 300,346,636.00 төгрөгийн зөрчилд ногдох 30,034,663.00 мянган төгрөгийн нөхөн татвар, 9,010,399.00 төгрөгийн торгууль, 15,017,332.00 мянган төгрөгийн алданги, нийт 54,062,394.00 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон.

 “Сан-Эрчим” ХХК нь уг актаар ногдуулсан төлбөрийг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд хоёр шатны Маргаан таслах зөвлөлөөс уг актыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн хэвээр баталсан.

Татварын хяналт шалгалт хийхээр томилсон 35150100050 тоот албан томилолтын дагуу уг татвар төлөгчийг шалгахад “Сан-Эрчим” ХХК нь 5139554 татвар төлөгчийн дугаартай “Торгон нөмрөг” ХХК-ийн 007355553 дугаартай 50,200.000.00 төгрөгийн дүн бүхий худалдан авалтын падааныг 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, 5088275 татвар төлөгчийн дугаартай “Эко стар” ХХК-ийн 003877123 дугаартай 40,680,727.00 төгрөгийн дүн бүхий худалдан авалтын падааныг 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тус тус “Жиншинь жиншинь” ХХК-иас худалдан авалт хийсэн мэтээр бичилт хийж падаан ашигласан, 5238854 дугаартай татвар төлөгчийн дугаартай “Ган номин эрдэнэ” ХХК-ийн 0012364483 дугаартай 171,920,454.00 төгрөгийн дүн бүхий худалдан авалтын падааныг 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, 005641033 дугаартай 37,545,454.00 төгрөгийн дүн бүхий худалдан авалтын падааныг 2010 оны 8 дугаар сарын 24-ны өдөр тус тус худалдан авалт хийсэн мэтээр бүртгэсэн нь хий бичилттэй байх тул дээрх 300,346,636.40 төгрөгийн дүн бүхий зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэж, татварын улсын байцаагчийн 350017435 тоот актыг үйлдсэн болно. 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.  

Нэхэмжлэгч “Сан-Эрчим” ХХК-ийн захирал Ж.Амартөвшин нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа ”Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Эрдэнэчимэг, Б.Бат-Эрдэнэ нарын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 350017435 тоот актыг хүчингүй болгох” гэж тодруулсан  тул энэ хүрээнд маргааныг хянан хэлэлцлээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх нэхэмжлэгч болон хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

“Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Эрдэнэчимэг, Б.Бат-Эрдэнэ нарын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 350017435 тоот актыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Сан-Эрчим” ХХК нь:

 “Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч гэдгийг бид мэдэхгүй, тогтоох боломжгүй, уг падааныг бусдаас санаатай авч ашиглаагүй бөгөөд тухайн үед бодит худалдан авалт хийсэн гэдэг нь хангалттай нотлогдож байхад акт тогтоосон, татварын алба 2010 оноос санхүүгийн баримтанд 2 удаа шалгалт хийсэн ба санхүүгийн зөрчил илрүүлээгүй, гэтэл хуурамч падаан байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй атлаа манай компанийг шууд буруутгаж татварын улсын байцаагчийн акт тавьсан нь хууль зүйн үндэслэлгүй” гэж маргажээ. 

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Эрдэнэчимэг, Б.Бат-Эрдэнэ нараас Татварын хяналт шалгалтын ерөнхий удирдамж , Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Татварын хяналт шалгалт хийх томилолтыг  үндэслэж Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаах газрын 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 10а/2-4062 тоот дугаартай албан бичгийн  дагуу нэхэмжлэгч “Сан-Эрчим” ХХК-ийн  2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийжээ. 

Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаах газрын 2014 оны 10а/2-4062 дугаар албан бичгээр  “...эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй 2014250004011 тоот хэрэгт хавсралтад дурьдагдсан регистрийн дугаар, нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь дээрх компаниас худалдан авалт хийсэн мэтээр татварын тайлан гаргасан эсэх асуудалд хэсэгчилсэн шалгалт хийж холбогдох акт дүгнэлтийг гаргуулах ажлыг зохион байгуулах”-ыг Татварын ерөнхий газарт үүрэг болгосон байх бөгөөд тус албан бичгийн хавсралтын 17 дугаарт заасан нэхэмжлэгч 2747294 регистрийн  дугаартай “Сан-Эрчим” ХХК-нд нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт оруулахаар заасан байна.   

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “... “нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг” ойлгохоор, 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан гэх мэт санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ гарсан нь нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор байна. 

Гэтэл нэхэмжлэгч “Сан-Эрчим” ХХК нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар:

Нэг. “Жиншинь жиншинь” ХХК-ийн 2010 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 005641033 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 37,545,454,54 төгрөгийн бараа материалын худалдан авалт, бараа материалын зарлагын баримт, бэлэн мөнгөний орлогын баримттай; 

-2010 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын 007355553 /”Торгон нөмрөг” ХХК-ийн падаан/ дугаартай падаанаар 50,200,000.00 төгрөгийн бараа материалын худалдан авалт, төмрийн үнэ гэсэн бараа материалын зарлагын баримт, бэлэн мөнгөний орлогын баримттай;

-2011 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 003877123 /”Эко стар” ХХК-ийн падаан/ дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 40,680,727.27 төгрөгийн арматур худалдан авалтыг; 

-“Ган номин эрдэнэ” ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0012364483 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 171,920,454,55 төгрөгийн бараа, материалын худалдан авалтыг тус тус хийсэн гэж 2010 оны 8 дугаар сар , 2011 оны 6 дугаар сар , 2012 оны 12  дугаар саруудын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган хасалт хийж, хий бичилт хийн төсөвт төлөх татварын дүнг 30,034,663.70 төгрөгөөр бууруулсан болох нь:

нэгд, цахим тайлангийн системд шивсэн дээр дурдсан татварын тайлангуудаар ;

хоёрт, цахим тайлангийн системд шивж бүртгэсэн тухайн саруудын худалдан авалтын падааны жагсаалт ;

гуравт, цахим тайлангийн системээс хөрвөж тооцоологдсон татварын албаны өрийн сангийн мэдээллээр  тус тогтоогдож байна. 

Хоёр. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодитой мэдээнд үндэслэх зарчимд нийцэх ёстой бөгөөд нэхэмжлэгч “Сан-Эрчим” ХХК нь 2010 оны 8 дугаар сарын тайланд тусгасан “Жиншинь жиншинь” ХХК-иас 5641033 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бараа худалдан авсан гэж тайлагнасан боловч бодит байдалд “Жиншинь жиншинь” ХХК-иас 5641033 падаанд бичигдсэн борлуулалтыг тайлагнасан мэдээлэл байхгүй, мөн “Торгон нөмрөг” ХХК-ийн хувьд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичигдээгүй гэсэн мэдээлэлтэй байхаас гадна уг компани нь 2010 онд 1,138,200.00 төгрөгийн орлоготой ажилласан тайлантай байсан  нь татварын албаны цахим тайлангийн мэдээллээр нотлогдож байх тул нэхэмжлэгч “Сан-Эрчим” ХХК нь 2010 оны 8 дугаар сарын тайланд “Жиншинь жиншинь” ХХК-иас дээрх падаанаар бараа худалдан авсан гэж тайлагнасан нь бодит бус гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна.   

Мөн Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаах газрын 2014 оны 10а/2-4062 тоот албан бичгээр ирсэн мэдээлэлд  “Тус хэлтэст шалгагдаж буй Ц.Ариунсанаа нь 5088275 регистрийн дугаартай “Эко стар” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн падааныг 2010-2013 оны хооронд бусдад зарж борлуулан татвар төлөхөөс санаатай зайлсхийх гэмт хэрэгт хамтран оролцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй 2014250004011 тоот хэрэгт хавсралтад дурьдагдсан ...“Сан-Эрчим” ХХК нь дээрх компаниас худалдан авсан мэтээр тайлан гаргасан эсэхэд шалгалт хийх” талаар нэхэмжлэгч компанийн мэдээлэл татварын хэлтэст ирсэн, мөн тус Мөрдөн байцаах газрын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10/5-422  тоот албан бичгээр “Тус хэлтэст шалгагдаж байгаа сэжигтэн Л.Нацагдорж нарт холбогдох эрүүгийн 201401000012 тоот хэрэгт ..., 5238854 регистрийн дугаартай “Ган номин эрдэнэ” ...ХХК-иуд нь ...аас хий бичилт хийсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг авч нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаж татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн байх тул дээрх аж ахуйн нэгжүүдэд татварын хяналт шалгалтыг яаралтай хийж хариуг ирүүлнэ үү” гэсэн мэдээллээр тус тус тогтоогдож байна. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т "Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол албан татварыг хасч тооцохгүй" гэж, Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 236 дугаар түшаалаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 4.3.2-т "Худалдан авагчийн бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь бэлтгэн нийлүүлэгчийн бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нэхэмжлэлгүй, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол татварыг хасч тооцохгүй" гэж тус тус заасны дагуу уг хий бичилттэй падааныг үндэслэж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх үндэслэлгүй юм. 

Нэхэмжлэгч “Сан-Эрчим” ХХК-иас “бодит худалдан авалтыг нотлоно” гэж шүүхэд ирүүлсэн “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” , “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-тай байгуулсан “Барилгын дээвэр болон гадна ханын хөнгөн блок өрж гүйцэтгэх ажлын гэрээ” , “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах дэд бүтцийн дулааны магистраль шугам угсрах ажил гүйцэтгэх гэрээ” , “Монголиан эйрланес групп” ХХК-тай байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” , “Инкон” ХХК-тай байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” -нүүд нь “Сан-Эрчим” ХХК нь төмөр, арматур зэрэг барилгын бараа, материалуудыг нэмэгдсэн өртгийн албан татварын 007355553, 005641033, 003877123, 0012364483 дугаартай падаануудаар “Жиншинь жиншинь” ХХК, “Ган номин эрдэнэ” ХХК-иудаас худалдан авсан гэснийг нотлох санхүүгийн баримтууд гэж үзэх үндэслэлгүй юм. 

Тэгэхлээр хэрэгт авагдсан нотлох баримтууд болон дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Сан-Эрчим” ХХК-ийн худалдан авалт нь санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтаар нотлогдоогүй худалдан авалтад “төлсөн” гэх нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцох үндэслэлгүй тул хариуцагч татварын улсын байцаагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудын холбогдох заалтыг баримтлан дээрх худалдан авалтыг “баримтаар нотлогдоогүй” гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй юм. 

Түүнчлэн нэхэмжлэгч “Сан-Эрчим” ХХК-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан “худалдан авалт нь санхүүгийн анхан шатны баримт материалд бүрэн тусгагдсан, тайланд тусгасан, падаан хуурамч гэдгийг мэдэх, шалгах боломжгүй байтал нэхэмжлэгчийг буруутгасан” гэх тайлбар нь түүнийг Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан хариуцлагаас чөлөөлөх нөхцөл болохгүй гэж дүгнэв. 

Хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараар нэхэмжлэгч нь “Жиншинь жиншинь” ХХК, “Ган номин эрдэнэ” ХХК-иудтай худалдан авалт бодитойгоор хийгдээгүй, хий бичилттэй баримтыг санхүүгийн тайланд тусгасан нь “...үнэн зөв, бодит  баримтад тулгуурлан санхүүгийн тайлан үйлдэгдэнэ” гэсэн шаардлага, нөхцөлийг  хангаагүй байна. 

Иймд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 350017435 тоот актаар "Сан-Эрчим" ХХК-нд шалгалтаар илэрсэн 300,346,636.36 төгрөгийн зөрчилд ногдуулсан 30,034,663.64 төгрөгийн нөхөн татвар, 9,010.399.09 төгрөгийн торгууль, 15,017,331.82 мянган төгрөгийн алданги, нийт 54,062,394.54 төгрөгийн төлбөрийг ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасантай нийцсэн бөгөөд нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байна.

Харин Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр баталсан “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар “энэ хуулийн зорилт нь ...зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ.” гэж заасан тул татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага болох “Сан-Эрчим” ХХК-нд актаар тогтоогдсон 9,010.399.09 төгрөгийн торгууль, 15,017,331.82 мянган төгрөгийн алдангийг хамааруулах нь зүйтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч “Сан-Эрчим” ХХК-ийг татварын хууль тогтоомж зөрчсөн хэмээн үзэж захиргааны хариуцлага болох торгууль, алданги ногдуулсан татварын улсын байцаагч нарын 350017435 тоот акт нь 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэн байна. Иймд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан хугацаанд хамаарч байна. 

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу торгууль, алданги нь захиргааны шийтгэлд хамаарах тул хариуцагч татварын улсын байцаагч нарын 2015 оны 350017435 тоот актын тогтоох хэсгээр татварын хууль тогтоомж зөрчсөн 300,346,636.36 төгрөгийн зөрчилд ногдуулсан 54,062,394.54 төгрөгийн төлбөрөөс 9,010.399.09 төгрөгийн торгууль, 15,017,331.82 мянган төгрөгийн алдангийг өршөөлд хамруулах нь зүйтэй байна. 

Иймд шүүх нэхэмжлэгч “Сан-Эрчим” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Эрдэнэчимэг, Б.Бат-Эрдэнэ нараас 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 350017435 дугаартай актаар 300,346,636.36 төгрөгийн зөрчилд ногдуулсан 54,062,394.54 төгрөгийн төлбөрөөс 9,010.399.09 төгрөгийн торгууль, 15,017,331.82 мянган төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв. 

 

          3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.1, 106.3.13 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Сан-Эрчим” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Эрдэнэчимэг, Б.Бат-Эрдэнэ нарын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 350017435 дугаар актын 300,346,636.36 төгрөгийн зөрчилд ногдуулсан 54,062,394.54 төгрөгийн төлбөрөөс 9,010.399.09 төгрөгийн торгууль, 15,017,331.82 мянган төгрөгийн алдангийг хүчингүй болгож, 30,034,663.64 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.ӨЛЗИЙСАЙХАН